Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 27

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
            Нэхэмжлэгч: Д.Аийн нэхэмжлэлтэй,
            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Снд холбогдох,
            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр төлүүлэх тухай” 31-01/53 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31-01/53 тоот актад “Д.Аийн жирэмсний амралттай байх хугацаа дуусгавар болж Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 тоот захирамжаар томилогдсон, 6 сар ажиллаагүй байхад 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дээд шатны төсөв захирагчийн тушаал шийдвэргүйгээр 1.077.400 төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Д.Аээр төлүүлэхээр” заасан.
Уг актыг миний бие эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан ба Сангийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13-2/5/49 тоотоор хариуг авсан. Сангийн сайдын өгсөн хариуг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 31-01/53 тоот актыг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Үүнд: Д.А миний бие нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 01 сарын 07-ны өдрийн А/12 тоот захирамжаар Угсаатны зүйн музейн захирлаар томилогдон ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 тоот захирамжаар миний цалинг шинэчлэн тогтоож, 25 хувийн ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн. Миний бие 2018 оны 01 сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/02 тоот захирамжаар жирэмсний амралт авч, 2018 оны 06 дугаар сарын 25-нд ажилдаа эргэн орсон.
Би ажлаасаа чөлөөлөгдөж дахин томилогдоогүй, хуульд заасан жирэмсний болон амаржсаны амралтаа эдлээд эргэн ажилдаа орсон. Энэ амралттай байх хугацаанд миний цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй. Иймээс би эргэн ажилдаа ороод аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 тоот захирамжаар тогтоосон 25 хувийн ур чадварын нэмэгдлээ ажилд орсон хугацаанаас буюу 06 сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан хугацаандаа авч байсан нь хууль журам зөрчөөгүй гэж үзэж байгаа.
Улсын байцаагчийн актад “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн” гэжээ.
Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ур чадварын нэмэгдлийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т заасан “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол нь Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна. Хүчингүй болсон тогтоолыг буцаан хэрэглэж акт тавьж байгаа явдал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 1995 оны 96 тоот тогтоолын 4 дүгээр хавсралтанд /ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхлэж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар бүр олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй / гэж заасан байгаа бөгөөд миний бие ажиллах хугацаандаа ур чадварын нэмэгдлээ бууруулах ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажиллаагүй бөгөөд ур чадварын нэмэгдлийг олгохгүй гэсэн Засаг даргын захирамж ч гараагүй. 2018 онд үзмэр сан хөмрөгийн улсын тооллого болсонтой холбоотойгоор ээлжийн амралтаа эдлээгүй ажилласан учир аймгийн Засаг даргын А/635 дугаар захирамжаар мөнгөн урамшил олгосон.
Мөн тус актан дээр Д.А намайг огт ажиллаагүй байж ур чадварын нэмэгдлийг 6 сар авсан мэтээр утга найруулгын хувьд алдаатай бичигдсэн зэргийг нягтлан үзнэ үү.
Иймээс Сүхбаатар аймгийн Сны 2019 оны 31-01/53 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Сны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны №1 тоотод оршин суугч Д.Аийн Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31-01/53 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:
Сүхбаатар аймгийн Сны 2019 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн 2017, 2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд дотоод аудитыг гүйцэтгэсэн.
Аудитаар Угсаатны зүйн музейн захирал Д.Аийн жирэмсний амралтын хугацаа дуусгавар болж Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар ажилдаа томилогдсон байна. Д.А нь 2018 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн ур чадварын нэмэгдэл авах нөхцөл үүсээгүй байхад дээд шатны төсөв захирагчийн тушаал шийдвэргүйгээр 1.077.400 төгрөгийн ур чадварын нэмэгдэл авсан зөрчил дутагдалд улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31-01/53 тоот актаар нөхөн төлбөр тогтоосон юм.
1. Угсаатны зүйн музейн захирал Д.Аийг аймгийн Засаг даргын 2018 он 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 тоот захирамжаар ажилд нь буцаан томилсон бөгөөд тус захирамжид Угсаатны зүйн музейн захиралд сар бүр ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохыг дурдаагүй болно.
2. 2017 он, 2018 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж үр дүнг тооцон ур чадварын нэмэгдэл олгох талаар аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлээгүй, 2018 оны эхний 6 сард жирэмсний амаржсаны чөлөөтэй байсан бөгөөд ажил эрхлээгүй улсаас үр дүн, ур чадварын нэмэгдлийг тооцох боломжгүй  нь нотлогдож байна. Иймд төсвийн шууд захирагч төсвөө зохисгүй удирдаж өөртөө 2018 оны 7 сараас 2018 оны 12 сарыг дуустал сар бүр 25 хувь буюу нийт 1.077.400 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг авч байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт мөн Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг тус тус зөрчиж төсвийн зарчим алдагдахад хүрсэн байна.
3. Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж тайлбар хийсэн байна. Тус алба нь 2019 онд Угсаатны зүйн музейн 2017, 2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтанд хамрагдсан онуудад Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг тогтоолын 4 дүгээр хавсралтын 2-т эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсхүл гоц авъяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно гэж заасан байна. Гэтэл дээрх шалгуурыг хангаж ажилласныг дүгнэсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэр гараагүй байхад нэмэгдэл авсан нь 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дэх хавсралтын 4 дүгээр заалтыг зөрчсөн байна.
4. Өмнөх шалгалтаар Угсаатны зүйн музейн захирал нь ур чадварын нэмэгдлээ аймгийн Засаг даргын 2014 онд гарсан захирамжийн дагуу үргэлжлүүлэн авч байсан зөрчилд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлснийг биелүүлж ажиллаагүй тайлант онд тухайн зөрчлийг давтан гаргасан шалтгаанаар илэрсэн зөрчлүүдийг арилгаагүй, арилгах талаар өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй байсан.
Иймд Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагч жилдээ нэг удаа ажлаа дүгнүүлж, үр дүнгийн болон ур чадварын нэмэгдлээ авах ёстой. Д.Аийн хувьд 2014 оноос эхлэн ур чадварын нэмэгдэл авч эхэлсэн. Харин 2017 онд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. 2018 онд аймгийн Засаг даргаар Ж.Эрдэнэбаатар ажиллаж байхдаа Э.Уугантуяаг ажлаас нь чөлөөлөөд Д.Аийг эргүүлэн ажилд нь томилсон байдаг. Тэгэхдээ ур чадварын нэмэгдлийг авах эсэхийг ажилд томилсон захирамж дээрээ зааж өгөөгүй байдаг. Энэ үндэслэлээр улсын байцаагчийн акт тавигдсан.
Хуульд төсөв захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалах дээд шатны төсвийн захирагчаар шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч дээд шатны албан тушаалтны шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдлийг авсан байдаг. Мөн Д.А нь 2018.06.25-ны өдөр ажилдаа ороод 07 дугаар сараас эхлэн ур чадварын нэмэгдэл авсан нь ажлаа сайн, муу хийсэн эсэхийг дүгнэх хугацаа биш гэж үзсэн. Эдгээр үндэслэлүүдийг дурдсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч Д.А шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31-01/53 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Сны даргын баталсан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Угсаатны зүйн музейн 2017-2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд дотоод аудит хийж, маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр төлүүлэх тухай ”31-01/53 дугаар актаар “Угсаатны зүйн музейн захирал Д.Аийн жирэмсний амралтын хугацаа дуусгавар болж Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар томилогдсон. 6 сар ажиллаагүй байхад 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дээд шатны төсөв захирагчийн тушаал шийдвэргүйгээр 1.077.4 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр төлбөрийн 1.077.4 мянган төгрөгийг захирал Д.Аээр төлүүлж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тоот дансанд төвлөрүүлэхийг Угсаатны зүйн музейн захирал Д.А, нягтлан бодогч Б.Түвшинсайхан нарт хариуцуулжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Би жирэмсний болон амаржсаны амралтаа эдлээд эргэн ажилдаа орсон. Амралттай байх хугацаанд миний цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй. Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тогтоосон 25 хувийн ур чадварын нэмэгдлээ ажилд орсон хугацаанаасаа авч байсан нь хууль зөрчөөгүй ... ” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөж Б/29 дүгээр захирамжаар ажилдаа буцаан томилогдсон. Нэхэмжлэгчийг Угсаатны зүйн музейн захирлаар томилсон захирамжид ур чадварын нэмэгдэл олгохыг дурдаагүй. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны эхний 6 сард жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсны улмаас түүний үр дүн, ур чадварыг тооцох боломжгүй байсан нь нотлогдож байхад Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг тус тус зөрчиж 2018 оны 7-12 дугаар саруудад 25 хувийн ур чадварын нэмэгдэл авсан ... ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.   

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 28 дугаар зүйлийн 28.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь; 28.2.4-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28.9-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,  Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-т “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно”, 4-т “Ур чадварын нэмэгдлийг олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг энэ журмын 2; 8-д заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл төрийн үйлчилгээний албан хаагч нь албан тушаалын цалингаас гадна ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдэл, үр дүнгийн урамшил авах эрхтэй ба ур чадварын нэмэгдэл олгох эсэх, хэрэв олгохоор бол ямар хэмжээгээр олгох нь тухайн албан хаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тодорхойлогдохоор байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Угсаатны зүйн музейн захирал Д.Ат албан тушаалын цалинг шинэчилсэн шатлалаар, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор баталсан 10 хувийн нэмэгдлийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамж нь дотоод аудит хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчлэлтэй байжээ.

Тиймээс нэхэмжлэгчийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс “ ... Угсаатны зүйн музейн захирал Д.Аийг аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, Б/29 дүгээр захирамжаар ажилд нь буцаан томилсон. Ажилд томилсон захирамжид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг дурдаагүй ...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Учир нь аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Угсаатны зүйн музейн захирал Д.Аийн жирэмсний амралтын хугацаанд Э.Уугантуяаг Угсаатны зүйн музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2018 оны Б/29 дүгээр захирамжаар Д.Аийн жирэмсний амралтын хугацаа дуусгавар болж ажилдаа орох болсон тул Э.Уугантуяаг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж тус байгууллагын мэдэлд шилжүүлжээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах, төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулсан бөгөөд дээрх захирамжийн агуулгаас харахад нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гэж үзэхээргүй байна.

Иймд Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр төлүүлэх тухай ”31-01/53 дугаар акт нь нэхэмжлэгчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлсөө авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 28 дугаар зүйлийн 28.2.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Сны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31-01/53 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Снаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.





                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД