Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Т.Ө- түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Ө.Б-, Д.М- тэдгээрийн өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Т-ын Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О овогт Ө-гийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О овогт Д-н М-д холбогдуулан холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005015750045 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Тайм Скуэр хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х овогт Т-ын Ө-.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн даатгалын ангийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 9, эцэг, эх, өвөө, эмээ, авга ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны ... тоотод оршин суух, О овогт Ө-н Б-.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн Төр нийтийн удирдлагын 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны .. дугаар байр ... тоотод оршин суух, О овогт Д- М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Ө-, Ө.Б-, Д.М- нар нь бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Ж.Төгөлдөр, Г.Э- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

шүүгдэгч Д.М- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Цагдаагийн алба хаагч Ж.Төгөлдөрийг албан үүрээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн баруун гарын шуун тус газар нь хазаж зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Т.Ө- нь 2020 оны 05 дугаар сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнийн 02 цаг 43 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэхуягийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1. Шүүгдэгч Т.Ө-, Ө.Б-, Д.М- нар нь бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Ж.Төгөлдөр, Г.Э- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

шүүгдэгч Д.М- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Цагдаагийн алба хаагч Ж.Төгөлдөрийг албан үүрээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн баруун гарын шуун тус газар нь хазаж зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хүний биед үзлэг хийсэн тухай “... Зүүн гарын бугуйн ар хэсэгт 4,5х3,8 см хэмжээтэй шинэ зулгаралттай, зүүн гарын булчингийн гадна хэсэгт 5х5 см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун гарын шууны гадна дунд хэсэгт 4,5х3 см хэмжээтэй зулгарсан шархтай. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 32-34 дүгээр хуудас/

 

Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/

 

Гар утсаар бичсэн бичлэгт үзлэг хийсэн “... Эмэгтэй хүний дуу хоолойгоор “Учралаа нааш ир ээ” гэх чимээ гарах ба энэ үед “пизда минь хөөе” гэж эрэгтэй хүний дуугаар дуугаран зүүн талын цагдаагийн алба хаагчийг нэг удаа цохиж байгаа бичлэг бичигдсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 36-38 дугаар хуудас/

 

Хохирогч Ж.Төгөлдөрийн “... 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Бугат 116 дугаар эргүүлийн чиглэлд Баянгол дүүргийн 4,5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахлагч Г.Э-ын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 00:07 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо К105 дугаар байрны урд хүмүүс архидаад шуугилдаад амраахгүй байна гэсэн дуудлага мэдээллийг 94003341 гэсэн дугаараас ирсэн. Э- бид хоёр дуудлагатай явж байгаад 40 минутын дараа очиж шалгахад 105 дугаар байрны урд сааданд сууж байсан хүүхдүүд алаг тэрэг хараад 107 дугаар байрны Орхон захын дундуур урагшаа зугтацгаасан. Зугтаачихаар нь хойноос нь шалгах гээд буцаж төв зам руу ороод Орхон худалдааны төвийн баруун талаар яваад ороход 45 дугаар байрны шатан дээр 7-8 залуучууд байж байсан. Түрүүний зугтаадаг залуучууд мөн байсан тул би машинаас түрүүлж буугаад очиход намайг хараад тэр залуучууд зугтаахаар нь би хүүхэн залуу хоёр дээр очоод “амрыг ирье, гудамж талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, хэн гэж хүмүүс вэ машин руу шалгая” гэхэд Ө- гээд байгаа залуу нь “нэрээ хэлэхгүй чи хэний хүүхдийг барьж байгаагаа мэдэж байна уу, мэдэхгүй л байна даа” гээд байсан. Би “чамайг ямар ч байсан шалгах ёстой” гэхэд найз охин нь гэх М- нь Ө-ын урдуур ороод явуулахгүй байсан. Тэгтэл Э- хүрч ирээд эмэгтэйг нь надаас салгаад холдуулахад Ө- нь “намайг тавь, манай найз охиныг бас тавь” гээд миний толгой руу нэг удаа цохисон. Би тэгэхээр нь санаатай цохиогүй байх гэж бодоод “та нарыг шалгачихад болноо, машин руу очьё” гэхэд зүгээр машин дээр хүрээд ирсэн. Машины гадаа ирээд Ө-ыг нь суулгах гэтэл найз охин нь гэх М- нь надтай ноцолдоод байсан. Э- найз охиныг нь татаад авахад Ө- манай найз охиныг тавь гээд миний толгой руу 2 удаа цохисон. Гэтэл Ө-, М- нартай хамт явж байгаа найзууд нь ирээд дундуур орцгоогоод Э- бид хоёрын гарнаас бариад зууралдаад байсан. Ө-ын баруун гарнаас нь би бариад зогсож байсан. Гарыг нь тавиулах гэхээр Э-ыг цохих гээд дайраад байсан. Гэтэл Б- гэх залуу ирээд миний гартай ноцолдоод тавиулах гээд байсан. Тэгтэл Э- машинаас утсаа аваад утсаар ярьж байх хооронд М- нь миний зүүн гарын бугуйн ар хэсгээс нэг удаа хазсан. Би тэгэхээр нь гарнаас битгий хазаад бай гээд болиулахдаа Ө-ын гарнаас эргээд барьж авах гэтэл Ө- нь Э-ын толгой руу цохиж байсан. Би тэгэхээр нь Ө-ыг барьж аваад гарыг нь доош дарахад М- гэх охин нь надруу хүрч ирээд миний хоёр хөлийг 2 гараараа холбож тэврээд манай найз залууг тавиад орхи гээд байсан. Би чи хэрэггүй ээ, хойшоо байж бай гээд хэлтэл М- миний баруун гарын шууны дотор хэсгээс хазсан. Хазахад нь би Ө-ыг барьсан байсан баруун гараа тавиад М-ыг салгаж байхад Э-ыг Ө- нь толгой руу нь хэд хэдэн удаа мөргөсөн. Би тэгэхээр нь Ө-ыг хоёр гарнаас бариад татахад М- гэх охин нь миний зүүн талд гарч ирээд булчингийн ар хэсгээс дахиад хазсан. М- хазчихаад тавихгүй байхаар нь би гараа сэгсэрч байтал нөгөө найзууд нь ирж зууралдаж байгаад бүгдээрээ уначихсан. Унахад М- хазсан байснаа тавьчихсан байхаар нь Ө-ын баруун гарт нь гаваа зүүгээд нөгөө гарт нь гаваа зүүх гэтэл ноцолдоод байсан. Гэтэл гудамжинд явж байсан 3 залуу ирчихсэн байхаар нь би “эд нарыг холдуулаад өгөөч” гэхэд холдуулж өгсөн.

... Дуудлага ирсэн дуудлагын дагуу та нарын бичиг баримтыг шалгая гэж хэлэхэд эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Би анх харахад насанд хүрээгүй бололтой мансууруулах зүйл хэрэглэсэн байхаар нь шалгасан юм. Бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэж анх харсан.

... Тархи толгой өвдөж байна. Мөн 2 гарын шуу, булчин хэсэгт хазаж гэмтэл учирсан байна. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 41-42 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Э-ын “... Ө- гэдэг залуу нь найз охин М-ын хамт согтуу байсан учраас гүйж чадалгүй зугтаасан. Би араас нь буугаад очиход Төгөлдөр Ө- гэх залууг нь машин руу нь авчирч байхад найз охин нь гээд байсан М- нь явуулахгүй гээд Төгөлдөрийн гараас бариад зууралдаад байхаар нь би М- гэх охиныг нь машин руу дагуулаад явж байсан. Тэр үед М- нь манай найз залуугийн ээжийг та нар мэдэхгүй байна, та нар буруу хүнээрээ оролдож байна даа гээд байсан. Ө- нь өөрөө ярихдаа “манай ээж та нарыг томилдог юм, би 2 цагийн дараа гэхэд гараад явчихнаа, би та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно, амьдралаар чинь тоглоно” гэж хэлсэн.

... Төгөлдөр бид хоёр та нар олон нийтийн газарт архидан согтуурсан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, иргэнээс дуудлага ирсэн гэдгийг нь хэлж хууль ёсны шаардлага тавьсан. Төгөлдөр Ө-ыг машинд суулгах гээд би М-ыг нь суулгах гэж байхад Ө- нь эсэргүүцэл үзүүлж Төгөлдөрийн толгой руу 2-3 удаа цохиод авсан. Тэгсэн чинь найз нар нь гэх залуучууд байрны голоос бөөнөөрөө гүйлдээд хүрээд ирсэн. Би М-ыг нь тавиад Ө-ыг Төгөлдөртэй нийлүүлж суулгах гэхэд Батдэлгэр гэх найз нь миний урдуур орж ирээд “ахаа найзыгаа аваад явчихъя, та тавьчихаа” гэсэн.

...Би машинаас буцаад эргэтэл Ө- гэх залуу нь миний дух руу 5-6 удаа мөргөсөн. Би Ө-ын өмд бүснээс барьчихсан байсан тул тавиагүй. Тэгтэл 30 орчим насны танихгүй хөндлөнгийн 3 залуу ирээд та нар больцгоо гэж хэлсэн. Гэтэл зууралдаж байгаад Ө-, М-, Төгөлдөр бид дөрөв газар уначихсан. Төгөлдөр унах үед Ө-ын нэг гаранд гаваа хийчихсэн байсан. Би гарыг нь өчөөд гавлах гэж байтал миний толгойны араас цохисон. Эргээд хартал хөндлөнгийн 3 залуугийн нэг нь таныг энэ залуу өшиглөсөн гэсэн. Тэр залуу нь Б- гэх цэнхэр пиджактай залуу байсан.

... Ө- гэх залуу толгойгоороо мөргөж, Б- гэх залуу нь мөн толгой руу өшиглөх үед дээрх гэмтэл учирсан. Санал хүсэлт байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 47-49 дүгээр хуудас/

 

 Гэрч Сайнсанаагийн “... Тэгээд юм яриад сууж байтал 00 цаг өнгөрч байтал 2 цагдаа байр тойроод гараад ирэхээр нь бид нар зугтаасан. Тэгтэл нөгөө хоёр цагдаа Ө-ыг бариад авчихсан. Тэгтэл Ө-ыг найз охин М- нь буцаж очоод Ө-ыг цагдаа нараас салгаж авах гээд нөгөө хоёр цагдаатай зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд бид нар учрыг нь олох гээд буцаад очоод М-ыг салгаж авах гэтэл М- Ө-ыг явуулахгүй гээд цагдаа нартай ч зууралдаад, Ө-той ч зууралдаад байсан. Тэгэхэд хажуугаар явж байсан 3 залуу бид нарын дундуур орж ирээд цагдааг хамгаалах гээд ч байгаа юм шиг, Ө-ыг ч хамгаалах гээд байгаа юм шиг зууралдаад байсан. Би яг юу болоод байгааг нь ойлгоогүй. Тухайн үед цагдаа нар М-ыг гавлах гээд байхаар нь би дундуур нь ороод байж бай гээд цагдаатай маргалдсан, ноцолдсон. Ноцолдохдоо цохиж зодсон зүйл байхгүй. Харин бүдүүн цагдаагийнх нь араас тэврээд М-аас салгах гэсэн боловч чадаагүй. Зууралдаж байгаад тавьсан.

... Миний санаж байгаагаар Ө- билүү Ө-ын найз уранхай жинсэн өмдтэй дээгүүрээ пиджак өмссөн залуу хоёрын нэг нь та нарыг хэн томилдгийг мэдэх үү гээд л цагдаатай зодолдоод байсан. Яг хэн хэн нь цагдаагийн хаана, хаана нь цохиж зодсоныг хараагүй, хөл толгой нь олдохгүй зууралдаад бужигнаад байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 54-55 дугаар хуудас/

“... Б- тэр том биетэй цагдаатай зууралдаад Ө-ыг гаргаж авахаар том биетэй цагдааг цохиж аваад байсан. Би тэгэхэд М-ыг татаж авах гээд татахад ерөөсөө дийлэхгүй М- цагдаагийн өөдөөс хашхичаад орилоод байсан. Цагдаа нарын тавиад байгаа шаардлага нь болохоор бид нар энэ залууг авч явна гэж Ө-ыг хэлсэн бөгөөд та нар цагдаагийн хэлтэс дээр араас ирээд учир зүйгээ ол гэж хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 18-19 дүгээр хуудас/

            “...Цагдаагийн автомашины хажууд 2 цагдаа зогчихсон байсан ба жижиг биетэй цагдаатай Ө-, М- хоёр зууралдаад, том биетэй цагдаа нь болохоор Ө-ын тэлээнээс давхар барьчихсан байхад нь Б- тэр том биетэй цагдаатай зууралдаад Ө-ыг гаргаж авахаар том биетэй цагдааг цохиж аваад байсан. Би тэгэхэд нь М-ыг татаж авах гээд татахад ерөөсөө дийлэхгүй М- цагдаагийн өөдөөс хашхичаад орилоод байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 18-19 дүгээр хуудас/

             

 Гэрч Батдэлгэрийн “... Ө- өөрөө халамцуу байсан тул цагдаа нарыг цохиж авах гээд байгаа бололтой гар нь саваад байсан. Цагдаа нар болохоор хоёр гарыг нь барьчихсан байсан юм. Би очоод ахаа яасан юм бэ гэхэд намайг холд цаашаа бай гэсэн.

... Ө- өөрөө тархины хүнд хавантай учраас би янз бүрийн зүйл болчих байх гэж бодоод салгах гэж оролдлого хийсэн юм. Би Ө-ын гарыг нь араас нь тэвэрчихсэн, 2 цагдаа гарыг нь хойд талд нь өчсөн байж байхад бид нар зууралдсан чигээрээ газар унацгаасан юм. Газар унасан хүн болохоор хоёр цагдаа ах, Ө-, М- бид 5 унацгаасан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 57-58 дугаар хуудас/

 

 Гэрч Энхжаргалын “... Гэтэл М- хойно хүүеээ тавиач ээ гэж дуугарсан. Би тэгэхээр нь яваад очиход цагдаа ирчихсэн Ө-ыг барьчихсан яасан их гүйдэг юм бэ гэсэн. Гэтэл Ө-ын найз охин манай найз залууг тавиачээ гэсэн.

... Намайг яваад очиход жижигхэн биетэй цагдаа Ө-, М- гурав зууралдчихсан байсан. Гэтэл Б- ирээд юу болсон бэ яасан ахаа гээд ноцолдож байсан. Тэнд миний харснаар Ө- жижигхэн цагдаатай зууралдаад барилцсан, дунд нь харин М- орчихсон зуураад байсан. Цагдаа М-ын дээгүүр гараа оруулаад Ө-ыг барьчихсан байсан.

... Би яг хэн хэн хэрхэн яаж цохисон эсэх талаар сайн хараагүй. Бүгдээрээ хэлхэлдээд гинж шиг болчихсон зууралдаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 68-70 дугаар хуудас/

 

Гэрч Ө.Зүмбэрэлийн “... Мөн Төгөлдөр цагдаа М- чинь намайг хазсан гэсэн. Би тэгэхэд нь харахад зүүн гарын ард талд нь хазсан бололтой шүдний ором байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 71-72 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Дамчойжавын “... Гадагшаа харсан чинь цагдаагийн алаг машин ирчихсэн, машины хажуу талд үл таних хоёр цагдаа, байрны гадаа маргалдаад байсан залуучуудыг салгаж байгаа бололтой байсан. Тэгээд цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад машинд суу, шаардлага биелүүлээрэй гэж хэлэхэд одоо тэр зодоон эхлүүлсэн залуугийн найз эмэгтэй нь харааны нүдний шилтэй, плаж өмссөн эмэгтэй зодоон эхлүүлсэн залууг хайраа хайраа гээд байсан. Зодоон эхлүүлсэн залуу цагдаагийн алба хаагчдийн өөдөөс та нар зүгээр байж бай, би ээжтэйгээ ярьж байна, манай ээжийг мэдэхгүй шүү, та нарыг мөрдөснөөс чинь салгана шүү гэж хэлж байсан. Бас хажуу талаас нь хэнийг нь мэдэхгүй байна. Пизда нар минь хувцсаа тайлчих, сайхан үзчихье, та нар намайг өөрсдөө очиж саатуулах байрнаас гаргана шүү, миний ээж та нарын дарга гэх зэргээр бас ярьж байсан. Наад асуудал чинь хамаагүй гээд цагдаагийн алба хаагчид бүгдийг нь авч явах гээгүй бөгөөд зодоон эхлүүлсэн, дайрч давшлаад зодоон хийх гээд байсан залууг машинд суулгах гэхэд эсэргүүцээд явах гээд байгаа бололтой харагдаад байсан. Ингээд цагдаагийн алба хаагчид нь нэг том биетэй, нөгөөх нь арай жижиг биетэй хоёр цагдаа байсан бөгөөд намхан нуруутай цагдаа руу үл таних залуу дайрч давшлаад байсан. Тэгж байтал найз охин нь гэх нүдний шилтэй эмэгтэй том биетэй цагдааг миний хайрыг тавь, боль гээд хувцаснаас нь зулгааж татаж, бараг хувцсыг нь урах шиг болсон. Тэгтэл агсан согтуу тавиад байсан залуучуудаас нэг нь буюу өндөр нуруутай, туранхай, нүүрэн дээрээ батгатай, үстэй залуу жижиг биетэй цагдаагийн араас нуруу нь өшиглөж, толгойруу нь цохиод авсан. Тэгтэл мөн нөгөө үл таних 3 эмэгтэй нь хүрч ирээд нэг нь том биетэй цагдаагийн хөлнөөс нь барьчихсан, нөгөө цагдаа нь болиоч, хазахаа болиоч гээд орилоод байсан. Ингээд тэнд байсан бүх хүмүүс 2 цагдаагийн алба хаагч руу дайрч, гол хэрүүл маргаан эхлүүлсэн хоёр залуу зугтаах гээд байсан ба би дээрээс харахад согтуу хүмүүс 2 цагдаагийн алба хаагчийг нийлээд цохиж, зодож байгаа харагдсан учраас өөрийн 94049900 дугаарын утаснаас 01 цаг 20 минутад 102 дугаарын утсанд “согтуу хүмүүс 2 цагдааг зодоод байна, хүч явуулаач ээ” гэсэн утгатай дуудлага мэдээлэл өгсөн.

... Хэрүүл маргаан үүсгэж цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж байсан. Найз охинтойгоо явж байгаа гээд залуу бол 20-22 орчим насны хар цамц, жинсэн өмд, кеттэй байсан. Энэ залуу болохоороо миний харснаар машинд суухгүй гэж эсэргүүцэж, ээжтэй ярьж байна, та нарыг ажилгүй болгоно, байж бай гээд эсэргүүцээд байсан. Жижиг биетэй цагдаагийн алба хаагчийн нүүр лүү нь цохиж аваад байсан. Хоёр дахь эрэгтэй нь 175-178 орчим см өндөртэй, туранхай биетэй, үсээ хоёр тийш нь хувааж самнасан үстэй, дээгүүрээ савхин хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Жижиг биетэй цагдаагийн араас нь нуруу руу нь өшиглөж, толгой руу нь гараараа цохиж хоолойг нь гараараа боож хойшоо татаж чангааж байсан.

... Нэг дэх эмэгтэй нь найз охин нь гээд алаг плажтай гадуураа бараан өнгийн хүрэмтэй, харааны нүдний шилтэй эмэгтэй байсан. Том биетэй цагдаагийн араас татаж чангааж, зүүгдэж, гарнаас нь хазаж, толгой руу нь цохиж зодож байсан. Цүнхээрээ бас цохиж аваад байсан. Тэр үедээ миний хайрыг аллаа, тавиач ээ гэж хэлж байсан. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 78-80 дугаар хуудас/

 

Гэрч Х.Баянбаатарын “... Тэгээд дөхөөд очиход тарган том биетэй цагдаагийн урдаас нүүр хэсэг рүү нь нэг өндөр туранхай залуу нь 2-3 удаа аймар хүчтэй мөргөөд манай ээж та нарын дарга нарыг томилдог юм пизда нараа гээд орилоод байсан. Ариунтөгс бид хоёр голоор нь орж салгах гээд очсон. Тэр салгаж байхад арай жижиг биетэй цагдааг нь урт үстэй туранхай өндөр залуу бас нүүр толгой хэсэг рүү нь тонгойгоод бусадтай нь ноцолдож байхад өшиглөөд байсан. Тэр жижиг биетэй цагдааг бас нэг эмэгтэй баруун гарын шуунаас зуураад хазаад цус гаргасан байдалтай ар талаас нь бас нэг жижиг биетэй залуу гараараа цохиод байсан. Ариунтөгс бид хоёр та нар болиоч гээд салгаж байхад бас тэдгээр залуучууд араас нь үсэрч орж ирээд гараараа цохиод дайраад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 81-83 дугаар хуудас/

Гэрч Х.Ариунтөгсийн “... Би авч явах гэж байгаа байлгүй дээ гэж байж байтал нэг залуу нь хашхичаад том жижиг 2 биетэй цагдааг цохиод байсан. Тэр цохиж байсан залуу нь болохоор өөрөө ярихдаа “манай ээж та нарыг томилдог, одоо та нарыг ална” гээд ээлжилж цохиж аваад байсан. Бид нар яахав больчих байх гэж бодоод очоод салгах гэтэл болих шинжгүй жижигхэн биетэй цагдаатай нь нэг эмэгтэй нь очиж зуураад нөгөө хашхичаад байсан залуу нь очиж цохиж аваад байсан.

... Махлаг биетэй цагдаагийн толгой руу нь мөргөөд байсан тул дараа нь нүүр нь нэлээн улайсан харагдсан. Дэслэгч залуу нь надад гараа харуулаад хазчихсан юм шиг байна гэж хэлж байсан.

... Харахад гарны шуу хавьцаа нь улайсан харагдсан. Цагдаа нар бол тэд нарыг цохиж нүдээгүй намайг очиход зууралдаад зогсч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 84-85 дугаар хуудас/

 

 Гэрч Б.Бат-Эрдэнийн “ ... Бугат 115 дугаар чиглэлийн дэслэгч Ж.Төгөлдөртэй хэсэг хугацааны дараа ярьж холбогдоход саатуулах байран дээр ирчихсэн байна хэсэг нөхдүүд шаардлага эсэргүүцээд намайг хазаад, ахлах ахлагч Э-ын толгой руу хэд, хэд мөргөсөн хавдсан байдалтай байх шиг байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 88-89 дүгээр хуудас/

 

Гэрч У.Золзаяагийн “... Э- нэг залууг газар унагаачихсан гавлаж байсан. Гэтэл Э-ын толгойн ард хэсэгт нэрийг нь Б- гээд байсан залуу гүйж ирээд нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Б- гэгч залууг нь би Гарьдмагнайн хамт барьж аваад гавлаад Бугат 116 алаг тэрэгний хойд талын сандалд суулгасан. Би буцаж очоод Э-ын газар унагаагаад гавлаж байсан залууг нь босгож машинд суулгасан. Төгөлдөр М- гэх эмэгтэйг нь газар хэвтүүлж гавлаж босгож ирээд манай 112 чиглэлд суулгасан.

... Саатуулах руу явахын өмнө хөндлөнгөөс ирж салгасан гэх гурван залуугийн нэг нь надад гар утсан дээрээ хийсэн гэх 19 секундын бичлэг фэйсбүүкээр /facebook/ явуулсныг гаргаж өгье” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 90-91 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5393 дугаартай:

“1. Ж.Төгөлдөрийн биед зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дүгээр хуудас/

 

Шинжээч М.Золжаргалын “Зүүн бугалганы болон баруун шууны учирсан зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазах үед учрах боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 100 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5394 дугаартай:

“1. Г.Э-ын биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 102-103 дугаар хуудас/

 

Гэрч Б.Нямдоржийн “... Тэр шөнө шөнийн 00 цаг өнгөрч байхад Ариунтөгс, Баянбаатар бид гурав гэртээ орох гээд явж байтал байрны машины зогсоол дээр цагдаагийн алаг тэрэг гэрэл нь ассан байдалтай зогссон хажууд нь том биетэй цагдаа нь нэг залуугийнх нь өмдний тэлээнээс нэг гараараа барьчихсан нөгөө гараараа машинаасаа юм авах гэж байгаа байдалтай байсан ба тэр бариулсан залуу том биетэй цагдаагийн нүүр лүү нь толгойгоороо мөргөөд байсан. Тэр залуу нь өндөр туранхай биетэй залуу байсан.

... Цагдаа нар тэд нарыг ерөөсөө цохисон асуудал болоогүй ээ. Тэр том биетэй цагдаа нь тэлээнээс нь зуурчихаад тавихгүй байхад тэдгээр залуучууд ирж цохиж аваад байсан. Жижигхэн биетэй цагдаа нь нөгөө том биетэй цагдаагаа хамгаалаад нөгөө залуучууд дайраад ирэхэд түрж цаашлуулаад байсан. Тэр хоёр цагдаагийн алба хаагчийн хантааз нь хоёулаа салчихсан харагдаж байсан.

...Энэ залуу болохоор 175 см өндөртэй залуу байсан бөгөөд “манай ээж хаана ч билээ ажилладаг, та нарыг ажилгүй болгоноо гээд орилоод утсаараа хэнтэй ч яриад байгаан цагдаа нар бид нарыг зодоод байна” гэж ярьж байсан. Ээж рүүгээ ярьж байсан уу хэн рүү ч ярьж байгаан нэг хүн рүү залгаж ярьж байсан.

...Жижигхэн биетэй цагдааг нь миний харснаар ямарч байсан цохиж байсан. Сүүлд цагдаа нар нэмж ирээд авч явсны дараа жижигхэн биетэй цагдаа нь гаран дээрээс хазсан байна гээд гараа харуулахад шуу хэсэгт нь арьсан зулгарсан шүдний ором гарсан харагдсан. Харин том биетэй цагдаагийнх нь дух нь хавдаж улайсан харагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 20-22 дугаар хуудас/

 

Ө.Б-ын яллагдагчаар өгсөн “... Би цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Харин Ө- өөрөө тархи толгойны өвчтэй, газар унасан дээрээс нь дарсан харагдахаар нь болиулах гээд Э- гээд цагдаагийнх нь араас өшиглөхөд толгойнх нь ар хэсэг таарсан юм шиг байна лээ. Би тухайн үед сандарсан байсан болохоор ийм үйлдэл гаргасан байна лээ. Цагдаагийн алба хаагчийн биед нь хүрсэндээ хамарсаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 221-223 дугаар хуудас/

 

Д.М-ын яллагдагчаар өгсөн “... Би болсон асуудлын талаар тодорхой санаж байна. Цагдааг хазсан асуудал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 234-236 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Т.Ө- нь 2020 оны 05 дугаар сарын 03-с 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэхуягийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Ө-, Б- нар нь хаалга руу дөхөж очих үед Бадамдорж нь баруун гараараа Ө-ын зүүн бугалга орчмоос түлхэж, мөн Б-ыг зүүн гараараа баруун бугалга орчмоос түлхэхэд Ө- нь толгойгоо тонгойлгож Бадамдоржийг мөргөх үйлдэл гаргахад нь Бадамдорж зүүн гар тал руугаа холдох бөгөөд энэ үед Ө- нь тус өрөөний баруун урд талын буланг толгой хэсгээрээ мөргөж зүүн гар талаараа эргэж Бадамдорж руу харах бөгөөд дахин Бадамдорж руу мөргөх үйлдэл хийж түүн рүү дайрч байхад нь Батдэлгэр нь Ө-ыг араас нь бүсэлхий хэсгээс 2 гараараа тэвэрч татаж холдуулж байна. ... Ө- нь зүүн хөлөөрөө Эрдэнэхуягийн толгойны зүүн хэсэг буюу чамархай орчимд нь нэг удаа өшиглөв.

... 02 цаг 56 минутанд Ө- нь тус өрөөний гол хэсэгт зогсож байх бөгөөд зүүн чамархай орчимд улайсан байдалтай, хаалгаар эмэгтэй хүн буюу Ө-ын ээж Туул нь орж ирэх бөгөөд Батдэлгэр нь Ө-ыг урдаас нь тэвэрч байх үед Эрдэнэхуяг нь зүүн гартаа согтуурал хэмждэг багаж авчирч амных нь орчим авчирхад Ө- нь Эрдэнэхуяг руу толгойгоороо мөргөх үйлдэл хийхэд Ө-ын хүзүү хэсгээс 2 гараараа дарж бариад унагаж шалан дээр хэвтүүлж байгаа бичигдсэн байна” гэсэн тэмдэглэл. /хэргийн 2 дугаар хавтас 36-37 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Эрдэнэхуягийн өгсөн “... Би 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагаас 04-ний өдрийн 13 цаг хүртэл хугацаанд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд байрлах эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн цагдаагаар томилгооны дагуу гарч ажилласан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 04-ний 01 цагийн үед үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Төгөлдөр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э- нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гээд Туулын Ө-, Өлзийхүүгийн Б-, Баасандоржийн Батдэлгэр гэх 3 залууг авчирч эрүүлжүүлэх байранд оруулна гэсэн юм. Харин авчирсан цагдаа нар нь тухайн иргэдэд үзлэг хийж байсан бөгөөд Т.Ө-, Ө.Б- гэх залуус нь согтуурхаад Т.Ө- гэх залуу нь бархирч авчирсан цагдаа нарыг хэл амаар доромжлоод байсан. Доромжлохдоо пизда, чи намайг амжихгүй, чамайг ажилгүй болгоно гэх мэтээр бархирч хэл амаар доромжлоод байсан. Миний бие эрүүлжүүлэх явцад огт оролцоогүй. Учир нь хүлээлгэн өгч байгаа цагдаа нар үзлэг хийж дууссаны дараа эмч үзэж эрүүлжүүл гэсэн тохиолдолд хүлээж аваад хяналтандаа байлгадаг юм. Тэгтэл хүлээн авах өрөөний гаднаас орж ирэх хаалгыг гаднаас эмэгтэй хүн би Т.Ө- гэх хүний ээж нь байна та нар манай хүүхдийг зодлоо гэж бахираад байхаар нь та түр хүлээж бай эрүүлжүүлэх байранд хүлээж аваагүй байна гэхэд өөдөөс дайрч орж ирэх гээд байхаар нь хаалга дотроос нь татсан чинь хөлөө чагталж зогсчхоод авахгүй байхад эргүүлийн офицер Төгөлдөр нь ирж шаардлага тавьсан чинь эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн Т.Ө- нь ээжээ гэж дуудаад намайг зодоод байна гэж бахираад байхаар нь эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Төгөлдөр нь цааш түлхсэн чинь хажууд нь зогсож байсан эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамдоржийг Т.Ө- нь мөргөх гэж дайрсан. Тухайн үед Т.Ө-ын гарыг ард гавалчихсан байсан болохоор гар хөлөөрөө цохиж чадаагүй тул Бадамдорж нь Т.Ө-оор өөрийгөө мөргүүлэхгүйгээр бултаж холдсон чинь баруун талын хана хэсгийг зүүн хөмсөгнийхөө дээд хэсгээр мөргөчихсөн. Тэр үед Т.Ө-той хамт явж байсан Батдэлгэр нь Т.Ө-ыг араас нь тэвэрч аваад зогссон. Энэ үед Б- гэх залуу нь цагдаагийн дэд ахлагч Б.Балдандорж руу хандаж хэл амаар доромжлоод өөдөөс нь дайраад байхаар нь би Б- гэх залууг барьж аваад газар хэвтүүлж байгаад гарт нь өчилт хийх гэтэл Т.Ө- нь зүүн хөлөөрөө миний толгойны зүүн чамархай хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь Т.Ө-ыг араас нь барьж аваад газар хэвтүүлсэн. Ингээд Ө- нь агсархаа болиод байж байтал гаднаас ээж нь хаалга балбаж орилоод байсан учраас хаалга нээсэн чинь та нар хүүхэд зодлоо гээд бахираад байсан. Тэгтэл Ө- нь би эрүүлжүүлэх байранд орохгүй би эрүүл байна, та нар эрүүл хүнийг эрүүлжүүлэх байранд хийлээ гэхээр нь үнэхээр эрүүл бол драйгер багажаар шалгуулчих гээд драйгер багаж бариад өөдөөс нь очсон чинь Ө- нь миний нүүр лүү толгой руу нэг удаа мөргөхөөр нь би барьж аваад гарт нь өчилт хийгээд эрүүлжүүлэх өрөө рүү буюу 4 тоот тусгаарлах өрөө рүү оруулсан юм. Харин ээж нь эрүүлжүүлэх байрнаас гаргаж авна гээд байсан учир цагдаагийн 2 дугаар хэлтсээс эрүүлжүүлсэн тул одоогоор гаргах боломжгүй гэсэн чинь яваад өгсөн. Харин 05 цагийн үед дахин ирээд манай хүүхэд толгойны өвчтэй гэх мэтээр яриад байхаар эмч Ундрах нь 103 дугаарт түргэн тусламжийг дуудаж үзүүлсэн чинь авч явах шаардлагатай гээд Ө- гэх залууг аваад явсан. Харин Ө.Б-, Б.Батдэлгэр нар нь эрүүлжүүлэх байранд 09 цаг хүртэл байранд байж байгаад эрүүлжүүлэх байранд авчирсан хэлтсээс аваад явсан.

...Надад гаргах санал гомдол байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 42-43 дугаар хуудас/

 

Г.Э-ын хохирогчоор өгсөн “... Б-, Ө-, Батдэлгэр нарыг саатуулах гэж байхад Ө-, Б- нар нь саатуулахын цагдаа нарыг өшиглөж цохиж аваад байсан. ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 15-17 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бадамдоржийн өгсөн “...Энэ үед Ө- гэх залуу нь над руу дайраад намайг мөргөх гэж дайрах үед нь би мөргөхийг нь мэдрээд ухарч холдсон чинь хана мөргөчихсөн юм. Энэ үед Батдэлгэр гэх залуу Ө-ыг араас нь тэврээд авсан. Энэ үед Б- гэх залуу нь надруу дайраад байхаар нь Эрдэнэхуяг нь барьж аваад газар хэвтүүлсэн чинь энэ үед Ө- нь Эрдэнэхуягийн толгой руу 1 удаа өшиглөсөн. Ингээд Ө-ыг газар хэвтүүлж дарж байтал агсрах нь гайгүй болсон.

... Ө-ыг эрүүлжүүлэх байр луу оруулах гэтэл би архи уугаагүй гэх мэтээр бахираад байсан учраас тэгвэл драйгер багажаар шалгана гээд Эрдэнэхуяг нь багаж бариад Ө- руу очсон чинь дахин нүүр лүү нь толгойгоороо мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 47-48 дугаар хуудас/

 

Гэрч Ө.Б-ын өгсөн “...Эрүүлжүүлэх байранд орж ирээд эхний өрөөнд орж ирээд байж байтал гаднаас Ө-ын ээж Туул нь орж ирсэн бөгөөд хаалганы цаанаас харагдсан учир Туул эгчээ бид нар цагдаа нарт баригдаад гавлуулаад ирсэн гэсэн чинь нэг цагдаа намайг газар унагаагаад гарт өчилт хийгээд байсан энэ үед Ө- хажууд байсан. ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 51-52 дугаар хуудас/

 

Гэрч Б.Батдэлгэрийн “... Б- нь Ө-ын ээжийг Туул эгчээ гэж нэрээр нь дуудаад босоод иртэл авчирсан цагдаа нараас өөр буюу эрүүлжүүлэх байранд байсан 2 цагдаа нар Б- сандал дээрээ суу гэсэн шаардлагыг тавьсан чинь Б- нь та нар яагаад байгаа юм гээд агсарсан чинь газар доош харуулж хэвтүүлж гавтай гарыг нь дээшлүүлээд байсан. Тэгтэл Ө- нь найз яагаад байгаа юм гээд Б-тай зууралдаж байсан цагдаагийн толгой руу хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 54-55 дугаар хуудас/

 

Илтгэх хуудас /хэргийн 2 дугаар хавтас 70-72 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К105 дугаар байрны гадна дуудлага мэдээллийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ буюу нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч Ж.Төгөлдөр, Г.Э- нарын эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй Т.Ө- албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх явцад Ө.Б-, Д.М- нар нь цагдаагийн алба хаагчийн хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулах зорилгоор шүүгдэгч Ө.Б- нь цагдаагийн алба хаагч Г.Э-ын толгой руу нь өшиглөх, цохих зэргээр, шүүгдэгч Д.М- нь цагдаагийн алба хаагч Ж.Төгөлдөрийн “гар хэсэгт хазах” зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцжээ.

Улмаар шүүгдэгч Т.Ө- нь 2020 оны 05 дугаар сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнийн 02 цаг 43 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэхуягийн тодорхой үйлдэл хийхээс татгалзах шаардлагыг эсэргүүцсэн Ө.Б-т албадлагын арга хэмжээ авах үед түүний толгойн тус газарт хөлөөр өшиглөж, мөн согтуурсан байдлыг зориулалтын тусгай хэрэгслээр шалгах явцад толгойн тус газар нь мөргөж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Ө-, Ө.Б-, Д.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ө-, Ө.Б-, Д.М- нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцэж, хүч хэрэглэсэн өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч Ж.Төгөлдөр, Г.Э-, Д.Эрдэнэхуяг нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нарт  холбогдох хэргийг шүүх хүлээн авсны дараа яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцээд тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ө-, Ө.Б-, Д.М- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

   Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь их сургуульд сурдаг оюутнууд бөгөөд тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Т-ын Ө-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овогт Ө- Б-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овогт Д- М-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ө-, Ө.Б-, Д.М- нарыг торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-, Ө.Б-, Д.М- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Ө-, Ө.Б-, Д.М- нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ө-, Ө.Б-, Д.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ