Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Ц.О-

хохирогч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Тайж нар овогт Цэрэндоржийн О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005032500122 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 46 настай, эм, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ТББ тэргүүн, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Тайж нар овогт Цэрэндоржийн О-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барс худалдааны төвийн хашаан дотор хохирогч Г.О-ийн толгой, зүүн шанаа тус газарт гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хацар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Ц.О- мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 19-ний үдээс хойш 4, 5 цагийн үед О-тэй 100-150 метрийн зайд явж байгаад дуудсан. Энэ явдал болохоос өмнө удаа дараа олон нийтийн өмнө намайг түрээсээ төлөөч гэж хэлсэн. Би 2 жилийн өмнө дотор лангуунд давхар түрээсэлж үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Гадаа их сайхан дотор талбайг өөрчилнө гэж гадаа гаргасан юм. Тэгээд 9 сард гарснаас хойш үйл ажиллагаа эрс муудаад тэгээд би тал түрээсээ өгчхөөд өвчин гарсантай холбоотой түрээсээ бүтэн төлж чадаагүй. Би О-т үнэхээр хэцүү байсан гэдгийг хэлсэн. Надад дандаа харилцааны доголдол гаргадаг. Тэгээд дотроос бичиг баримтаа авъя гэж хэлээд лангуу руу орсон юм. Тэгээд эгч нь гаръя гэсэн чинь намайг гаргахгүй гээд тэгээд өөрөө намайг эхэлж цээж рүү цохиод тэгэхээр нь би солгой гараараа нүүр рүү л цохиод 2, 3 удаа цохиод болдоггүй.

Намайг дахиад солгой гараараа мөр рүү цохиод яг 2, 3 удаа цохичхоод гадаа гараад намайг зодчихлоо гэж орилоод контейнерын шилийг хагалчхаад нэг ч хүн дуудаагүй. Тэрнээс хойш 4, 5 хоног өнгөрсөн. Би ямар нэгэн худал мэдүүлэг өгөөгүй. Тэгээд би аргаа бараад 11 дүгээр сарын 06-ны өдрөөс үйл ажиллагаа явуулъя гээд ажлын байран дээрээ суулт хүртэл зарласан. Надад цагдаагийн ажилтан Чулуунтуяа гэдэг хүн намайг бас гомдол гаргах эрхтэй гэсэн. Надад шүүхийн бичиг өгсөн юм. Би ажилтай байж байгаад очиж чадаагүй. Дараа нь утсаар холбогдох үед нь эгч нь яах вэ гээд гомдол гаргаагүй. Тухайн үед арай тийм юм болчихно гэж бодоогүй. Тэр үед 3,4 хамгаалагч нар ирсэн чинь намайг зодчихлоо гээд хашхираад байсан. Тэгээд цагдаа дуудсан байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Г.О- мэдүүлэхдээ: “Энэ хүн манайд 264 мв 2 газрын хэсэгхэн жоохон газрыг түрээсэлдэг байсан. Түрээсээ тухайн үедээ Шинэхүү гэдэг хүнд төлөөд явдаг байсан. Сүүлийн 8,7,6 сарынхаа түрээсийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажлын байрнаасаа гарч байсан юм. Би тухайн үед нь ажлын байргүй болох гэж байгаа бол хүнсэнд орж болно, ийм талбай байна гэж хэлээд өөрийн зүгээс туслах хүсэлт тавьж байсан. Би энэ хүнд дэмжээд мөнгөн тусламж өгч байсан. Ажлын байран дээр гарах үед нь бизнесийг нь дэмжээд мөнгөн тусламжаар тусалж байсан. Би энэ хүнд аягүй их тус хүргэж өгсөн. Тэгээд хүнсэнд орохгүй гэсэн. Гадна талбайд ийм чингэлэг байна, та яах уу түрээс нь болох уу өндөр юм байна шүү гэж хэлэхэд болно гэж хэлээд орсон. Би тухайн үед чингэлэг нь онгорхой байсан. Тэр өдөр би амарч байсан тул гэрээгээ маргааш нь хийсэн. 10 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ ирчихсэн байхад нь би манай өрөөнд ороод ир хоёулаа түрээсээ тулгачихъя, тэгэхгүй бол нэмэгдээд байна гэсэн чинь орж ирэхгүй намайг элдэв үгээр доромжилсон. Өмнө нь ч бас өчнөөн олон удаа доромжилж байсан. Тэгээд тэр өдөр би өөрөө онгойлгоод чингэлэг рүү нь ороод энүүхэндээ учраа ольё эгчээ та гадаа олон түмний нүдэн дээр орилоод хүнийг доромжлохоо болиоч ээ гэсэн чинь хуц чамд өгөхгүй, чи тэр Амарбатыгаа дууд гэж хэлээд хаалгаа дарж зогсчхоод намайг гаргахгүй байсан. Тэгээд би гарах гээд хаалганаас нь татсан чинь чи муу ер нь юу юм бэ гээд гараа атгаж байгаад миний шанаа руу цохисон. Би тухайн үед шоконд орсон маанагдуу байдалтай байсан. Тэгээд өчнөөн эмчилгээ хийлгэсэн. Миний нүдний шил хугарч гэмтсэн. Одоо ч миний тархи толгой өвдөж, даралт ихсэж байна. Цаашдаа яахыг мэдэхгүй л байна. Би түрүүлж энэ хүнийг цохиогүй над руу өөрөө дайрсан. Бид хоёрын биеийн харьцааг харахад би түрүүлж цохих боломжгүй нь харагдаж байна. Би цохино гэж байхгүй. Би зүй ёсныхоо шаардлагыг тавьсан. Хаалгаа таглаж зогсчхоод над руу дайраад байсан. Өмнө нь ч гэсэн удаа дараа намайг цохиж байсан бичлэгүүд нь байгаа. Би намайг яагаад цохиж зодож байгаа юм гэж хэлсэн. Энэ хүн чи жүжигчин юм байна гээд хашхичаад байсан гадаа гарч байсан хүмүүс бүгд харж байсан. Тэр хавийн бүх хүмүүс харсан бичлэг нь бас байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Ц.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.О-ийн “Би Барс 2 худалдааны төвд менежер ажилтай бөгөөд Ц.О- нь Барс 2 худалдааны төв дотор чингэлэг түрээсэлдэг хүн байгаа юм. Тухайн түрээсэлдэг чингэлэг нь манай захын өмч хөрөнгө бөгөөд би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр О-тай өөрийнх нь түрээсэлдэг чингэлгийнх нь тэнд О-тай таараад та одоо өмнөх сарынхаа түрээсийн мөнгийг төлөөч ээ төлөхгүй бол чингэлгийг чинь ажиллуулахгүй лацадна гэхэд би орж юмаа авна гээд намайг түлхээд чингэлэг рүү орсон. Тэгээд би зөрөөд чингэлэгээс гараад О-ыг гаргахгүй гээд хаалгыг гадна талаас нь түлхээд байж байсан чинь гэнэт намайг цохиод авсан. Тэгэхээр нь би гар луу нь хоёр удаа цохисон. Тэгсэн чинь шууд баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү цохисон. Тухайн үед миний толгой аймар өвдөөд тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Барс 2 худалдааны төвийн гадна О-ын түрээсэлж байгаа чингэлгийн хажууд би О-т ажлын шаардлага тавихад өөдөөс хэрүүл хийгээд байсан. Тэгээд хэрүүл хийгээд байж байтал гэнэт миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд бас хэрүүл хийгээд зогсож байхдаа миний толгой руу гараараа цохиод байсан. Гомдолтой байна. О- гэх хүнд зодуулснаасаа болоод эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэсэн мөнгөө гаргуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 12209 дугаартай:

“1. Г.О-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хацар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 хуудас/,

 

Med trauma hospital эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй комьютерт томографийн шинжилгээ. /хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

Ц.О-ын яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Барс 2 захаас гарах гээд явж байхад Барс 2 захын менежер гэх О- намайг дуудаад түрээсийн төлбөр өгөхгүй бол чингэлгийг чинь лацадна түлхүүрээ өг гэсэн. Тухайн үед би нээх орлого олохгүй байсан болохоор О-т хандан би дотроос нь өөрийнхөө юмнуудыг аваадхъя гэхэд оруулахгүй одоо шууд лацадна гэсэн. Тэгэхээр нь би чингэлгийн хаалгыг онгойлгоод орсон. Тэгээд буцаад гарах гэсэн чинь гаргахгүй хаалгыг түлхээд байсан. Тэгэхээр нь би хаалгыг түлхээд хаалгыг онгойлгосон. Тэгсэн чинь намайг 2-3 удаа миний зүүн гарын булчин хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон. Ийм л юм болсон. Тэгээд бид хоёр тухайн үедээ жоохон хэрэлдэж байгаад салсан. Эхлээд намайг баруун гараараа миний зүүн гарын булчин хэсэг рүү хаалгатай хавсраад хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа О-ийн зүүн шанаа хэсэг рүү нь зүүн гараараа нэг цохисон. Тэгээд тэрнээс хойш бид хоёрын хооронд ямар нэгэн зодоон цохион болоогүй. О-т учруулсан хохирлоо төлнөө. О- надаас 400,000 гаруй төгрөг нэхэмжилж байна лээ. Ямар ч гэсэн хэсэгчилж байгаад төлнөө. Одоохондоо хөл хорио гээд хүн болгон л мөнгөгүй байгаа. Орлого гайгүй болоод ирэхээр би хохирлоо төлнө” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч Г.О-ийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12209 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.О-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барс худалдааны төвийн хашаан дотор хохирогч Г.О-ийн “түрээсийн төлбөр төлөөгүй” гэсэн шалтгааны маргалдаж улмаар Г.О-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, толгой, зүүн шанаа тус газарт гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хацар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Ц.О-ыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ц.О- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу Ц.О-ийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 442,680 төгрөгийг /хэргийн 59-62 дугаар хуудас/ гаргуулахаар шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ хохирогчийн эвдэрсэн гэх нүдний шилний үнийг үнэлгээний байгууллагаар тогтоогоогүй тул нүдний шил авсан гэх 60,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт тооцох боломжгүй тул хохирлоо хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт битүүлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж нар овогт Цэрэндоржийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.О-аас 442,680 /дөрвөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороо ... хороолол ...  дугаар байрны ... тоотод оршин суух Боржигон овогт Галхүүгийн О-т  олгож, Г.О- энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.О- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ