| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00491/и |
| Дугаар | 00574 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух Хар дархад овогт Мажаагийн Жаргал /РВ63101501/-ын хүсэлттэй
Хамтын амьдаралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 155/2017/00491/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч М.Жаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Жаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач нөхөр Пүрэвийн Ганбаатартай 1993 онд гэр бүл болсон. Бид 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамт амьдарсан. Бидний дундаас 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр охин Энхтуул төрсөн юм. Би өмнө нь өөр хүнтэй сууж байсан. Өмнөх нөхөр бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Дараа нь би Ганбаатартай 1993 оноос хойш хамт амьдарч ирсэн юм. Гэтэл П.Ганбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өвчний учир нас барсан. Ингээд би бидний дундаас төрсөн охин болох Энхтуулд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл бид гэр бүлийн батлах байхгүйгээс охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд намайг манай сумын нийгмийн халамжийн байцаагч шүүхэд ханд гэж зөвлөснийх нь дагуу хандаж байна. Иймд намайг талийгаач нөхөр Пүрэвийн Ганбаатартай 1993 оноос 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
М.Жаргал нь тус шүүхэд талийгаач нөхөр П.Ганбаатартай 1993 оноос 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч М.Жаргал нь 1993 оноос талийгаач П.Ганбаатартай хамтын амьдралтай байсан болох нь Ганбаатарын Энхтуулын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Н.Үүрийнтуяа, Д.Батзориг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, П.Ганбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь №0000183805 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хар дархад овогт Мажаагийн Жаргал нь талийгаач Хар дархад овогт Пүрэвийн Ганбаатар /РВ61092911-тай 1993 оноос 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН