Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ж.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Жаргалсайханы Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000516 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар 24-ний өдөр Болгар улсын София хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .......... ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эмэг эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Жаргалсайханы Э-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Э- нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн байранд маргааны улмаас хохирогч С.Т-ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлгээ үнэн зөв өгсөн” гэв.

 

Шүүгдэгч Ж.Э- нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн байранд маргааны улмаас хохирогч С.Т-ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.Т-ын “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 10 цагийн үед ажил болох Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэнэн агро ХХК-ны санхүүгийн өрөөнд очсон юм. Тухайн үед Энэрэлт, Золзаяа, Э- нар ирсэн байсан бөгөөд миний хариуцдаг тээврийн хэрэгслээс болж Энэрэлт, Золзаяа нар хоорондоо маргалдаж байсан.

Энэрэлт нь надаас “энэ машиныг хэрэглээд, угаалгачхаад чамд өгөө биз дээ” гэж асуухаар нь” би хагас сайн өдөр та надаас ирээд аваад явсан, 1 дэх өдрийн өглөө би таниас буцааж авсан, Захиралтай хамт юманд явахад өмхий үнэртээд байна гэж хэлэхээр нь би машин дотор юм асгаагүй болохоор мэдэхгүй байна, та аваад явсан, би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э- нь хажуу талаас Золзаяаг “пизда, нохой, гичий” гэх зэргээр муухай хараалын үгээр доромжлохоор нь би Э-д хандан “чи наад үгээ бодож хэлээчээ” гэхэд Э- нь хүлээлгэн сандалд дээр очоод суусан. Энэрэлт Золзаяатай маргалдаад л байсан. Би цаашаа угаасаа энэ машиныг цэвэрлэнэ, тиймээс маргалдаж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Э- нь над руу хараалын үгээр доромжилж эхэлсэн. Би тухайн үед ажлын ширээний ард сандал дээрээ сууж байгаад би “чамд хамаагүй” гэсэн чинь Э- нь “чи намайг чи гэлээ” гээд босч ирээд миний нүүр хэсэг рүү эхлээд 1 удаа цохихоор нь би хальт бултахад миний баруун хэсэг рүү цохисон. Дараа нь дахиад миний хамар луу цохисон. Тэгээд би сандлаасаа босоод цээжээр нь тэврээд зодохыг нь хориглосон чинь миний нүүр хэсэг рүү түлхсэн. Тэгээд Энэрэлт, Золзаяа нар салгасан. Миний хамраас цус гараад Энэрэлт, Э- хоёр эмнэлэг авч яваад хувийн эмнэлэг дээр очиж хамраа тэгшлүүлсэн юм. Тухайн үед төлбөрийг Энэрэлт хийсэн.

... Миний толгой байнга өвдөж байна. Хамрын хугархай чихээс нь дутуу гарсан байна. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлыг баримтаар гарган өгч хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Золзаяагийн “...Тэгээд Энэрэлттэй маргалдаж эхэлсэн бөгөөд хажуунаас Э- нь орж ирээд “асгаагүй, юу яриад байгаа юм бэ” гээд бид гурав хоорондоо маргалдсан. Э- нь уурандаа хараал, зүй бус үг хэллэгээр над руу хандаж хэлэхэд Т- нь “үгээ зөв сонгож хэлээч” гэсэн чинь Э- нь Т- руу уурлаж хараалын үгээр хэлээд байсан. Т- нь өөрийнхөө ажлын ширээний сандал дээр сууж байхад Э- нь цаанаас коридороос ирээд нүүр лүү нь 1-2 удаа цохисон. Т- нь босч ирээд Э-ийг тэвэрч аваад зууралдаад зогсож байхад нь хамраас нь цус гарсан. Т-ын хамрыг эмнэлэг явж янзлуулна гээд Энэрэлт, Э- хоёртой явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Энэрэлтийн “... Золзаяад хандан “наад машиныг чинь би угаалгаж өгсөн, би юм асгаагүй” гэж хэлээд машиныг очиж үзэхэд юм үнэртэхгүй байсан. Би буцаж орж ирж Золзаяад уурлаад загнаад Золзаяатай маргалдсан юм. Тэгсэн чинь Э- нь Золзаяаг харааж зүй бус үг хэллэг хэлсэн чинь Т- нь Золзаяаг өмөөрсөн юм. Тэгсэн Э- нь Т-т уурлаад хоорондоо хэрэлдээд хүүе гэхийн завдалгүй Т-ыг очиж цохиод тэр хоёр тэврэлдээд авсан. Тэгээд Золзаяа бид хоёр салгаад харсан чинь Т-ын хамар нь чихэгдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2826 дугаартай:

“1. С.Т-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Асралт мед эмнэлгийн Компьютерт томографийн шинжилгээ. /хэргийн 18 дугаар хуудас/,

 

Ж.Э-ийн яллагдагчаар өгсөн “... Би коридор руу гараад сандал дээр сууж байтал Золзаяа, Энэрэлт хоёр хэрэлдэж байсан ба би коридороос “дуугай байцгаа” гэж орилсон. Золзаяаг санаандгүй яриандаа хараалын үг хэлсэн чинь Т- нь над руу хандан “дуугай бай, чамд хамаагүй” гэхээр нь миний уур хүрээд санхүүгийн өрөө рүү ороод С.Т-ыг сууж байхад нь хамар хэсэг рүү нэг удаа цохиход С.Т- нь босч ирээд намайг тэврээд толгойгоо наахаар нь би холдуулахаар нүүр лүү нь түлхсэн. С.Т- нь надаас дүү, намайг ах гэдэг байсан чинь гэнэт чи, пизда гэх үгээр хэлээд байхаар нь ах захгүй гэж бодоод уур хүрээд цохичихсон.

... Би С.Т-ын хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан бөгөөд бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа. Одоо хэвийн ажлаа гүйцэтгэж байна. Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч С.Т-ын “... Ж.Э- нь миний хохирлыг бүрэн барагдуулсан учир миний бие санаж гомдолгүй байна. ... ” гэсэн хүсэлт /хэргийн 50 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ж.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Жаргалсайханы Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Э-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ