Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Намъяанжү гудамж 36а байр 149 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаярын Ундрам /РД:ЦГ80090901/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Махатма Гандийн гудамж Оргил стадион 28, Галакси тауэр өөрийн байранд байрлах, “Халиун төгөл” ХХК /УБД:9011289106, РД:5481856/-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундрам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ундрам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ундрам миний бие “Халиун төгөл” ХХК-д гоо сайханы салоны захирлын албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 20-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл “Халиун төгөл” ХХК-ийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгч намайг ажлаас хууль бусаар үндэслэлгүйгээр халсан. Иймээс энэ тухай гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргасан ба 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3611 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1257 дугаартай магадлал болон 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 1052 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Ундрам намайг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 болон 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2 093 040 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах тухай шийдвэр, тогтоол гарсан. Үүний дагуу миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан 2 093 040 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргуулж авсан бөгөөд одоо үлдсэн хугацааны буюу 2016 оны 5 дугаар сарын 03-наас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн “Халиун төгөл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Халиун төгөл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ундрамыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 2 093 040 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан, давах, хяналтын шатны шүүхүүдийн шийдвэр, тогтоолын дагуу түүнд 2016 оны 12 сарын 23-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинг өгч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас дээрх шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа хийхдээ хуульд заасан хугацаагаа баримтлсан тул бидний зүгээс удаашруулсан хэрэг биш. Ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулахаар л шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан болохоос биш ажилд нь эгүүлэн авах талаар нэг ч ажиллагаа болоод мэдэгдэл хүргүүлж байгаагүй юм. Тийм ч учраас эхлээд цалин хөлсийг нь өгмөгц шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байдаг. Үүнээс харахад Б.Ундрам нь ажилдаа эргэн орох сонирхолгүй байсан нь харагддаг. Харин ч уг байгууллагад түүний албан тушаалын орон тоо байхгүй болсон тул үүнтэй ижил төрлийн ажил үйлчилгээг санал болгон ажилд томилох тухай захирлын тушаал зэргийг шуудангаар хүргүүлэх, утсаар мэдэгдэх зэрэг алхамууд хийж байсан ч Б.Ундрам өөрөө зүгээр сууж байгаад цалин авах хүсэлтэй байсан тул ажилд ордоггүй байсан байна. Иймд “Халиун төгөл” ХХК-ийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй байхад ажилгүй байсан хугацааны цалин нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Урьд энэ маргааныг шат шатны шүүх шийдвэрлэсэн нь Б.Ундрамыг дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй байх эрхийг хязгаарлана. Өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах байсан бол өнөөдөр мөн л ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь энэ талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэдгийг шүүхээс анхаарна уу. Тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 03-наас эхлэн нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Ундрам нь хариуцагч “Халиун төгөл” ХХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч  Б.Ундрам нь ажилд орох тухай хүсэлтээ гаргаагүй, ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулахаар л шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан болохоос биш ажилд нь эгүүлэн авах талаар нэг ч ажиллагаа болоод мэдэгдэл хүргүүлж байгаагүй тул  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

          Шүүх нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

 

         Хариуцагч “Халиун төгөл” ХХК нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03611 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2016/01052 дугаар тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин төлөх шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Ундрамыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гоо сайхны салоны захирлын орон тоо хасагдсан тул ресепшины ажилд томилжээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад хариуцагч байгууллага нь Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс нь Б.Ундрамыг ажлын байраар хангаж, ажилд нь томилоогүй буруутай байх тул түүний ажилгүй байсан дээрх хугацааны цалинг төлөх үндэслэлтэй байна.

         Хариуцагч шүүхийн шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүрэн биелүүлсэн байх тул уг өдрөөр өөрийн эрхээ зөрчигдсөнтэй холбогдон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаан дотор буюу шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах эрхийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

          Иймд нэхэмжлэгч Б.Ундрамын ажилгүй байсан хугацааны ажлын 160 өдрийн /2016 оны 5 сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт / 46 512 төгрөг x 160 өдөр/  7 441 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 134 021 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид 70 200 төгрөг, үлдэх 63 821 төгрөгийг улсын  төсөвт үлдээх нь хуульд нийцнэ.  

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Халиун төгөл” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинд 7 441 920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ундрамд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ундрамын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “Халиун төгөл” ХХК-д үүрэг болгосугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 134 021 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид 70 200 төгрөг, үлдэх 63 821 төгрөгийг улсын  төсөвт үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ