Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/206

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Э.Н-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхбаярын Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005028910055 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод түр оршин суух, Боржигон овогт Энхбаярын Н-.

 

Шүүгдэгч Э.Н- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших аж ахуйн нэгжүүдэд борлуулсан бараа бүтээгдэхүүнийг үнийн дүнгээс борлуулалтын орлогын буцаан төлөлгүй хувьдаа ашиглаж, “....” ХХК-д нийт 38,543,780 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгончимэг мэдүүлэхдээ: “Иргэн Э.Н- манай “....” компанид 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. Бараа бүтээгдэхүүн борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа Улиастай, Шархад чиглэлд байрлах дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийг хариуцаж худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаандаа 38,543,780 төгрөгийг хувьдаа завшсан.

Худалдааны төлөөлөгч нар тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байх эрхтэй. Тэгээд Н-гийн үлдэгдэл хэт их ихэссэн учир манай авлагын мэргэжилтэн, шалгаж үзэхэд хувьдаа авч завшсан гэдэг нь тогтоогдсон. Ийм учраас Амгалан аудит ХХК-р Аудитын дүгнэлт гаргуулаад цагдаад хандсан. Ингэж байх хугацаанд Н- нь 6,739,000 төгрөгийг тушаасан. Н- нь өөрийнхөө данснаас буюу харилцагч нараас гэдэг нэрийдлээр тушаасан. Мөн Н- манай компанид ажиллаад ажлаас гарахдаа, сар болгон эрсдэлийн сан гэж мөнгө хураадаг. Н- дээр ажиллаж байх хугацааны эрсдэлийн сан Н- дээр 747,774 төгрөг, сүүлийн сарын цалингаа аваагүй энэ нь 695,857 төгрөг нийлээд 1,443,232 төгрөг байгаа. Үүнийг хасаагүй Э.Н- тойрохоо зурсны дараа олгодог. Үүнийг Н- хасаж тооцоод байх шиг байна. Мөн харилцагч 4 дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний авлагатай. “Ес жи” хүнсний дэлгүүрт 258,300 төгрөг, “Шижир алт” хүнсний дэлгүүрт 99.200 төгрөг, “Цоргын ундраг ХХК” 143,000 төгрөг, “Хамаг Монгол” ХХК-д 300,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан мөнгөө аваагүй байгаа. Үүний дагуу авлагын мэргэжилтэн шалгаад компани дээрээ авсан. Өнөөдөр компанийн данс руу мөнгө орсон эсэхийг шалгахаар утсаар асуухад 10,000,000 төгрөг орсон байна гэсэн. Өчигдөр орой шилжүүлсэн тул хурал дээр баримт авчирч амжаагүй. Эрсдлийн сан, цалинг хасаагүй байгаа. Мөн 4 дэлгүүрийн 800,500 төгрөг хасаж байгаа. Одоо үлдэгдэл 19,607,536 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Э.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Э.Н-г худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилсон Грийн импек ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/007 дугаартай захирлын тушаал. /хэргийн 11 дүгээр хуудас/,

 

          Э.Н-тай байгуулсан .... ХХК-ний №12-HRD-XG-01 дугаартай хөдөлмөрийн гэрээ. /хэргийн 12-15 дугаар хуудас/,

 

          .... ХХК, худалдааны төлөөлөгч Э.Н- нарын бараа материалын үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор  хийсэн “Амгалан Ахуй Аудит” ХХК-ний Аудитын нягтлах ажлын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “... 38,534,780.00 /гучин найман сая таван зуун дөчин гурван мянга долоон зуун ная/ төгрөгийг байгууллагад тушаагаагүй байгаа нь холбогдох баримтаар нотлогдож байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/,

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгончимэгийн “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл .... ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Энхбаяр овогтой Н- нь ажиллаж байх хугацаандаа Слава, Сакура, Мака будаа, трепел чихэр, набор, корона ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг Шар хаднаас Улиастай чиглэл рүү борлуулалт хийдэг байсан.

          2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоогоо тухай бүрт нь хийдэг байсан. Манай компани нь худалдааны төлөөлөгч нарт борлуулалтын орлогоос тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байж болдог байсан. Сар болгон тэглэдэггүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс манай компани авлагын албанаас Э.Н-гийн үлдэгдэл ихсээд ирэхээр нь компанийн авлагын албанаас шалгахад нийт 2020 оны 02 дугаас сарын 01-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 38,543,780 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

          Ингээд Э.Н-гаас яагаад ийм их мөнгөний үлдэгдэлтэй байгаа юм бэ гэж асууж тодруулахад би компанийн 30,000,000 төгрөгийг хувьдаа авсан нь үнэн уг мөнгийг өөрийн хуурай ахдаа зээлдүүлсэн 7 хоногийн дотор уг мөнгийг компанид оруулж ирнэ гэж хэлсэн. Үлдэгдэл 8,543,780 төгрөг нь харилцагч дэлгүүрүүдээс аваагүй байгаа гэж хэлсэн. Уг мөнгийг өөрөө оруулж ирнэ гэж хэлээд 6,523,820 төгрөгийг компанид тушаасан байна. Одоо Э.Н-гаас 32,019,960 төгрөгийг нэхэмжилж байна. Э.Н- нь өр төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 27-28 дугаар хуудас/,

          “... Н- нь хэлэхдээ би бараа бүтээгдэхүүнээ борлуулаад 31,804,000 гаруй төгрөгийг өөрөө авсан. Тэгээд энэ мөнгөө хүнд хүүтэй зээлүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд тухайн үедээ өөр харилцагч байгууллага болон Н- өөрийнхөө дансаар шилжүүлсэн гээд нийтдээ манай компанид 6,523,820 төгрөг орж ирж байсан. Ингээд тухайн үедээ Н-тай өр авлага тооцооны тал дээр хэлж ярьж тооцоо нийлж байсан.

          ... Манай компани яг одоогийн байдлаар бол Н-гаас 31,804,000 төгрөгийн авлагатай. Н- манай компаниас авах авлага гэвэл Эрсдлийн сангаас 747,374 төгрөг, үлдэгдэл цалин 695,857 төгрөг, нийтдээ 1,443,232 төгрөг манай компани Н-д өгөх ёстой” гэсэн мэдүүлэг, /хэргийн 29 дүгээр хуудас/,

          “... Н- манай компанид хүсэлт гаргасны дагуу өр авлагаас суутгах боломжтой. Одоогийн байдлаар манай компанид хүсэлт гаргасан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Мөнхтуяагийн “ ... Би .... компанид авлагын нягтлангаар ажилладаг. Н- нь манай компанид 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.

          Ажиллах байх хугацаандаа буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрүүдэд 38,543,780 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэгээд тухайн үедээ манай харилцагч байгууллагуудаас болон Н-гийн өөрийнх нь тушаасан мөнгө нийлээд 6,683,000 төгрөг орж ирсэн. Тэгээд Н-гийн манай компанид өгөх ёстой нийт үлдэгдэл мөнгө нь 31,804,780 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байгаа.

          ... Н- нь 4 газраас авлагатай байгаа гэж надад хэлсэн. 9-Жи гэх нэртэй дэлгүүрээс 258,300 төгрөг, Шижир Алт дэлгүүрээс 99,200 төгрөг, Цоргын ундарга 143,000 төгрөг, Хамаг Монгол 300,000 төгрөгийн тус тус авлагатай байгаа гэж ярьж байсан. Энэ 4 дэлгүүрээс мөнгө нь манай компани руу ороод ирвэл Н-гийн үндсэн өглөг болох 31,804,780 төгрөгөөс хасаад тооцож болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

             Э.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5022854600 дансны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох дансны хуулга. /хэргийн 57-76 хуудас/

            Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ. /хэргийн 50 дугаар хуудас/,

            Э.Н-гийн яллагдагчаар өгсөн “... Би .... ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр компанидаа өр авлага үүсгэн, хохирол учруулан ажлаасаа халагдсан. .... компани нь худалдааны төлөөлөгчөөр ороход заавал барьцаа хөрөнгөтэй байхыг шаардаж байсан ба үүний дагуу өөрийн төрсөн аав Д.Энхбаярын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжны 4-17 тоот 0,05 га газар болон 48мк.в нэг давхар байшинг .... компани байшинг 3,000,000 төгрөг, газрыг 3,000,000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ хийж байсан.

            Ажилд ороход .... компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу худалдааны төлөөлөгч компаниас хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг зээлээр олгосон тохиолдолд өөрөө мөнгөө авч компанид тушаана гэж заасан байдаг. Үүний дагуу өндөр дүнтэй бараа бүтээгдэхүүн борлуулахдаа зээлээр олгож дараагийн түгээлт хийхдээ өөрөө очиж авдаг эсвэл миний данс руу хийдэг байснаас үүдэн уг мөнгөнүүдийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигласан.

Ингэж явсаар байгаад 38,543,780 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 522854600 дугаарын данс болон бэлнээр янз янзаар авсан байсан. Би өөрийнхөө ашигласан мөнгөнөөс бага багаар төлж явсаар байгаад одоо үлдэгдэл 31,804,780 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

            ... Би .... компанид харилцагч байгууллагуудаас авах авлагын талаар ярьж хэлж тооцоо нийлсэн.

            ... Би аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Үнэн зөвөөр нь гаргасан байна лээ. Ямар нэгэн маргаан байхгүй. Дахин дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй.

            ... Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бол миний 100 хувийн буруу. Би заавал хохирлыг нь барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар “....” ХХК болон шүүгдэгч Э.Н- нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд шүүгдэгч нь тус компанид 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгч албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

Улмаар ажиллах хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших аж ахуйн нэгжүүдэд борлуулсан бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж, “....” ХХК-ний борлуулалтын орлого болох 37,743,280 төгрөгийг хувьдаа ашигласан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Н- нь .... ХХК-ний бараа бүтээгдэхүүний орлогыг захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн атлаа 37,743,280 төгрөгийг хувьдаа ашигласан нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон бөгөөдХөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Н- нь .... ХХК-ний өмчлөлийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа түгээсэн барааны үнийг хувьдаа шилжүүлэн авч өөртөө ашигласан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Н-г нь прокуророос 38,543,780 төгрөгийг завшсан гэж дүгнэсэн боловч Э.Н- нь “9-Жи гэх нэртэй дэлгүүрээс 258,300 төгрөг, Шижир Алт дэлгүүрээс 99,200 төгрөг, Цоргын ундарга 143,000 төгрөг, Хамаг Монгол 300,000 төгрөгийн тус тус авлагатай байгаа” гэх бөгөөд энэ талаар .... ХХК-ний нягтлан бодогч ажилтай, гэрч Д.Мөнхтуяагийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг 800,500 төгрөгийг шүүгдэгч Э.Н- нь завшаагүй байна гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасч нийт хохирлыг 37,743,280 төгрөгөөр тогтоов.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас .... ХХК-д 37,743,280 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч 6,739,000 төгрөг төлсөн, шүүх хуралдааны өмнө 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд уг мөнгө компанийн дансанд орсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгончимэг мэдүүлж хүлээн зөвшөөрсөн, компанийн эрсдлийн санд цугларсан Э.Н-д холбогдох 1,443,232 төгрөгийг шүүгдэгч, хохирогч нар хохиролд тооцож авах талаар харилцан зөвшөөрсөн тул нийт төлөх төлбөрөөс хасч, үлдэх 19,561,048 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Э.Н-гийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаярын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н- нь торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Н-гаас 19,561,048 /арван есөн сая таван зуун жаран нэгэн мянга дөчин найман / төгрөг гаргуулж “....” ХХК-нд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ