Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00299

 

Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 404 дүгээр шийдвэр,

            Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

   Г ийн нэхэмжлэлтэй,

            Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

          Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3,558,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Би 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэр гарч буцаад ажилдаа томилогдон ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2,139,716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойших буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 143 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3,558,011 төгрөгийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин тодорхойлох журмын дагуу тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г  нь 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч буцаад ажилдаа томилогдон ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2,139,716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойших буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 143 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3,558,011 төгрөгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү. Цалингийн дунджийг ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн дунджаар тооцсон гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхөлөгийн шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Г ийг ажилд томилж цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин болох 2,139,766 төгрөг, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг шилжүүлж дэвтэрт бичилт хийхээс 1,139,766 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, нийгмийн даатгалын шимтгэл 176,328 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Үлдсэнийг нь энэ сард багтаан төлөхөөр шийдвэрлээд байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг төлнө, бусад нөхөн олговрыг төлөх боломжгүй байна. Шийдвэр гарснаас хойших нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлөөд 1,000,000 төгрөгийн нөхөн олговрыг олгож болно гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас Г ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3,558,011 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,800 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 71,878 төгрөг, Төрийн сангаас илүү төлсөн 122 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн           2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхөлөгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 17 тоот магадлалыг хүлээж аваад дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг туслах нь утсаар мэдэгдсэн. Миний бие хуралдаанд заасан хугацаанд очиж оролцохоо хэлсэн. Хуралдаанд оролцох байсан боловч эрүүл мэндийн улмаас зайлшгүй шаардлагаар мэс засал, хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн. Энэ талаараа шүүгчийн туслахад /Оюумаа 99556035/-д мэдэгдэж “... би өөрөө оролцох хэрэгтэй байна. Миний өвчтэй байгаа байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж Bulgan_[email protected], [email protected] хаягаар хүргүүлсэн. Гэвч шүүх хуралдаанд гаргасан миний хүсэлтийн талаар танилцуулагдаагүй, хойшлуулаагүй шийдвэрлэсэн нь хариуцагч миний шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг олгоогүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 17 тоот магадлалыг хүчингүй болгон тус хэргийг дахин хэлэлцүүлж зохигч миний хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхөлөгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г  нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3,558,011.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өмнө гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа, 1,000,000.00 төгрөгийн нөхөн олговор өгөх боломжтой, үлдсэн хэсгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Г  нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаад орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаа  /2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх/-ны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэр нь давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар Г ийг ажилд буцаан томилсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3,558,011.00 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д үндэслэгдэнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаан хойшлуулахаар гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх  хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг олгоогүй хууль зөрчсөн... магадлалыг хүчингүй болгон тус хэргийг дахин хэлэлцүүлж зохигч миний хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг олгож өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 404 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН