Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Хохирогч Х.Шинэбаяр, Шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлт тэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.П-т, Б.Б--н нарт холбогдох 2033000640026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч Б.Б-н: Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 1-р баг, Туслах аж ахуйд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Б-н Б-н РД/НЬ00000/, Шүүгдэгч Б.П-т: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цемент шохой” ХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 1-р баг, 1-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монгол овогт Б-н П-ат РД/НЫ00000000/ Холбогдсон гэмт хэргийн талаар Шүүгдэгч Б.П-ат нь *******тай бүлэглэн 2020 оны 05 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.Ганболдын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.Ганболдод 550,000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Б-н нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Шийрийн бригад гэх газраас иргэн Х.Шинэбаярын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Шинэбаярт 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.П-ат Б.Б-н нар нь бүлэглэж 2020 оны 05 сарын 19-20- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.Ганболдын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.Ганболдод 550,000 төгрөгийн хохирол уруулсан, Шүүгдэгч Б.Б-н нь 2020 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Шийрийн бригад гэх газраас иргэн Х.Шинэбаярын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Шинэбаярт 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь: Хохирогч Х.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх өглөө, орой гэхгүй адуугаа эргэдэг. Оройн адуугаа гаргасан. Тэгээд маргааш өглөө нь адуун дээрээ очсон. Тэгсэн унага байхгүй байсан. Тэр хавиар нь хайгаад олж чадаагүй. Энэ хэрэг дээр бас нэг унага яригдаад байгаа. Өглөө нь байсан унага өөр адууны унага. Үдээс хойш нь адуугаа очоод харсан чинь байхгүй байсан. Гэхдээ тэр унагаа маргааш нь олчихсон. Энэ асуудал дээр хоёр унага гээд жаахан будилаад байна. 2020 оны 04 дүгээр 19-ны шөнө алга болсон унагыг сүүлд нь Цагдаагийн байгууллагаас олж өгсөн. Унагыг өөр гүүнд авхуулчихсан байсан. Эх нь ширгэчихсэн учир би унагыг буцааж аваагүй. Батсайхан өөрөө хохирлоо барагдуулъя гэж хэлээд 1,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******ын өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. *******тай нийлж хулгай хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******ы өгсөн: “... Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм буруу зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдраад 21 жил болж байна. Манай мал Сайхан сумын 1 дүгээр баг уулын үйлдвэрийн урд талаар бэлчдэг юм. 2020 оны 05 дугаар сарын 20- ны орой адуундаа явахад манай адуу тоо ёсоороо байсан юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өглөө адуугаа харахад 1 тооны хурдан удмын эрлийз унага байхгүй байсан. Тэгээд Сайхан сумын нутгаар болон Орхон сумын Чулуутын бригад, Хар нүдэн, Замын булаг гэх зэрэг газруудаар хайсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ Хохирогч Х.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 сарын 10-ны өдөр би адуугаа харахад манай адуу Шийрийн бригадын баруухан талд хуучин айлын өвөлжөөний орчим тоо ёсоороо байж байсан. 2020 оны 04 сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд адуугаа харахаар очиход төрөөд 4-5 хоносон байсан хүрэн байдсан гүүний төл болох бор хээр унага байхгүй байсан. Тэгээд ойр орчмынхоо айлын адуу малаар хайгаад олдоогүй. Тэгээд Хөндлөн булаг, Хавцал, Шийрийн бригад голын ойр орчмоор хайгаад олдоогүй. Сэг зэм ч олдоогүй...” гэх мэдүүлэг /Ххийн 144-145 дугаар хуудас/, Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим манай аавын хуурай ах П-ат цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 тооны адуу, 1 тооны унагатай манайд ачиж ирээд манайд орж ирж цай уучхаад манай өөрийн унагатай гүүнүүд алга болоод байна. Нэг унагалах гэж байгаа гүү байгаа. Нэг унагатай гүү байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр адууг нь гэрийнхээ ойролцоо аргамжсан. Тэгээд тэр шөнө П-ат ах яваад өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 дугаар хуудас/, Гэрч Ж.Цэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдраад 22 жил болж байна. 2020 оны 05 дугаар сарын 19- ны өдөр адуундаа явж байхад манай сартай хар унага байж байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өглөө бороо шиврээд гадаа салхилаад байхаар нь би нөхөртэйгөө адуугаа хураах гээд очиход манай сартай хар унага байхгүй болчихсон байсан. Тэгээд ойр хавийнхаа айл амьтнаар эрж хайгаад олоогүй. Нөхөр бид хоёр машинтайгаа Орхон сумын 42 дугаар точка, Шийрийн бригад, Хар нүдэн, Орхонтуул сумын Ноён булаг гэх газруудаар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өглөө адуундаа явж байхад Ц.Ганболд ах над руу утсаар залгаад манай сартай хар унага байна уу гэж асууж байсан. Тэгэхэд би адуунд нь харахад байхгүй байсан. Тэгээд Ганболд ах эхнэртэйгээ ойр хавиар хайгаад л яваад байсан ...” гэх мэдүүлэг/Хх-49 дугаар хуудас/ Гэрч М.Саранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******тай 2015 онд гэр бүл болж, хамт амьдарч байна. Цагдаа нар манай гэрээр ирээд аваад явсных нь дараа би өөрөөс нь асуусан чинь хээр явж байсан чинь торонд нэг унага орооцолдчихсон байхаар нь авчихсан чинь Ганболд ахын унага байсан байна лээ гэж хэлж байсан. Дараа нь бас манай гэрт цагдаа нар ирээд манай адууг үзэж хараад Шийрийн Шинээ ах бас ирчихсэн байсан. Тэд нарыг явсны дараа Сайханаагаас өөрөөс нь асуусан чинь Шийрт явж байгаад эзэнгүй унага байхаар нь авчихсан чинь Шинээ ахын унага байсан гэж хэлж байсан. 2020 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө би ээж 2 хүүхэд, нөхөр Батсайханы хамт байсан. Яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна. П-ат ах манайд орж ирээд нөхөр Батсайханд хандаж “2 гүү барьж уясан уу? гэж асуусан. Тэгсэн Батсайхан бариад уячихсан гэсэн чинь П-ат ах за за ах нь яваад машинаа олоод ирье гээд гараад явсан. Тэгээд их удалгүй 30 минутын дараа Портер маркийн машинтай ирээд Батсайханыг дагуулаад Цэргийн анги гэх газар луу явсан. Тэнд хадам аавынх байдаг юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 167,170 дугаар хуудас/, Гэрч Б.Ганцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугар сарын эхээр байсан санагдаад байна яг нарийн сайн цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би адуундаа явчхаад оройхон нар жаргачихсан байхад харих гээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг цэргийн анги гэх газарт явж байтал манай аавын өвөлжөөний тэнд *****хоёр цэнхэр өнгийн Портер машины дэвшин дээр хар алаг зүсмийн гүү аччихсан бас нэг гүү ачих гээд зогсож байсан. Тэгээд би адуу ачаад хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь Ноён булаг явах гэж байна гэж байсан. Тэгээд би хүрэн гүүг нь хамт ачилцаж өгчхөөд цаашаа харих гээд явсан. Харин П-ат адуугаа ачаад машинтайгаа явсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 189 дүгээр хуудас/, Гэрч Б.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой Пүрэвбаатартай уулзаад бид хоёр хамтдаа Хөтөл Цемент шохой үйлдвэр дээр очоод тэндээс 20 литр түлш худалдаж аваад 19 цаг 30 минутын үед Цэргийн ангид байдаг манай аав Батсүхийнх рүү хамтдаа явсан. Тэгээд тэнд очоод Батсайхан, П-ат бид гурав хамт хар алаг зүсмийн, бас нэг гүү зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хоёр гүүг Пүрэвбатын Хьюндай Портер маркийн машинд ачиж байхад Ганцоож нэлээд халамцуу мотоциклтой ирээд үлдсэн нэг гүүг хамт ачилцаж өгөөд гэр рүүгээ явсан юм. Би бас тэгээд шууд гэр рүүгээ яваад өгсөн юм. Харин Батсайхан, П-ат хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Би хаашаа явах гэж байгаа талаар ****с асуухад Ноён булаг гэх газар хүргэж өгнө өө л гэж ярьж байсан. Өөр онцын зүйл яриагүй. Би ч бас лавлаж асуугаагүй юм...” гэх мэдүүлэг/Хх-ийн 193 дугаар хуудас/, Гэрч М.Отгонпүрэвын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын орчимд санагдаж байна Нуур гэх газрын орчимд Шинэбаяртай таарсан чинь нэг бор хээр унага харагдав уу өнгөрсөн шөнө алга болчихлоо гэж өөрөө хэлж байсан. Үдээс өмнө гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байсан 19 цагийн орчимд таньдаг ах маань утсаар залгаад адуу бөөгнүүлээд өгөөч гэхээр нь би Далай гэх газар руу адуу хураахаар явж байгаад мориноосоо унаад морио алдчихсан тэгээд хүрээд ирээч морио алдчихлаа гэсэн Төөгий хүрээд ирсэн тэгээд бид хоёр миний морийг араас нь мотоциклтой хөөгөөд Хоовоо гэх айлын гадаа барьж аваад тэдний гадаа уяад орхисон. Тэгээд нуур руу адуугаа хураахаар явж байсан чинь Сайхан сумын малын эмч Цогтоо ах өөдөөс миний хураах гэж байсан адууг туугаад гарч ирж байсан. Тэгээд Цогтоо ахтай бөөгнүүлж хураагаад бэлчээр рүү нь залж орхиод Төөгий бид хоёр Хөтөлд Жимстэй хороололд Батсайхан гээд хүргэн дүүгийндээ ирж хоносон. Маргааш өглөө нь Төөгөө бид хоёр 05 цагийн орчимд Батсайханыхаас гараад Хоовоо гэх айлд очоод би уяад орхичихсон байсан адуугаа аваад Далай гэх газраас өчигдрийнхөө хураасан адуунуудыг аваад бас Хөтөлийн Улаанаа гээд залуугийн хориод тооны адуу байхаар нь бас туугаад Шийрийн бригад руу оруулаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 163 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Хьюндай Портер маркийн 63-24 СЭА улсын дугаартай автомашиныг 2 жилийн өмнө худалдан авч байсан ба миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгслээ гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх32 дугаар хуудас/, Хьюндай Портер маркийн 63-24 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-34 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би уг мотоциклийг 2019 оны 10 билүү 11 дүгээр сард хүнээс 1 адуугаар худалдан авч байсан. Худалдаж авснаас хойш улсын дугаар аваагүй. Би мотоциклоо ихэвчлэн өөрөө ашигладаг. 2020 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө мотоциклийг хүү Батсайхан адуундаа яваад ирье гээд л аваад явсан. Тухайн үед хаашаа адуунд явж байгааг нь мэдээгүй. Надад энэ талаар хэлээгүй. Би өөрийн мотоциклоо авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-53 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2, 121 дугаар хуудас/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 3-4, 122-123 дугаар хуудас/ Таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 5-8 дугаар хуудас/, “*******” ХХК-ийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 10 дугаар хуудас/, “*******” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх мотоциклийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 сарын 19-ны өдрийн байдлаар 400,000 /дөрвөн зуун мянга/ байна...” гэх шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 138 дугаар хуудас/, “*******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 сарын 22-ны байдлаар 550,000 / таван зуун тавин мянга/ төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /Хх-ийн 18 дугаар хуудас/, “*******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар 400,000/дөрвөн зуун мянга/ байна...” гэх шинжээчийн дүгнэлт/Ххийн 130 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 19-ний өглөө *******ыг алаг гүүгээ бариад уячих гэж хэлсэн. Б.Б-н хүрэн гүүний чинь унага олдсон гэж хэлсэн. Би юун унага юм бэ гэж асуухад Б.Б-н танд хамаа байхгүй гэж хэлсэн. Би ажлаас буугаад ахын машиныг авсан. Хоёр гүүгээ ачих гээд очсон. *******ыг аавынд нь буулгачхаад эргээд иртэл Б.Б-н байхгүй байсан. Би *******ы ахтай хоёр гүүгээ ачаад зогсож байхад Б.Ганцоож ирсэн. Тэгээд хоёр гүүгээ ачаад зогсож байтал Б.Б-н над руу гар утсаар агаа та хүрээд ир гэж хэлсэн. Намайг яваад очиход Б.Б-н унага барьчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр тэр унагыг ачаад явсан. Би унагыг авахад *******тай хамт байгаагүй. Дараа нь очиж ачсан. Би гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 57-58 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.П-ат ах над руу залгасан. Хар алаг гүүгээ, Хүрэн гүүтэйгээ бариад уячих гэж хэлсэн. Би адуунд явж ирээд Хүрэн гүүг, Хар алаг гүүтэй бариад уячихсан байсан. Хүрэн гүү нь 4-5 хоногийн өмнө унагалсан. Би манай эхнэр, эхнэрийн ах гүүг унагалсан, унагалаагүй гэж ярьцгаасан. Хоёроос гурван хоногийн дараа унагалаад унага нь байхгүй болсныг мэдсэн. Би 19-ны өдөр Хүрэн гүүг, Хар алаг гүүтэй барьж уячхаад Жимстэйн хороололд байдаг өөрийнхөө гэр рүүгээ явсан. Намайг гэртээ байж байтал орой 20 цагийн үед Б.П-ат ах ирсэн. Б.П-ат ах намайг хоёулаа нөгөө гүүгээ ачаад Ноён булагт аваачъя гэсэн. Манай үхэр мал байдаг айлд аваачиж орхиод ирье гэсэн. Тэгээд намайг Б.П-ат ах гэрээс аваад явсан. Цэргийн ангид намайг буулгасан. Б.П-ат ах түлш хийчхээд ирье гэсэн. Гүүгээ ачихад хамт явсан. Намайг гүү ачихад бариад өг гэсэн. Би барьж өгсөн. Адуугаа 12-01 цагийн үед аваачиж буулгасан. Би машинд нь сууж байсан. Адуугаа буулгахад нь хамт буулгалцсан. Тэгээд нөгөө гүүг Б.П-ат ах айлынхаа залуутай хамт аргамжсан. Буцаад явах гэж байтал Б.П-ат ах гэрт нь орчхоод ирье гэсэн. Тэгээд Б.П-ат ах гэрээс нь гарч ирсэн. Б.П-ат ах намайг гэрийн үүдэнд буулгасан. Ах нь харилаа гээд явсан. Би гэм буруугаа ойлгож байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Пүрэвээ ах над руу залгасан. Тэгээд Хонгор халзан гүү чинь өвчин туссан юм шиг байна. Хоёр, гурав хоног явж чадахгүй байна. Чи ирээд үз гэсэн. Би оройхон 15 цагийн үед Жимстэйн хороололд байдаг гэрээсээ гараад очиж үзсэн. Адуун дээрээ очтол Хонгор халзан гүү байхгүй байсан. Би Хонгор халзан гүүгээ хайгаад явж байтал Шийрийн цаана хуучин айлын өвөлжөөний дээр айлын адууны наахан талд байж байхад нь очсон. Тэр адуунууд мотоциклоос үргэсэн. Би Хонгор халзан адуун дээрээ очоод зогсож байтал Бор хээр унага гуйвчихсан алхаад, шогшоод хүрч ирсэн. Тэр унаганы нүд нь нуухтчихсан, нэлээд хатчихсан байсан. Би унагыг гэртээ авчирсан. Маргааш нь даагатай гүүндээ хөхүүлсэн. Нэлээд хэд хоног байлгасан. Шинэбаяр ахын унага гэж мэдээгүй. Унагаа хайж ирэх үед мэдсэн. Шинэбаяр ах мэдүүлэг дээрээ би унагаа сайн танина, ингэж алга болох ёсгүй гэж мэдүүлчхээд таньж олуулах ажиллагаа дээр наадах чинь мөн үү, биш үү гээд байсан. Би өөрөө унагыг барьж өгч таньж олуулах ажиллагаа дээр зургийг нь даруулсан. Байцаагч, **** ахаас “энэ унага өөрийн чинь унага мөн үү” гэж асуухад Шинэбаяр ах би сайн мэдэхгүй байна гэсэн. Би миний олж ирсэн унага мөн гэж хэлсэн. Байцаагч намайг чи унагаа бариад зогсож бай гэсэн. Шинэбаяр ах зүгээр гараараа зааж байгаад зургаа авхуулсан. Тэгээд яваад өгсөн. Би өөрөө мал, морьтой. Тэр унага тухайн үед нэлээд хатчихсан байсан учир яаж хаяж явах уу гэж бодсон юм. Унагыг авчирсан өдрөө угжсан. Унагыг ямар ч байсан өдий болгосон. Би тэр унагыг эзэнтэй гэдгийг мэдсээр байж авсан. Гэхдээ тухайн үед хэнийх гэдгийг нь мэдээгүй. Хатчихсан унага байхаар нь аваад ирсэн юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 96- 97 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчлийн талаарх мэдээлэл/Хх-ийн 82-87 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зөрчлийн талаарх мэдээлэл/Хх-ийн 102 дугаар хуудас/, Хохирогч Ц.Ганболд, Х.Шинэбаяр нарын хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй тухай тодорхойлолт /Хх-ийн 185-187 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно. Шүүгдэгч Б.П-ат Б.Б-н нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.Ганболдын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.Ганболдод 550,000 төгрөгийн хохирол, Шүүгдэгч Б.Б-н нь 2020 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, Шийрийн бригад гэх газраас иргэн Х.Шинэбаярын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Шинэбаярт 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч Б.Б-н нь мал хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон *******тай бүлэглэж үйлдсэн 2 удаагийн үйлдэл тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ. Прокуророос шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Хуулийн зүйл, хэсэг, заалтын агуулгаас үзэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлахад машин механизм ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй нөхцөл байдал энэ гэмт хэргийн шинжид хамаарахаас гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор машин механизм ашигласан тохиолдлыг мөн энэ шинжид хамааруулж болох ба эдгээрийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож, төлөвлөсөн, зохион байгуулсан байхыг шаарджээ. Хэрэгт цугласан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П-н жолоодож явсан Хьюндай Портер маркийн 63-24 СЭА улсын дугаартай автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар урьдчилан тохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй боловч хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тухайн унагыг автомашин болон мотоциклоор зөөж тээвэрлэхгүйгээр авч явах, хэргийн газраас холдох боломжгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ. Дээрхээс дүгнэн үзвэл шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нар нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх дүгнэлт: Хохирогч Ц.Ганболдод 550,000 төгрөгийн, хохирогч Х.Шинэбаярт 400,000 төгрөгийн хохирол учирсан нь ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Ц.Ганболд нь шүүгдэгч нараас хохирлоо барагдуулсан, унагыг хайхад зарцуулсан замын зардал 200,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж, хохирогч Х.Шинэбаяр мөн хохиролд 1000,000 төгрөг авсан тул гомдол саналгүй тухай тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн байна. Иймд шүүгдэгч нар нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, хохирогч нарт нөхөн төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед “...хохирогч Х.Шинэбаярт 400,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүгдэгчээс 600,000 төгрөг илүү авсан тул буцаан нэхэмжилнэ...” гэсэн тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б-н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар илүү төлсөн хохирол төлбөрийг буцаан шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Гурав. Шүүгдэгч *******, Б.П-ат нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.П-ат Б.Б-н нар нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******, Б.П-ат нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил, шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан болно. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр батлагдсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батласан Эрүүгийн хуульд заасан “...мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/...” гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж тус тус заажээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх заалтаар шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжгүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.П-ат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ганболдын 1 тооны унагыг Б.Б-й бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаас доогуур ял шийтгэх боломжгүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Б.Б-н нь мал хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон *******тай бүлэглэж үйлдсэн 2 удаагийн үйлдэл тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 224 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.П-н эдлээгүй үлдсэн 506 хоногийн, шүүгдэгч *******ы эдлээгүй үлдсэн 686 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа: -эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, -эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох, -эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, -эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, -эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтов. Шүүгдэгч Б.Б-н нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, Туслах аж ахуй хаягт, шүүгдэгч П-ат нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 1-6 тоот хаягт оршин суудаг болохыг дурдах нь зүйтэй. Тодруулбал шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш шүүхээс тогтоосон хугацаанд өөрийн оршин суух газраа өөрчлөх бол мөн хаа нэгэнтээ зорчих бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн 63-24 СЭА улсын дугаартай автомашин, Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй мотоциклийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Батжаргалд, Мотоциклийг өмчлөгч Д.Б-д тус тус буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1500,000 төгрөгийг 750,000 төгрөгийг шүүгдэгч *******аас, 750,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б--с, мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон 400,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б--с тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М- овогт Б-н П-г мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Б-н Б-г үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ат Б. Ба-н нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 224 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н эдлээгүй үлдсэн 506 хоногийн, шүүгдэгч Б.Б-ы эдлээгүй үлдсэн 686 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6. Шүүгдэгч Б.П-т, Б.Б--н нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ат Б.Б-н нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн 63-24 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Даюн маркийн ногоон өнгийн мотоцикл зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож тээврийн хэрэгслийг өмчлөгч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 1,500,000 төгрөгийн тал хувь болох 750,000 төгрөгийг шүүгдэгч Б.П-ас, тал хувь болох 750,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б--с, Даюн маркийн ногоон өнгийн мотоциклын үнэлгээгээр тогтоогдсон 400,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б--с тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Б-н нь илүү төлсөн хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА