Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 66-49 тоотод оршин суух, Боржигин овогт Волоожийн Ганзориг /РД:ЕВ71093016/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 24/2-1 тоотод байрлах, “Арвис интернэшнл” ХХК /УБД:9011040081, РД:4611217/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 644 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 оноос В.Ганзориг миний бие Ё.Пүрэвдаваагийн саналын дагуу барилгын тендерийн ажил дээр хамтран бизнес хийхээр тохиролцсон. Гэтэл хамтын бизнесийн явцад Ё.Пүрэвдаваа миний итгэлийг удаа дараа эвдэж цаашид хамтын ажиллагааг явуулах боломжгүй болгосон. Мөн өөр хүнээс зээлсэн 140 000 000 төгрөгөө намайг өөртэй нь хамт зээлсэн болгож шүүхийн шийдвэр гаргуулж намайг хохироосон. Тус хэрэг 2016 онд шийдвэрлэгдэж дууссан бөгөөд доорх 151 644 000 төгрөгийн асуудал бусад хөрөнгө оруулалтын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулсан боловч шат шатны прокуророос 2016 онд хэрэгсэхгүй болгосон. Иймд тус хэрэгт холбогдох тайлбар нотолгоо баримтаар батлагдсан “Арвис интернэшнл” ХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар 2011 онд зээлсэн төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2011 онд “Арвис интернэшнл” ХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 151 644 000 төгрөгийг В.Ганзориг би хувиасаа зээлсэн. Үүнийг тодруулвал 2011 оны 7 дугаар сарын 21-нд 3 500 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 20-нд 6 500 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 24-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 25-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 27-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 28-нд 60 000 000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 01-нд 1 531 000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 07-нд 4 503 000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг 2011 оны 8 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 04-нд 3 500 000 төгрөг 2011 оны 9 дүгээр сарын 05-нд 600 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сард 1 780 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 05-нд 30 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 06-нд 2 000 000 төгрөг нийт 151 644 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Арвис интернэшнл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь иргэн В.Ганзоригтой байгуулсан зээлийн гэрээ амаар болон бичгээр байхгүй, дансаар болон бэлнээр ямар ч мөнгө энэ хүнээс зээлээгүй, аваагүй,  ямар ч өглөг байхгүй ба иргэн В.Ганзориг нь удаа дараа хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж, янз бүрийн шоронгоос гарсан хүн гэр орны гадаа байлгаж, дагуулдаг. Манай компани болон надад холбогдуулан үүсгэсэн хэргүүд хууль хяналтын байгууллагаар хянагдаж хэрэгсэхгүй болж шийдэгдсэн. Иймд манай компани иргэн В.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч В.Ганзориг нь хариуцагч “Арвис интернэшнл” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 644 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

         Нэхэмжлэгч В.Ганзориг нь 2011 оны 7 дугаар сарын 21-нд 3 500 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 20-нд 6 500 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 24-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 25-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 27-нд 2 000 000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 28-нд 60 000 000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 01-нд 1 531 000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 07-нд 4 503 000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг 2011 оны 8 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 04-нд 3 500 000 төгрөг 2011 оны 9 дүгээр сарын 05-нд 600 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сард 1 780 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 05-нд 30 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 06-нд 2 000 000 төгрөг нийт 151 644 000 төгрөгийг “Арвис интернэшнл” ХХК-нд зээлсэн гэж тайлбарлаж байна.

 

        Хариуцагч “Арвис интернэшнл” ХХК нь амаар болон бичгээр ямар ч зээлийн гэрээг В.Ганзоригтой байгуулаагүй, дансаар болон бэлнээр ямар ч мөнгө В.Ганзоригоос зээлж аваагүй, В.Ганзоригоос мөнгө зээлсэн бол компанийн санхүүгийн тайланд бүртгэгдэх ба компанийн захирал хүлээн авсан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж маргаж байх тул зээлдүүлэгч зээлдэгчид зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлснээ нотлох үүрэгтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В.Ганзоригийн хүсэлтээр шүүхийн зүгээс нотлох баримт бүрдүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Капитрон банк, Голомт банк, Хаан банкны харилцах дансаар зээлийн мөнгөн хөрөнгөө шилжүүлсэн гэж дээрх баримтыг шүүхийн журмаар гаргуулсан боловч хариуцагчийн дээрх банкнуудын харилцах дансанд В.Ганзоригоос ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна./хх-ийн 117-119, 121, 124-127, 128,129, 157/

 

           Мөн нэхэмжлэгч В.Ганзоригийн хүсэлтээр  шүүхийн 2016 оны 6329, 2017 оны 1078, 2017 оны 2357 тус тус дугаар захирамжуудаар шүүхийн журмаар нотлох баримт  бүрдүүлжээ.

 

           Уг захирамжуудын дагуу шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь  В.Ганзоригоос хариуцагч “Арвис интернэшнл” ХХК-нд мөнгө зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь орлогын ордерийн нийт 36 ширхэг тасалбарын баримт ирсэн боловч уг баримтанд “Арвис интернэшнл” ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй, тус компанийн тамганы дардас дарагдаагүй, /хх-ийн 28-31, 70, 160-163/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт нь нэхэмжлэгч В.Ганзоригоос  Э.Оюунбатын дансруу  мөнгө шилжүүлсэн /хх-ийн 67,68,69 /, В.Ганзориг Зээл-2-Геронтологын тендерт “Арвис интернэшнл”  ХХК, В.Ганзориг Зээл-3- Зуурмагын үйлдвэрт- “Арвис интернэшнл”  ХХК  /хх-ийн159/ гэх баримт хүлээн авсан гарын үсэг, тамгагүй байх тул хариуцагч   “Арвис интернэшнл”  ХХК-нд мөнгө зээлсэн, хүлээлгэж өгсөн гэж үзэх боломжгүй байна.

          

           Иймд нэхэмжлэгч В.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлогдоогүй учраас  шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч В.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасанг шүүх хангахгүй орхижээ. Нэхэмжлэгч В.Ганзориг нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг үндэслэлээр тус шүүх хуралдаан хойшилсон байх тул шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангасан учраас хүсэлтийг хангаагүй болно./хх-ийн 57/

 

Нэхэмжлэгч В.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзжээ. Татгалзаж буй үндэслэлээ хүсэлт хангахгүй, хүсэлт хангахаас татгалзсан учир татгалзаж байна гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч В.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзсан гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсанг тухайн шүүхийн ерөнхий шүүгч татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна./хх-ийн 82,92/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийг хангахаас татгалзсан гэх ижил үндэслэлээр дахин шүүгчээс татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч “Арвис интернэшнл” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 644 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 913 170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ