Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 106

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Б.Жавхлантуяа Шүүгдэгч Н.Амартайван Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Амартайванд холбогдох 201614000215 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 4-39 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон овгийн Нямсүрэнгийн Амартайван /РД: ГЗ83082118/

Шүүгдэгч Н.Амартайван нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Уртын гол багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнхцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Амартайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрөх зүйлгүй, хэргийн тухайд маргахгүй. Хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Хохирогчтой эвлэрсэн. Үйлдсэн хэргээ ойлгож, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхбат ахыг авахаар нөхөр бид 2 “Сайхан-Уул” бааранд очоод асуухад мэдэхгүй гэсэн. Нөхөр маань аав руу залгаад энд байхгүй байна гэсэн чинь наана чинь ямар хүмүүс байна гэсэн чинь морь ачсан хүмүүс байна гэхэд наад хүмүүс чинь мэдэж магадгүй очоод асуучих гэсэн. Манай нөхөр Нарангэрэл очоод морь ачсан 3-4 залуутай уулзаад Мөнхбат ахыг асуугаад байх шиг байсан. Ингээд хэсэг байж байхаар нь юу болсон бэ гэхэд согтуу хүмүүстэй юугаа ярих вэ явья гээд машиндаа суугаад хөдлөөд явах гэтэл нөгөө морь ачсан хүмүүс машинаа гарцны хажуу талд тавиад өөрсдөө гарцан дээр зогсоод байхаар нь манай нөхөр дохисон  боловч холдохгүй байхаар нь манай нөхөр машинаас буугаад гармаар байна гэхэд урдаас нь нэг залуу чадахгүй гэх шиг болсон. Тэгсэн тэнд байсан нэг залуу шууд хүрч ирээд манай нөхрийг цохих шиг болсон. ...”Сайхан-Уул” баарны зүүн талд байх нарийн гудамжинд Амартайван манай нөхөр мөн бас нэг ах 3 зодолдоод байх шиг байхаар нь яваад очсон чинь нэг ах манай нөхрийг араас нь тэвэрсэн манай нөхөр Амараа хоёр хоорондоо заамдалцаад зогсож байхаар нь болиоч гэхэд нөгөө ах салгаж байна гээд татаад байсан. Харин Амараа манай нөхрийг цохиод байхаар нь болиоч гээд Амарааг түлхсэн чинь нэг эмэгтэй миний үснээс татсан бөгөөд тэр үед Амараа манай нөхөр хоёр салаад нөгөө ах манай нөхрийг татаж аваад нэлээд зайтай болоход Амараа шууд миний хамар луу цохисон гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 281 дугаартай дүгнэлтэнд: 1. М.Мөнхцэцэгийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/

-Н.Амартайваныг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 39-44 ху/

-Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай баримт /хх 65 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Амартайван нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Уртын гол багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнхцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн “...хэргийн тухайд маргахгүй. Хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэргээ ойлгож, гэмшиж байна” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн мэдүүлсэн “...Амараа манай нөхрийг цохиод байхаар нь болиоч гээд Амарааг түлхсэн чинь нэг эмэгтэй миний үснээс татсан бөгөөд тэр үед Амараа манай нөхөр хоёр салаад нөгөө ах манай нөхрийг татаж аваад нэлээд зайтай болоход Амараа шууд миний хамар луу цохисон” гэсэн /хх 8-9 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Амартайванд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, уг хэргийн хохирогч М.Мөнхцэцэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд бичгээр ирүүлсэн “Н.Амартайван нь хохирол төлбөрөө барагдуулсан тул гомдолгүй” гэсэн хүсэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Амартайванг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Амартайванд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА