Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00669

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02231 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2514 дугаар магадлалтай, 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1376 дугаар захирамжаар Н.С- надаас 112.165.115 төгрөгийг гаргуулж ЛФ- ББСБ ХХК-д олгохоор эвлэрэн хэлэлцсэн. Би санхүүгийн хямралаас үүдэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байснаас НШШГГ- миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулна гэсэн тул өөрийн өмчөө 145.000.000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг 82.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс доогуур 57.400.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулна гэсэн. Уг үнэлгээг надад 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. НШШГГ- миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн бөгөөд бусад адил төстэй үл хөдлөх хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш зэрэг онцлог талуудыг анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээ гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Хамгийн сүүлийн судалгаагаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 150-160 сая төгрөгийн үнэ ханштай байна. Иймд миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 4-12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 57.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01376 дугаар захирамжаар Н.С-ээс 112.165.118 төгрөгийг гаргуулж ЛФ- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Н.С-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот 38 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 3/25560, 4/27424, 2018 оны 4/7150, 4/312, 4/10727, 4/11216 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагчаас шинжээч томилох хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилоход 82.000.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4/11652 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/12873 дугаар мэдэгдэл, 8/15 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод очиж эхнэр Ж.Баасанчимэгт гардуулан өгч, танилцуулан дамжуулж өгөхийг даалгасан. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, хуулийн хугацаа хэтэрсэн, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.С- манай байгууллагаас зээл авч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд өгч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад бид эвлэрэн хэлэлцэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1376 дугаар захирамжаар Н.С-ээс 112.165.115 төгрөгийг гаргуулж ЛФ- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 12 тоот байрыг үнэлүүлэх тухай саналыг гаргахдаа Н.С-д удаа дараа мэдэгдэж, татгалзах саналаа хэлэх боломжоор хангасан. Н.С- байрыг үнэлэх үнийн санал өгөх боломжийг хуульд заасан журмын дагуу олгож байсан. Н.С- санаатайгаар зайлсхийж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, гэрт нь очихоор хаалгаа нээдэггүй шинжээч нарыг оруулдаггүй, хэл амаар доромжлох зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02231 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/09407 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2514 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...НШШГГ- миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш байршлын давуу талуудыг огт анхаараагүй тусгаж үнэлээгүй хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Миний бие НШШГГ-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Сүхбаатар дүүрэг 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 өрөө орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 150-160 сая төгрөгийн үнэ ханштай байнгаа нь үнэгүй.мн болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын газруудын үнэлгээгээр тогтоогдож байна. Иймд Н.С- миний бие өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 5 хороо 4-12 тоотод байрлах 38м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 57.400.000 төгрөгөөр үнэлсэн НШШГГ-ын үнэлгээг болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолтой байх тул гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.С-, НШШГГ-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор хянаж хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Н.С- шүүхийн шийдвэрийн дагуу ЛФ- ББСБ-д  111.776.290 төгрөг төлөх төлбөртэй, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- явуулж, барьцааны орон сууцыг битүүмжлэн, хураасан, талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэсэн үндэслэлээр шинжээчээр Дамно ХХК-г томилж дүгнэлт гаргуулжээ.

Шинжээч үл хөдлөх хөрөнгийг 82.000.000  төгрөгөөр үнэлснийг, үнийн 70 хувь буюу 57.400.000 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлээр Н.С-д мэдэгдсэнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдлоо 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах” хугацааг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоо 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 18/169 тоот тогтоолоор шинжээчээр Дамно ХХК-г томилж, төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд Дамно ХХК нь маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлт гаргахдаа хөрөнгийн үнэлгээ хийх хуульд заасан журмыг баримтлаагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай 7 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлын талаар, 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих нөхцөл, үндэслэлийг тодорхойлон заажээ.

Хөрөнгийн үнэлгээг хийхдээ ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байхыг шаардана.

Дамно ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд, зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн тогтоогоогүй, зөвхөн зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ тогтоосноос гадна үнэлгээ тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгийн  байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгааг хэрхэн хийж, харьцуулсан гэх үндэслэл үнэлгээний тайланд тодорхой тусгагдаагүй байна.

Иймд үнэлгээ тогтоосон ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2514 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдуулан гаргасан Н.С-ийн гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг 82.000.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг  тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ