Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Э.Г-,

хохирогч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Дамба овогт Энхбаярын Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105003430208 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, Дундговь аймаг Сайхан-Овоо сум 2 дугаар баг Мааньт, Хадан хошуу ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5 эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ...  дүгээр хороо ... тоотод түр оршин суух, Дамба овогт Энхбаярын Г-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Г- нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун дэнж хотхоны гадна хохирогч Г.М-, насанд хүрээгүй хохирогч Б.Э- нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Г.М-ын нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн завьжны няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд зовхи, гадна булан, баруун санчигны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Э.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Г.М- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр дүү Э-ий хамт найз охин дээрээ очоод байрны гадаа нь хүлээж байтал найз охин болох Номин гарч ирээд машин суухад Г- ярилцъя гэж гараад өөдгүй залуу вэ гэж цохиж, ноцолдож байтал манай дүү Э- дундуур орж салгахад манай дүүг бас цохисон байсан. Тэгээд дүү Э-ий хамт Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явж байгаад машины түлхүүрээ тэнд үлдээсэн байсан учир буцаж очиход Г-, Номин хоёр тэнд байсан. Тэгээд салцгаасан надад одоо гомдол санал байхгүй байна” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Э.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.М-ын “... 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрээсээ гараад дүү Э-ий хамт найз охин Номинг авах гээд хорооллын Намуун дэнж хотхоны гадаа очоод машиндаа хүлээгээд сууж байтал манай найз охины ах нь гэх Г- гэж хүн над дээр ирээд гараад хэдэн үг сольё гэсэн. Тэгээд би буугаад Г-тэй уулзтал намайг чи яасан өөдгүй залуу вэ гээд миний хамар луу гараараа цохиод надтай зууралдтал дүү Э- машинаас бууж ирээд тэр залуу бид хоёрыг салгасан. Тэгтэл тэр Г- Э-ий нүүр лүү нь 1 удаа цохисон. Тэгэхэд нь Э- Г-гийн цээж рүү нь өшиглөж өөрөөсөө холдуулсан. Тэгээд тэнд байсан хүмүүс Г-г барьсан. Тэгээд Э- бид хоёр машиндаа суугаад явсан. Дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Г- миний хамар луу гараараа 1 удаа цохиж учруулсан. Э-, Номин нар харсан. 300,000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний баримт байгаа. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авмаар байна. ... ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16-17 дугаар хуудас/,

“...Эмчилгээ хийлгэсэн 340,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,

 

Б.Э-ий нас тоолсон “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр /арван таван нас дөрвөн сар хоёр хоногтой/ гэсэн тэмдэглэл. /хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий “... Тухайн өдөр авга ах М-ын хамт 19 цаг өнгөрч байхад найз охинтой нь уулзахаар хорооллын Намуун дэнж хотхоны гадаа очоод ахын машин дотор сууж байтал нэг эрэгтэй хүн машин дээр хүрч ирээд М- ахыг уулзъя гэсэн. Тэгээд М- ах машинаас буусан. Би М- ахыг машинаас буусны дараа араас нь буутал М- ахтай уулзаж байсан эрэгтэй М- ахын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд М- ахыг зуураад авахаар нь би очоод салгасан. Тэр хоёрыг салгачихаад эргээд хартал М- ахыг цохисон эрэгтэй хүн миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Дахиад цохих гэхээр нь би тэр хүний өөдөөс хөлөөрөө жийсэн. Тэгтэл М- ах явъя гэхээр нь би машинд суугаад бид хоёр явсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. М- ахтай уулзаж байсан Энхбаяр овогтой Г- гэж хүн миний биед гэмтэл учруулсан.

... Би огт маргалдаагүй. М- ах тэр хоёрыг салгасан. ... 500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээний баримт байгаа. Гомдол гээд байх зүйл байхгүй. Эмчилгээний зардлыг төлж барагдуулбал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-28 дугаар хуудас/,

            “... 670,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний баримт байгаа. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Номингийн “ ...  Тухайн өдөр Намуун дэнж хотхонд байдаг Г- ахын студид Г- ахтай уулзчихаад гараад иртэл хуучин үерхэж байсан залуу М- дүү Э-тэйгээ хамт гадаа машинтай ирсэн байсан. Тэгтэл Г- М-тай уулзая юм ярья гээд М-тай уулзаж зогсож байгаад М-ыг нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан. Намайг салгаж байх үеэр Э- бас салгасан. Тэгээд М-, Э- хоёр түрүүлээд яваад өгсөн. Ийм асуудал болсон. Би Г- ахыг Э-ийг цохихыг хараагүй. Хэрүүл маргаан болоод дууссаны дараа М-, Э- хоёр буцаж ирээд надтай уулзсан. Тэгэхэд Э- надад Г-д цохиулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1229 дугаартай:

“1. Б.Э-ий биед тархины доргилт, баруун нүдний дээд зовхи, гадна булан, баруун санчигны зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1228 дугаартай:

 “1. Г.М-ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн завьжны няцарсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

Э.Г-гийн яллагдагчаар өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун дэнж хотхон дотор байрлах дуу бичлэгийн студид байж байгаад 19 цагийн үед хуурай дүү Номингийн хамт гадаа гарсан. Тэр үед Номинтой уулзахаар М- гээд залуу машинтай ирчихсэн нэг дүүтэйгээ машин дотроо сууж байхаар нь би М-ыг уулзая гээд дуудсан. Тэгээд М- хүрээд ирэхээр нь хоорондоо юм ярьж байгаад М-ын нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд М-тай барьцалдан байж байтал М-ын дүү нь ирээд миний хамар луу цохисон. Тэгээд миний хамраас бага зэрэг цус гарахаар нь яаж байгаа муу бацаан бэ гээд тэр М-ын дүүг араас нь хөөсөн. Тэгтэл студи дээр ирж байсан манай дүү нар болох Тэмүүжин, Гэрэлт-Од, Түвшинбаяр нар намайг хориод студи руу аваад орсон. Би М-ын дүүг бол цохиогүй. М- бид хоёрыг салгах гэж байгаад миний гарт санамсаргүй байдлаар өртсөн байж магадгүй. М- гэж залуу манай хуурай дүү Номинтой үерхэж байхдаа өөр охинтой давхар үерхэж байгаад баригдсан юм. Тэгээд тэр асуудлын талаар нь М-ад хэлээд чи яагаад хүүхэд зовоогоод байгаа юм бэ гэсэн чинь Номио өөрөө буруугаар ойлгоод байна гэхээр нь би цохисон юм.

... Буруу асуудалд холбогдсондоо харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Г- нь хохирогч Г.М-ыг “Х.Номинг гомдоолоо” гэх шалтгааны улмаас түүнд хүч хэрэглэн халдаж, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн завьжны няцарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулсан, улмаар уг үйлдлийг харсан насанд хүрээгүй хохирогч Б.Э- таслан зогсоож салгах явцад нүүрэн тус газар нь цохиж тархины доргилт, баруун нүдний дээд зовхи, гадна булан, баруун санчигны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Г.М-, насанд хүрээгүй хохирогч Б.Э-, гэрч Х.Номин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд болон мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Г- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогч нарын нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч нарын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.М- болон насанд хүрээгүй гэрч Б.Э-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 133,840 төгрөгийг Г.М-ад, 582,550 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжавхланд нарт шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, мөн шүүгдэгч Э.Г-гийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамба овогт Энхбаярын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Г-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Г-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Г-гээс 133,840 төгрөг гаргуулж Чандмань овогт Гэзэгтийн М-д, 582,550 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алаг адуун овогт Галбадрахын Э-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ