Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух Хонин онход овогт Их-Уулын Мөнхдэлгэр /РЖ87091601/-ийн хүсэлттэй

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2017/00457/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч И.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батчулуун овогтой Гантулгатай 2014 оны 10 дугаар сараас хамт амьдарч байгаад 1 жил гаруй үерхэхээ больж байсан хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сарын 3-нд хүү төрсөн юм. Хүү Өнөболд Гантулгын хүүхэд мөн. Би хүүхдээ төрөөгүй байхдаа салж амьдарч байсан болохоор хүүгээ өөрөөрөө Мөнхдэлгэрийн гэж овоглоод байж байтал хүүхдээ гарсан хойно нөхөр, эргэж ирээд гурвуулаа амьдарч байсан юм. Бид хоёр гэр бүлээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлсэн болно. Харин хүүхдийнхээ овгийг эцгээр нь сольж амжаагүй байж байтал нөхөр Гантулга маань 2017 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр нас барсан. Ингээд хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч эцгээр нь овоглохгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэмж олдохгүй гэсэн тул хүү М.Өнөболдын төрсөн эцэг Б.Гантулга мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

И.Мөнхдэлгэр нь тус шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Өнөболдын төрсөн эцэг талийгаач Батчулууны Гантулга мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Цогнууд овогт Батчулууны Гантулга /РК88102938/ нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Мөнхдэлгэрийн Өнөболдын төрсөн эцэг мөн болох нь 2015 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн хүү Мөнхдэлгэрийн Өнөболдын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, И.Мөнхдэлгэр, Б.Гантулга нарын гэр бүл болсныг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ч.Тунгалаг, Г.Наранцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр, Б.Гантулга нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь №0000183604/07 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Мөнхдэлгэрийн Өнөболдын эцэг талийгаач Цогнууд овогт Батчулууны Гантулга /РК88102938/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Мөнхдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН