Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 20

 

2018  оны 7 сарын 24 өдөр                     ДШМ/20                                             Хэрлэн сум                                   Хэрлэн сум

Шүүгдэгч  Г.О-т

холбогдох эрүүгийн хэргийн талаар

226/2018/0021/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Т. Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б  ,

Шүүгдэгч: Г.О   нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-н давж заалдах гомдлоор эрүүгийн 1739002330083 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймагт 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 36-18Б тоотод оршин суух хаягтай, урьд 1999 оны 10 сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Х овогт Г  О  /РД:ЛЮ77102012/  2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг “Уртын ам” гэх газраас  Д.М-н 13 тооны адууг буюу олон тооны малыг хууль бусаар хулгайлж 3600000 төгрөгийн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн хяналтын прокурор Г.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  5 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Х   овогт Г О-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 4 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-н цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.О-н бусдын олон тооны малыг хулгайлж, 3600000 төгрөгийн хохирол  учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүний ял хөнгөрүүлэн өөрчлөх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Г.О-н хувийн байдлыг нь харгалзаж үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлоор хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Г.О 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг “Уртын ам” гэх газраас Д.М-н 13 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 3600000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: Манай хоньчин алга болсон 10 гаруй тооны адуу туугаад явсан гэж Уранзаяа надад хэлсэн. Ойр хавиар адуугаа эрсэн боловч сураг гаргаж чадаагүй. Алдсан 13 тооны адуугаа тоо ёсоор нь буцааж авсан ... гэх /хх-8-13 х/

Гэрч Г.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “Хавцал” гэх газраас үхрээ хураагаад гэр рүүгээ явж байхад манай өвөлжөөний хажуу талаас 10 гаруй тооны адуу туусан хөтөлгөө морьтой хүн гарч ирсэн нь  туслах малчин Отгонбаатар байсан ... гэх /хх- 14-15 х/

Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг Багануураас Жаргалтхаан сум руу явж байхад Отгонбаатар хар морь уначихсан, морь хөтөлчихсөн засмал замын хажуугаар явж байхад нь түүнийг машинд суулгаад, би морийг нь унаад Цэнхэрмандал сум руу явсан ... гэх  /хх-н 21 х/

Шүүгдэгч  Г.О-н сэжигтнээр өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хээр алаг азаргатай 13 тооны адууг хулгайлж явж байгаад Энхээтэй тааралдсан. Тэгээд Хатанбаатарт баригдсан ... гэх мэдүүлгүүд /хх-н 28 х/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6х/

Гэрэл зураг /хх-7х/

Үнэлгээний комиссын шийдвэр /хх-24х/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт  үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, үйлдлийг зөв зүйлчилсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон хуульд заасан ял  байх тул Г.О-н “ял хөнгөрүүлэн өөрчлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.О  нь шийтгэх тогтоол гарснаас хойш 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Г.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

 

                                 ШҮҮГЧ                                           Я.АЛТАННАВЧ

 

    Б.ДЭНСМАА