Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 108

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй Улсын яллагч Б.Бүжинлхам Иргэдийн төлөөлөгч Д.Цэрэндэжид Хохирогч Б.Ганзориг Шүүгдэгч М.Эрхэмбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эрхэмбаярт холбогдох 201614000131 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 13-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Мөнхтөрийн Эрхэмбаяр /регистрийн дугаар ФЖ63103118/

Шүүгдэгч М.Эрхэмбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-р хорооллын 11 дүгээр байрны 9-р орцны подвальд Г.Буянбаатартай хамт архи ууж байгаад маргалдан улмаар цээжин тус газарт хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч М.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 12-нд гэртээ байж байтал Буянбаатар нэг юм аваад ороод ирээч гэж байна гэхээр нь нэг шил архи аваад орсон. Буянбаатар бид 2 архийг хувааж уугаад би ухаанаа алдсан байсан. Юу болсныг мэдэхгүй байна. Талийгаач бид хоёрын хооронд өс хонзон байхгүй. Архинаас болсон. Талийгаачийн ар гэрийнхэнд хохирол гэж юу ч өгөөгүй байгаа. Хүний аминд хүрсэн гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Ганзоригын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Оршуулгын зардал 2.500.000-3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгчийн хувьд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэсэн мэдүүлэг, -Гэрч Б.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 сарын 12-ны өдөр би дүү Ганзоригийн хамт байж байсан чинь над руу Сарантуяа гэж СӨХ-ийн үйлчлэгч яриад аав чинь уначихлаа эмнэлэг рүү явчихлаа гэсэн, эмнэлэг дээр очиход аав маань хүлээн авах тасагт цус алдсан байдалтай байсан бөгөөд яасан бэ хэн хутгалсан юм бэ гэж асуухад Эрхэмээ гэж нэр хэлээд өөр зүйл хэлэхгүй байсан. Хүүхдүүдийг маань дуудаач гэж хэлээд ухаан алдсан. Өөр зүйл хэлээгүй. Ямар ч байсан хутгалсан хүн нь хэн юм бэ гэхэд Эрхэмээ гэж хэлж байсан. Ингээд хагалгаанд орсон боловч амжилтгүй болоод амь насаа алдсан гэсэн мэдүүлэг /хх 53-54 ху /

-Гэрч Д.Бүрэнбаясахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 сарын 12-ны өдөр 14 цаг өнгөрч байсан, гэхдээ цагийг нарийн хараагүй. Эрхэмбаяр Буянбаатар ахыг чи надад архи авч өгч чадах юм уу би чамд хоёр шил архи авч өглөө гэсэн. Буянбаатар ах надад мөнгө алга байна нэг дэх өдөр авч өгье гэсэн чинь Эрхэмбаяр чи чадах уу гэж байснаа миний хажууд орон дээр сууж байгаад гэнэт босоод ширээн дээр байсан халбага сэрээний хажуу талд байсан ясан эвэр бүхий иштэй хутгыг аваад Буянбаатар ахыг сууж байхад цээж рүү нь хутгалчихсан. Тэгээд Сарантуяа Эрхэмбаяр ахын гарт хутга байна булааж аваарай гэсэн. Очоод Эрхэмбаярын гарнаас цустай хутгыг нь булааж авсан ингэхдээ би баруун гарын хурууг хутганд зүссэн. Тэгээд хутгыг аваад цаад талын өрөөнд ороод шуудайтай төмөрнүүд байхаар нь хутгыг нууж шуудайны араар хийсэн. Эрхэмбаяртай 2011 оноос хойш дотно харьцаатай болсон. Булаг багт Эрхэмбаярын гэрт хоносон, бид хоёр хоёулаа өглөө босоод хамт цэвэрлэгээ хийдэг байранд ирээд Эрхэмбаяр надаа тусалж орцны хог түүж өгч байсан. Би цэвэрлэгээ хийж байсан. Тэгэхэд Буянбаатар ах миний утсаар Эрхэмбаяртай яриад тэр хоёр архи уухаар болсон. Надаас Эрхэмбаяр гуйж байгаад мөнгө аваад дэлгүүрээс архи авахуулж Буянбаатар ахынх руу орсон. Дараа нь архиа ууж дуусаад би дахиж нэг архи авч өгсөн гэсэн мэдүүлэг /хх 84-87 ху/

-Гэрч Ө.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...14 цаг болж байхад /цагаа нарийн хараагүй/ Буянаа ахын амьдардаг подвальд буюу гэрт орсон. Намайг ороход Эрхэмээ ах, Буянбаатар ах, Бүрнээ эгч нар архи уучихсан согтуу сууж байсан. Би суугаад цай уучаад гарсан. Тэгэхэд тэр гурав маргалдаагүй зүгээр сууж байсан. Би 5-14 дүгээр байрны орцны хогийг нь шүүрдээгүй байсан учраас тэр ажлаа хийх гээд гарч явсан. Тэгээд очоод цэвэрлэгээ хийгээд байж байтал Бүрнээ эгч дахин яриад Эрхэмээ, Буянаа хоёр зодолдох гээд маргалдаад байна хүрээд ирээч гэж дуудсан. Би буцаад очсон орсон чинь тэд нар согтуу байж байсан архи уугаад дууссан байсан. Намайг ороход зүүн хананд байх орон дээр Эрхэмээ ах, Бүрнээ эгч зэрэгцээд суучихсан орны толгойн дээд талын сандал дээр Буянбаатар ах сууж байсан. Би ороод баруун хана дагуулан тавьсан сандал дээр өөдөөс нь хараад сууж байсан. Тэгэхэд Эрхэмээ ах Буянбаатар ахыг би чамд хоёр шил архи авч өглөө, чи надад архи авч өгч чадах юм уу гэсэн чинь Буянбаатар ах надад мөнгө алга байна би нэг дэхь өдөр аваад өгье гэсэн чинь надад мөнгө байна чи надаар авахуулж уух уу чи муу архи уух чадвар байна уу гэхэд Буянаа ах би чамд архи авч өгч чадахгүй гэхэд Эрхэмээ ах уурласан бололтой босч ирээд хойд хана дагуу байрлуулж тавьсан ширээний дээр байсан халбага сэрээний дундаас нэг хутга аваад шууд Буянбаатар ахын цээж рүү нь хутгалчихсан. ...Буянбаатар ах газар уначихсан цээжнээс нь цус алдаад ёолоод хэвтэж байсан. ...Архинаас л болсон нэг нь архи авч өг гээд нөгөөдөх нь архи авч өгч чадахгүй гэж хэлж маргалдаж байгаад Эрхэмээ ах шууд хутга аваад цээж рүү нь хутгалсан. Энэ хутгалах 3. үөд Буянбаатар ах сандал дээр сууж байсан. Эрхэмбаяр ах босож ирээд хутгаар цээж рүү хутгалсан гэсэн мэдүүлэг /хх 62-64 ху/

-Гэрч Л.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд яаралтай тусламжийн тасгийн сувилагч хутгалуулсан хүнд гэмтэлтэй хүн ирсэн байна гэсний дагуу хүлаан авах тасагт боолтын өрөөнд очиход боолтны ширээн дээр цээжнийхээ баруун талд буюу өвчүүний парлель 3-4-р хавирганы завсар босоо 2 см орчим өргөнтэй шархтай, шархнаас цус гарч байсан тул шархыг шалгаж үзэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн байсан, биеийн байдал маш хүнд шокийн байдалтай байсан тул дахин судсаар эмчилгээ хийж шарханд хоёр ширхэг оёдол тавьж боолт хийж сэхээн амьдруулах эмчид үзүүлж яаралтай хагалгаанд амь насны заалтаар орохоор болж хагалгааны өрөө рүү шууд гарган хагалгаа хийхэд өвчүүний парлель судаснаас цус гарч байсныг хавчаардан авч гурван оёдол тавьж тогтоосон юм. Цээжний хөндийд сул цус байсныг соруулж аваад цааш шалгах явцад өвчтөний биеийн байдал улам хүндэрч хагалгаа цааш үргэлжлүүлэх нөхцөлгүй болсон тул цээжний хөндийг ариун уусмалаар угааж соруулаад шархыг яаралтай хаахаар болж цээжний хөндийд гуурс тавьж шархыг оёж битүүлээд боолт хийж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. ...Өвчтөн шокийн байдалтай байсан. Ухаан нь орж гараад байсан. Тэр үед ах нь зүгээр зүгээр гэж байсан. Мөнхөө Эрхэмээ намайг хутгалсан гэж яриад байсан юм гэсэн мэдүүлэг /хх 56-57 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 22 дугаартай дүгнэлтэнд: 1. Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс ба гол судсыг гэмтээсэн хатгагдсан шарх, цээж ба үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт зэрэг гэмтлүүд үүсчээ. 2. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл ба үзүүр иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Талийгаачид гол судасны хатуурал, зүрхний булчингуудын зузаарал зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ өвчнүүд нь үхэлд нөлөөлөхгүй. 5. Талийгаачийн цусанд этилийн спиртийн шинжилгээ хийхэд 1,6 промиль процент байна Энэ согтолтын дунд зэрэгт хамаарагдана. 6. Талийгаачийн цээжний хөндийд нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс ба гол судсыг гэмтээсэн хатгагдсан шарх, цээж ба үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. 7. Талийгаач нь эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан тул зөөвөрлөсөн эсэхийг тогтоох боломжгүй. 8. Талийгаач нь уг гэмтлийг авах үедээ ямар ч байрлалтай /хэвтээ, суугаа, босоо/ байсан байж болох ба гэмтэл яг авсан даруйдаа богино хугацаанд идэвхигүй хөдөлгөөн хийх боломжтой. 9. Гэмтэл авсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 10. 11. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн байх ба амь насыг аврах боломжгүй гэмтэл байна. 12. БОЭТ-ийн эмч нар эмчилгээг зохих журмын дагуу хийсэн байна. 13. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийд нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс ба гол судсыг гэмтээсэн хатгагдсан шарх, цээж ба үнхэлцэгийн хөндий дэх сул цус, зүрх судасны хурц дутагдал болно гэсэн дүгнэлт /хх 106-108 ху/

 -Шүүх шинжилгээний албаны 59 тоот дүгнэлтэнд: ...Эрхэмбаярын цусанд этилийн спирт 3 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 132 ху/ -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1999 тоот дүгнэлтэнд: ...Талийгаачийн гэх хоёр цамцанд гарсан зүсэгдсэн уранхайнууд хурц иртэй, мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан, зүсэгдэлтүүдийн харилцан байрлал ойролцоо байх тул хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. ...3-н хутганы алингаар нь гарсан болохыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 148-149 ху/

-Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа 2016 оны 03 сарын 23-ны өдрийн магадлагаанд: 1. Одоо болон урьд магадлуулагч М.Эрхэмбаяр нь сэтгэцийн хувьд эрүүл болно. 2. Сэтгэцийн хувьд эрүүл. Эмчилгээ хийлгэж байгаагүй, эмчийн хяналтанд байдаггүй. 3. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 4. Магадлуулагч Эрхэмбаяр нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /хх 187 ху/ -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-6 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9, 14, 68-69, 71, 91-95, 109-110, 151-154 ху/

-Хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх 10 ху/ -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-21 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-23 ху/

-Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 32 ху/ -Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухайн тэмдэглэл / хх 65-67, 88-90 ху /

-Эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / хх 70, 94 ху /

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 174 ху/ -М.Эрхэмбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2-р хх 4-14-р ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Эрхэмбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-р хорооллын 11 дүгээр байрны 9-р орцны подвальд Г.Буянбаатартай хамт архи ууж байгаад маргалдан улмаар цээжин тус газарт хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хүний аминд хүрсэн гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Гүррагчаа /хх 53-54 ху/, Д.Бүрэнбаясах /хх 84-87 ху/, Ө.Сарантуяа /хх 62-64 ху/, Л.Болд /хх 56-57 ху/ нарын мэдүүлгүүд, талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс ба гол судсыг гэмтээсэн хутгагдсан шарх, цээж ба үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт зэрэг гэмтлүүд үүсч, уг гэмтэл нь шууд үхэлд хүргэснийг тогтоосон шинжээчийн 22 тоот дүгнэлт /хх 106-108 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Эрхэмбаярыг Орхон аймгийн Прокурорын газраас хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Б.Ганзориг нь оршуулгын зардалд 2.500.000-3.000.000 төгрөг зарцуулсан тул үүнийгээ нэхэмжилнэ гэж тайлбарлан нотлох баримтаар хүнсний зүйл болон шатахууны зардалын баримтуудыг ирүүлсэн байна. Шүүх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Эрхэмбаяраас 1.030.670 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч нь үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор саарал өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн урдаа цахилгаантай жилетка, цэнхэр өнгийн ханцуйтай нимгэн цамц, саарал өнгийн урдаа цахилгаантай ханцуйтай цамц, хар өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн брюкен өмд, саарал өнгийн өмд, хар бараан өнгийн өмд, хэргийн газрын үзлэгээр хураан авсан лепсйщ гэсэн бичиглэл бүхий 19 см урттай яс мэт шаргал өнгийн бариул бүхий хутга, эвхдэг 22 см урттай хүрэн өнийн бариул бүхий хутга, бариул хэсэг дээр 3 ширхэг хадаастай 17,5 см урттай, үзүүр хэсэг хугарсан, ногоон бариултай хутга, 50*50 см хэмжээтэй саарал өнгийн хивсэнцэр, 160*160 см хэмжээтэй цэцгэн хээтэй ягаан өнгийн нимгэн даавуу, 00 цаасны хэсэг, хулдаасан шалан дээрээс бэхжүүлж авсан дээж, амь хохирогчийн өмсөж явсан Russia гэсэн бичгтэй саарал өнгийн ноосон биеийн тамирын өмд, хөх өнгийн хос оймс, саарал өнгийн дотоож, хүрэн өнгийн төмөр арал бүхий тэлээ, хар саарал өнгийн өмд, ногоон цамц, шар өнгийн подволк, хажуу талаараа төмөр оломтой хар өнгийн өвлийн гутал, хар өнгийн богино куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч нь 88 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтөрийн Эрхэмбаярыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаярыг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаярт оногдуулсан 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаярын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор саарал өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн урдаа цахилгаантай жилетка, цэнхэр өнгийн ханцуйтай нимгэн цамц, саарал өнгийн урдаа цахилгаантай ханцуйтай цамц, хар өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн брюкен өмд, саарал өнгийн өмд, хар бараан өнгийн өмд, хэргийн газрын үзлэгээр хураан авсан лепсйщ гэсэн бичиглэл бүхий 19 см урттай яс мэт шаргал өнгийн бариул бүхий хутга, эвхдэг 22 см урттай хүрэн өнийн бариул бүхий хутга, бариул хэсэг дээр 3 ширхэг хадаастай 17,5 см урттай, үзүүр хэсэг хугарсан, ногоон бариултай хутга, 50*50 см хэмжээтэй саарал өнгийн хивсэнцэр, 160*160 см хэмжээтэй цэцгэн хээтэй ягаан өнгийн нимгэн даавуу, 00 цаасны хэсэг, хулдаасан шалан дээрээс бэхжүүлж авсан дээж, амь хохирогчийн өмсөж явсан Russia гэсэн бичгтэй саарал өнгийн ноосон биеийн тамирын өмд, хөх өнгийн хос оймс, саарал өнгийн дотоож, хүрэн өнгийн төмөр арал бүхий тэлээ, хар саарал өнгийн өмд, ногоон цамц, шар өнгийн подволк, хажуу талаараа төмөр оломтой хар өнгийн өвлийн гутал, хар өнгийн богино куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаяраас 1.030.670 /нэг сая гучин мянга зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 4-15 тоотод оршин суух Б.Ганзоригт /ФВ 86031711/ олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эрхэмбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС

Ж.БАЙГАЛМАА