Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Ө- түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг,

шүүгдэгч Э.Э- түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

хохирогч Ж.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ганбаатарын Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Боржигон овогт Эрдэнэбаярын Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005028900083 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн Их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч нарын хамтаар Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ...  дугаар байр ... тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймаг ... сумын ... дугаар баг .... гудамж 1 дүгээр байр 1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганбаатарын Ө-.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймаг .... сумын ... дугаар баг ........ гудамж ... тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэбаярын Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 03 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зогсоол хэсэгт хамт явсан найз Э.Э-ийг цохилоо гэх шалтгаанаар мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Б.Э-, Г.Г-, Ж.Г- нартай харилцан зодолдож улмаар Ж.Г-, Б.Э- нартай барьцалдан газар унах үед Ж.Г-, Б.Э- нар нь түүний хоолойг боох, цохих зэргээр биед нь халдлаа гэж Ж.Г-ийн араас дэгээдэн унагаж, өшиглөн эрүүл мэндэд нь “зүүн зулай яснаас доош зүүн чамархай хөхлөг сэртэн чихний суваг дайрч суурийн хөндий хүрсэн шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины няцрал, баруун зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохойд цус хуралт, зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 03 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зогсоол хэсэгт “тамхи байна уу, мангар бацаан минь” гэж хэллээ гэх шалтгаанаар мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Б.Э-, Г.Г-, Ж.Г- нартай харилцан зодолдох явцдаа Б.Э-ийн толгойн ар хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь “дух дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий, Г.Г-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтэл учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 10 дугаар сарын 07 ноос 08-ны өдөр шилжих шөнө 1, 2 цагийн үед Улаанбаатар паласын “Сoco banana” клубт манай найзууд хэдэн хүмүүстэй маргалдаад байна гэх шалтгаанаар намайг дуудсан. Шөнийн 1 цаг өнгөрч байхад очиход манай найзууд дөрвөн охинтой байсан. Очоод цаг орчим болоод клубээс гарсан. Нямдаваа, Батжаргал нар хоёр охинтой хамт машинтай явж байсан. Э- ах миний урд явж, миний ард нэг залуу тамхи нэхээд байна гэж тухайн үед ойлгосон. Хойноос нь алхаж байхад Түц-ний булан эргээд харанхуй хэсэг рүү орсон. Тэгээд хойноос нь гүйгээд очиход хувцсаа тайлаад ноцолдож байсан. Тэгээд би болиулах гээд дундуур ороход намайг хоёр залуу хойноос татаад унагасан. Тэгээд Нямдаваа, Батжаргал нар хойноос ирж салгасан. Тэр хооронд нэг хүн зугтаахаар нь цагдаа дуудах гэж байна гэж бодоод дэгээдсэн. Хохирогч нүүрээрээ газарт унаагүй, машин налж унасныг сайн санаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хоёр найзтайгаа “Coco banana” клубт уулзсан. Шүүгдэгч нартай уулзсан, маргалдсан зүйлээ санахгүй байгаа. Зодуулаад зугтаж байгаа талаар санаж байна. Гомдолтой байна. Хохирол төлбөр 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орсон байгаа. Баримтаар 1,300,000 гаран төгрөг байгаа” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Г.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч Э.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр буюу түүнээс олон хүнийг гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “... 50-48 УБО, 89-02 УБӨ хоёр автомашины дунд хохирогч Г- хэвтэж байсан гэх ба хэвтэж байсан газрыг 41 дугаараар тэмдэглэж, 41 дугаартай цэгээс Б үл хөдлөх цэг хүртэл 7 м 40 см зайтай байв. Хэрэг болсон газрын 41 дугаараар дугаарлаж уг газарт цус мэт зүйлээр бохирлогдсон ба хохирогчийн хөл байсан газрыг 44 дугаараар тэмдэглэж шинжээч хэргийн газрын гэрэл зураг бэхжүүлж авлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 7-14 дүгээр хавтас/

 

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 15-18 дугаар хуудас/

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 19-22 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан авсан “... Cocobanana барны хяналтын камерын бичлэг хадгалдаг төхөөрөмж DVR төхөөрөмж, хардыг хурааж авав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тухай “... Г.Г- нь 185 см өндөртэй, цайвар царайтай, хар өнгийн богино үстэй, биеийн хөгжил хэвийн, хар хөх өнгийн зах ханцуй хэсэг нь улаан судалтай, хавар намрын куртиктэй /бомбер/, ...цамцны зүүн талын шууны дотор талын хэсэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, ... гадна талд өмссөн хар хөх өнгийн куртикийн урд хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, өмдний зүүн талын гуяны урд хэсэгт мөн адил цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, кетны дотор шавраар бохирлогдож хатсан байдалтай, ...баруун нүд хавдсан, баруун нүдний доод хэсэгт 1х1см хэмжээтэй зулгаралт үүссэн, зүүн гарын мөрнөөс тохойн дээд хэсэгт яст мэлхий хээтэй шивээстэй, ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 30-32 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тухай “... Б.Э- нь 175 см өндөртэй, ... Толгойн баруун талын чамархай хэсэгт 2х2 см хэмжээтэй арьс зулгарч улайсан, баруун гарын шуу, тохой хэсэгт зурган шивээстэй, баруун талын нурууны хэсэгт загас болон цэцэгний шивээстэй байх ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 33-35 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тухай “... Ганболд овогтой Ө-ын биед үзлэг хийхэд шар шоотой хээтэй хавар намрын хүрэмтэй, хүрмэнд ямар нэгэн урагдал болон тоос шороо болсон зүйл байхгүй, дотуур нь сараал өнгийн малгайтай цамцтай ямар нэг тоос шороо болсон зүйлгүй, доогуур нь хар өнгийн бэлтгэлийн өмдтэй хар өнгийн өмдөнд ямар нэгэн тоос шороо болсон зүйл байхгүй, хөлдөө хар өнгийн пүүзтэй байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... дүрс бичлэг бүхий 1 ширхэгийг уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 45 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Г-ийн “... 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө 00 цагийн өнгөрч байхад найзууд болох Гэрэлт-Од, Э- нарын хамт Улаанбаатар паласын зүүн талын Cocobanana гэх бааранд орж текны зүүн талын буйдан дээр суусан. ... Баараас 06 цагийн орчим гарсан ба Гэрэлт-Од, Э- хоёр баарнаас гарч байхдаа хэдэн залуучуудтай маргалдсан. Гэрэлт-Од, Э- бид гурав хашааны гадаа гараад байж байхад араас 3 байсан уу, 4 залуучууд ирсэн. Гэрэлт-Од, Э- хоёр зүүн тийшээ төв зам руу зүглээд зугтаасан. Би харин бор өнгийн ТҮЦ-ний хажуу талын харанхуй хэсэгт ороод нуугдаад зогссон. Тэгтэл араас нөгөө залуучууд ирээд намайг заамдаж аваад миний толгой руу цохисон. Би газар унаад ...

Би босоод зүүн тийшээ зугтаахад араас нэг залуу нь ирээд чи зугтаагаад хаачдаг юм гэж хэлээд өшиглөж зогсоолд байсан 2 машины дунд унагаасан. Тэгээд юу болсон талаар цаашаа санахгүй байна.

“... Эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн болон эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилж байна. Мөн энэ явдлаас болж ажлаа хийж байхад дотор муухайрч толгой байнга өвддөг болсон Цаашид миний эрүүл мэндийн байдлаас шалтгаалж эмчилгээ байнга хийлгэх тул хохирлыг барагдуулж өгнө үү. Нэмж эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 40-41 дүгээр хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 3 дахь буюу CH 15_2020-10-08_031010_2020-10-08_032009_IDO1290 гэсэн дүрс бичлэгийг тоглуулагчаар уншуулан эхлүүлэхэд ... 02:48 секундэд Түц-ний баруун талд эхлээд зогсож байсан 3 залуугийн баруун талд явж байсан бараан өнгийн цамц, хар өнгийн өмд, цайвар өнгийн пүүзтэй эрэгтэй гүйгээд гарч ирэхэд араас нь саарал өнгийн малгайтай шаргал өнгийн пүүзтэй эрэгтэй гүйгээд гарч ирэхэд араас нь саарал өнгийн малгайтай шаргал өнгийн шооны дүрстэй куртик өмссөн, хар өнгийн өмдтэй эрэгтэй хөөж гүйж гарч ирээд зугтааж байгаа залуу Түц-ний баруун талд байх harrier маркийн автомашин, Prius 20 маркийн автомашины хоёрын голоор орох үед араас нь өшиглөж байгаа бололтой хөдөлгөөн хийхэд араас нь автомашины жолооч талын хаалганаас бууж ирсэн бараан өнгийн куртиктэй залуу суугаад машиныг хөдөлгөхөд замын хажуу талд тавьсан машинуудын цаад талаар орон сууцны байрны балконы доод талаар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй цааш 25 дугаар эмийн сангийн чиглэлтэй зугтаахад араас нь бараан өнгийн куртиктэй эрэгтэй, шаргал өнгийн шоон дүрстэй куртик өмссөн эрэгтэй хоёр араам нь хөөгөөд байрны булан тойроод дүрс бичлэгнээс гарах ба Prius 30 маркийн автомашин нь араас нь дагаж явснаар дүрснээс гарав. Үзлэгийг үргэлжүүлэн үзэхэд Harrier маркийн автомашин, саарал өнгийн Prius 20 маркийн автомашины голоор орсон бараан өнгийн цамц, хар өнгийн өмд, цайвар өнгийн пүүзтэй эрэгтэй хөдөлгөөн хийхгүй, босч ирж харагдахгүй байсаар дүрс бичлэг дэлгэцний цагаар 03:20:10 секундэд дүрс бичлэг дуусаж байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 46-51 дүгээр хуудас/,

 

Г.Г-ын гэрчээр өгсөн “... Э-, Г- бид 3 Кьюкшү цамхагийн зам дагуу байх нэрийг нь мэдэхгүй байна нэг пабад орж 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи гурвуулаа хувааж уусан. Пабад архи ууж дуусгачхаад 00 цагийн үед гарч Cocobanana гэх бааранд орсон. Бааранд ороод текны хажуугийн ширээтэй буйдан дээр бид гурав шахаад суусан. Тэр ширээнд танихгүй 3 хүүхэн байсан. Бааранд бид 3 хүний 3,3 шил Тайгер байсан байхаа, пиво захиалж уугаад бүжиглэсэн. Бааранд ямар нэгэн хүнтэй маргаж муудалцсан асуудал болоогүй ээ. Баарнаас би найзуудын хамт хэдэн цагийн үед гарснаа санахгүй байгаа юм. Хүмүүстэй маргалдаж муудалцсан эсэх талаар ч санахгүй байна. Нэг сэрэхэд өглөө 08 цаг болж байсан ба Э- бид хоёр 10 дугаар хороололд буудалд сэрсэн. Сэрэхэд баруун талын хацар хөндүүрлээд байхаар нь нойлын толинд харахад хөхөрч хавдчихсан байсан. Толгой хоёр талын шанаа хэсэгт хөндүүр байна. Би дээгүүрээ улаан өнгийн захтай цэнхэр өнгийн богино куртиктэй, хөх өнгийн пиджактай, дотуураа цагаан өнгийн срочкин цамцтай, саарал өнгийн жинсэн өмд, хөх цагаан өнгийн ултай кейттэй бйасан. Би мөн саарал өнгийн 2 мөрөндөө үүрдэг үүргэвчтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/

 

Г.Г-ын хохирогчоор өгсөн “... Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн учраас нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би тухайн үед нарны нүдний шилтэй байсан. Гэхдээ бааранд байхдаа шилээ цүнхэндээ хийсэн санаад байгаа юмаа. Дараа нь шилээ зүүсэн үү, цүнхэндээ хийсэн үү санахгүй байна. Цагдаагийн хэлтэс дээр ирэхдээ нүдний шилтэй ирсэн. Энэ үед намайг харсан байж магадгүйээ. Надаас өөр нарны шилтэй хүн байгаагүй. Э- саравчтай малгайтай байсан. Г- бид хоёр малгайгүй байсан.

Баарнаас гараад маргалдсан хүмүүс учруулсан байхаа гэж бодож байна. Сайн санахгүй байна. Бааранд бид нар ямар нэгэн зодоон бол болоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 59-60 дугаар хуудас/,

 

Б.Э-ийн гэрчээр өгсөн “... Нэг мэдсэн чинь өнөө өглөө 12 цагийн үед буудалд сэрсэн. Босоод хартал хажууд Гэрэлт-Од орон дээр хамт хувцастайгаа хэвтэж байсан.

... Гэрэлт-Одын зүүн нүд нь хавдсан байсан. Тэгэхээр нь нүдээ яасан бэ гэхэд Гэрэлт-Од мэдэхгүй байна гэсэн. Гэрэлт-Одын хамраас нь цус гарсан байсан. Цамц, өмд нь цус болсон байсан. Миний өмд хантааз цус болсон байсан. Гэрэлт-Од бид хоёр сэрээд юу ч санахгүй. Хоёр биенээ харж гайхсан. Миний толгой хөл хөндүүр болсон,толгой хавдсан байсан. Утас болон бусад эд зүйлээ үзсэн чинь бүгд бүрэн утсаа шууд асаагаад найз Г- руу залгасан. Г-ийн утас нь холбогдохгүй байсан. Гэрэлт-Од бид хоёр буудлын өрөөнөөс өдрийн 12 цаг өнгөрч байхад гараад эсрэг талд нь байх хоолны газар хоол унд идэцгээсэн. Тэгээд байж байтал Гэрэлт-Одын эхнэр Дулам залгаад Г- ухаангүй Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна гэж мэдсэн юм. Бид хоёр юу болсон талаар санахыг хичээсэн боловч юу ч санахгүй байсан юм.

... Г- дээгүүрээ хар өнгийн энгэр задгай цахилгаантай цамцтай, доогуураа жинсэн өмдтэй, цагаан цэнхэр өнгийн пүүзэн гуталтай, малгайгүй, толгой нүцгэн явж байсан. Гэрэлт-Од болохоор гадуураа хөх өнгийн богино нимгэхэн куртиктэй, дотуураа цагаан өнгийн гонжтой, доогуураа саарал өнгийн жинсэн өмд, цагаан хөх өнгийн кетэн гуталтай байсан. Малгай байхгүй хар өнгийн нүдний шилтэй байсан. Харин би цагаан саарал саравчтай малгайтай хар юүдэнтэй цамц, хар өнгийн хантааз, хар өнгийн тамирын өмд, саарал өнгийн кетэн гуталтай байсан.

... Миний толгойны ар хэсэг хавдсан. Хоёр өвдөг хөндүүр болсон байна. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 68-69 дүгээр хуудас/

 

Б.Э-ийн хохирогчоор өгсөн “... Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн учраас нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би тухайн үед цайвар саарал өнгийн урд талдаа ногоон өнгийн adidas гэсэн бичигтэй саравчтай малгайтай байсан. Манай хоёр найз малгайгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 63-64 дүгээр хуудас/

 

Гэрч Х.Батжаргалын “... Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой 22 цаг 30 минутын үед найз Э-, Ө-, Нямдаваа нарын хамт зүс таних 4 охинтой Peac mall дэлгүүрийн ард талд нэрииг нь мэдэхгүй нэг караокед орсон.

... Тэгээд тэндээсээ шөнийн 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар паласын хажууд байх Coco banana бааранд орсон. Би тэр үед наайз Э-ийн ахынх нь гэх хар өнгийн Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Би улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Бид наймуулаа бааранд ороод нэг шил Jack daniels виски хүний тоогоор нэг, нэг пиво ус ундаа уусан.

... Тэгээд баарны гаднаас Э-, Ө- хоёр та 4 яваа бид хоёр ингэж байгаад харилаа гээд байсан. Би тухайн үед эрүүл саруул байсан болохоор согтуу хүмүүс ямар нэгэн асуудал гаргаж магадгүй гэж бодоод хаяж явж чадаагүй. Араас нь машинтайгаа зөөлхөн удаан дагаад явж байсан. Улаанбаатар паласын хашааны хаалгаар Э-, Өсөхөө хоёр гараад түрүүлээд алхсан. Би араас нь машинтайгаа гарах гэсэн боловч хаалттай байсан. Хаалт онгойлгох хүнийг нь хүлээж зогсож байсан. Ө-, Э- хоёр хашаанаас гараад цаашаа алхаж байсан. Тэр хоёрын урд бас халамцуу гурван залуу алхаж байсан. Тэр залуучуудын нэгэнтэй нь Э- түрүүлж очоод тамхилж байсан. Ө- яг ард талд нь алхаж байсан. Би тэр залуучуудтай маргаж магадгүй гэж бодож байсан. Хашааны хаалт онгойгоод машинтайгаа тэд нарын хажууд очиход хэрэлдэж маргалдах шинжтэй согтуу гурван залуугийн нэг нь наашаа ирээд ахын дүү гээд харанхуй газар луу нэг Түц-ний зүүн талд дуудаж байсан. Тэгтэл Э- очоод, араас нь Ө- очсон. Би яг харалдаа зогсоод Нямдаваад буугаарай, ямар нэгэн юм болох гээд байна гэж хэлэхэд хажууд сууж явсан Нямдаваа машинаас буусан. Би машинаас буугаад очих завдалгүй Э-, Ө- хоёр тэр гурван залуутай зодолдож эхэлсэн. Би Нямдаваатай араас нь очоод салгах гээд тэврээд татаад нилээн үзсэн боловч дийлээгүй. Ө- нөгөө хоёр залуутай зууралдаад унасан. Би Ө-ыг татаж босгоход босонгуутаа Ө- нэг залууг араас нь Түц-ний хойгуур гүйж хөөгөөд хөлөөгөрөө дэгээдэж унагасан. Нөгөө залуу нь унахдаа хоёр машины голд хойшоо харсан байдалтай хөндлөн унасан. Тэгэхэд Ө- дээрээс нь нэг өшиглөж байсан. Би болиоч явъя гээд эргээд машиндаа суу гээд машин руугаа явсан. Машинаа хөдөлгөөд замын хажууд зогсож байхад Ө-, Э- хоёр машинд суугаад хурдал, хурдал гээд яаруулсан. Би сандраад шууд яараад явсан.

Ө- нь шар өнгийн хэрээсэн дөрвөлжин шоо хэлбэрийн хээтэй хавар намрын куртиктэй, саравчтай малгайтай, доогуураа хар өнгийн өмд хар өнгийн хагас түрийтэй шагай хүрсэн пүүзэн гуталтай байсан. Э- хар саарал өнгийн малгайтай цамцтай, гадуур нь хар өнгийн бомбер, цайвар өнгийн өмд, хар хагас түрийтэй пүүзэн гуталтай байсан. Нямдаваа хар өнгийн саарал өнгийн срочкин цамц, саарал өнгийн тамирын өмд хар пүүзэн гуталтай, саравчтай малгайтай байсан. Би хөх өнгийн жинсэн өмд, хар цамц, хар өнгийн савхин хүрэмтэй, хар улаан өнгийн кетэн пүүзтэй байсан. Салгах гэж байхад хар бараан өнгийн хувцастай байсан болохоор сайн харагдаагүй. Хар бараан харааны ч гэмээр гоёлын ч гэмээр нүдний хар шилтэй залуутай Ө- зууралдаж унаж байхад Нямдаваа Ө-ын хажуугаар орж ирээд нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан. Тэгж байхад нь би Ө-ыг татаж босгосон чинь хажууд нь байсан залуу Түц-ний хойгуур гүйхэд нь араас нь Ө- дэгээдэж унагаад дээрээс нь өшиглөж байсан. Тэгэхэд Ө-тай зууралдаж унасан хоёр залуу тэндээ суугаад үлдсэн байсан. Хар өнгийн саравчтай малгайтай залуутай нь Ө- нь анх эхэлж зодолдож эхэлсэн. Би алхаж яваагүй машинтай дагаж яваад машинаас буугаад харанхуй газар орсон болохоор бусад зүйлийг нь сайн хараагүй юмаа. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дугаар хуудас/,

“... Тэр залуу босоод гүйхэд Ө- араас нь хөөж очоод дэгээдэж унагаасан. Унахдаа хоёр машины голоор хөндлөн харсан байдалтай хажуу талаараа хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 77-78 дугаар хуудас/,

 

Гэрч П.Нямдаваагийн “... Би Түц-ний хажууд зогсож байсан хар бараан өнгийн хувцастай залууг зүүн гараараа нүүрэн хэсэгт нэг удаа цохиод Ө-ыг газар унасан байхаар нь босгож машинд оруулсан.

... Тухайн үед нилээн бүрэнхий байсан болохоор сайн харж чадаагүй. Манай найз Ө- шар өнгийн куртиктэй явж байсан болохоор харанхуйд сайн харагдаж байсан.

... Ө-, Э- хоёр ахыг гэрт нь хүргэж өгөх гээд машинтай явж байх үед Э- ах хэлэхдээ баарнаас гараад явж байхад 3 залуу дуудаад ахын дүү тамхи байна уу, ийшээ харанхуй руу орох уу гэж хэлээд тэр гурван залуутай маргалдсан гэж хэлсэн. Ө- машин дотор суугаад явж байхад юм яриагүй. ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 79-80 дугаар хуудас/

“... Би Ө-ыг унасан байхад нь замд саад болсон залууг нь нэг л удаа цохисон. Би өөрөөр хүн дахиж цохиогүй ээ. Намайг очиход зодоон болоод эхэлчихсэн байсан болохоор яаж ч байгаад унацгаасан талаар нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 82-83 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Төгөлдөрийн “... Бугат 10-аас 88959266 дугаараас Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын урд хүмүүс зодолдоод цус гарсан байна гэсэн дуудлага ирсэн. 03:30 минутад дуудлага дээр ирээд Улаанбаатар паласын хашаанд ороход дуудлага өгсөн иргэн Д.Амарзаяа хүрч ирсэн. Машины хажууд байна гээд паласын хажууд байна гээд 2 машины урд доошоо харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Би шууд 102 дугаарт түргэн тусламж дуудаад жоохон байж байгаад хартал Ж.Г- байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 102-103 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11648 дугаартай:

“1. Г.Г-ын баруун дээд доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

5. 2020.10.08-ны оройн байдлаар Г.Г-ын цусанд спирт илрээгүй.

6. Цусны 1-р бүлэгтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 116-117 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11646 дугаартай:

“1. Б.Э-ийн биед дух дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

5. 2020.10.08-ны оройн байдлаар Б.Э-ийн цусанд спирт илрээгүй.

6. Цусны 3-р бүлэгтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 116-117 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11652 дугаартай:

“1. Ж.Г-ын биед зүүн зулай яснаас доош зүүн чамархай хөхлөг сэртэн чихний суваг дайрч суурийн хөндий хүрсэн шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины няцрал, баруун зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 122-123 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 4081 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Hi3535/ONVIF/25*1080P/4*HDD шошготой хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

...4.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан CH4 сувгийн дүрс бичлэгт Toyota Prius XW30 маркийн бараан өнгийн автомашин дүрслэгдсэн байна.

Уг автомашины улсын дугаарын хэсгийг тодруулахад 23** *** төстэй дүрс тодорч байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 135-140 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн №5612 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 4 ширхэг дээж дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 143-144 дүгээр хуудас/,

 

Г.Ө-ын яллагдагчаар өгсөн “... Э- ах урд гараад алхаад явж байсан. Би араас нь дагаад явж байхад Э- ах зүүн талын машины зогсоолын тэнд байгаа гурван залуугийн нэгэнд нь тамхи өгч байгаа харагдсан. Нөгөө 2 залуу урд нь алхаж байсан. Тэр хоёр залуугийн нэг нь Э-ээ ахыг нааш ир гээд Түц-ний булан руу дагуулаад орсон. Би араас нь шууд яваад очиход өөрөө цохиулсан юм байна лээ, та нар яах гэж цохиж байгаан гээд маргаж байсан. Би салгах гэж голоор нь орохдоо 2 залуутай нь зууралдаад газар унасан. Гэтэл Нямдаваа Батжаргал хоёр араас ирж байсан ба намайг босгоод нэг залууг нь би биед нь 2-3 удаа цохисон юмаа. Тэр гурван залуугийн толгойгоо дараад хамгаалж хөл дээрээ явсан суусан байхад нь нэг залууг нь би өөр лүүгээ таттал Э- ах хоёр удаа өшиглөж байсан. Тэгсэн чинь нэг залуу ухасхийгээд Улаанбаатар палас чигтээ гүйгээд явахаар нь би араас нь гүйж очоод хөл рүү нь дэгээдэж, хавирах маягтай хөл тавьтал машины хаалга мөргөөд унасан. Дээрээс нь очоод харахад хамар амнаас нь нилээн цус гарсан байсан. Манайхан энэ үед цагдаа гэж орилхоор нь би зүүн тийшээ зам руу Э- ахын хамт гүйгээд Нямдаваа, Батжаргал 2 машиндаа сууж хөдлөөд араас нь очиж суусан. Машинд суугаад бид нар зодооны талаар ярилцаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 12-14 дүгээр хуудас/,

 

            Э.Э-ийн яллагдагчаар өгсөн “... Баарны хашаанаас гартал нүдний шилтэй залуу нь намайг дуудаж тамхи асуусан. Тэгэхээр нь би өөрт байсан Caster тамхинаас тамхилчхаад байж байтал цаанаас саравчтай малгайтай залуу нь тэнэг бацаан минь зайл гэсэн. Би найзад чинь тамхи өгч байна ш дээ гэхэд нөгөө нүдний шилтэй залуу нь найздаа хандаж хөгшөөн зүгээр бай гэсэн. Тэгээд тэр саравчтай малгайтай залуу нь намайг дуудаад Түц-ний араар орсон. Энэ үед Ө- араас хүрч ирсэн. Тэгтэл саравчтай малгайтай залуу нь намайг нүүр лүү хальт цохиход намайг оносон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Ө- голоор орж ирээд тэр малгайтай залуу, хүнд гэмтэл авчхаад байгаа залуутай гурвуулаа газар унасан. Тэгсэн чинь Нямдаваа, Батжаргал хоёр ирээд Ө-ыг татаж босгосон. Би малгайтай залууг нэг удаа өшиглөсөн. Нүдний шилтэй залуу араас хүрч ирээд надтай зууралдаад тэр залуу эхэлж унаад би дээрээс нь дарж унаад босохдоо толгой нүүр лүү нь цохисон. Гэтэл нэг залуу нь босоод зугтаахад нь араас Ө- гүйж очоод хавирч унагаасан. Машинд Нямдваа, Батжаргал хоёр суугаад Ө- бид хоёр зүүн тийшээ гүйж байгаад замаас нь суусан. Нөгөө хоёр залуу нь Түц-ний ард үлдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 22-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Ө-, Э.Э- нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Ж.Г-, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, гэрч П.Нямдаваа, Х.Батжаргал нарын мэдүүлэг, уг үйл явдлыг буулгасан дүрс бичлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримтууд болон мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн, шүүгдэгч Э.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр буюу түүнээс олон хүнийг гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгч нар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Хохирогч Ж.Г-ийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэргийн гэмтэл, хохирогч Г.Г-, Б.Э- нарын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт 10,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 1,244,326 төгрөг тогтоогдож шүүгдэгч Г.Ө- нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 2,000,000 төгрөгийг хохирогч Ж.Г-ид шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн болон депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг эрүүгийн хариуцлагын хуралдаанд гарган өгсөн тул шүүгдэгч Г.Ө-ыг гэмт хэргийн улмаас учруулсан баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэж үзнэ.

Харин хохирогч Ж.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах явцад хохирогч Г.Г-ын “... гомдол санал байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/, хохирогч Б.Э-ийн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх шүүгдэгч Э.Э-ээс гэмт хэргийн хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргажээ.

Шүүгдэгч Г.Ө-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан  байдлыг харгалзан нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-, Э.Э- нарын баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Ө-, Э.Э- нарын баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 төгрөгийг хасч Г.Ө-ыг 9,970,000 төгрөгөөр, Э.Э-ийг 570,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Э.Э-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ө-, Э.Э- нарт торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Ө-, Э.Э- нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Г.Ө-, Э.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ