Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Гөөг овогт Буядын О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105007150647 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймаг Халзан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бага насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...  дугаар гудамж ... тоотод оршин суух,

урьд Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Гөөг овогт Будын О.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Н-ийн гадуур хувцасны халааснаас нь Huawei P 40 lite загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 687,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Г.Н-ийн “... Би 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Хорооллын И март дэлгүүрт хүүхэдтэйгээ мөн найз Долгорсүрэнгийн хамт явж байгаад замын урд талд байдаг барилгын материалын дэлгүүр орох гээд гарсан юм. Тэгээд хорооллын эцсийн Оргил худалдааны төвийн урд талын явган хүний гарцан дээр гэрэл асахыг хүлээгээд зогсож байхдаа гар утасныхаа цагийг харчхаад куртикныхаа зүүн талын халаасанд хийсэн юм. Тэгээд ногоон гэрэл асаад гарцаар явж байсан чинь ард нэг залуу дагаад яваад байсан. Би эргээд харсан чинь 35-40 орчим насны залуу байх шиг байсан. Тэгээд би гарцаар гараад Дүүхээ төвийн хойд талаар барилгын материалын дэлгүүр ороод халаасанд байсан гар утсаа үзсэн чинь байхгүй байсан.

          ... Миний ард яваад байсан залуу авсан байх гэж бодож байна. Би царайг нь харвал танина. Хувцсыг нь бол санахгүй байна. Huawei P 40 lite загварын ногоон өнгөтэй, гадуураа гэртэй, дотроо 94216688, 88975858 гэсэн дугаартай гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 29-30 дугаар хуудас/,

          “... Би алдсан гар утсаа олж авсан бөгөөд дотор нь байсан файл байхгүй болсон байсан бөгөөд надад одоо гомдол гээд байх зүйл байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

          Таньж олуулах ажиллагааны “... Таны мэдүүлснээр миний ард явж байсан залууг дахиж харвал танина гэж мэдүүлсэн байх тул сэжигтэй этгээдийн зургийг заана уу гэхэд хохирогч Г.Н- нь №2 дугаартай зургийг зааж миний ард яваад байсан залуу мөн байна гэснээр ажиллагааг дуусгав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ний Huawei P 40 lite загварын гар утсыг 687,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

          Б.О-ын яллагдагчаар өгсөн “... Бичил цайны газрын урд явган хүний замын гарц дээр явж байхад миний урд явж байсан 30-40 насны орчим эмэгтэй хүний баруун халаасанд гар утас харагдахаар нь авчихсан бөгөөд тухайн үед шууд гэртээ харьсан бөгөөд гэртээ байхад хэрэг явдал болсон дараанаас хоёр хоногийн дараа Цагдаагаас залгаад намайг хүрээд ир, камерт орсон байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь нөгөө гар утсаа аваад Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр ирж ахлах дэслэгч Чинзориг гэх хүнтэй уулзаж мэдүүлэг өгөөд тухайн үед хулгай хийсэн гар утсыг хүлээлгэж өгсөн. Ингээд тэрнээс хойш нэг дуудахаар нь ирж гар утас надаас хураасан тэмдэглэл дээр гарын үсэг зурж өгсөн.

   ... Би болсон явдалд гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан ” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч Г.Н-ийн “...алдсан эд зүйлсээ олж авч гомдол санал байхгүй. ... ” гэсэн хүсэлт хавтаст хэрэгт /хэргийн 83 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Гөөг овогт Буядын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.О-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ