Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Т.И- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Төмөрбаатарын И-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105001690434 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангид механик ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Төмөрбаатарын И-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.И- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Х.Э-аас “Улаанбаатар төмөр замд ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД Андуудын Хаан банкны АТМ-ээс 2,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5376095885 дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.И- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Т.И- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Х.Э-ын “Миний бие нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр оюутан анги болох Улаанбаатар Төмөр замын сургуулийг 2012 онд эчнээгээр төгссөн ангийнхантайгаа уулзалдсан юм. Тэгэхэд би Төмөр замд ажилд ормоор байна гэж ярихад найз Төмөрбаатарын И- нь манай найз Төмөр зам хариуцсан яаманд ажилладаг, ажилд оруулж өгч болно гэж хэлэхээр нь би итгэсэн. Үүнээс хойш И- нь над руу залгаж урьдчилгаа мөнгөө шилжүүлмээр байна гэж хэд хэдэн удаа хэлсэн бөгөөд би тухайн үед ажилд орох сонирхолтой байсан учраас 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би найзаасаа 2,000,000 төгрөгийг зээлээд уг мөнгөө өөрийн Хаан банкны 5034767086 тоот данснаас И-ын Хаан банкны 5376095885 тоот данс руу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андуудын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Үүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын эхээр Төмөр замд ажлын байранд нь оруулна гэж хэлж байсан бөгөөд хугацаа нь болоход И- нь хүлээж бай гэж хэлээд одоог хүрч байна. Сүүлдээ өгсөн мөнгөө авахаар болоод мөнгөө авья гэхэд удахгүй зохицуулж өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөлгүй намайг хохироож байгаа юм.

... Надад 2,000,000 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд уг хохирлоос И- нь мөнгө төлсөн асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

Х.Э-аас 2,000,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны харилцагч Төмөрбаатарын И-ын депозит дансны хуулга /хэргийн 48 дугаар хуудас/,

 

Т.И-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 7 дугаар сарын сүүлээр манай оюутан ангийн найзууд Юу би центэрт уулзаж караокед орж сууцгаасан бөгөөд тэнд манай найз Э- нь надад хандаж би мэргэжлээрээ ажилламаар байна, ажил олдохгүй байна гэж хэлэхээр нь би Улаанбаатар Төмөр замд ажилд оруулах боломжтой, 2,000,000 төгрөг болох байх гэж хэлээд 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376095885 тоот дансанд хүлээн авсан юм. Тэгээд ажлыг нь хөөцөлдөх гэж байхдаа найз Э-ын өгсөн 2,000,000 төгрөгийг нь цахимаар покер тоглоод алдчихсан юм. Улмаар түүнийг ажилд оруулах нь худлаа болж авсан мөнгөө эргүүлэн төлж чадалгүй явсаар одоог хүрээд байгаа юм.

... Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э-ын хохирлыг нөхөн төлнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Т.И-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.И- нь Хаан банкны шилжүүлгийн 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Х.Э-д 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.

          Харин хохирогч Х.Э-, шүүгдэгч Т.И- нарын хооронд байгуулсан “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл” гэсэн баримт үйлдэж, /хэргийн 74 дүгээр хуудас/ хохирлын хэмжээг 2,800,000 төгрөгөөр тооцсон боловч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 2,000,000 төгрөг юм.

          Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос илүү тооцсон 800,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй бөгөөд хохирогч нь энэ хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.И-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.И- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.И-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.И- нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.И- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.И- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Э- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ