Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00298

 

Ш гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэр,

            Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 201/МА2018/00026 дугаар магадлал                                          Ш гийн нэхэмжлэлтэй,

            Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдох

       Политехник коллежийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 64 хоногийн олговорт 2,174,552 төгрөг, амралтын мөнгөний тооцоо 3,460,000 төгрөг нийт 5,634,552 төгрөгийг гаргуулах,  нийгмийн  даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 3 сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Сургалтын алба болон захирал намайг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Анх гэрээ байгуулахдаа гэрээний он, сар, өдрийг тавиагүй байсан. 5 жилийн тэтгэмжийн мөнгө авах талаар ярьж эхэлснээс хойш намайг хичээлээр их шахсан. Үр дүнгийн гэрээг 2018 оны 6 сарын 15-ны өдөр ажлыг дүгнэхээр заасан байдаг. Гэтэл намайг ажлаас халах талаар урьдчилан сануулахгүйгээр халсан. 2018 оны 9 сарын 14-ний өдөр багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сургалтын албаар батлуулж тамга даруулсан байсан. Би 11 сараас эхлэн 5 жил ажилласан мөнгөө авахаар хөөцөлдөж эхлэхэд намайг ажлаас халах талаар яригдаж байсан. Сургуулийн захирал маань сургуулийнхаа үйл ажиллагааг сайн мэддэггүй. Сургалтын албаны ажилтнуудын яриагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэнэт миний хичээлийн цагийг шахаж хүүхдүүдийг залхтал хичээллүүлж эхэлсэн. Нэг ангид өдөртөө 6 цаг орос хэлний хичээл оруулж байсан. Намайг хичээлийн цаг дууссан ч гэсэн зохицуулж өгнө гэж байсан. Гэтэл надад 01 сарын 23-ны өдөр ажлаас халах талаар мэдэгдэх хуудас өгсөн. Манай сургууль хурууны хээ уншуулж ирцээ бүртгэдэг. Би сургуулиасаа хамгийн эрт ирдэг, огт хоцордоггүй ажилтан. Манай нөхөр сургуулийн захиралтай уулзахад намайг сургуулийн сайн багш, Монгол багш нараас илүү ажилладаг гэж хэлж байсан. Миний 2 хүүхэд Монгол Улсын иргэн бөгөөд Орос Улсад тэтгэлгээр суралцаж төгссөн. Үүнтэй адил би Монгол хүүхдүүдэд Орос улсад тэтгэлгээр суралцах боломж олгохын тулд Матерушка гэдэг клуб нээсэн. Ийнхүү клуб нээж сурагчдаа хөгжүүлж байхад сургалтын албанаас биднийг огт дэмждэггүй. Намайг сургуулийн удирдлагууд гадаад улсын иргэн гэдгээр маань дандаа ялгаварладаг. Миний шударга зан сургалтын албанд таалагдаагүй тул намайг ажлаас халсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгуулах хүсэлтэй байна. Ажлын 64 хоног ажиллаагүй бөгөөд нэг хоногийн цалинг 33,977 төгрөгөөр тооцож 2,174,552 төгрөгийн цалин, амралтын мөнгө 3,460,000.00 төгрөг нийт 5,634,552.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Политехник коллежийн захирлын 2018 оны 3 сарын 20-ны өдрийн ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Ольга багшийг ажлаас халсан. Мөн хамтын гэрээний 3.6а заалтыг баримталж ажлаас халсан байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтад орон тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, орон тоо татан буугдсан гэдэг үндэслэлүүд байдаг. Дээрх үндэслэлийн алинаар нь Ольга багшийг ажлаас халсан нь тодорхойгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч хүртэл ямар үндэслэлээр ажлаас халсан болохыг мэдэхгүй байна. Орон тоо цөөрүүлнэ гэдэг нь ижил хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасахыг хэлж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.6 а заалтыг үндэслэсэн гэж байгаа ч хамтын гэрээгээ хариуцагч тал биелүүлээгүй. Хамтын гэрээний 3.7-д заасан үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөн ажлаас хална гэсэн заалтыг баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т ажил олгогчийн үүргийг заасан байдаг. Үүнд: Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Энэ заалтаа биелүүлээгүй нь харагдаж байна. Ажилтны эрх, үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан байдаг. Үүнд: Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Ажил олгогч нь бүтэн жилийн гэрээ байгуулчихаад гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас халсан байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа засагдсан, засагдаагүй талаар маргаантай байна. Гэрч Амарбаясгалан нь хөдөлмөрийн гэрээний хугацааг зассан байна гэж мэдүүлсэн байдаг. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн тайлбар гаргаж байна. Хариуцагчийн ярьж байгаа зөвлөмж нь е-мэйлээр ирсэн байдаг бөгөөд ямар ч он, сар, өдөр байхгүй баталгаажаагүй бөгөөд үр дүнгийн гэрээний заалтыг үгүйсгэн давуу байдал тогтоосон байна. Үр дүнгийн гэрээгээр 2018 оны 6 сарын 20-ны ажлын үр дүнг дүгнэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч үзэл бодлоо шударгаар илэрхийлсний төлөө, англи хэлний багш нар өөртөө илүү цаг авах гэж Ольга багшийг ялгаварлан гадуурхаж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчилж болохгүй гэсэн байдаг. Гэтэл үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөлгүйгээр хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж байгаа нь ойлгомжгүй байна. Ажлаас халсан тушаал дээр хамтын гэрээний 3.6а заалтыг баримталсан боловч хариуцагч нь хамтын гэрээгээ зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн байдаг. Хууль тогтоомж, хамтын гэрээнд заасан нөхцөлөөс дордуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульд заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, бүтэн жилээр хийсэн гэрээгээ цуцалсан байна. Энэ бүхэн нь Ольга багшийг гадаад хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Багшийн орон тоо нь байнгын орон тоо тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.5-т Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг тул Политехникийн захирлын тушаал нь үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн хууль бус шийдвэр байна. И-мэйлээр ирсэн гэх тушаал нь тамга тэмдэг байхгүй, он, сар, өдөр байхгүй тул нотлох баримтаас хасуулах саналтай байна. Учир нь баталгаажаагүй сайдын тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна. Хариуцагч нь хамтын гэрээний 3.6а-д заасныг үндэслэсэн юм бол үүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Иймд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/2 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахыг хүсэж байна. Ольга багшийн нэг өдрийн цалин 33,977 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажиллаагүй 64 хоногоор үржүүлэхээр 2,174,552 төгрөг гарч байгаа бөгөөд үүн дээр амралтын мөнгө 3,460,000, нийт мөнгө 5,634,552 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамдинсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ольга нь Дорнод аймаг дахь Политехник коллежид орос хэлний багшаар ажиллаж байсан. Сургуулийн жил бүрийн бүтэц орон тоог яамны сургалтын чиглэлийн заавар зөвлөмжийн дагуу хөтөлбөр, төлөвлөгөөг Хөдөлмөр халамжийн ерөнхий газраар батлуулан ажилладаг. 2017-2018 оны хичээлийн жилд гадаад хэлийг англи хэл дээр заах болсон чиглэл бүхий төлөвлөгөөг батлан ирүүлсэн. Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилээс өмнөх сургалтын төлөвлөгөөнд мэргэжлийн онцлогоос шалтгаалан Орос улстай хамтран ажиллах гэрээний дагуу багш оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг байсан. Үүнд: Авто засварчин, малын бага эмч, сантер мэргэжлийн ангиудад орос хэлний хичээлийг тусган заалгадаг байсан. Гэтэл 2017 оны 9 сарын 05-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжлийн болон техникийн боловсролын агуулга арга зүй хариуцсан мэргэжилтэн Эрдэнэбатаас е-мэйлээр 3 хавсралт зөвлөмж ирсэн. Зөвлөмжийн тавдугаарт хичээлийн нэршил, цаг товъёог өөрчлөхгүй байхыг анхааруулж байна гэсэн заавар ирсэн. Тус жишиг загварт гадаад хэлний хичээлээр зөвхөн англи хэлийг заахаар тусгасан байсан. Дээрх заавар зөвлөмжийг сургууль өөрчлөх эрхгүй юм. Зөвлөмжийн дагуу сургалтын төлөвлөгөөг боловсруулж 2017 оны 9 сарын 29-ний өдрөөр батлан мөрдүүлж эхлээд байна. Уг зөвлөмж нь 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн шинэ сургалтын төлөвлөгөөгөөр явах шаардлагатай байсан боловч Ш.Ольга багшид 2017 оны 9 сарын 01-ний өдөр хуваарилсан 448 цагийн хичээлийг нэгэнт төлөвлөсний дагуу заалгахаар хэвээр үлдээсэн болно. Мөн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн журам батлах тухай тушаалын дагуу тухайн багшийн хичээлийн жилийн цагийн хуваарилалт зэргийг харгалзахын зэрэгцээ хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас баталж ирүүлсэн сургалтын төлөвлөгөөгөөр англи хэл заалгах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй учир орос хэлний хичээлийн цаг хасагдаж, хуваарилагдсан цагаа зааж дууссан болно. Ийм учир 2017-2018 оны хичээлийн жилд Ольга багшид хуваарилагдсан багц цаг нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын журам батлах тухай тушаалд заасан шалгуурт хүрэхгүй байгаа тухай Ольга багшид танилцуулж, ярилцсан. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд гадаад хэлийг Англи хэлээр орох чиглэл ирснийг бид хэлээд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаар танилцуулан 2018 оны 1 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ярилцаж, хугацааны талаар тохирсон. Энэ өдрөөс хойш орос хэлний хичээл заалгахгүй, цаг нь дууссан болохыг ойлгуулан гэрээгээ хугацаатай байгуулсан. Үүнийг ч Ольга багш хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлөвлөгөөгөө хуваарийн дагуу заах багшийн багц цаг нь 20 буюу нийт 810 цагтай байх ёстой байтал 448 цаг буюу багц цагийн журамд зааснаас бага цагтай байсан. Иймд уг багш нь 448 цагаа хичээлийн жилийн нэгдүгээр хагаст сургалтын төлөвлөгөөгөө заах хичээлийн цаг, хуваарийн дагуу зааж дуусгасан. Ингээд гэрээний хугацаа дууссан тухай мэдэгдлийг 2018 оны 1 сарын 23-ны өдөр Ш.Ольгад хүлээлгэн өгсөн. Уг мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан болох талаар мэдэгдэж, 2018 оны 2 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг тусгаж бичгээр гардуулан өгсөн. Гэтэл Ольга багш нь акт аваад биеэ үзүүлж байсан тул акттай хугацааг дуустал буюу өвчтэй үед ажлаас чөлөөлж болохгүй тул хуулийн дагуу актаа авчирч өгсний дараа буюу актны хугацаа дуустал ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй болно. Харин актаа гаргаж өгөөд тушаалаа гаргуулъя гэж хэлсэн хугацаанд буюу 2018 оны 3 сарын 20-ны өдөр тушаалыг гардуулан өгсөн. Ингээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул өөрт нь мэдэгдэх хуудас гардуулснаас 2 сарын дараа ажлаас чөлөөлсөн. Ольга нь нэхэмжлэлдээ 5 жилийн тэтгэмж авсанд хувийн өс хонзон санасан гэж мэдүүлсэн байна. Манай коллежийн захиргаа нь мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр дээд шатны байгууллага болох яам агентлаг, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадын иргэн болох Ольгад төрийн албанд хаагчид олгодог тэтгэмжийг олгох хуулийн заалт байхгүй, эргэлзээтэй байсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулга, зөвшөөрөл хүссэн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 209 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Гэвч хариу тодорхой бус байсан тул Дорнод аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 225 дугаартай албан бичгээр дүгнэлт, зөвлөгөө хүссэн бөгөөд нэг хувийг нь Дорнод аймгийн Аудитын газарт хүргүүлсэн. Тус коллеж нь мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар буруу шийдвэр гаргавал акт, төлбөр тавигдах тул холбогдох дээд шатны байгууллагаас зөвшөөрөл дүгнэлт хүссэн юм. Ингээд хариу албан бичгүүд ирсний дагуу хуулийн хугацаанд Ольга багшид 5 жил ажилласны тэтгэмж олгосон. Үүнийг буруу ойлгож, хувийн өс хонзон санасан гэж үзсэн байна. Уг багшийн заадаг байсан хичээл төлөвлөгөөнөөс хасагдаж, хуваарилагдсан цаг нь дууссан учир цаашид орос хэлний багшийн орон тоо гаргах боломжгүй болсон. Мөн хуваарилагдсан цаг нь үндсэн багшийн багц цагт хүрэхгүй байх тул тус багштай 2017-2018 оны хичээлийн жилд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээг өөрөө зөвшөөрсөн бөгөөд гарын үсгээ зурсан. Үүнийг Ольга багш сайн ойлгож байгаа ч ойлгоогүй юм шиг дүр үзүүлж хүндрэл учруулж байна. Тус коллеж нь төсвийн захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхтэй гэсний дагуу мөн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 198215 дугаартай журам батлах тухай тушаалууд болон 2017-2018 оны хичээлийн жилд Ольга багштай хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул хуулийн хүрээнд шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд тус коллеж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай коллеж нь Ольга багшаас гадна олон гадаад багш нартай хамтран ажилладаг. Ийнхүү гадаад багш нартай хамтран ажиллахдаа ялгаварлан хандаж байгаагүй гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үр дүнгийн гэрээг бүтэн жилээр байгуулчихаад хууль зөрчиж гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй. Хугацаагүй гэрээ байгуулсан ажилтан тодорхой шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдах ёстой. Үүнийг хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэл өгч, тушаал шийдвэрээ гаргаж болох талаар хуульд заасан байгаа. Ольга багшийн орос хэл заах ажлын байр тус коллежид байхгүй болчихоод байхад заавал үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөх шаардлага байхгүй. Ольга багш нь байнгын ажлын байранд ажиллаж байсан боловч 2017 оны 9 сарын 20-ны өдрөөс эхлэн англи хэлний хичээл заагдах болсон гэдэг нь хүн бүрт ойлгомжтой байсан. Ольга багш өөрөө ч энэ талаар мэдэж байсан. Ингэж болох юм уу гээд асуугаад явж байснаа Ольга багш өөрөө хэлж байна. Ольга багшийг ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй. Ялгаварлан гадуурхаж байна гэдэг үг зөвхөн Ольга багш болон түүний өмгөөлөгчийн амнаас л гарч байна. Гадаад хүнийг ялгаварлан гадуурхах зүйл Монгол Улсад байхгүй болсон. Үнэхээр өөрийг нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой. Харин ч эсрэгээр коллежийн удирдлагууд 2017 оны 9 сарын 20-ны өдөр төлөвлөгөөгөө батлангуутаа Ольга багшийг ажлаас халж болох байсан боловч 448 цагийн хичээлийг заах боломжийг олгосон байдаг. Ольга багшийг халагдах асуудал яригдаж ажлаас халах тухай мэдэгдлийг өгөөд эхлэнгүүт өвчилж 2, 3 акт авч ажлаас халах тушаал гаргаж болохгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Ингээд хуульд заасан нөхцөл журмын дагуу Ольга багшийг ажлаас халах асуудлыг шийдвэрлэсэн. 2017 оны 9 сараас Ольга багш нь өөрийгөө халагдана гэдгээ мэдэж байсан. Орос хэлний багшийн орон тоо байхгүй болсон байгаа нь орон тоо цөөрүүлсэн бус орон тоо хасагдсан гэж үзэхээр байгаа. Энэ зөвлөмж нь зөвхөн Дорнод аймгийн Политехник коллежид бус Монгол улс дахь бүх мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд хамаарах хэм хэмжээ юм. Нэхэмжлэгч тал ярихдаа Политехник коллежийн удирдлагууд хувийн ашиг сонирхлын үүднээс орос хэлний багшийн орон тоог байхгүй болгосон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуульд захиргааны санаачилгаар ажлаас халах үндэслэлийг заасан байдаг. Ольга багш нь орос хэлний хичээлийг оруулахгүй байгаа талаар дээд шатны байгууллагаас асуусан, тодорхойлолт авсан, гомдол гаргасан зүйл байхгүй байна. Энэ бүхэн нь хуульд заасан үндэслэлээр халагдаж байгаагаа Ольга багш мэдэж байсныг харуулж байна. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, гарын үсэг зуруулсан. Нэг хувийг ажилтанд өгч, нөгөө хувийг байгууллагын захиргаа өөр дээрээ хадгалдаг. Байгууллагын захиргаанд хадгалагдаж байгаа хөдөлмөрийн гэрээнд Ольга багшийн гарын үсэг, он, сар, өдөр нь тодорхой бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 9 сараас хойш Ольга багшийн ажлын байр байхгүй болно гэдгийг өөрт мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд хугацааг нь тавьсан байдаг. Нэгэнт тус коллежид орос хэлний хичээл байхгүй болсон тул Ольга багшид сул цалин өгөөд байлгаад байх боломжгүй тул ажлаас халахаас өөр аргагүй болсон. Өмнөх жилүүдэд Ольга багшийн цаг хүрэхгүй байхад нь сургуулийн захиргаанаас клуб ажиллуулдаг байдлыг харгалзан үзэж багц цаг нэмж өгч цалин хөлсийг нь бүтэн олгодог байсан. Улс даяар мөрдөх дүрэм, журмыг зөвхөн ганц багшаас болж зөрчих боломжгүй юм. Ольга багш хэдийгээр намайг ажлаас халсан үндэслэлийг ойлгохгүй байна гэж байгаа ч үнэндээ бол бүгдийг ойлгож байсан. Тиймдээ ч Ольга багш өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Иймд ажлаас халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх Политехник коллежийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 64 хоногийн олговорт 2,174,552 төгрөг, амралтын мөнгөний тооцоо 3,460,000 төгрөг нийт 5,634,552 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Шабанова Ольга Николаевнагийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.                                               

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 201/МА2018/00026 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Шабанова овогтой Ольга Николаевнагийн давж заалдах гомдлыг ханган, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Шабанова овогтой Ольга Николаевнаг Дорнод аймаг дахь Политехник коллежийн орос хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4,447,058 төгрөгийг хариуцагч Политехник коллежоос гаргуулж нэхэмжлэгч Шабанова овогтой Ольга Николаевнад олгож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,138,858 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ольга Николаевна нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 86,106 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний иргэний давж заалдах шатны шүүхийн 2018.09.28 201/МА2018/00026 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Ш.Ольга Николаевнаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу буюу 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Монгол Улсын сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Журам батлах тухай А/198/215 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн асуудал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг багшийн заадаг байсан Орос хэл гэсэн хичээл заагдахгүй болсон учраас Орос хэлний багшийн орон тоо байхгүй болсон. Зөвхөн Англи хэлний хичээл заах батлагдсан төлөвлөгөө дээд газраас ирсэн. Иймд орон тоо цөөрсөн бус ажлын байр байхгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлд хамаарч байна гэж үзэж байгаа болно. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарын 15 дугаар зүйлийн 15.1.1-д тайлбарласнаар: Хуулийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэсний дагуу тушаал шийдвэрээ гаргасан.

2. Магадлалд “тус сургуулийн бүтэц орон тоог нягталж үзээд: Дээрх баримтаас үзэхэд тус коллежийн бүтэц орон тоо, түүн дотроо багшийн орон тоо 2017-2018 оны хичээлийн жилд батлагдсан орон тоо, түүн дотроо багшийн орон тоо хасагдсан, цөөрсөн эсэх нь мэдэгдэхгүй байна” гэжээ. Үүнд: Мэргэжлийн боловсрол, Сургалтын тухай хуулийн 4.1.2. “мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалтгай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг гэж товч тодорхой заасан байдаг. Тус сургууль нь ажил олгогч болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн боловсролын сургалтыг явуулдаг. Иймд яамнаас нийт сургуулиудын багш нарын бүтэц, орон тоог багц тоон хэлбэрээр баталж ирүүлдэг болно. Энэ орон тоог, мөн тухайн жилд ажиллах багш нарын орон тоог яамнаас баталсан сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаартай Журам батлах тухай тушаалын дагуу сургуулийн захирлын тушаалаар баталдаг билээ. Үүнд: Орос хэлний орон тоо хасагдсан.

3. Ш.Ольга багшийн хичээл Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журамд заагдсан үндсэн багшийн орон тоонд багц цаг нь хүрэлцэхгүй болж ирсэн. Өөрөөр хэлбэл, багшид жилд 810 цаг хуваарилагдах ёстойгоос 2017-2018 оны хичээлийн жилд нийт 448 цаг хуваарилагдсан. Уг хуваарилагдсан цагийг зааж дуустал ажлаас чөлөөлөөгүй. Гэтэл яамнаас 2017.09.29-ний өдөр батлагдсан хичээлийн хөтөлбөр буюу төлөвлөгөөнд Орос хэлний хичээл байхгүй болж ирсэн учраас бид Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлөх талаар 1 сарын өмнө мэдэгдэн багц цаг хүрэлцэхгүй болсныг мэдэгдэж, багшийн багц цаг нь үндсэн багшийн цагт хүрэлцэхгүй байсан учир ажлаас чөлөөлөгдсөн. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн “9.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан гэж Ерөнхий эрдмийн заах хичээлийг Ерөнхий суурь хэсэгт сургалтын төлөвлөгөөнд тусгахыг заасан байдаг. Энэхүү хуульд заасны дагуу Ерөнхий эрдмийн хичээл нь сургалтын төлөвлөгөөний Ерөнхий суурь хэсгийн хичээл болох Англи хэлний хичээлийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.5-д зааснаар “9.5.Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна.” гэж тодорхой тусгаж өгсөн байдаг. Иймээс тус коллеж нь Багшийн багц цаг хүрэлцэхгүй байгаа багшийг албаар хууль зөрчин ажиллуулах боломжгүй бөгөөд Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмыг зөрчиж болохгүй учир хуулийн дагуу шийдвэр гаргасан.

Тус коллеж 1. Ерөнхий суурь, 2.Техникийн суурь гэсэн агуулгын дагуу хичээл сургалтаа явуулдаг. Ерөнхий суурь хэсэгт заавал англи хэл заахаар дээд газраас төлөвлөгөө батлагдан ирсэн. Иймд Сургалтын төлөвлөгөөний Ерөнхий суурь хэсэгт заагдсан хичээлийг бид дураар өөрчлөх боломжгүй бөгөөд уг хасагдсан орон тоог байлгах боломжгүй юм. Иймд Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Тус коллежид 9 дүгээр анги төгссөн боловсролтой суралцагчид элсэхдээ ерөнхий эрдмийн Орос хэлний хичээлийг 7-9 дүгээр ангидаа сонгон судалж, 9 дүгээр ангиас уг хичээл хаагддаг. Харин 10-12 дугаар анги төгссөн суралцагчид элсэхдээ Орос хэлний хичээлийг зарим хэсэг нь өмнө нь сонгон судалж, Харин англи хэлийг 5-р дугаар анги төгстлөө дийлэнх хувь нь судалсан байдаг. Ажил олгогч компаниудын шаардлага мөн Англи хэл сурсан, судалсан байхыг л шаарддаг. Иймд уг програмтай Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг уялдуулан, ажил олгогч нарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл барьж ХХҮЕ-аас чиглэлийг боловсруулж, баталсан төлөвлөгөөний дагуух Ерөнхий суурь хэсгийн хичээл буюу Англи хэлийг л оруулах боломжтой юм.

5. Мөн шүүхийн магадлалд: “Түүнээс гадна хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарт, “Манай сургууль нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хөдөө аж ахуйн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд гэрээний дагуу тус сургуулиас 3 сар тутамд 7-14 хоногийн хугацаатай дадлага хийхээр хүүхдүүд ирдэг гэжээ.” Үүнд: Тус коллеж нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хөдөө аж ахуйн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байсан бөгөөд жилд 1 удаа буюу 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд 7-14 хоногийн хугацаатай оюутнууд ирж дадлага хийдэг байсан. Энэ үйл ажиллагаанд Орчуулагч, эсвэл Гадаад хэлтэй багш нараас орчуулагчийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг болсон. Орос хэлний хичээл заадаггүй. 3 сар тутамд, 7-14 ангийн хугацаатай оюутнууд ирдэг гэж буруу ойлгож тэмдэглэсэн байна. Энэхүү дадлагын үед Орос хэлний багш шаардлагагүй байдаг. Орчуулагч л байхад хангалттай дадлагын ажлыг удирдан чиглүүлдэг болно. 2016 онд ОХУ-аас нийт 6 оюутан 2 багшийн хамт, 2017 онд ОХУ-аас нийт 6 оюутан 2 багшийн хамт жилд 1 удаа ирж дадлага хийсэн болно. Харин тус сургуулиас яг адил бүрэлдэхүүнтэй оюутнууд ОХУ-д дадлагаар очдог байсан.

6. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаартай Журам батлах тухай тушаал, уг тушаалын 1.3 дахь заалт буюу Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ, Политехник коллежийн захирал тогтооно” гэсэн заалт болон батлагдсан төлөвлөгөө болон, багц тийн журмыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй болно. Мөн Яамнаас баталсан Багц цагийн журам болон, ДПК-н багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам, батлагдсан сургалтын төлөвлөгөөгөөр нотлогдож байгаа билээ. Хуульд ч энэ талаар тодорхой зааж өгснийг дээр дурдсан болно. Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас батлагдсан төлөвлөгөөний дагуу хичээл сургалтаа явуулах талаар дахин үүрэг чиглэл ирүүлсэн. Үүнийг хавсралтаар хүргүүлсэн болно.

7. Тус коллеж нь Улсын төсвийн сургууль учир Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах л эрхтэй. Иймд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан Үр дүнгийн гэрээний дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлэх ба төсвийг батлагдсан төлөвлөгөөний дагуу зарцуулах талаар гэрээнд тусгагдсан гэтэл заалтыг зөрчих, төсвийг үр дүнгүй, хий зарцуулах эрхгүй.

8. Ш.Ольга Николаевна багш нь Англи хэл зааж чадахгүй. ОХУ-ын Усжуулалтын дээд сургуулийг төгссөн. Усжуулалтын техникийн инженер мэргэжилтэй тэр чиглэлээр манай сургуульд сургалт явагддаггүй учир өөр ажилд шилжүүлэх боломжгүй байсан.

9. Мөн 2016-2017, 2017-2018 онд Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвөөс төгсөлтийн шалгалтыг англи хэлээр ирүүлсэн. Бид нэгэнт Орос хэл заагдсан суралцагчдаас Англи хэлээр улсын шалгалт авах боломжгүй талаар хөөцөлдөж, материалаа явуулж байж Орос хэлээр төгсөлтийн шалгалтыг 2017 онд өгүүлж оюутнуудаа төгсгөж байсан тохиолдол бий. Үүнийг ч Ш.Ольга багш өөрөө мэдэж байгаа болно. Энэ алдааг давтахгүй байхыг яамнаас албан ёсоор сануулсан болно.

10. Шүүхийн магадлалд ”Байнгын ажлын байранд байгаа ажилтантай ажил олгогч нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг ажил олгогч Политехник коллеж зөрчсөн байна гэжээ.” Үүнд: Тус коллеж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон талаар ойлгуулан Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, Хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүчинтэй болохыг тусган дахин гэрээг сунгасан уг гэрээнд Ш.Ольга Николаевна багш нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хэрэв зөвшөөрөөгүй бол энэ гэрээн дээр гарын үсэг зурахгүй байх байсан. Ажилтан, ажил олгогч нар гэрээг уншиж танилцаж байж гарын үсэг зурах үүрэгтэй. Энэ талаар гэрээний 9.1-д зааснаар “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчинтэйд тооцно” гэсний дагуу уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн болно. Иймд тухайн хугацаатай гэрээг байгуулах үед зөвшөөрөхгүй байгаа талаар санаа бодлоо илэрхийлээгүй, гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн учир зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Иймд Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан нягталж хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний иргэний давж заалдах шатны шүүхийн 2018.09.28 201/МА2018/00026 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь Политехник коллежийн орон тоо, бүтэц, хичээлийн хуваар төлөвлөгөөг нягталж үзээд орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн явдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг жинхэнэ бодит байдлаас ангид авч үзсэн гэж үзэж байна. Политехник коллежийн орон тоо төсвийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас жил бүр баталдаг. Уг баталсан орон тоо төсөвт захирагдахаас гадна дээрх орон тоо төсөв нь мэргэжлийн боловсон хүчний захиалга, эрэлтээс шалтгаалан мэргэжлийн чиглэл тэнд заагдах хичээл сургалтын хөтөлбөр төлөвлөгөө нь хамааралтай байдаг. Политехник коллеж учир мэргэжил эзэмшүүлэх сургалт нь ерөнхий суурь эрдмээс гадна техникийн мэргэжил олгох шатлалтай. 2 жилийн өмнө Орос хэл, Англи хэлийг өөр өөр ангиудад оруулж байсан. Гэтэл яамнаас барьж байгаа бодлого чиглэлийн хүрээнд 2-3 жилийн өмнөөс Англи хэлний боловсрол олгохыг чиглүүлж, сургалтын хөтөлбөртөө ч сургалтын төлөвлөгөөнд ч, төгсөгчдийн шалгалтыг ч Англи хэлээр авах, заахаар ирүүлсэн нь баримтаар нотлогдсон. Иймд Орос хэлний хичээл цаашид заагдахгүй болж орос хэлний багш ажиллуулах шаардлагагүй болсон. Төсвөө батлуулахын тулд хичээлийн жил эхлэхэд биш, өмнөх хичээлийн жил дуусах үед орон тоогоо төсөвлөж явуулдаг. Тэр нь 2017 оны хичээлийн жилд 9 сарын 1-нд биш 2017.09.27-нд батлагдаж ирсэн. Хичээлийн шинэ жил эхлэхэд хичээл заах хуваарийг сургалтын алба боловсруулан захирлаар батлуулдаг. Тэрхүү хуваарийн дагуу Ольга багшид 448 багц цагийн хичээл заах анги хуваарилагдсан. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013.09.27-ны өдрийн А/198/215 тоот тушаалаар батлагдсан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын багц цаг нь 810 багц цаг байдаг. Гэтэл Ольга багшийн 448 цаг байсан. 2017.09.27-нд Яамнаас баталж ирүүлсэн “сургалтын төлөвлөгөө ёсоор Англи хэл заах болсон тул нэгэнт заалгаад эхэлчихсэн Орос хэлний 448 цагийг эхний семистертээ заалгаад дуусгая гэж шийдсэн. Үүнийг ч Ольга багшид тухайн үед хэлж гарын үсэг зуруулж, хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Төсөв захирагч нарт ажлын байр нь байхгүй болсон орон тоонд хүн ажиллуулах эрх байдаггүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлын байр байхгүй болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д хамааруулан үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гагцхүү энэ хуулийн ойлголтыг янз бүрээр ойлгон тайлбарласнаас шийдвэр өөрөөр гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч  Ш   нь хариуцагч  Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан тул тус коллежийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 64 хоногийн олговорт 2,174,552.00 төгрөг, амралтын мөнгө 3,460,000.00 төгрөг, нийт 5,634,552.00 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий эрдмийн хичээлд гадаад хэлний хичээл англи хэлний хичээл орох болсонтой холбогдуулан орос хэлний хичээл хасагдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2012 оны 09 сарын 25-ны өдрөөс Дорнод аймаг дахь Политехник коллежид орос хэлний багшаар томилогдон ажиллаж байсан ба түүнийг тус коллежийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар Журам батлах тухай тушаалаар батлагдсан 1 дүгээр хавсралтын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Дорнод аймаг дахь Политехник коллежийн сургуулийн захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 02 сарын 02-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.6 А дахь заалтуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлж,  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхтэй гэж, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 сарын 27-ны өдрийн А/198/215 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.3 дахь хэсэгт ...сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно” гэсэн байх бөгөөд эрх бүхий байгууллагаас баталж, Политехник коллежид ирүүлсэн сургалтын жишиг хөтөлбөрт орос хэлний хичээлийн оронд англи хэл заахаар тусгагдсан нь орон тоо хасагдах үндэслэл болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрөөс орос хэлний хичээл хасагдсан бөгөөд нэхэмжлэгч нь орос хэлний хичээл заадагтай холбоотойгоор ажил олгогчийн хувьд багшийг ажлаар хангах боломжгүй нөхцөл үүссэн байх тул коллежийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Түүнчлэн хамтын гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг цомхтголоор ажлаас халах бол энэ тухайгаа 1 сараас доошгүй хугацааны өмнө тухайн хүнд бичгээр урьдчилан мэдэгдэнэ гэсний дагуу орос хэлний багшийн орон тоо хасагдсан учир ажлаас халах талаарх мэдэгдлийг ажилтанд 2 сарын өмнө  буюу 2018 оны 01 сарын 23-ны өдөр мэдэгдсэн, тэрээр мэдэгдэлд  гарын үсэг зурж, хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш гийн Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, маргааны үйл баримтад хийсэн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар тус коллежийн бүтэц, орон тоо 2017-2018 оны хичээлийн жилд батлагдсан орон тоо хасагдсан, цөөрсөн эсэх нь мэдэгдэхгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцээгүй байна.

Ажилтан нь 448 цаг орос хэлний хичээл заахаар хичээлийн цагийн хуваарь, багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт тусгагдсан, үр дүнгийн гэрээний 6.1-д зааснаар гэрээгээ 2018 оны 06 сарын 15-ны дотор дүгнэхээр заасан, ...байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг ажил олгогч зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ сургалтын байгууллагын онцлог, багшийн хичээлийн жилд гүйцэтгэх багц цагийн хэмжээ зэргийг харгалзан үзээгүй, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар харьцуулан үнэлж чадаагүй байна. 

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 201/МА2018/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Дорнод аймаг дахь Политехник коллежийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН