Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 0053

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: Н.Оюунцэцэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Т.Мөнхтуяа

шүүгдэгч   Б.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Барга овогт Батзоригийн Золжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625011189  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Барга овогт Батзоригийн Золжаргал, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их-дарь-Эхийн 2-84  тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: ПЮ95111838/

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Золжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Парис баарны гадна П.Нямдаваатай маргалдан үл ялих зүйлээр шалтаглан зодож бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв гэв.

         Шүүгдэгч Б.Золжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би тухайн үед П.Нямдаваа гэдэг залууг анх маргалдах үед нь цохиж зодоогүй. Эхлээд нэг залуутай Парис баарны үүдэнд маргалдаад салсан. Тэгтэл нөгөө залуу араас орилоод цамцаа тайлаад хүрээд ирэхээр нь ахин маргалдаад барьцалдаж зодолдсон. Тэр үед Нямдаваа гэх залуу орж ирж зодолдон зодуулсан. Тэгэхэд л хамрыг нь цохьсон байх. Угаасаа баахан хүмүүс маргалдаж зодолдож бөөн юм болж байсан болохоор яах гэж ирж байгааг нь ч сайн ойлгоогүй. Учир нь олдохгүй ойлгогдохгүй юм болж байсан. Би өөрийн гэм бурууг бүрэн хүлээж байна. Тиймээс хохирогчид эмчилгээний зардал болох 300.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-ийн 39/

            Хохирогч П.Нямдаваа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цагийн орчим Алтанхуяг над руу залгаад хүрээд ирээ ууяаа гэсэн. Би хаана очих вэ гэхэд Халдвартын хажууд Sky нэртэй бааранд байна гэж хэлсэн. Тэгэхээр би яваад очиход Sky баарны урд байх авто зогсоол дээр Алтанхуягийн Приус-20 маркийн 96-32 УБН улсын дугаартай машин дотор Алтанхуяг, Мижиддорж, Бороо  нар хамтдаа суусан байдалтай дундаа нэг шилтэй 0.75 литрийн Хар чингис архи тавьчихсан намайг хүлээгээд сууж байсан. Би тэд нар дээр ороод бид уг архийг хувааж уусан. Архиа ууж дуусгаад Sky  бааранд орсон. Бааранд ороод тэндээ хүний 2 шил  0.5 литрийн пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад Парис бааранд ороод тэндээ хүний 3 шил 0.5 литрийн пиво уусан. Бааранд бүжиглэж байгаад би Алтанхуягтай хамт тамхи татахаар гарсан. Би түрүүлж гараад миний араас Алтанхуяг гарч ирсэн. Намайг баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад танихгүй 3 залуу тамхи татаад юм яриад зогсож байсан. Миний араас Алтанхуяг гараад иртэл нөгөө 3 залуугийн нэг нь Алтанхуяг руу хараад чи сая дотор яагаад байсан бэ гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаж Алтанхуягийг баар  луу буцаагаад оруулсан. Тэгээд би нөгөө 3 залууд хандаад зодоон маргаан хэрэггүй, ингээд салья гэж хэлээд байж байтал Алтанхуяг ахин гарч ирээд тэгээд шууд нөгөө залуустай зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гэтэл намайг нэг нь араас татаж унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Намайг цохиж байхад миний хамар хугараад хамраас цус гарсан. Тэгээд зодож дуусаад яваад өгсөн ба тэр үед нь Алтанхуяг намайг татаж босгосон. Бид хоёр босоод зогсож байтал Мижиддорж хажууд хүрээд ирсэн. Тэр залуусыг явж байхад нь Мижиддорж араас нь дуудаад нэгийг нь хүрээд ирэхээр нь цохиод авсан. Тэгтэл нөгөө хэд нь буцаж ирээд бид 3 дахиад зодуулсан. Б.Золжаргал гэх залуу  миний хамрын ясыг хугалсан. Парис баарны үүдэнд нэг удаа хамар луу өшиглөсөн. Би хамраа эмчлүүлэх 300.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 10-14/          

         Гэрч Э.Алтанхуяг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 12-ны үүрээр 05.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Парис нэртэй баарнаас би өөрийн найз болох Нямдаваагийн араас гарч ирсэн. Тэгтэл нэг танихгүй залуу над руу чи яасан том гар бэ гэх мэтээр хэлээд дайраад байсан. Би урдаас нь яасан бэ би яасан юм гэхэд хажуунаас намайг П.Нямдаваа барьж аваад чи ор зүгээр ор гэхээр нь би үгэнд нь ороод дотогшоогоо орсон. Харин П.Нямдаваа уг залуучуудтай юм яриад үлдсэн. Баарнаас буцаад гарч ирэхэд тэр 3 залуугийн нэг нь над руу өмнө дайрсан шигээ дайраад байсан. Тэгээд маргалдаж байгаад сүүлдээ бөөнөөрөө ална пизда гээд дайрсан. Нэг нь над руу дайраад ирэхээр нь түлхтэл нөгөө цуг явсан нэг залуу нь намайг цохиод авсан. Тэгээд тэд нар над руу дайраад намайг газар унагаагаад хэдэн  талаас өшиглөөд байсан. Би босоод эргэн тойрноо харахад П.Нямдаваа миний  цаахна бас 3 хүнд зодуулж байсан. Тэгэхээр нь салгах гээд яваад очиход тэр хүмүүс нь өөрсдөө салаад яваад өгсөн. Намайг болон Нямдавааг зодсон залуус бөөнөөрөө нэг цагаан өнгийн 08-20 УБЛ улсын дугаартай 2 хаалгатай  машиныг түрээд Сансарын зам руу явсан. Мижиддорж уг машины зургыг авсан байсан. Бид нар дахиад тэд нарын араас очоод уулзах гэтэл машинаасаа гарч ирээд бид нартай дахин зодолдсон. Би тэр хүмүүсийг салгаад болиулаад хартал Э.Мижиддорж, П.Нямдаваа 2 зодуулчихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан гэжээ. /хх-ийн 15-16/

        Гэрч Н.Мижиддорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн найз нар болох Нямдаваа, Алтанхуяг, Борбанди нартай хамт уулзаад эхлээд Халдвартад байдаг Скай нэртэй баарны гадаа машин дотор нэг шил 0.75 литрийн Хар чингис архи уусан. Тэндээсээ яваад Скай нэртэй баар луу ороод хүний 2 шил 0.5 литрийн пиво ууцгаасан. Түүний дараа тэндээс гараад Парис бааранд ороод 0.75 литрийн нэг шил Хар  чингис архи болон 3 шил орчим пиво уусан. Тэгээд бааранд сууж байгаад нэг хартал манай найз байхгүй болсон байсан. Тэгэхээр нь хайгаад олдохгүй болохоор нь гараад Парис баарны гадна шатан дээрээс харахад П.Нямдавааг 3 хүн зодож байсан. Тэгэхээр нь би очоод салгаад боль гэхэд 4-5-уулаа нийлээд намайг зодоод эхэлсэн. Би унаад зодуулж байгаад босоод ирэхэд тэр 08-20 дугаартай машиныг асаах гээд түрж байсан. Тэр үед би тэр машины дугаарын зургийг авсан. Өмнөх зодоон салах үед П.Нямдаваа надад хамар хугарсан гэж яриагүй харин 2 дахь зодооны үед хамар хугалаад хаячихлаа гээд хүрээд ирсэн. Хэн яаж хугалсан болохыг хараагүй гэжээ. /хх-ийн 17-18/ /хх-н 17-18/

        Гэрч М.Отгонбаяр   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би тухайн өдөр 22.00 цагийн орчим Б.Золжаргал руу залгаад хамт билльярд тоглоё гэж Сансарын Зохиомж дээд сургуулийн доор байдаг билльярдын байранд дуудсан. Хүрээд ирэхээр нь хамтдаа тоглож байгаад 00.00 цаг гээд хаахаар нь харья гэхэд Б.Золжаргал бааранд орж жоохон пиво уух уу гэсэн тэгэхээр нь чи машинтай явж байж яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээр ээ би уухгүй зүгээр бүжиглэе чи хэдэн пиво уучих гэсэн. Тэгээд бид хамтдаа Сансарын Парис нэртэй бааранд ороод 3 пиво аваад суусан. Сууж байгаад талбай дээр гараад бүжиглэж байгаад П.Золжаргал нэг танихгүй хүнтэй маргалдаад тэгээд удалгүй салсан. Тэнд ямар нэгэн зүйл болоогүй. Тэгээд пиво ууж дуусаад би харья гэж Б.Золжаргалд хэлэхэд П.Золжаргал тэгье гэсэн. Бид хоёр харихаар болж баарнаас гарсан ба гарах үедээ П.Золжаргал түрүүлээд гарсан харин би 00 орсон. Тэгээд намайг гараад ирэхэд Золжаргал 2-3 хүнтэй маргалдаад зодолдож байсан. Тухайн зодоонд таньж мэдэхгүй баахан хүмүүс л оролцож байсан тэдгээрийн дунд П.Золжаргал явж байсан. Тэгэхээр нь би П.Золжаргалыг аваад машинаа асаах гэхэд асахгүй байсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүсийг гуйгаад машинаа түрүүлээд асаалгаад Сансарын Баянцээлийн туслах замаар дээшээ өгсөөд Казино баарны урд ирэхэд ахин машин унтарсан. Тэгээд ахиад хүнээр түрүүлээд замын хажууд гаргаад машинаа үзэх гэж байтал араас Парис баарны зүгээс шалдан залуу болон өөр бас 2-3 хүн хөөе пиздаануудаа хүрээд ир одоо зодолдоё гээд орилоод хүрээд ирсэн. Тэгэхээр нь П.Золжаргал гүйж очоод нэгэнтэй нь маргалдсан. Тэгээд тэр хавиар баахан хүн амьтан шаваад бөөн зодоон болоод эхэлсэн.Тэгэхээр нь би П.Золжаргалд одоо боль боль явья гээд аваад машин дээрээ очоод машинаа хүнээр түрүүлж асаалгаад явсан гэжээ. /хх-ийн 19-20/

        Гэрч Д.Бадамцэцэг   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манай хүү болох Золжаргал нь 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Хүү маань цэцэрлэгээр дамжин сургуульд орж суралцаж байгаад Ховд аймгийн Дуут сумын 10-н жилийн сургуулийн 11-р ангийг 2012 онд төгссөн. Тэгээд гэртээ байж байгаад 2014 онд Цэргийн албанд татагдан Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 167 дугаар ангид цэргийн алба хаагаад 2015 оны 2 дугаар сарын 25-нд халагдаж ирсэн. Түүнээс хойш Мэргэн Сүлд ХХК-д ажиллаж байгаа. Манай хүү энэ намраас Батлан хамгаалахын Их сургуульд элсэн орж суралцахаар бэлдэж байгаа юм. Золжаргал одоогоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 4 дүгээр хэсэг 2-84 тоотод төрсөн ах Золбоогийн гэрт хамт амьдарч байгаа. Миний хүү даруухан дөлгөөн, зөөлөн чихтэй, их тэвчээртэй хүүхэд байгаа юм. Манай хүү тамхи л татна. Архи хэрэглэдэггүй юм. Манай хүүд хамтран амьдардаг бүсгүй байгаа. Тэд дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд нь одоо 4 сартай. Хамтран амьдардаг Сарангарав нь гэрлэлтээ л бүртгүүлээгүй болохоос хамт амьдраад 3 жил болж байна гэжээ.  /хх-н 21-22/

        Гэрч Б.Золзаяа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний дүү болох Золжаргал нь 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Миний яг доод талын дүү байгаа юм. Бага байхдаа цэцэрлэгээр хүмүүжиж тэндээсээ сургуульд элсэн орж байсан. Ховд аймгийн Дуут сумын 10-н жилийн сургуулийн 11 дүгээр ангийг 2012 онд төгссөн. Тэгээд надтай хамт вакум цонхны газар ажиллаж байгаад 2014 онд Цэргийн албанд татагдаад Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 167 дугаар ангид алба хаагаад 2015 оны 2 дугаар сарын 25-нд халагдаж ирсэн. Түүнээс хойш дахин надтай хамт Мэргэн сүлд ХХК-д вакум цонх хийж ажиллаж байгаа юм. Ямар нэгэн хэрэг түвэгт орж байгаагүй. Намраас сургуульд орох санаатай байгаа гэжээ. /хх-н 23-24/

        Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 25-26/

        2016.3.16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3548 тоот акт: ДҮГНЭЛТ:            

1.П.Нямдаваагийн биед хамар, баруун, зүүн тохой, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27/

        2016.3.15-ны өдрийн шинжээчийн 3549 тоот дүгнэлтэд:

        1.Э.Алтанхуягийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 28/

         Дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/хх-н 29-30/

          П.Нямдаваа, Э.Алтанхуяг нараас асууж авсан тайлбарууд /хх-н 5-6/,

         Б.Золжаргалд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 31-34/

         Б.Золжаргалыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 35-40/

        Б.Золжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 43/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 44-49/, хохирогч П.Нямдаваад эмчилгээний зардал төлсөн баримт/хх-н 57/, П.Нямдаваагийн гаргасан хүсэлтэнд: гомдол саналгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-н 59/ зэрэг болно.

        Б.Золжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны гадна П.Нямдавааг бусдыг зодолдож байхад салгаж байхад нь татаж унаган зодож биед нь биед хамар, баруун, зүүн тохой, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Б.Золжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Золжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж  үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаас өмнө хохирогч П.Нямдаваад эмчилгээнд нь гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Б.Золжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 551.9 дэх  хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Барга овогт Батзоригийн Золжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дах хэсэгт зааснаар Б.Золжаргалыг 3 жил 01 сарын хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Золжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй,  Б.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Б.Золжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар  хэлтэст даалгасугай.

          6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Золжаргалд бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН