| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00390/и |
| Дугаар | 00539 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух Нохой овогт Бямбасүрэнгийн Нямтайван /РГ78040334/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 07 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, Цогнууд овогт Ганбаатарын Оюунбаатар /РЛ91102915/-т холбогдох
Гэм хорын хохирол 1.535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2017/00390/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, иргэдийн төлөөлөгч Т.Алтанчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг, хариуцагч Г.Оюунбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Нямтайван нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хороонд өөрийн 79-20 ХӨА улсын дугаартай УАЗ пургон маркын машинтай явж байх үед Клаассик авто засварын газарт ажилладаг Г.Оюунбаатар гэгч залуу Ланд 80 маркын машинаар ирж мөргөн зам тээврийн осол дээр тогтоосон актаар Г.Оюунбаатар нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж осол гаргасан болох нь тогтоогдсон. Миний бие машинаа засварлуулахад 1.500.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ хохирол нь үлэмж хэмжээнд хүрээгүй учир эрүүгийн хэрэг үүсээгүй болно. Мөн машин журмын хашаанд 7 хоног тавьж 35.000 төгрөгийн төлбөр гарсан. Монгол улсын иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан. Гэвч Оюунбаатар нь учруулсан гэм хороо сайн дураар арилгахгүй, засварын зардлыг гаргаж өгөхгүй байна. Би сард 670.000 төгрөгийн зээл банкинд төлдөг бөгөөд миний орлого олдог гол хэргэсэл нь машин юм. Гэтэл машин засварт орох хугацаанд би олох ёстой байсан орлогоороо давхар хохироод үлдэж байгаа юм.
Иймд машин засварын зардал болон журмын хашааны төлбөр нийт 1.535.000 төгрөгийг Г.Оюунбаатараас гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.535.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Г.Оюунбаатар зам тээврийн осол гаргасны улмаас Б.Нямтайваны өмчлөлийн УАЗ пургон маркын автомашинд хохирол учруулсан байгаа. Автомашинаа засварчнаар засварлуулсны хөлс 1.500.000 төгрөг төлсөн. Бүх мөнгөнд засварын хөлс болон засварын материалын үнэ орж байгаа. Осол гарсны улмаас журмын хашаанд автомашиныг 7 хоног тавьсан. Түүний хөлсөнд 35.000 төгрөгийг Б.Нямтайван тушаасан. Тэр талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Засварын хөлс 1.500.000 төгрөгийг 3 удаа 500.000 төгрөгөөр 5890318589 тоот дансанд шилжүүлсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх, адил тоо, чанарын эд хөрөнгө өгөх, уг эд хөрөнгийг засварлах зэргээр учирсан хохирлыг мөнгөөр илэрхийлэн төлүүлнэ гэсэн байгаа. Энэ зохицуулалтуудаас харахад хариуцагч уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой Оюунбаатар миний бие иргэн Б.Нямтайваны Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 1.535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь тухайн үед зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаанаас болсон боловч бодит хохирлоос илүү хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Тэр үед 2017 оны 02 дугаар сарын 14-нд үнэлгээний компани болох Итгэлт Эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгоход үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн нь 407.500 төгрөг гарсан. Иймээс иргэн Г.Оюунбаатар би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Г.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөрөнгийн үнэлгээ хийлгэж уг үнэлгээгээр 400 гаруй мянган төгрөгийн хохирол гарсныг төлнө гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй шүүхээр явна гэсэн. Би тухайн автомашинд учирсан бодит хохирлыг төлөхөөс биш тэр автомашиныг бүтэн будсан зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна. Би Б.Нямтайванд таны автомашиныг урд нь ямар байсан тэр хэвээр нь засаж өгье гэхэд Мөнх-Очир гэдэг хүнээр бүтэн будаг хийлгэж засуулсан байсан. Би өөр засварчинд үзүүлэхэд засварын ажлын хөлс 200.000 төгрөг болохоор байна гэж байсан. Эд ангийн үнийг нь бол мэдэхгүй. Тийм учраас засварын ажлын хөлсөнд 200.000 төгрөг, эвдэрсэн эд ангийн хохиролд 407.500 төгрөг, журмын хашааны төлбөр 35.000 төгрөг, нийт 642.500 төгрөгийг Б.Нямтайванд төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямтайван нь хариуцагч Г.Оюунбаатарт холбогдуулан гэм хорын хохирол 1.535.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь зам тээврийн осол болсон эсэх талаар болон эвдэрсэн эд ангийн талаар маргаагүй ба харин машинаа бүтэн будганд оруулсан зэргээс засварын ажлын хөлс хэт өндөр байгааг зөвшөөрөхгүй, журмын хашааны төлбөрт 35.000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 200.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон эвдэрсэн эд ангийн үнэ 407.500 төгрөг, нийт 642.500 төгрөгийг төлнө гэж маргаж байна.
Зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгч Б.Нямтайваны унаж явсан 79-20 ХӨА улсын дугаартай УАЗ пургон маркын автомашинд гэмтэл учирсны улмаас түүнд хохирол учирсан болох нь нэхэмжлэгч Б.Нямтайваны ....2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хороонд өөрийн 79-20 ХӨА улсын дугаартай УАЗ пургон маркын машинтай явж байх үед Г.Оюунбаатар нь Ланд 80 маркийн машинаар ирж мөргөн зам тээврийн осол гаргаснаас эд хөрөнгөөрөө хохироод байна.... гэх тайлбар, мэдүүлэг,
Хариуцагч Г.Оюунбаатарын ....Зам тээврийн осолд би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа..... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, Итгэлт Эстимэйт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №73050 дугаартай Автомашин, техникийн үнэлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Нямтайван нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Г.Оюунбаатараас шаардах эрхтэй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч нь машинаа засварлуулахад засварчинд 3 удаа 500.000 төгрөгөөр 5890318589, 5890659507 тоот дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, нотлох баримтаар Бямбасүрэн овогтой Нямтайван, хамтран эзэмшигч Сарангэрэл овогтой Мөнхсайхан нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байх боловч уг баримтаар дээрх 1.500.000 төгрөгийг засварчинд шилжүүлсэн эсэх, дээрх дансуудыг эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч нь журмын хашааны төлбөрт 35.000 төгрөг нэхэмжилж хавтаст хэрэгт нотлох баримтаар бэлэн мөнгөнийн зарлагын баримт гэх баримт ирүүлснийг үнэлж мөн хариуцагч Г.Оюунбаатар нь журмын хашааны төлбөрт 35.000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 200.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон эвдэрсэн эд ангийн үнэ 407.500 төгрөг, нийт 642.500 төгрөгийг төлнө тайлбарыг үндэслэн хариуцагч Г.Оюунбаатараас 642.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 892.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Оюунбаатараас 642.500 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 19.925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Оюунбаатараас 642.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нямтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунбаатараас 19.925 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 3.990 гаргуулж тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Г.ДАВААХҮҮ