| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2016/01075/И |
| Дугаар | 1433 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 1433
Л.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.Оюунбилэг, хариуцагч Л.Батчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 572 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-278 тоот хашаа байшин, газар, гаражийг 65 000 000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний төлбөрийг төлүүлэх зорилгоор нөхөр У.Батсайхан Эрэл банкнаас 20 000 000 төгрөгийн зээлийг авч, 5 000 000 төгрөгийг бид байрны урьдчилгаа гэж авч үлдээд 15 000 000 төгрөгийг Л.Батчимэгийн ээж Н.Эрдэнэцэцэгт өгсөн. Бид 5 000 000 төгрөг авч 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа оруулсан боловч хариуцагч талаас дахиж мөнгө өгөөгүй. Эрэл банкнаас нөхөр У.Батсайханы нэрээр авсан зээлийг Л.Батчимэг хуваарийн дагуу төлж барагдуулсан. 2012 онд байранд гал гарч 2 давхар нь тэр чигээрээ шатсан ба тэнд байсан бүх зүйл шатсан. Үүнээс болж манайд 10 000 000 гаран төгрөгийн хохирол учирсан бөгөөд эднийх байр авах хэвээр байсан тул дахин Хас банкнаас зээл авахаар хөөцөлдөж, бид цахилгаан бараа, машин зэргээ барьцаалж, нөхөр У.Батсайханы нэрээр 29 000 000 төгрөгийн зээл авсан. У.Батсайхан банкнаас зээлсэн 29 000 000 төгрөгөө тэр чигээр нь өгсөн бөгөөд эднийх уг мөнгөнөөс бидэнд 2 800 000 төгрөг өгч, үлдсэнийг нь гутал хийдэг ажилдаа зарцуулаад олсон мөнгөөрөө банкны зээлийг төлж, ашгаараа байшингийн үнийг төлөх байсан. Гэтэл байшингаа авах нь битгий хэл Хас банкны зээлийг бага багаар төлж байснаа ч төлөхөө больж, банк бидэн рүү ярьж, мөнгө шаардсанаар 2016 оны 4 сарын 20-ны өдөр зээлийн хугацаа дуусаж, үлдэгдэл нь 2 300 000 төгрөг болсныг бид арга буюу хүнээс мөнгө зээлж, хүүгийн хамт нийт 3 512 697.94 төгрөг төлж, зээлийг хаасан. Бид эдний өмнөөс Хас банкинд зээл, хүү гэж 3 572 000 төгрөг төлсөн тул энэ мөнгийг Л.Батчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Батчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид байшингийн үнийг төлөхийн тулд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир банкнаас зээл авахуулсан. Энэ зээлийг У.Батсайханы өмнөөс 2012 оны намар гэхэд Эрэл банкинд төлж дууссан. Дахин 2012 оны намар 29 000 000 төгрөгийн зээлийг У.Батсайханаар Хас банкнаас авахуулж, түүнээс 2 800 000 төгрөгийг У.Батсайханд өгч, үлдэх мөнгийг эргэлтийн хөрөнгө болгож авсан. Зээлийг бага багаар төлж байтал аав маань нас барж, бидний бүх төлөвлөгөө нурсан. Ингээд байшин авах мөнгөө хуримтлуулж чадаагүй бөгөөд Хас банкны зээлээс 2 300 000 төгрөгийг төлөлгүй үлдсэн нь үнэн. Бид байшингаа буцааж өгсөн бөгөөд У.Батсайхан, Л.Оюунбилэг нарт 5 000 000 төгрөгөөс эхлээд 2011 оны 11 сараас 2014 оны 6 cap болтол cap бүр 400 000 төгрөг төлж байсан бөгөөд нийт 16 700 000 төгрөг өгсөн учир нэмж мөнгө төлөх боломжгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Батчимэгээс 2 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунбилэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1 272 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батчимэгээс 51 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунбилэгт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Батчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2011 оны 11 сард нэг талаас иргэн Б.Лхасүрэн, Ө.Эрдэнэцэцэг нөгөө талаас иргэн Л.Оюунбилэг, У.Батсайхан нарын хооронд байгуулсан амины орон сууц худалдсан тухай гэрээг үндэслэн Л.Батчимэг намайг хариуцагчаар татан, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ гэрээг байгуулахад би оролцоогүй. Харин тус гэрээг 2013 оны 4 сарын 19-ний өдөр дахин хийхэд худалдан авагч талаас аав Б.Лхасүрэн, ээж Ө.Эрдэнэцэцэгийн хамт Л.Батчимэг миний бие оролцсон болно. Нэхэмжлэгч талаас гаргасан өргөдөлдөө "...ээж Ө.Эрдэнэцэцэгт нь өгсөн" гэх атлаа "Л.Батчимэгтэй тохирч, Л.Батчимэгийнхэн" гэх зэргээр энэ маргааныг зөвхөн надтай холбоотой мэтээр гүтгэж байгаа нь харамсалтай байна. Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Шүүгч амины орон сууц худалдсан гэрээний гол нөхцөлийг судлан, зохигчид болон нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Амины орон сууц худалдан авах гэрээний гол нөхцөл нь мөнгө зээлдүүлэх бус орон сууц худалдах, худалдан авах нь тодорхой байтал шүүгч зээлийн гэрээ мэтээр тайлбарлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээ нь Хас банк болон иргэн У.Батсайханы хооронд байгуулагдсан. Харин иргэн Б.Лхасүрэн, Ө.Эрдэнэцэцэг, Л.Батчимэг нөгөө талаас иргэн Л.Оюунбилэг, У.Батсайхан нарын хооронд амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний гол нөхцөл болох байшингаа худалдахын тулд У.Батсайхан нь зээл авсан. Б.Лхасүрэн, Ө.Эрдэнэцэцэг, Л.Батчимэг бид мөнгө зээлэх бус амины орон сууц худалдаж авахын тулд У.Батсайханы авсан зээлийг төлж байсан. У.Батсайханд амины орон сууц худалдан авахаар өгсөн 16 700 000 төгрөгийг үгүйсгэн биднийг заналхийлсэнд гомдолтой байна. Л.Оюунбилэг, У.Батсайхан нар биднээс 16 700 000 төгрөг авсан. Нэхэмжлэл хууль болон нийтээр баримталдаг зан суртахуунтай харшилж байгааг анхааран үзэж, шударгаар шийдэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Л.Оюунбилэг нь хариуцагч Л.Батчимэгт холбогдуулан түүний өмнөөс зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүд төлсөн 3 572 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг төлбөр нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт харилцан тооцогдож дуусгавар болсон гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах худалдан авах гэрээ бус Хас банкнаас 29 000 000 төгрөгийн зээлийг Л.Батчимэгт авч өгсөнөөс үндсэн төлбөр 2 300 000 төгрөг, хүү 1 272 000 төгрөг, нийт 3 572 000 төгрөгийг төлөөгүй тул Л.Батчимэгийн өмнөөс уг төлбөрийг банкинд төлсөн гэх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна.
Хариуцагч Л.Батчимэг нь нэхэмжлэгч Л.Оюунбилэг, түүний нөхөр У.Батсайхан нараар зээл авахуулж, эргэн төлөлтийг өөрөө хийж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь банкинд 2 300 000 төгрөгийн зээлийн төлбөр төлөгдөөгүй үлдсэнд, уг зээлийг нэхэмжлэгч тал хүүгийн хамт төлж дуусгавар болгосонд маргаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Л.Батчимэг нь худалдах худалдан авах гэрээний дагуу Л.Оюунбилэгээс төлбөр авах ёстой гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Батчимэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД