Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2031 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч У.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Хардал овогт Ууганбатын Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005027661599 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ..... сумын ...  дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хардал овогт Ууганбатын Х-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.А-ийн зүүн нүд, зулай хэсэг рүү нь 3 удаа цохиж, түүний биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х- мэдүүлэхдээ: “9 дүгээр сарын 07-ны өдөр манай эхнэр ээлжээс бууж ирээд найз Ижилцэцэгтэйгээ хамт гэрт ирсэн. Бид нар 2 пиво авч уугаад орой нь дахиад 2 пиво нэмж уугаад согтсоны улмаас ийм зүйл болсон. Маш их харамсаж байна” гэв.

 

Шүүгдэгч У.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.А-ийн зүүн нүд, зулай хэсэг рүү нь 3 удаа цохиж, түүний биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.А-ийн “Би нөхөр Х-той 2013 онд танилцсан бөгөөд 2017 оноос үерхэж эхэлсэн. Ингээд 2017 оны 12 сард том хүү Мөнхбат төрсөн. 2019 онд гэрлэлтээ батлуулсан. 2020 оны 03 сард Мөнх-Итгэл гэх бага хүү маань төрсөн. Бид хоёр хамтдаа амьдраад 3 жил гаран болж байна. Энэ хугацаанд манай нөхөр ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, цохиж байсан удаа байхгүй. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө ажлаасаа буугаад хамт ажилладаг Ижилчимэгтэй хамт манай гэрт очсон. Ингээд манай нөхөр дэлгүүр орж 2,5 литрийн савтай 2 ширхэг пиво авчирсан. Үүнийг нь ууцгаасан. Дуусчхаар нь 19 цаг өнгөрч байхад гарч дахиж 2 пиво авчирсан. Пивонд нөхөр маань гарсан бөгөөд орж ирэхдээ найз Тулгаатай хамт орж ирсэн. Ингээд авчирсан 2 сав пивыг нь уугаад амарцгаасан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад нөхөр маань бага хүү Мөнх-Итгэлийн хажуугаар унтаж байхаар нь сэрээгээд чи хүүхдээ дарчих байх хоёулаа байраа солиод хэвтэх үү гэсэн чинь би хүүхдээ дарчих юм шиг байна уу, чи одоо юу гээд байгаа юм гэж хэлсэн. Ингээд маргалдсан чинь миний зүүн нүд, зулай хэсэг рүү 3 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

“... Би 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирсэн юм байна лээ. Би нөхөр Х-т 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө зодуулж гэмтсэн. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө өдрийг нь андуураад хэлчихсэн байна. Одоо яг үнэн зөвөөр мэдүүлж байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Ижилчимэгийн ... 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө А- бид 2 ээлжээс буугаад А-ийн гэрт 10 цагийн үед очсон. Хоол хийж идчихээд унтсан. Бид хоёрыг гэрт нь ороод удаагүй байж байхад Х- ажилдаа яваад 12 цаг болж байхад эргээд хүрээд ирсэн юм.

Ингээд бид нар хэсэг унтаж байгаад 16 цаг өнгөрч байхад босоод пиво уухаар болоод Х- гарч дэлгүүрээс 2,5 литрийн савлагаа бүхий 2 савтай пиво авч ирээд бид гурав уусан. Ууж дуусчхаад сууж байтал Х- дахиад дэлгүүр явж 2 савтай пиво авсан бөгөөд орж ирэхдээ найз Тулгааг дагуулчихсан орж ирсэн.

Ингээд бид дөрөв авсан пиво уусан. Пиво ууж дуусгахад 22 цаг өнгөрч байсан бөгөөд би нилээд согтсон байсан. Ингээд унтаж байхад шөнийн 00 цаг өнгөрч байхад А- дуудаад Х- намайг зодчихлоо гэсэн. Би босоод Х-ыг загнасан. Тэгтэл Х- би эхнэрээ зодсон юм чинь өөрөө цагдаа дуудна гээд дуудлага өгч байсан. Удалгүй хоёр цагдаа ирээд Х-ыг саатуулсан. Шөнө намайг дуудаад сэрээхэд А-ийн зүүн нүд нь хавдаад тагларсан байсан гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10334 дугаартай:

“1. Б.А-ийн биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

У.Х-ын яллагдагчаар өгсөн “... Шөнө 00 цаг өнгөрч байхад бид амарцгаасан. Би бага хүүхдийнхээ хажууд унтаж байтал эхнэр энд унтуулахгүй хүүхэд дарчихна гээд байсан бөгөөд намайг чимхэж аваад хэрүүл өдөөд байхаар нь босч ирээд нүүр толгой хэсэгт нь 3 удаа алгадаж цохисон.

Тэгтэл А-ийн нүд нь хавдчихсан. Ингээд А- найз Ижилчимэгтэй хэлээд тэр хоёр босоод ирсэн. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад би эхнэрээ зодчихлоо гэж хэлсэн юм. Ингээд цагдаа ирээд намайг саатуулсан. Би хийсэн үйлдлээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал байхгүй. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн бөгөөд хамт амьдарч байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч У.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч Б.А-ийн “... Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хэргийн 18-19 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч У.Х- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хардал овогт Ууганбатын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Х-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Х-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Х- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, У.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ