Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0437

 

Т.Бын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Гомдол гаргагч: Т.Б

Хариуцагч: Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Э

Гомдлын шаардлага: “Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Т.Б,

Хариуцагч улсын байцаагч Э.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 127/2023/0022/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Т.Б нь Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Эд холбогдуулан “Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 24.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 76 дугаар зүйлийн 76.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.2, 79.4.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А. к.” ХХК-ний захирал Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Иргэн Б.Амгаланбаяраас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “А. к.” ХХК-аас орон сууц худалдаж авсан нийт дүн 79,326,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгний баримтыг гаргаж өгсөн дутуу үнийн дүнтэй баримт өгсөн тул байрны буцаан олголтод хамрагдаж чадахгүй байна. Үлдсэн дүнгээр баримт гаргаж өгнө үү” гэх гомдлыг и-баримт аппликэйшнаар 88976733 дугаарын утсаар гаргасан бөгөөд гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

 

3.2. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, төлбөрийн баримтын мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, орон сууц захиалгаар бариулах Б/09 тоот гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар холбогдогч “А. к.” ХХК нь иргэн Б.Амгаланбаярын орон сууцны төлбөрт төлсөн 79,326,000 төгрөгийн худалдан авалтад төлбөрийн баримт олгохдоо борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэйгээр буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 60,000,000 төгрөгийн борлуулалтын үнийн дүнтэй баримт шивж олгосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 дахь заалтад заасан зөрчил болох нь тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0044611 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

3.3. Иргэн Б.А болон “А. к.” ХХК-ны хооронд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №Б/09 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байна. Иргэн Б.А-ын зүгээс нийт орон сууцны үнэ болох 79,326,000 төгрөгийн 30% буюу 23,797,800 төгрөгийг 2021 оны 08 дугаар сард, 70% буюу 55,528,200 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус төлж барагдуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан иргэн Б.А-ын ХААН банкны 5959060258 тоот харилцах дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн иргэн Б.А-ын Хас банкны 5004891152 тоот данснаас “А. к.” ХХК-ны 5959234148 тоот дансанд 55,528,200 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд үүнээс нийт хэдэн төгрөгийн борлуулалтын үнийн дүн бүхий баримтыг олгох ёстой байсан гэдэг нь харагдаж байна.

 

3.4. “А. к.” ХХК-ийн захирал Т.Б нь шүүх хуралдааны явцад болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Манай компани нь 2021 оны 04 сараас орон сууцны барилгаа барьж эхэлсэн. Тухайн үед “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд хил хаалттай барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур болон цемент бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн материалын хомсдол үүссэн нь НӨАТ-тай худалдан авалт хийж чадахгүйд хүргэсэн. Учир нь их хэмжээгээр хэрэгцээт бараа материалууд олдохгүй байсан нь нэг нэгээр нь худалдан авахад хүргэж худалдагч талууд нь байгууллага биш ихэвчлэн иргэд тул и-баримтгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан нь манай байгууллага дээр НӨАТ-тай и-баримтын худалдан авалтын бүрдэлт бага үнийн дүнгээр үүсэх гол шалтгаан болсон байдаг. Иймд орон сууц худалдан авсан иргэдэд и-баримтын шивэлт хугацаа хойшлох эх үүсвэр болсон болно” гэсэн тайлбарыг хийж, хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж байгаа нь шийтгэлийг үгүйсгэх үндэслэл биш юм. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь суутган төлөгчийн өөрийн орлогоос төлж байгаа татвар биш, худалдан авагчийн төлж байгаа хэрэглээний татвар бөгөөд тухайн компани нь НӨАТ-тай худалдан авалт хийсэн эсэх нь төлбөрийн баримт олгохгүй байх үндэслэл огт биш юм.

 

3.5. Шүүхээс зөрчил гаргагч этгээдийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн талаар буруу ойлголттой, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн үйлдлийг гомдол барагдсан, бодит хохирол учраагүй гэх үндэслэлгүй шалтгаанаар өөгшүүлэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргажээ.

 

3.6. Иргэн Б.А нь орон сууцны үнийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүрэн барагдуулж дууссан бөгөөд тухайн өдөр “А. к.” ХХК нь 79,326,000 төгрөгийн борлуулалтын үнийн дүн бүхий төлбөрийн баримтыг олгох ёстой байсан боловч Татварын ерөнхий хуулийн 28.5 “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5 “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” дахь хэсэгт заасныг зөрчиж 4 сарын дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 60,000,000 төгрөгийн борлуулалтын үнийн дүн бүхий бодит төлбөр тооцооноос зөрүүтэйгээр баримтыг шивж олгосон нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

3.7. “А. к.” ХХК нь хууль илтэд зөрчиж төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэйгээр олгосон. Иргэн Б.А нь анх удаа орон сууц худалдан авч, 6 сая хүртэл төгрөгийн орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахаар материалаа бүрдүүлэн манай хэлтэст хандсан бөгөөд уг баримт нь бодит борлуулалтаас зөрүүтэй байсан тул материалыг хүлээн авах боломжгүй байсан. Иргэн Б.А баримтаа нөхөн гаргуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан. Гомдол гаргасны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “А. к.” ХХК-ны зүгээс баримтыг нөхөж шивж олгосон. Уг компани нь баримтыг 2 хувааж шивж олгосон, иргэн гомдолгүй гэсэн, гомдлыг барагдуулсан, шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

 

3.8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж заасан. Хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг олгохыг хуулиар хориглосон атал дээрх компани хууль зөрчин, нийт борлуулалтын үнийн дүн 79,326,000 төгрөг байхад 60,000,000 төгрөгийн борлуулалтаар баримт шивж олгосон. Шүүх бодит хохирол учраагүй гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж тус тус заасан.

 

3.9. Хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийн улмаас бодит хохирол учирсан эсэхээс үл хамааран нэгэнт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд шийтгэл оногдуулна гэж хуульд заасан атал шүүх бодит хохирол учраагүй гэж, мөн төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон үйлдлийг нь зөвтгөн нэхэмжлэгч төлбөрийн баримт олгохоос татгалзаагүй, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгоогүй байна...” хэмээн тайлбарлан дүгнэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн буюу төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон үйлдлийг нь бодит хохирол учраагүй, баримтыг 2 хуваан олгосон гэсэн үндэслэлээр үгүйсгэж болохгүй юм.

 

3.10. ...Б.А-ын гаргасан гэх өргөдлийг “А. к.” ХХК-ийн захирал Т.Б авч ирснийг хүлээж авах боломжгүй гэж буцаасан. Уг асуудлын талаар Б.А нь гэрчийн мэдүүлэгтээ өөрөө бичиг хэрэгт биечлэн үлдээсэн гэх, харин Т.Б нь шүүх хурал дээр Б.А завгүй учраас би татварын хэлтэст хүргэхээр авч очсон гэх зөрүүтэй тайлбар өгсөн атал шүүх татварын хэлтэс өргөдлийг хүлээж авч хариу өгөөгүй мэтээр шийдвэртээ тусгаж, дүгнэсэн нь үнэн байдалд нийцэхгүй, нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэхээр байна.

 

3.11. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.Б нь шийтгэлийн хуудсыг өөрчлөх, торгуулийн дүнг багасгаж өгвөл эвлэрэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Түүнчлэн шүүхээс шүүх хуралдааны туршид шийтгэлийн хуудсаа өөрчилж эвлэрэх, шийтгэлийн хуудсыг шүүгчийн захирамжаар хүчингүй болгох, өөр зүйл заалтаар шийтгэл оногдуулах талаар захирамждаа заах боломжтой талаар тайлбарлаж байсан нь зөрчил гаргагч этгээд өөрийн хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг нотлон харуулж байна.

 

3.12. Хууль хэрэглээний талаар: Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:, 3.1,4.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;” гэж заасан. Гэтэл шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийг баримтлах талаар тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна.

 

3.13. Мөн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн болохыг илэрхий тогтоосон байтал шүүх Татварын ерөнхий хуулийн 79.4.2 дахь заалтын агуулгын дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй гэж үзэж байгаа нь дээрх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийг нотолсон улсын байцаагчийн актыг үгүйсгэн, хуулийг буруу хэрэглэж байгаа үйлдэл юм.

 

3.14. Шүүх шийдвэрийнхээ “ТОГТООХ НЬ” хэсэгтээ Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 79.1, 79.4.2, 79.4.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож байгаа нь дээрх компанийн үйлдсэн зөрчилд татварын хяналт, шалгалт хийх ёстой байсан мэтээр дүгнэн, хуулийг буруу хэрэглэж, тухайн компанийн үйлдсэн зөрчлийг илт үгүйсгэн, татварын улсын байцаагчийн хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаа, тогтоосон зөрчлийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож байгаад гомдолтой байна.

 

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2023/0024 дугаартай “А. к.” ХХК-ны захирал Т.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Хэнтий аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Э.Э нь иргэн Б.А-аас гаргасан “орон сууцны үнийн дүнгээс зөрүүтэй буюу төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0044611 дүгээр шийтгэлийн хуудсаар “А. к.” ХХК-д 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

2.2. Хэрэгт нотлох баримтаас үзэхэд иргэн Б.А-аас дээрх гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Татварын хэлтэст зөрчлийн талаарх мэдээллийг гаргасан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “А. к.” ХХК нь орон сууцны үнийн дүнгээс зөрүүтэй буюу төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, шаардлагатай баримтыг цуглуулж, холбогдогчоос тайлбар мэдүүлэг авч зохих ажиллагааг явуулсан болох нь тогтоогдож байна.

 

2.3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж хуульчилсан бөгөөд дээрх хуульд заасны дагуу тухай бүр дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:”, 8.2-т “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 8.3-д “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.4. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

2.5. Гэтэл анхан шатны шүүхээс “...эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй, ... Хариуцагч нь иргэн Б.А-ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан ...дутуу үнийн дүнтэй баримт өгсөн гэх гомдлыг шалгахдаа хэдэн төгрөгт холбогдох худалдан авалтад /огноо, үнийн дүн/ ямар шалтгаанаар төлбөрийн баримт олгоогүй талаар тодорхой тодруулж, гомдол гаргасан иргэнд бодит хохирол яаж учирсан эсэхийг нягталж, энэ талаар баримтжуулж, хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэхээр байжээ. Мөн нэхэмжлэгч нь төлбөрийн баримт олгохоос татгалзаагүй, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгоогүй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Хэнтий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

2.6. Учир нь, дээр дурдсанаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” бөгөөд мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д ““төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” ойлгохоор, 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гээд 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж хуульчилсны дагуу хариуцагчаас 0044611 дүгээр шийтгэлийн хуудсаар “А. к.” ХХК-д “орон сууцны үнийн дүнгээс зөрүүтэй буюу төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” гэх үндэслэлээр 15,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:”, 8.2-т “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 8.3-т “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцэж байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

2.6. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд иргэн Б.А, “А. к.” ХХК нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №Б/09 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу “А. к.” ХХК нь иргэн Б.А-т орон сууц худалдаж авсан нийт үнийн дүн болох 79,326,000 төгрөгийн е-баримтыг олгох ёстой байтал 2022 оны 6 дугаар сарын 23-нд 60,000,000 төгрөгийн е-баримтыг шивж олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2-т заасан бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд нь төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон тохиолдолд торгоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул хариуцагчаас шийтгэлийн хуудас ногдуулсныг буруутгах боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй. Мөн гомдол гаргагчаас дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, үүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.7. Хэдийгээр гомдол гаргагчаас “Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд хил хаалттай барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур болон цемент бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн материалын хомсдол үүссэн нь НӨАТ-тай худалдан авалт хийж чадахгүйд хүргэсэн. Иргэн Б.А-ын гомдлыг манай компани 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөгөөр, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19.326.000 төгрөгийг И-баримтуудыг тус тус шивж олгосноор бүрэн барагдуулсан мөн Б.А нь ямар нэгэн гомдолгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарлаж байгаа боловч “А. к.” ХХК нь нэгэнт дээрх хуульд заасан зөрчлийг гаргасан, түүнчлэн иргэн Б.А-аас эрх бүхий этгээдэд гомдол гаргасны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үлдэх 19,326,000 төгрөгийн е-баримтыг олгосон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.8. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх “Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ, мөн 79 дүгээр зүйлийн 79.4.2-т заасан татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, ...тухайн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй” буюу Татварын хяналт шалгалт хийсний дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх байсан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож байгаа нь дээрх компанийн үйлдсэн зөрчилд татварын хяналт, шалгалт хийх ёстой байсан мэтээр дүгнэн, хуулийг буруу хэрэглэж, тухайн компанийн үйлдсэн зөрчлийг илт үгүйсгэн, татварын улсын байцаагчийн хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаа, тогтоосон зөрчлийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангах нь зүйтэй.

 

2.9. Түүнчлэн хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийн улмаас бодит хохирол учирсан эсэхээс үл хамааран нэгэнт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд шийтгэл оногдуулна гэсэн хуулийн зохицуулалттай учир шийтгэл ногдуулсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

2.10. Харин маргаан бүхий актаар “А. к.” ХХК-д шийтгэл ногдуулсан бөгөөд Т овогтой Б-ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байх тул Т.Б-ыг “Хэнтий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасныг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын Хэнтий аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Эд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Эгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА