Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 33-10 тоотод оршин суух, Намжаа овогт Дэмбэрэлийн Навчаа /РД67042104/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00573/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Навчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Навчаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Навчаа нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилчин, нормчноор ажиллаж байсан. Миний ажиллаж байсан хугацааны баримт хөдөлмөрийн дэвтэр үргэдсэн, архив нь шатсан зэргээс улсад ажилласан жил тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Навчаа нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, нормчноор малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Навчаа нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, нормчноор ажиллаж байсан болох нь гэрч Д.Батчулууны ...Д.Навчаа нь миний төрсөн дүү юм. Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажилладаг байсан, Д.Навчаа нь 1983 оны 04 сараас 1984 оны 07 сарыг хүртэл тус Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилчнаар ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг, гэрч П.Батжаргалын ...Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилладаг байсан. Д.Навчаа нь тус Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1984 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг, Д.Навчаагийн ажиллаж байх хугацаандаа буюу 1984 оны 03 сарын 08-ны өдөр шагнагдаж байсан Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Намжаа овогт Дэмбэрэлийн Навчаагийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Алдар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН