Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 19

 

2018  оны 7 сарын 24 өдөр                     ДШМ/19                                              Хэрлэн сум                                   Хэрлэн сум

Шүүгдэгч  А.Н-д

холбогдох эрүүгийн хэргийн талаар

226/2018/0020

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: М.Сайнболд,

Прокурор: Я.С,

Хохирогчийн өмгөөлөгч: С.Н,

Хохирогч: Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.У,

Шүүгдэгч: А.Н нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н түүний өмгөөлөгч Э.У нарын давж заалдах гомдлоор эрүүгийн 1839001570076 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1961 онд төрсөн, 57 настай,  эмэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 8-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тавд овогт Алтангэрэлийн Нарантуяа /РД: СЮ61032063/ нь 2018  оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын засмал зам дээр 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркийн суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Ниссан тида” маркийн 30-86 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус автомашинд зорчиж явсан Т.Б  , Д.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн хяналтын прокурор А.Н -н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  5 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Тавд овогт  Н-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Н-г 9 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нарантуяагаас 98.430 төгрөг гаргуулж хохирогч Т.Б-д 2.299.739 төгрөг гаргуулж хохирогч Д.Т-т тус тус олгож хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч Т.Б бусад хохирол зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би өөрийн болгоомжгүй байдлаас бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна. Анхан шатны шүүхээс надад 9 сарын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс хуулийн дагуу үнэн зөв тогтоосон хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Шийтгэх тогтоолд хохирлын баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэснээ тодорхой бичээгүй ч гэсэн би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хохирогч нарт бүх хохирлыг төлж барагдуулна.  Хэрэгт шалгагдаж байх хугацаанд миний амьдрал маш хүнд болж өр зээл ихэссэн. Би гэртээ ам бүл 7-лаа амьдардаг бөгөөд оюутан охин, хөдөлмөрийн чадваргүй хүү, бэр, ач хүүхдүүдийн хамт амьдардаг. Өөрийн боломжийн хэрээр хохирогч нарт 7 сая төгрөг өгсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн зэрэг байдлуудыг минь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.У нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч болон миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуулийн дагуу тогтоолгохоор хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэх асуудлаар мэтгэлцэж оролцсон. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэхээс өмнө хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас хуулийн шаардлага хангасан баримтын хэмжээнд хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч нарын эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 2 сая төгрөг төлсөн. Мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр жолоочийн хариуцлагын даатгалаас хохирогч нарт 5  сая төгрөг шилжүүлж нийт 7 сая төгрөг төлсөн. Хохирогч нараас хэргийг хянан хэлэлцэхээс өмнө гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шүүх хуралдаанд нэг бүрчлэн шинжлэн судалж машины эвдрэлийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн улмаас эвдэрсэн гэх 2 ширхэг гар утасны үнэлгээг тогтоосон орон нутгийн үнэлгээний комиссын дүгнэлт зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж, хэвтэст хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан баримтуудаар тогтоогдсон 2 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтанд шүүх хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч нотлох баримтаар тооцож хохирлыг тогтоосныг тус шүүх хуралдаан дээр ч, шийтгэх тогтоолд ч үндэслэл бүхий тайлбар дүгнэлт бичээгүй нь ойлгомжгүй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг хуулийн шаардлага хангасан хэмжээнд бүрэн барагдуулсан, хуулийн шаардлага хангаагүй үнэлгээний тайлан байгаа хэдий ч даатгалаас 5 сая төгрөг хохирогч нарт гаргуулан өгсөн нь хохирол төлбөр төрөх тал дээр өөрийн боломжоор санаачлага гаргаж, хохирогч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байтал шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг хэрхэн үнэлж, хохирол төлбөрийн тооцоог гаргасан талаар шүүхээс үндэслэл бүхий тайлбар хийгээгүйгээс миний бие шүүгдэгчтэй ярилцан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5-д заасан шүүх хуралдааныг завсарлуулах нөхцөл бүрдээгүй. Бидний өмнө нь танилцаагүй мэдээгүй шинэ хохирлын баримтуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгснийг шүүх хэрхэн үнэлж шийдвэрлэснээ шүүх хуралдаан дээр болон тогтоолдоо тодорхой тайлбарлаж, дурьдаагүйгээс гадна тогтоосон хохирлыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийж барагдуулах талаар дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна. Иймд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Я.С нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч А.Н гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөрүүлэх талаар тусгайлан гаргах саналгүй болно гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-д ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзээгүй. Хохирол төлбөрийн талаар шийтгэх тогтоолд тодорхой, ойлгомжтой дурдаж өгөөгүй. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Н   түүний өмгөөлөгч Э.У   нарын давж заалдах гомдлоор хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх А.Н -г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг орхигдуулснаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгчид ял оногдуулах, эдэлбэл зохих ялын төрөл хэмжээг нь тогтоох нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал биш учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Н    нь шийтгэх тогтоол гарснаас хойш 8 /найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧ                                           Я.АЛТАННАВЧ

    Б.СҮХГОМБО