Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00594

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 01 дүгээр багт оршин суух Жүрмэд овогт Оюунчимэгийн Нямцэцэг /АН92050704/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн Жаргалант гэх газар оршин суух Онход овогт Төмөрбаатарын Лхагвадорж /РЮ90112818/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Нямцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Нямцэцэг миний бие Лхагвадоржтой 2013 оны 9 дүгээр сараас хамтдаа нэг гэр бүл болж амьдарч байгаад 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 1 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүү Л.Нарангэрэл маань одоо 2 настай болсон. Бид 2 жил хамтдаа амьдарсан бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хамтдаа амьдрах ямар ч боломжгүй болсон учир би арга буюу хүүгээ Лхагвадоржид үлдээгээд ээжийн гэрт амьдрах болсон. Учир нь бидний амьдралын дундуур Лхагвадоржийн ээж, эгч нар нь оролцож,байнга хэрүүл маргаан үүсгэж, намайг үг хэлээр доромжилж, хамтдаа амьдрах аргагүй намайг хүнд байдалд оруулах болсон. Мөн Лхагвадоржийн ээж, эгч нар нь намайг байнга хардаж, мөрдөн мөшгөж, зүгээр нөхөртэйгөө хамт хэвтэхээр хүртэл хамт хэвтлээ, гэр орныхоо ажлыг хийсэнгүй, төв ороод ирэхээр хүртэл гадуур дэмий тэнэж сэлгүүцлээ гэх байдлаар харааж зүхэн байнгын бусдын хараа хяналтад байлгах болсноос болж эрүүл мэнд хүртэл муудаж, зүрхний хэм байнга алдагдаж эцэстээ байнга эмчилгээ хийлгэх болсон. Энэ байдал нь манай нөхөр, түүний ээж, эгч нарын сэтгэлд таалагдахгүй намайг гэр орноос минь хөөж, хүүхдээ аваад явах гэхээр хүүхдийг минь өгөхгүй , зүрх дэлсэж бие өвдөөд эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэе гэхээр зөвшөөрөхгүй, уурлаж байнга хэрүүл маргаан үүсдэг байдал их дарамттай байсан. Улмаар миний биеийн эрүүл мэнд эрс дордсон тул би хүүгээ аавтай нь орхиод эмчилгээ хийлгэхээр явсан. Энэ цаг хугацаанаас хойш би биеэ эмчлүүлээд биеийн эрүүл мэнд сайжраад хүүгээ авахаар очсон боловч миний хүүг өгөхгүй, аавыг нь ирэхээр өгнө гэсэн байдлаар булааж авчхаад өгөөгүй. Лхагвадорж нь миний хүүг огт асран хамгаалж авч явдаггүй, архи байнга хэрэглэдэг. Хүү маань Лхагвадоржийн эгч Чулуунцэцэг гэх хүнтэй эцгээсээ хол Мөрөн сумын төвд амьдарч байна. Би хүүгээ авах гээд өгөөгүй. Би төрүүлсэн хүүгээ өөрийн асрамжид авч амьдрахыг хүсэж байгаа боловч хүүг минь надад өгөхгүй, миний болон миний хүүгийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хохироож байгаад би маш их гомдолтой байна. Лхагвадоржид хандахаар чи бид хоёр цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон, гэрлэлтээ цуцлуул, хүүгээ чамд өгөхгүй гэж байгаа боловч хүүхдийг минь асран хамгаалахгүй, хөндлөнгийн хүнээр асруулж байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй. Би хүү дээрээ очихоор хүү маань намайг хүзүүдэж тэврээд салахгүй байхаар Лхагвадоржийн эгч нь хүчээр салгаж аваад өгдөггүй.

Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Миний хүү Л. Нарангэрэлийг О.Нямцэцэг миний асрамжид үлдээж шийдвэрлэж өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Нямцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Нямцэцэг нь шүүхэд гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгохоор өргөдөл гаргасан. Хариуцагч Лхагвадорж бид нар харилцан тохиролцож эвлэрч, хүү Нарангэрэлийг надад авчирч өгсөн. Бид одоо гэр бүлээрээ тусдаа хамтдаа амьдарч байгаа тул би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлээ буцаан авч байна гэж ойлгож болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Нямцэцэг нь хариуцагч Т.Лхагвадорж холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Нямцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.Нямцэцэг нь хариуцагч Т.Лхагвадоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Нямцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН