Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг, Зуны голд оршин суух, Хотгойд овогт Бямбын Тогмид /РМ63111501/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2017/00550/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тогмид нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бямбаагийн Тогмид нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 3 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан тул одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Б.Тогмид миний бие Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 3 дугаар сарын 1-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тогмид нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дутуугаас улсад ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул дээрх ажиллаж байсан жилүүдийг тогтоож өнгө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Тогмид нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Тогмид нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Бямба овогтой Тогмидод Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлээс 1984 оны 06 сарын 29-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан Бямба овогтой Тогмидын 1981 оноос 1992 он хүртлэх хугацааны цалингийн баримт, гэрч Ц.Нямхүү, Б.Ширбазар нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Бямбын Тогмидийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тогмидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН