Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаатар,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ээмэгт овогт Буян-Оршихын Г-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2008030701608 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ...... дүгээр гудамж ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ХМЗ/108 дугаартай захирамжаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 236 цагийн ажил хийлгэх ялыг 29 хоногийн хорих ялаар сольсон, Ээмэгт овогт Буян-Оршихын Г-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

1.Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 14 дүгээр гудамжны 68 тоотод оршин суух хохирогч Ц.Гантүлхүүрийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung А30 загварын гар утсыг хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18 дугаар гудамжны 68 тоотод оршин суух хохирогч А.Гансүхийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung galaxy S5 загварын гар утсыг хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18 дугаар гудамжны 44а тоотод оршин суух хохирогч П.Батбаярын байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung А7 загварын гар утсыг хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 20 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Ш.Чойжмаагийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung galaxy S8 загварын гар утсыг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баян цагааны 12 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хохирогч Б.Маналжавын байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Sony Xperia XA ultran болон LG V20 загварын 2 ширхэг гар утсыг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 21 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух хохирогч Ш.Бямбасүрэнгийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung Note 2 загварын гар утсыг хулгайлж 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн цайны газарт Т.Марал-Эрдэний Samsung A30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 7 дугаар гудамжны 41 тоотод оршин суух хохирогч Д.Баярмагнайгийн байнга зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung A8 загварын гар утсыг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 7 дугаар гудамжны 21 тоотод оршин суух А.Бүрэнбатын байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung А10 загварын 2 ширхэг гар утсыг хулгайлж 586,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо Гандангийн автобусны буудал дээр Б.Хулангоог автобуснаас буухад нь Samsung S9 загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1.Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 14 дүгээр гудамжны 68 тоотод оршин суух хохирогч Ц.Гантүлхүүрийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung А30 загварын гар утсыг хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Гантүлхүүрийн “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 14 дүгээр гудамжны 68 тоот гэртээ нөхөр Батжаргал болон хүүхдүүдийн хамт байж байсан. Тэгээд өөрийн гар утсаа ээж Цэндмаа руу залгаж ярьсан. Би өөрийн гар утсаа унтаж амрахдаа дэрнийхээ хажууд тавьсан байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн орчим өөрийн гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Samsung A30 гар утсаа 400,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 13 дугаар хуудас/,

“... Тухайн үед Монгол гэрийн хаалгаа онгорхой унтсан юм. Яагаад гэвэл тэр өдөр нь бороо ороод өрхөө бүтээгээд хаалгаа нээгээд манай нөхөр Батжаргал болон 4 хүүхдийн хамт унтаж амарцгаасан юм. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө сэртэл орны ирмэг дээр тавьсан байсан миний Samsung galaxy А30 загварын гар утас байхгүй болохоор нь нөхрөөсөө асуутал мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө 88850119 дугаар луу залгатал миний утсыг огт авахгүй байж байгаад дараа нь салгачихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манайх нохойгүй болохоор шөнө унтаж байхад юу ч сонсогдоогүй юм. Би гар утсаа 2019 оны намар ломбарднаас 380,000 төгрөгөөр авч байсан. Гадуураа хар өнгийн хүрээтэй гэртэй дотор нь Юнителийн сим карт байсан юм. Миний утасны хохирлыг барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 14 дүгээр хуудас/

 

Гэрч Е.Отгончулууны “Би хувиараа Хархорин худалдааны төвийн урд байх түцэнд утас худалдан авч, зарж борлуулдаг ажил хийдэг юм. Намайг 2020 оны 8 дугаар сарын сүүлээр ажил дээрээ байж байхад жижиг биетэй 17-18 орчим насны залуу ирээд Samsung А30 загварын гар утсыг хэдээр авах уу гэхээр нь 120,000 төгрөгөөр авна гэж хэлэхэд тэр залуу зарахаар болсон юм. Би тэр утсыг нь шалгаж авчхаад мөнгөө бэлнээр нь өгсөн. Тэр залуу надад уг гар утсаа олсон гэж надад хэлсэн. Хулгайн гар утас биш гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/,

“... Би энэ залууг өмнө нь нэг удаа харж байсан. Надад гар утас олсон гээд 1 утас зарж байсан. Тэрнээс хойш дахин хараагүй надад өөр утас зарж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 20/027 дугаартай Samsung А30 загварын гар утсыг 320,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “Би өнгөрсөн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хамаатан Дарамбазарын гэрт хоночхоод 8 дугаар сарын 25-ны шилжих шөнө үүрээр 04 цагийн орчим гэрээс нь гарсан юм. Би тухайн үедээ хулгай хийе гэж бодоод гудамжаар алхаж байгаад манай гэрийн хойно байдаг бор өнгийн төмөр хаалгатай айл байсан. Хажуу талынх нь хашаа эзэнгүй байхаар нь тэр хашаанд ороод дамжаад хашааг нь даваад орсон. Тэр хашаа нь хойд талдаа байшинтай урд талдаа цагаан өнгийн Монгол гэртэй байсан ба гэрийнх нь хаалганы үүдэнд очиход хаалга нь дэлгээстэй байсан. Би дотогшоо ороход газар хүүхдүүд, зүүн талын орон дээр эрэгтэй, баруун талын орон дээр нь эмэгтэй хүн унтаж байсан. Би тэр үед нь эмэгтэйгийнх нь хажууд сэмээрхэн очиход дэрнийхээ хажуу талд утсаа тавьчихсан байхаар нь би утсыг нь аваад хашааных нь хаалгыг онгойлгоод гараад явсан. Би утсыг нь гаргаж ирж үзэхэд гадуураа гэртэй байсан эсэхийг нь санахгүй байна, дотроо ямар сим карттай байсныг нь мэдэхгүй байна. Samsung A30 загварын шинэвтэр утас байхаар нь Хархорин зах дээр очоод танихгүй утасны ченжид 120,000 төгрөгөөр зарсан. Би тухайн үедээ мөнгөө бэлнээр авсан. Мөнгөө авчхаад Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо байдаг PC тоглоомын газар тоглож дуусгасан.

...Би PC тоглоом тоглох дуртай болохоороо тогломоор санагдаад хулгайлчихсан юм. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 35-36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18 дугаар гудамжны 68 тоотод оршин суух хохирогч А.Гансүхийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung galaxy S5 загварын гар утсыг хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Гансүхийн “ 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18 дугаар гудамжны 68 тоот гэртээ ирэхэд эхнэр Отгонжаргал хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд орой 22 цагийн орчимд гар утсаараа ээж Норжмаа руу ярьж байтал утас цэнэг дуусах гээд байхаар яриагаа таслаад өөрийн гар утсаа хажуудаа цэнэглээд унтаж амарсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим сэртэл миний Samsung S5 гар утас алга болсон байсан. Эхнэр Отгонжаргалаас гар утсаа асуухад мэдэхгүй байсан. Би унтахдаа гэрийнхээ хаалгыг онгорхой үлдээсэн байсан. Samsung S5 утсаа 200,000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 59 дүгээр хуудас/,

“... Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний гар утасны хохирлыг барагдуулчихвал надад түүнд гаргаад байх гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 60 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 20/025 дугаартай Samsung S5 загварын гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 1 дүгээр хавтас 64-65 дугаар хуудас/

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 14 дүгээр гудамжны 51 тоот гэрээсээ гараад хулгай хийж PC тоглоё гэж бодсон юм. Тэгээд Зүүн баян уулын 18 дугаар гудамжинд явж байгаад төмөр хаалгатай хашаа байсан ба дээд талдаа 51 гэсэн тоотой байсан. Уг хашааг давж ороход 2 гэртэй, 1 байшинтай айл байсан ба хойд талынх нь гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь дотогшоо сэмээрхэн ороход эрэгтэй эмэгтэй хоёр хүн хүүхдүүдтэйгээ гэрийн хойд хэсгээр унтаж байсан. Тэгээд утас хайхад гэрийн зүүн талын орон дээр утас байхаар нь аваад гарсан. Гадаа гарч ирээд харахад Samsung S5 загварын гар утас байсан. Би тухайн гар утасны сим картыг нь Хархорин зах явж байхдаа замдаа хаяад үл таних ченжид 20,000 төгрөгөөр зарсан.

... Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 76-77 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18 дугаар гудамжны 44а тоотод оршин суух хохирогч П.Батбаярын байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung А7 загварын гар утсыг хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч П.Батбаярын “ 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18 дугаар гудамжны 44а тоот гэртээ эхнэр Сайхантуяагийн хамт байж байсан. Би өөрийн гар утсаараа төрсөн дүү Батхүү рүү утсаар ярьсан. Тэгээд би унтах гээд өөрийн гар утсаа орныхоо дэрний хажууд тавиад унтаж амарсан. Тэгээд өглөө 08 цагийн орчим гар утсаа аваад цаг харах гэтэл миний Samsung А7 загварын гар утас алга болсон байсан.

Samsung А7 гар утсаа 200,000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 188 дугаар хуудас/,

“... Миний утасны хохирлыг барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцох шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 189 дүгээр хуудас/

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20/028 дугаартай Samsung А7 загварын гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 1 дүгээр хавтас 193-194 дүгээр хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “Өнгөрсөн 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шөнө Баянхошууны 60 айлд байдаг найз Мөнх-Эрдэнийн гэрт хоночхоод өглөө үүрээр хулгай хийе гэж бодоод алхаж явсан юм. Тэгээд Баянхошууны эцэст Зүүн баян уулын 18 дугаар гудамж 44А гэсэн төмөр хаалгатай айл байхаар нь хаалгаар дотогшоо орсон. Тэр хашаанд 1 байшин урд талд нь монгол гэр байсан. Тэр гэрийн хаалга нь онгорхой байсан ба дотогшоо сэмээрхэн ороход эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэрийн баруун талд унтаж байсан. Унтаж байсан орных нь толгой дээр Samsung A7 загварын гар утас байхаар нь аваад шууд гарсан. Би уг гар утсаа Хархорин зах дээр очоод утасны ченжид бэлэн мөнгөөр зарсан. Би олон утас хулгайлж зарсан болохоор одоо яг хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна.

... Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 203-204 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 20 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Ш.Чойжмаагийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung galaxy S8 загварын гар утсыг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ш.Чойжмаагийн “ 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим ажлаасаа тарж ирчхээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уул 20 дугаар гудамжны 17 тоот гэртээ унтаж амрах гээд байж байсан. Тэгээд өөрийн Samsung S8 plus гар утсаа орныхоо урд сандал дээр тавиад унтаж амарсан. Тэгтэл 2020 оны 8 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед орноосоо босоод өөрийн гар утсаа авч цаг харах гэтэл миний гар утас алга болсон байсан. Нөхөр Ганбатаас асуухад юу ч мэдэхгүй, би аваагүй гэж хэлсэн. Би өөрийн гар утсаа 450,000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 95-96 дугаар хуудас/

“Миний гар утас нь Samsung S8 загварын цагаан өнгийн гар утас байсан юм. Гадуураа цулгай гэртэй, дотор нь миний Юнителийн сим карт байсан юм.

...Миний гар утасны хохирлыг барагдуулчихвал надад түүнд гаргаад байх гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 97 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/022 дугаартай Samsung S8 загварын гар утсыг 310,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 101-102 дугаар хуудас/,

 

 Б.Г-ын яллагдагчаар өгсөн “Өнгөрсөн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 14 дүгээр гудамжны 51 тоот гэрээсээ гараад PC тоглоё, тоглох мөнгөө хулгай хийж олъё гэж бодсон юм. Тэгээд Зүүн баян уулын 20 дугаар гудамжинд алхаж байгаад 17 тоот хашаа нь тод цэнхэр өнгийн хашаа байсан ба хаалгыг нь түлхэхэд онгорхой байсан. Хашаан дотор ороход ганц монгол гэртэй айл байсан. Уг гэрийн хаалга нь онгорхой байхаар нь дотогш ороход эхнэр нөхөр унтаж байсан. Харин унтаж байсан орных нь хажууд байх сандал дээр Samsung S8 загварын гар утас байхаар нь аваад шууд гарсан. Тэгээд гэртээ очоод өглөө Хархорин зах дээр очоод танихгүй ченжид 80,000 төгрөгөөр зарсан.

... Би компьютер тоглоомын газар тоглоод ойр зуурын идэж уух юм аваад л дуусгасан. Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 117-118 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баян цагааны 12 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хохирогч Б.Манлайжавын байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Sony Xperia XA ultran болон LG V20 загварын 2 ширхэг гар утсыг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Манлайжавын “ 2020 оны 8 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 12 дугаар гудамжны 15 тоот гэртээ эхнэр Балжмаа, охин Номин-Эрдэнэ нарын хамт байж байсан. Тэгээд бид 3 унтах гээд ороо засаад би өөрийн гар утсаа ширээн дээр тавиад унтаж амарсан. Тэгээд өглөө 06 цагт босоод өөрийн гар утаснаас цаг харах гэтэл миний Sony Xperia XA ultra болон LG V20 загварын 2 ширхэг гар утас алга болсон байсан. Sony Xperia XA Ultra гар утсаа 250,000 төгрөгөөр үнэлж байна. LG V20 гар утсаа 450,000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 15 дугаар хуудас/,

“Би хүний утсаар залгатал авахгүй байж байгаад унтарчихсан юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Манайх хашаандаа нохойгүй. Эхнэр эмнэлэгт байсан болохоор ер нь жоохон ядралттай байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 6 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20/026 дугаартай LG V20, Sony xperia XA загварын гар утсыг нийт 400,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 2 дугаар хавтас 20-21 дүгээр хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Хархорин захын тэнд байдаг PC тоглоомын газар шөнөжин тоглож байгаад үүрээр тойрог хүртэл машинаар ирээд тэгээд гэр лүүгээ харих гээд явж байгаад хулгай хийе гэж бодоод урагшаа 67 дугаар дунд сургуулийн дээд талаар явж байсан. Тэгээд ногоон өнгийн төмөр хаалгатай айл байхаар нь хашааных нь хаалгыг нээж ороход хойд талдаа байшинтай урд талдаа монгол гэртэй айл байсан. Тухайн гэрийн хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороход газраар эрэгтэй, эмэгтэй болон 1 хүүхэд унтаж байсан. Нэг утас нь ширээн дээр байсан ба гарах гэтэл орон дээр дахиад нэг утас байхаар нь хоёуланг нь аваад шууд гарсан. Тэр хоёр утас нь Sony болон LG загварын гар утаснууд байсан ба LG загварын гар утас нь ажиллахгүй болохоор нь гудамжинд шидчихсэн. Харин нөгөө утсыг нь Хархорин зах дээр 20,000 төгрөгөөр зарчихсан

... Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч” байна гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 30-31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 21 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух хохирогч Ш.Бямбасүрэнгийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung Note 2 загварын гар утсыг хулгайлж 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ш.Бямбасүрэнгийн “ 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 21 дүгээр гудамжны 31 тоот гэртээ унтаж байгаад сэрээд хартал манай төрсөн дүү Бямбадорж, охин Нарантунгалаг, хүү Төгөлдөр нар унтацгааж байсан. Тэгээд хэсэг дуг хийгээд дахин сэртэл манай гэр дотор авдрын хажууд 18-20 орчим насны эрэгтэй хүн байхаар нь би босоод өөрийн төрсөн дүү Оюунболд байна гэж бодоод чи ажилдаа одоо болтол яваагүй байгаа юм уу гэтэл уг хүн над руу хальт харчхаад гэрээс гараад зугтаасан. Би явсных нь дараа өөрийн гар утсаа хайтал миний гар утас алга болсон. Би өөрийн гар утсаа 2020 оны 1 дүгээр сард 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 18-20 орчим насны, 150-160 орчим см өндөртэй, хар малгайтай цамцтай, хар өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй залуу байсан. Өөр зүйл мэдэхгүй. ... Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 222-223 дугаар хуудас/

“... Би гар утсаа 2019 онд хувь хүнээс худалдаж авч байсан юм. Гадуураа гэргүй, хар өнгийн утас байсан. Дотор нь миний Мобикомын сим карт байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 224 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Нарантунгалагийн “Өнгөрсөн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө сэрээд би ээжийн утсыг хайтал олдохгүй байсан.Тэгэхээр нь тоглоом тоглуулахгүй гээд нуучихсан байх гэж бодоод ээжээсээ асуусан чинь үгүй гэж надад хэлсэн. Миний утас байсан мөртлөө манай ээжийн утас алга болчихсон байсан. Тэгтэл ээж өглөө үүрээр хүн ороод ирчихсэн байсан гэж хэлсэн. Тэгээд ээж цагдаагийн байгууллагад хандсан юм. ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 228 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20/016 дугаартай Samsung Note2 загварын гар утсыг 100,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 1 дүгээр хавтас 230-231 дүгээр хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө хулгай хийхээр болж гэрээсээ гарсан юм. Тэгээд гэрийнхээ ойрхон 21 дүгээр гудамжны 31 дүгээр тоот улбар шар өнгийн хашаа байхаар нь уг хаалгыг нь түлхэхэд дотогшоо онгойсон. Тэгээд дотогшоо ороход монгол гэртэй айл болон байшинтай 1 айл байсан. Гэрийнх нь гадаа очоод монгол гэрийн хаалгыг нь татахад шууд нээгдэхээр нь дотогшоо ороод 3,4 орчим хүн унтаж байсан. Харин газар гурван утас байхаар нь Samsung Note2 загварын гар утсыг нь автал нэг эмэгтэй хүн сэрээд намайг нэг хүнтэй андуураад өөдөөс юм яриад байсан. Тэр үедээ яг юу гэж хэлснийг нь би мэдэхгүй байна. Тэгээд шууд гэрээс нь гараад зугтаатал нөгөө эмэгтэй хойноос шанага бариад гарч ирээд үлдсэн. Би тэр гар утсыг нь Хархорин захын орчим танихгүй ченжид 100,000 төгрөгөөр өгсөн.

... Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 241-242 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн цайны газарт Т.Маргад-Эрдэнийн Samsung A30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Энгэрийн камераар бичлэг хийсэн тухай тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 145 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Түмэнжаргалын “Манай охин Маргад-Эрдэнэ найзынхаа утаснаас ярьж байна гээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яриад сургуулийн цайны газраас утсаа алдчихлаа гээд хэлсэн юм. Манай охин сургуулийн цайны газрын камерыг шүүгээд хулгайлсан хүнийхээ царайг хараад сургуулийн сурагч байх гэж бодоод ангийн багш Энхцэцэгтэй сургуулийн ангиудаар явж үзсэн боловч олоогүй байсан. Тэгээд ангийн багш нь олохгүй юм байна, цагдаад мэдэгдье гээд байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Манай охин Маргад-Эрдэний алдсан Samsung А30 загварын гар утсыг 2020 оны 8 дугаар сард өөрөөсөө 320,000 төгрөг гаргаж авч өгч байсан юм.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 150 дугаар хуудас/,

“... Миний гар утас нь хар өнгийн Samsung А30 загварын хар өнгийн гар утас байсан юм. Гадуураа солонгорсон резинэн гэртэй дотор нь Юнителийн сим карт байсан юм. Би гар утасныхаа гэр болон сим картыг үнэлэх шаардлага байхгүй. Надад үнэлгээнтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний гар утасны хохирлыг барагдуулчихвал надад түүнд гаргаад байх гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцох шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 154 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Маргад-Эрдэнийн “Би 67 дугаар сургуулийн 11б ангид сурдаг ба 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд сургуулийнхаа цайны газарт явж байгаад халааснаасаа гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Хамгийн сүүлд цайны газарт орохын өмнө гар утсаа хэрэглэж байгаад цайны газраас дөнгөж гараад Урлаг зааланд ороход миний гар утас алга болсон байсан.

... Би гар утсаа алдсанаа мэдээд сургалтын менежертээ хэлээд сургуулийн цайны газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 160см орчим өндөртэй, бор царайтай, жижигхэн биетэй, бүлтгэр алаг нүдтэй, 17-19 насны эрэгтэй хүүхэд миний гар утсыг авч байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тэр хүүхэд манай сургуулийн хүүхэд биш байсан. Тэр хүүхэд миний гар утсыг аваад шууд гараад явчихаж байсан. Миний алдагдсан гар утас нь Samsung galaxy А30 загварын гар утас байсан юм. Би алдсан гар утсаа 2020 оны 08 дугаар сард Өргөө кино театрын хажуу талын гар утас худалдааны төвөөс 320,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний алдсан гар утас нь хар өнгийн, ард талын кэйс нь улаан цэнхэр өнгийн угалзарсан хээтэй байсан. Шилэн наалттай хурууны хээ уншдаг гар утас байсан. Би алдагдсан гар утасны имэй кодыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 156-157 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20/044 дугаартай Samsung А30 загварын гар утсыг 320,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 161-162 дугаар хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хулгай хийе гэж бодоод би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 67 дугаар сургууль дээр очсон юм. Тэгээд би цайны газар нь ороход 16 орчим насны эмэгтэй хүүхэд хэд хэдэн хүүхдүүдтэй цайны газар хоол идэх гээд зогсож байсан. Би хойно нь тулаад очиход дүрэмт хувцасны баруун талын халаасанд нь утас цухуйж байхаар нь аваад шууд сургуулиас гараад явсан. Би тэр гар утсыг нь аваад шууд Хархорин зах дээр очоод 120,000 төгрөгөөр зарчихсан. Тухайн үед симтэй нь шууд өгчихсөн.

... Би компьютер тоглоомын газар PC тоглоод дуусгасан. Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 172-173 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

8. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 7 дугаар гудамжны 41 тоотод оршин суух хохирогч Д.Баярмагнайгийн байнга зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung A8 загварын гар утсыг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Баярмагнайгийн “2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 7 дугаар гудамжны 41 тоот гэртээ хүү Золбадрахын хамт байж байсан. Тэгээд 23 цагийн орчим би нойр хүрээд унтахаар болоод орныхоо хажууд өөрийн Samsung А8 гар утсаа цэнэглэж үлдээгээд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчим босоод өөрийн гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Мөн хүү Золбадрахаас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би өөрийн гар утсаа 350,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 49-50 дугаар хуудас/,

“... Би алдагдсан гар утсаа 2018 оны 11 дүгээр сард худалдаж авч байсан юм. Би гар утасныхаа гэр болон сим картыг үнэлэх шаардлага байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 51 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/021 дугаартай Samsung А8 загварын гар утсыг 310,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 55-56 дугаар хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр PC тоглож байгаад 7 дугаар сарын 11-ний өдрийн шилжих шөнө 06 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд алхаж байсан юм. Тэгээд мөнгөгүй болчхоод юу ч гэсэн энэ хавиар яваад үзье гэж бодоод алхаж байгаад Зүүн баян уулын 7 дугаар гудамжны 41 тоот хашаанд ногоон өнгийн төмөр хаалгатай айл байсан. Хаалгаар дотогшоо ороход хашаанд 1 монгол гэр, 1 байшин байсан. Уг байшингийн хажууд байх гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогшоо ортол хоёр хүн унтаж байсан. Орон дээр Samsung А8 загварын гар утас байхаар нь аваад шууд гарсан. Тэр гар утсыг 7-8 хоногийн дараа Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо байх ломбарданд замд таарсан хүнээс гуйж байгаад иргэний үнэмлэхээр нь 50,000 төгрөгөөр тавиулаад хаясан.

... Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 65-66 дугаар хуудас/ зэрэг баримтууд нотлогдон тогтоогдсон байна.

 

9. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 7 дугаар гудамжны 21 тоотод оршин суух А.Бүрэнбатын байнга амьдрах зориулалтай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung А10 загварын 2 ширхэг гар утсыг хулгайлж 586,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Бүрэнбатын “2020 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 4 цагийн орчимд сэрээд утсаа хайтал миний утас алга болсон байсан. Тэгээд гэрийхнийг сэрээгээд утсаа хайсан чинь хадам дүү Отгонбаатарын утас нь бас алга болсон байсан. Тэгээд Отгонбаатар бид хоёр өглөө 06 цагт ажилтай байсан тул ажилдаа явсан. Манай хадам ээж цагдаад өргөдөл өгөхөөр явсан юм.

... Манай гэрээс хоёр утас алдагдсан. Тэр хоёр гар утас хоёулаа миний гар утас байгаа юм. Би 2020 оны 4 дүгээр сард талбайн урд талын Сайн компьютерээс нийт 3 ширхэг улаан өнгийн Samsung galaxy А10 загварын гар утсыг 1,500,000 төгрөгөөр лизингээр авч байсан юм. Тэр үед манай хадам дүү Отгонбаатар утасгүй байсан тул миний гар утсыг түр барьж байсан юм. Одоо нэг гар утсыг нь манай эхнэр барьж байгаа. Алдсан хоёр гар утсанд содон шинж тэмдэг байхгүй. Гэрт хайрцагнууд нь байгаа. Одоо гар утаснуудаа хамтад нь 300,000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 91-92 дугаар хуудас/,

 

 Гэрч Ц.Инзагийн “... 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 7 дугаар гудамжны 21 тоотод гэрээс гаралгүй өнжсөн юм. Тэгээд орой 23 цагийн орчим манай охин Эрдэнэсүрэн, 2 хүүхэд, хүргэн Бүрэнбат бид нар унтаж амарсан юм. Өглөө манай хүргэн 06 цагт босоод явах гэтэл гар утас нь байхгүй байсан. Мөн манай хүү Отгонбаатарын утас алдагдсан байсан. Алдагдсан 2 гар утас нь хоёулаа 2019 онд худалдаж авч байсан хар өнгийн Samsung А10 загварын улаан өнгөтэй гадуураа улаан хар өнгийн гэртэй утаснууд байсан. Дотор нь манай хүүхдүүдийн Юнителийн 86892951, 89892951 гэсэн утасны дугаарууд байсан ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 94 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20/117 дугаартай Samsung Galaxy А10 загварын гар утас 2 ширхэг, Samsung A10 загварын гар утасны гэр 2 ширхэг, Сим карт 2 ширхэг тус бүрийг үнэлээд нийт 586,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 2 дугаар хавтас 100-101 дүгээр хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр шилжих шөнө үүрээр 04 цагийн орчим Мөнх-Эрдэнийн Сонгинохарйхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 7 дугаар гудамжинд байдаг яг хаягийг нь хэлж мэдэхгүй байна, тэдний гэрт хоночихоод үүрээр гарсан юм. Би тухайн үедээ PC тоглох мөнгө байхгүй байсан учраас мөнгө олъё гэсэн зорилготой байсан. Тэгээд яг тэдний дээд талын хашаагүй ганц гэртэй айл байсан. Би дөхөөд очоод Монгол гэрийн хаалгыг нь татахад хаалга нь зүгээр онгойчхоор нь дотогшоо орсон. Тэгтэл гэрийн баруун талын орон дээр 2 хүн, зүүн талд нь 2 залуу хамт унтаж байсан. Би тэр айлын баганы хажууд цэнэглэж байсан 2 гар утсыг аваад шууд гарсан. Тэгээд Баянхошууны эцэс дээр очоод автобус ирэхийг хүлээгээд автобусанд суугаад шууд Хархорин зах дээр очоод танихгүй ченжид 1 ширхэг Samsung A10 загварын гар утсыг нь 120,000 төгрөгөөр зарчихсан. Нөгөө адилхан Samsung A10 загварын гар утсыг нь 10 орчим хоног тэр дотор байсан сим картаар нь ашиглаж интернет орж байгаад Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо байдаг ломбарданд 100,000 төгрөгөөр тавиад алдчихсан. Надад одоо тэр ломбардны бичиг байхгүй, тэр дор нь хаячихсан.

... Би тэр утас зарсан хүнээ одоо харвал танихгүй. Би хохирлоо барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 100-111 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

10. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо Гандангийн автобусны буудал дээр Б.Хулангоог автобуснаас буухад нь Samsung S9 загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хэргийн 2 дугаар хавтас 135-136 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Хулангоогийн “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед охины хамт Гэмтэл Шар хад чиглэлийн автобусанд сууж яваад Гандангийн автобусны буудал дээр буух үедээ Samsung S9 загварын гар утсаа хулгайд алдсан.

... Би алдсан гар утсаа 2020 оны 2 дугаар сард Samsung центрээс 800,000 төгрөгийн үнэтэй сард 50,000 төгрөгийн лизинг төлж байна. Одоо үнэ нь буураад 500,000 төгрөг болсон байх. Хулгайд алдсан гар утсаа олоод авсан учир гомдол санал гээд байх зүйл байхгүй байна. Харин миний гар утсыг хулгайлж авсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 141-145 дугаар хуудас/,

 

Гэрч С.Гүррагчаагийн “Тус өдөр би Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нутаг дэвсгэрт “Баянгол-Халаас” хэсэгчилсэн арга хэмжээнд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Гандангийн автобусны буудал дээр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Дөлгөөнчимэдийн хамт халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэл дээр нь илрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байхад хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд болох Б.Г- нь тус автобусны буудал дээр автобуснаас бууж ирсэн. Шалгаж үзэхэд биенээс нь 3 ширхэг гар утас гарч ирсэн. Энэ гар утаснууд юун гар юм бэ, хаанаас авсан гар утаснууд вэ гэж асуухад нэгийг нь сая бууж ирсэн автобуснаас хулгайлан авсан юм гэхээр нь хэлтэс дээр авчирч шалгаж үзэхэд тус өдөр гар утсаа алдсан иргэдийн гар утас байсныг тогтоон ажилласан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 150 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-20-279 дугаартай Samsung S9 загварын гар утсыг 400,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн тайлан /хэргийн 2 дугаар хавтас 151-152 дугаар хуудас/,

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баянбүрдийн автобусны буудлаас автобусанд суугаад Гандангийн автобусны буудал дээр буух үедээ Samsung Galaxy S9 загварын гар утсыг 30-40 гаран насны хүүхдээ дагуулж явсан эмэгтэйн халааснаас аваад буугаад хорооллын бичлийн тэнд байдаг сургуулийн ариун цэврийн өрөө орж бие засчхаад гарах замдаа 3 юмуу 4 дүгээр ангийн эрэгтэй хүүхдийн куртикны халааснаас нь хар өнгийн кэйстэй хар өнгийн Huawei загварын гар утсыг авчхаад гарч яваад Бичилээс доошоо уруудаад тэнд байдаг PC тоглоомын газар цаг гаруй тоглосон. Тэндээсээ гарч яваад энгийн хувцастай цагдаагийн алба хаагчтай таарсан. Тэгээд намайг шалгаж үзэхэд миний биенээс авсан гар утас гарч ирсэн.

... Хөдөө ээж рүү явъя гэж бодоод мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн” /хэргийн 2 дугаар хавтас 160-161 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгох зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г-ын гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл харьцангуй бага тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “...Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн нийт 10 удаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн улмаас нийт 3,146,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Г-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 320,000 төгрөг гаргуулж Ц.Гантүлхүүрт, 310,000 төгрөг гаргуулж Д.Баярмагнайд, 400,000 төгрөг гаргуулж Б.Манлайжавт, 100,000 төгрөг гаргуулж Ш.Бямбасүрэнд, 200,000 төгрөг гаргуулж П.Батбаярт, 320,000 төгрөг гаргуулж Б.Түмэнжаргалд, 310,000 төгрөг гаргуулж Ш.Чойжмаад, 200,000 төгрөг гаргуулж А.Гансүхэд, 586,000 төгрөг гаргуулж А.Бүрэнбат нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Харин 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S9 загварын гар утсыг биет байдлаар хохирогч хохирогч Б.Хулангоод эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 136 дугаар хуудас/ зэрэг баримт авагдсан тул шүүгдэгч Б.Г-оос гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялын саналыг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.Г-ыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2008030701608 дугаартай хэрэгт эрүүгийн 2008030680001, 2008029940002, 2008030690007, 2008030661615, 2008027610009, 2008030670008, 2008029140006, 2008022380057, 2005033420023 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Huawei загварын гар утас 1 ширхгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн Ц.Отгонбаяр нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч Б.Г-ыг гэм буруутай талаар бичгээр дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Г-од холбогдуулж зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ээмэгт овогт Буян-Оршихийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Г-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Г-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-оос 320,000 төгрөг гаргуулж Ц.Гантүлхүүрт, 310,000 төгрөг гаргуулж Д.Баярмагнайд, 400,000 төгрөг гаргуулж Б.Манлайжавт, 100,000 төгрөг гаргуулж Ш.Бямбасүрэнд, 200,000 төгрөг гаргуулж П.Батбаярт, 320,000 төгрөг гаргуулж Б.Түмэнжаргалд, 310,000 төгрөг гаргуулж Ш.Чойжмаад, 200,000 төгрөг гаргуулж А.Гансүхэд, 586,000 төгрөг гаргуулж А.Бүрэнбат нарт тус тус олгосугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2008030701608 дугаартай хэрэгт эрүүгийн 2008030680001, 2008029940002, 2008030690007, 2008030661615, 2008027610009, 2008030670008, 2008029140006, 2008022380057, 2005033420023 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрий баримтаар хураагдан ирсэн Huawei загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч Б.Г-од олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

 

 ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

 

                                                                       

                                             ШҮҮГЧ                                  Ц.ЭРДЭНЭЧИМЭГ