Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч М.М-,

хохирогч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол овогт Мөнхцэцэгийн М-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005000001471 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй ... төвийн ... задаргаанд туслах засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон, Монгол овогт Мөнхцэцэгийн М-.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан палас” зочид буудлын гадна Ц.Б-ыг шилний хагархайгаар цохиж түүний биед хүзүү, баруун хацарт шарх, баруун чамархай, цээж, зүүн бугалга, шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   М.М- мэдүүлэхдээ: “Тухайн үед би дан ганцаараа зодолдоогүй камерын бичлэг дээр энэ залуу бид хоёрын зодолдож байгаа харагддаг. Би сүүлд гарч ирээд эд нарын найзтай хамт явж байгаад зодолдсон. Надтай хамт явж байсан залуучуудыг торгосон. Хохирогч талын найзуудыг торгоогүй явуулсан. Бид 2 зодолдсон нь үнэн. Би эдний найз нартай нь ганцаараа зодолдоогүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэгт хэлснээр байгаа. Харилцан зодолдсон гэдэг нь. Би өмнө нь бас нэг шүүх хурал болсон тэрнээс хойш энэ залуу надтай байнга холбоотой байсан. Адилхан залуу хүн тул гомдол саналгүй гэдгээ хэлж байна. Бид хоёр эхэлж харилцан зодолдож байгаад модны ард талд намайг дуудаад очиход би шилээр цохиулаад ухаан алдаад унасан. Тэгээд түргэний машин ирээд намайг өгөөд явуулсан байна лээ. Энэ залуугийн хэлдгээр цуг явсан 2,3 залуучууд зодоонд оролцсон бол цуг үзүүлбэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Надад эмчилгээнд 1,000,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч М.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-5 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Б-ын “2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найз Аюушжав, Цогбадрах, Данзандаржаа, Үүрээ нартай Модны хоёрт байрлах Хан палас төвийн гадаа уулзаад буудлын өрөө авч ороод хөзөр тоглосон. Ингээд сууж байхдаа 1 шил архи хувааж уусан. Ингээд шөнийн 02 цаг болж байхад буудлаас гарсан. Би Аюушжавтай түрүүлээд гарсан бөгөөд Цогбадрах, Данзандаржаа, Үүрээ нар тооцоо хийхээр болоод үлдсэн. Би буудлын үүдэн дээр Аюушжавтай тамхи татаад юм яриад инээгээд зогсож байтал бүдүүн залуу хүрч ирээд чи хаанахын хулгайч бэ гэсэн. Ингээд маргалдаад зогсож байтал миний энгэрээс заамдаад авсан. Би тэр залуутай харилцан цохилцсон. Би тэр залууг 2-3 удаа цохисон. Энэ үед бид хоёрыг манай найзууд гарч ирээд салгасан. Бид хоёр салаад хоёр талд бие биенээсээ зайтай зогсож байтал нөгөө залуу караокены үүдэнд байсан модны доор зогсож байгаад намайг хэл амаар доромжилж хулгайчаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр залуу руу яваад очтол миний хүзүү рүү цохисон. Дахиад баруун хацарт цохисон. Ингээд хажууд байсан хүмүүс салгаад холдсон. Нэг мэдэхэд хүзүүнээс цус гарч байсан. Ингээд зам дээр очоод ухаан балартаад унасан. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Ингээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Өөр эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Эмчилгээний баримтууд гэхээр зүйл байгаа байх. Одоо баримтаа яаснаа мэдэхгүй байна. Баримтуудаа шүүх дээр гаргаж өгөх болно. Би хацар болон хүзүүн дээрх сорвио арилгуулмаар байна. Үүнийг арилгуулахад 2.000.000 төгрөг байдаг гэсэн. Яг 2.000.000 төгрөг болно гэсэн баримт байхгүй. М- миний эмчилгээний зардал болгож 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнийг өгсөн тохиолдолд ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Аюушжавын “...Буудлаас гараад үүдэнд тамхи татаад зогсож байсан чинь үл таних тарган шивээстэй залуу бид нар дээр ирээд Б-ыг өдөж үл ойлголцол үүсээд үгийн зөрүүгүй хоорондоо зодолдоод эхэлсэн. Бид нар тэр хоёрыг болиулах хооронд үл таних тарган залуу манай найз Б-ыг гүрээ хэсэгт иртэй зүйл зоосон. Тэгээд маш их цус гарах үед тарган залуу манай найзаас салсан. Тарган залуу манай найзыг зүссэн зүйлээ халаасандаа хийсэн. Цагдаа ирэх мөчид газар хаясан. Хаясан зүйлийг нь би очиж харах үед пивоны шилний хүзүү хэсэг нь байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

“...нэг залуу хүрч ирээд өөрийгөө Данхар Батаа чи хэн гэж хулгайч бэ гэсэн. Би тэр залууд хандан болио хөгшөөн, чи хэрүүл уруул хийгээд яа бэ больчих гэсэн. Тэгтэл Б-ыг өдөөн хатгаад чи хэн бэ, хоёулаа алалцах уу, түрүүнээс хойш сонсоод байлаа, ямар том том ярьдаг юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Ингээд Данхар өөрийнхөө цамцыг тайлсан. Б- бас өөрөө өмсөж явсан фудволкаа тайлаад шатнаас доош буугаад хашаан дотор маргалдаж эхэлсэн. Данхар Батаатай явсан найзууд нь бас болио гээд байсан.

...Тэгтэл Данхар Батаа гэж өөрийгөө хэлээд байсан бүдүүн шивээстэй залуу газраас пивоны шил аваад хагалсан уу, эсхүл шилний хагархай хүзүү авсан уу Б-ын хүзүүний зүүн талд нь зоосон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Цогбадрахын “...Ингээд Аюушжав 103 дуудаад Б-ыг салгаад аваад явтал зам дээр очоод өвдөг дээрээ сөхрөөд унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч А.Энх-Амгалангийн “...Ингээд би гадагшаа гартал данхар Батаа дээд талын хувцсаа тайлчихсан зогсож байсан. Тэгээд би данхар Батаа дээр очоод юу болсон талаар асуутал энэ залуу намайг тамхи байна уу гэж асуугаад зодчихлоо гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/

 

Гэрч Н.Найдангийн “...шөнийн 02 цагийн үед М- гарсан. Тэгээд гадаа гартал М- нэг бүдүүн залуугийн хүзүүнд нь шилээр шаачихлаа гээд зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч М.Улам-Өрнөхийн “...М- хашаан дотор байх модны доор очоод зогсож байгаад нөгөө бүдүүн залууг дуудаж маргаан дахин эхлүүлээд зодолдож эхэлсэн. Ингээд газраас шилний хагархай аваад хэд хэдэн удаа цохисон. Тэр үед нь салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Д.Данзандаржаагийн “...Тэр үед данхар Батаа байна гэж өөрийгөө хэлээд байсан бүдүүн залуу газраас шил барьж аваад Б-ын зүүн талын хүзүү хэсэгт цохисон. Тэгээд хартал Б-ын хүзүүнээс цус гарч байсан. Тэр үед Цогбадрах буудлаас гарч ирээд бид нарыг явъя гээд дагуулаад хашаанаас гараад замаар гарах үед Б- сөхрөөд газар уначихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дэлгэцний зүүн гар талд байгаа эрэгтэй /Б-/ баруун талд байгаа эрэгтэй рүү /М-/ очиж нүүр хэсэгт нь 4 удаа цохиод авах үед нөгөө эрэгтэй нь нүүр хэсэгт нь эргүүлээд цохиж авав. Ингээд барилцаж аваад ноцолдох үед 02:02:29 цагт М- газар унав. Б- дээрээс нь очоод цохиж авав. Энэ үед хажууд нь байсан хүмүүс салгахад М- босч ирэх бөгөөд Б- араас нь хөөж өшиглөөд газар унагаав. М- босч ирээд Б-ын нүүр хэсэгт цохиж авав. 02:03:15 цагт М- сараалжин хашаан наана байрлах модны доор очоод зогсоход Б- өөрөө явж очив. Ингээд барилцаж авах бөгөөд наана нь байрласан машины цаагуур ороод харагдахгүй болов. ...02:04:41 цагт Б- зүүн гараараа хүзүүнийхээ зүүн талыг дараад арчиж байх бөгөөд машин зам дээр гараад зогсов. 02:04:54 цагт Б- хүзүүгээ дараад газар өвдөглөөд суув. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... Хэрэг бүртгэлтийн 2005000001471 дугаартай хэрэгт сидиг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 43 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... Хэрэг бүртгэлтийн 2005000001471 дугаартай хэрэгт пивоны шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4949 дугаартай:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн пивоны хагархай шилэн дээр цус илэрч байна.

2. Илэрсэн цус нь хүний цус байна.

3. Илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 51-52 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10327 дугаартай:

“1. Ц.Б-ын биед хүзүү, баруун хацарт шарх, баруун чамархай, цээж, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 55-56 дугаар хуудас/

 

М.М-ын яллагдагчаар өгсөн “... Тэр хоёр залуу чанга, чанга юм яриад байсан бөгөөд том том юм яриад таахалзаад байхаар нь чимээгүй болчихооч данхар Батаа байна, намайг мэдэх үү, чи хэн бэ гээд бүдүүн залуутай маргалдаад зодолдохоор болсон. Ингээд бид хоёр шатнаас буугаад гаднахаа тайлаад цээж нүцгэлээд бие биенээ хэл амаар доромжлоод зогсож байтал намайг цохиод авахаар нь харилцан зодолдсон. Намайг тэр залуу олон удаа цохисон. Би ч тэр залууг цохисон. Ингээд бид нарыг тэнд байсан залуучууд салгаад холдуулсан бөгөөд би уг хашааны баруун урд талын буланд байх модны хажууд очоод алнаа гээд орилсон. Тэгтэл өөдөөс Б- хүрээд ирэхээр нь мод машин хоёрын завсар газар байсан пивоны шилний хагархай хүзүүг гартаа бариад тэр залуугийн зүүн талын хүзүү, нүүр хэсэгт цохисон. Тэгээд би цаашаа яваад өгсөн. Энэ үед надтай зодолдсон бүдүүн залуугийн найзууд нь ирээд хашаанаас аваад гарсан. Тэгтэл тэр залуу сөхрөөд зам дээр унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан палас” зочид буудлын гадна Ц.Б-ыг “чанга ярилаа” гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдох явцдаа пивоны шилний хагархайгаар цохиж түүний биед хүзүү, баруун хацарт шарх, баруун чамархай, цээж, зүүн бугалга, шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Ц.Б-, гэрч Б.Аюушжав, Ц.Цогбадрах, А.Энх-Амгалан, Н.Найдан, М.Улам-Өрнөх, Д.Данзандаржаа нарын мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.М- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийг пивоны шилний хагархайгаар цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийг нэмж нэгтгэн түүний эдлэх 1 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч М.М-ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх эдлээгүй үлдсэн хорих ялыг Эрүүгийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.М- нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх тул улсын яллагчийн санал нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, пивоны шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хугацаа болмогц устгаж, шүүгдэгч М.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Мөнхцэцэгийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан М.М-ад энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх 1 жил 11 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.М-ын эдлэх 1 жил 11 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар М.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, пивоны шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хугацаа болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ