Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 3 дугаар гудамж 146 тоотод оршин суух, Ухныхан овогт Дашзэвгийн Дуламрагчаа /РД:ЙГ68012205/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Туул гол гудамж 57 дугаар байр 5 тоотод оршин суух, Хөвгүүн овогт Эрдэнэцогтын Нямцэцэг /РД:ТЕ91021106/-т холбогдох

Гэм хорын хохиролд 9 112 440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөч Г.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дуламрагчаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Дуламрагчаа нь 2016 оны 2 дугаар сарын 11-нд өөрийн ажил үүргээ гүйцэтгэж яваад Э.Нямцэцэгийн буруугаас авто осолд орсон. Ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Осолд орох үедээ миний бие Д.Дуламрагчаа нь “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-д ахлах тогтоочоор ажиллаж байсан бөгөөд нэг сарын 1 250 000 төгрөгийн цалин авдаг байсан. Э.Нямцэцэг нь “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-д админаар ажилладаг ба миний бие нь Э.Нямцэцэгтэй тохиролцооны гэрээ байгуулсан. Гэрээгээр тохирсон зардлыг бүрэн хариуцна гэсэн тул компанид ажиллаж байхдаа авдаг байсан 1 сарын цалин болох 1 250 000 төгрөг буюу 1 жилийн 15 000 000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө болох 1 сарын 490 630 төгрөг буюу 1 жилийн 5 887 560 төгрөгийг хасч зөрүү болох 9 112 440 төгрөг, мөн сувилалын 651 600 төгрөг нийт 9 764 040 төгрөгийг  Э.Нямцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Дуламрагчаатай хамт Орхон аймагт ажлаар явж байгаад зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед маш их айж сандарсан. Д.Дуламрагчааг эмчлүүлэхэд гарсан зардлыг өөрөөсөө гаргаж байсан. Тухайн үед би жолоо барьж явсан, болгоомжгүй байдлаас осол гаргачихсан. Би өөрийн гэм бурууг ойлгож энэ хүнд хуульд заагдсанаар гарсан эмчилгээний зардал болон бусад мөнгөн дэмжлэг үзүүлж нийт бэлнээр 2 сая төгрөг буюу 2016 оны 3 дугаар сарын 11-нд нурууны зураг авхуулахад 30 000 төгрөг, эм 68 000 төгрөг, 6 800 төгрөг, 6000 төгрөг, 13 500 төгрөг 12 500 төгрөг, томографийн зураг авахуулахад 110 000 төгрөг толгойн зураг 5000 төгрөг, Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт ор хоногийн мөнгө 35 958 төгрөг, Орхоноос Улаанбаатарт авч ирэхэд тээврийн зардалд 300 000 төгрөг, Улаанбаатараас Дархан хүрэх зардалд 150 000 төгрөг нийт 2 737 758 төгрөг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний хувьд болгоомжгүйгээс болж сэтгэл санаагаар маш их унасан. Гэвч өвчтэй байгаа Д.Дуламрагчааг би эрүүл болгоход нь шаардлагатай мөнгийг боломжоороо гаргаж өгдөг байсан. Хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа ч гэсэн би цалингийн зөрүү 500 000 төгрөг, хүүхдийн үс үргээлгэх найранд нь зориулж 290 000 төгрөг, 110 000 төгрөг нийт 900 000 төгрөг дансаар Д.Дуламрагчаад явуулж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд манай байгууллагаас намайг эрүүгийн хэргийн асуудлаа шийдвэрлэсний дараа ажилдаа ор гэсэн шаардлага тавьсан байсан учир би хэргээ хурдан шийдвэрлүүлэх нөгөөтэйгүүр Д.Дуламрагчаа эгчийн эмчилгээг цаг тухайд нь хийлгэх чухал байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тогтоол гарсаны дараа би ажлаа хийж эхэлсэн. Д.Дуламрагчаа эгч өөрөө хуульд зааснаар өвчтэй байсан хугацаандаа Нийгмийн даатгалын газраас листний мөнгө, мөн байгууллагаас мөнгөн төлбөр гаргаж өгч байсныг хэлэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Нийтдээ би 3 637 758 төгрөгийг Дуламрагчаа эгчийн эмчилгээ, бусад зардалд зарцуулсан. Мөн Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардалд 2 350 000 төгрөгийн эмчилгээ сувилгаанд зарцуулсан. Энэ мөнгийг манай байгууллагын ажилчдын гэнэтийн ослын даатгалаас мөнгө нь гарч эмчилгээг Д.Дуламрагчаа хийлгэсэн.

Д.Дуламрагчаа эгч эмчилгээ хийлгэсний дараа өөрөө биеийн байдал нь арай гайгүй болсон. Би өөрийнхөө учруулсан хохирлын хэмжээнд гэм хорыг арилгасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримтаар Орхон аймгийн Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн байсан. Энэ дүгнэлтээс үзвэл 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтлийн зэрэг тогтоох дүрэм зааврын 2.3.1 дэх хэсэгт” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан бол хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж заасан байна. Гэтэл одоо Д.Дуламрагчаагийн гаргаж өгсөн 50 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан тухай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00922197 дугаартай актыг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл болгожээ. Түүнчлэн “Пасифик Рим Констракторс Монгол” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16/119 дугаартай захирлын тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх хэсгийг үндэслэн Д.Дуламрагчааг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгож ерөнхий тогоочийн албан тушаалаас чөлөөлсөн. Д.Дуламрагчаа нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байх нь надад хамаатай зүйл гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч 1 сарын цалин 1 250 000 төгрөг, 1 жилд 15 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан мөнгө болох 1 сарын 490 360 төгрөг, 1 жилийн 5 887 560 төгрөгийг хасаад зөрүү 9 112 440 төгрөг, сувилалын зардал 651 600 төгрөг нийт 9 764 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

      

            Нэхэмжлэгч Д.Дуламрагчаа нь хариуцагч Э.Нямцэцэгт холбогдуулан гэм хорын хохиролд 9 112 440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч гэм хорын хохиролд цалин 9 112 440 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа сувилалд явсан төлбөр болох 651 600 төгрөгөөр ихэсгэж нийт 9 764 040 төгрөгийг нэхэмжилж байна.

 

           Хариуцагч хохиролыг бүрэн барагдуулсан, ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч өөрөө цуцласан, эмчийн дүгнэлтээр сувилалд яваагүй мөн нотлох баримт нь шаардлага хангаагүй, шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дурдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр Тосгоны урд байх асфальтан зам дээр 50-19 БУЛ улсын дугаартай  “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад болгоомжгүйгээр Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж явсан зорчигч Д.Дуламрагчаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь  Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг,  шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 тоот дүгнэлт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Хариуцагч Э.Нямцэцэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад нэхэмжлэгч Д.Дуламрагчаатай тохиролцлын гэрээ байгуулан “... Э.Нямцэцэгийн зүгээс Д.Дуламрагчаа миний ажилд орох хүртэл хугацааны цалингийн зөрүүг 100 хувь төлөх бөгөөд цаашид гарах авто ослоос үүдэлтэй өвчний эмчилгээний зардал бүрэн хариуцна ...” гэж харилцан тохиролцож эвлэрэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн үйл баримт хэрэгт авагджээ.

        Нэхэмжлэгч Д.Дуламрагчаа нь 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн авто ослын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь  хөдөлмөрийн чадвараа 50 хувиар 12 сарын хугацаатай алдсан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0092197 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт,  эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 16/119 дугаартай хөдөлмөрийн гэрээг  цуцалсан тушаал зэргээр нотлогдож байх тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. /ХХ-14, 95 хуудас /

        Мөн нэхэмжлэгч нь уг ослоос үүдэлтэй өвчний улмаас Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төвийн цохолтоор  “Хужирт” рашаан сувилалд явсан болох нь сувиллын илгээх бичгийн онош, эмнэлгийн тамгын дардас, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн бичилт зэргээр тогтоогдож байна. /ХХ-42 хуудас/

        Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байх тул цалингийн зөрүү 9 112 440 төгрөг, сувилалын төлбөр 651 600 төгрөг нийт 9 764 040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /ХХ- 3, 4, 40, 41, 42, 44, 45, 80 хуудас/

 

        Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг явуулсан болно.

 

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзаж буй тайлбарын үндэслэлээ хуулийн хүрээнд гаргаагүй, ойлгомжгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул  шүүх бүрэлдэхүүн тайлбарыг хүлээн аваагүй болно.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Э.Нямцэцэгээс гэм хорын хохиролд 9 764 040 /есөн сая долоон зуун жаран дөрвөн мянга дөчин/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламрагчаад олгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 174 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 9 777 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламрагчаад олгож, хариуцагчаас 171 174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ

 

                                         ШҮҮГЧ                                          Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                                                                                                      Д.РЕНЧЕНХОРОЛ