Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2019/0011/з |
Дугаар | 10 |
Огноо | 2019-05-31 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 10
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Д.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Эт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/01 тоот Төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч У.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оноос Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн газрын дарга Н.Бгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Уг тушаалыг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тушаал нь илт хууль бус болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол зэрэг 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 12.551.877 төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5.062.565 төгрөгийг хасч тооцон үлдэх 7.489.312 төгрөгийг олгохоор даалгасны дагуу олгогдсон болно. Харин гэнэт халагдсны тэтгэлэг бол төрөөс энэ хүний буруутай үйлдлийн төлөө надад олгогдсон учраас суутгах талаар шийдвэрт тусгаагүй.
Гэтэл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба шүүхийн шийдвэрийг хянан үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй атлаа, бүр 3 шатны шүүхээр хянагдаж эцэслэн шийдэгдсэн асуудлыг дахин хянан үзэж, намайг гэм буруутай этгээд болгон акт тавьсан. Уг нь илт хууль бус тушаал гаргасан гэм буруутай этгээд нь Эрүүл мэндийн газрын дарга асан Н.Б байсаар атал /үүний буруугаас төсөвт хохирол учруулсан/ надад хариуцуулж акт тавьж байгааг огт ойлгохгүйгээр үл барам, гомдолтой байна. Улмаар энэ талаар Монгол улсын Сангийн сайдад гомдол гаргахад шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар олгосон тэтгэлгийг эргэн тооцоо хийх нь зүйтэй гэж актыг хэвээр үлдээжээ.
Тиймээс миний бие уг актыг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:
1.Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиудаар хууль бус шийдвэр гарган улсын төсөвт хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай албан тушаалтан хариуцахаар заасан байтал хууль бус тушаал гаргасан гэдэг нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэм буруутай албан тушаалтан нь бус харин хууль бус тушаалын улмаас 15 сар ажилгүй байсан миний биеийг гэм буруутай этгээд болгон акт тавьсныг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Миний бие уг хууль бус тушаалыг үйлдсэн гэм буруутай албан тушаалтан бус.
2. Уг асуудал нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэхдээ уг нэг удаагийн тэтгэлгийг миний нөхөн олговроос суутгах ёстой гэж үзээгүй. Харин ажилгүйдлийн тэтгэмжийг суутгахаар тогтоосон. Шүүхийн хянан үзсэн асуудлыг санхүүгийн хяналт, аудитын алба хянан үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байна.
Уг 1 удаагийн тэтгэлэг нь төрөөс энэ хүний буруутай үйлдлийн төлөө надад олгогдсон.
Дээр дурьдсан үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг зөрчин шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг дахин хянан үзэж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтанд тавигдаагүй Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/01 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 тоот төсвийг хохиролгүй болгож өгөх тухай хүсэлтийг үндэслэн Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Д.Мыг ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохыг ерөнхий нягтлан бодогч С.Бямбаад зөвшөөрсөн байна.
Д.Мд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 264 тоот төлбөрийн хүсэлтээр 5421624 төгрөгийн 6 сарын тэтгэмжийг олгосон байна.
Д.М нь Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргаар эгүүлэн томилогдож, улмаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 427 тоот төлбөрийн хүсэлтээр өөрийн данс болох Төрийн банкны 270000160106 тоот дансанд 14086284 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх 14086284 төгрөгийг олгохдоо ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 5421624 төгрөгийг давхардаж байсныг хасаж тооцоогүй байсан.
Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн, Дээд шүүхийн шийдвэрүүдээр бүхэлд нь хүчингүй болгосон байна. Иймд дээрх Б/11 тоот тушаалын 3 дахь хэсэгт заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохоор заасан нь хүчингүй гэж үзэж байна.
Шат шатны шүүхийн шийдвэрээр Д.М нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2018 оны 7 дугаар сар хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 15651426 төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэр гарсан. Дээрх ажилгүй байх хугацааг зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан хугацаанд тооцож нөхөн олгож байгаа тул ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэл байхгүй болсон байна.
Энэ нь ажиллаж байсанд тооцож төсвөөс цалингийн зардал гаргасан тэр хугацаанд ажлаас чөлөөлөгдсөний гэх нэг удаагийн тэтгэмжийн 5421624 төгрөгийн зардлууд давхардаж байна.
Д.М нь Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 тоот тушаалаар төсвийн шууд захирагчаар томилогдсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа цалин хөлсний нөхөн олговрын 15651426 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 1335372 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1565143 төгрөгийг тус тус суутгуулж 14086284 төгрөгийг авсан бөгөөд нэг удаагийн тэтгэмж 5421624 төгрөгийг хасаж тооцолгүй шийдвэрлэсэн нь төсвийн зохистой удирдах зарчмыг хэрэгжүүлээгүйгээс гадна Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус зөрчиж төсөвт хохирол учруулжээ. Иймд улсын ахлах байцаагчийн 31-01/01 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх тухай” 31-01/01 дугаартай актаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Д.Мыг ажлаас чөлөөлөхөд 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 5421624 төгрөг олгосныг суутган тооцоогүй, цалин тэтгэмж давхардуулан олгож, “төсвийг үр ашиггүй зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр Д.Маар ажлаас чөлөөлөхөд олгосон 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 5421624 төгрөгийг төлүүлэхийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Хүрэлбаатар, нягтлан бодогч С.Бямбаа нарт хариуцуулсан байна.
Хариуцагч актынхаа үндэслэлийг шүүхийн шийдвэрээр Д.Мд ажлаас халагдсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн тул ажлаас чөлөөлөгдсөний гэх нэг удаагийн тэтгэлэг давхардаж олгогдсон гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчээс гэнэт халагдсаны тэтгэлэг бол төрөөс ажлаас халсан буруутай үйлдлийн төлөө надад олгогдсон учраас суутгах талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Хүрэлбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Төсвийг хохиролгүй болгож өгөх тухай” 45 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээр Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн улсын ахлах байцаагч төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийсэн байх ба уг асуудлаар талууд маргаагүй байна.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны Б/11 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг буюу ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12.551.877 төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5.062.565 төгрөгийг хасаж, үлдэх 7.489.321 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр батлагдан хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Д.Мын төрийн банкны 27000016010 тоот дансанд аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 264 тоот төлбөрийн хүсэлтээр тэтгэмжийн 5.421.624 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 427 тоот төлбөрийн хүсэлтээр 14.086.284 төгрөгийг шилжүүлсэн байна. Сүүлд шилжүүлсэн 14.086.284 төгрөгийн 7.489.312 төгрөг нь ажлаасаа халагдаад шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс бөгөөд үлдэх мөнгө нь шүүхийн шийдвэр гарсаны дараа ажилдаа орох хүртэлх хугацааны цалин болох нь, мөн нэхэмжлэгч Д.М нь ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 15-наас 2017 оны 08 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд 5.062.565 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан байх ба энэ мөнгийг шүүхийн шийдвэрээр суутган тооцохыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчид даалгасны дагуу суутган дансандаа авч үлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч С.Бямбаагийн мэдүүлэг , АНЭ-ийн дарга Д.Мд олгосон тэтгэмжийн жагсаалт , Д.Мын цалингийн цэсээр тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь ажлаасаа 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр чөлөөлөгдөхдөө ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэгийн 5.421.624 төгрөгийг шилжүүлэн авсаны дараа мөн ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргасны дагуу шилжүүлэн авчээ.
Иймд нэхэмжлэгч Д.Мд цалин, тэтгэмжийг давхардуулан олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх маргаан бүхий “Төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх тухай” акт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх Д.Мыг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заажээ. Ийм захиргааны актыг ямар ч захиргааны байгууллага, шүүх, иргэн биелүүлэх үүрэггүй учраас илт хууль бус захиргааны актаар олгогдсон ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн 5.421.624 төгрөгийн тэтгэлэгийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчээс гэнэт халагдсаны тэтгэлэг бол төрөөс ажлаас халсан буруутай үйлдлийн төлөө надад олгогдсон учраас суутгах талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгааг хүлээж авах боломжгүй байна.
Мөн шүүх Д.Мын нэхэмжлэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг илт хууль бусад тооцож шийдвэрлэхдээ ажлаас чөлөөлөгдөх үедээ авсан 6 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэгийн асуудлыг хөндөөгүй нь маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актыг буруутгах үндэслэл болохгүй юм.
Харин хариуцагч нь маргаан бүхий төлбөр тогтоосон захиргааны актын тогтоох хэсгийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь заалтыг баримталсан нь учир дутагдалтай байна. Учир нь: Ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн 5.421.624 төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг Д.М гаргаагүй байхад энэ илт хууль бус захиргааны актын улмаас бусдад учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх асуудлыг зохицуулсан хуулийн заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон захиргааны актыг гаргасан албан тушаалтантай холбоотой заалт юм.
Гэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, гэж заасан эрхийн хүрээнд удирдамж баталсны дагуу хариуцагч нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; эрхтэй байх тул нэхэмжлэгчийн төсвийн хөрөнгө буцаан төлүүлэх тухай актыг хуульд нийцэхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.12, 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч У.Эт холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31-01/01 тоот “Төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ