Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/274

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Н.А-, Т.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Тайчууд овогт Тогтохын П-, Боржигон овогт Нэргүйн А- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000170 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ........ дүүргийн эмнэлэгт Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасагт сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн ард аюуш ... дугаар гудамжны ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн ард аюуш ... дугаар гудамж ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайчууд овогт Тогтохын П-.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн ... дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн ард аюуш ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нэргүйн А-.

 

Холбогдсон хэрэг./яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.П- нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард аюуш ... дугаар гудамж ... тоотод Н.А-тэй “хүүхэд айлгалаа” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас харилцан зодолдож Н.А-ийн эрүүл мэндэд биед хамар, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, баруун хөх, зүүн гарын бугалга, сарвуунд зулгаралт, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.А- нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард аюуш ... дугаар гудамж ... тоотод Т.П-тай “хүүхэд айлгалаа” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас харилцан зодолдож Т.П-гийн эрүүл мэндэд хацар, хамарт зулгаралт, зүүн чамархай, нуруу, цээж, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П- мэдүүлэхдээ: “Тухайн үед намайг гэртээ байж байхад А- өөрөө манай гэрт дайрч орж ирж намайг зодсон. Би энэ хүнийг санаатай зодъё гэж бодоогүй. Намайг түрүүлж зодсон болохоор өөрийгөө хамгаалсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А- мэдүүлэхдээ: “Тухайн үед утсаар ярьж ойлголцож чадаагүй. Тэгээд гэрт нь очиж хэрэг явдлыг тайлбарлах гэтэл намайг түрүүлж цохихоор нь зөрүүлж цохисон. Би өөрийгөө хамгаалах үүднээс цохисон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П- хохирогчоор мэдүүлэхдээ: “Тухайн өдөр А- нь эхлээд миний хүүхдийг дарамталсан. Дараа нь манай гэрт ирээд намайг зодсон. Миний хацрыг сорвитой болгосон. Гоо сайхныг минь алдагдуулсанд гомдолтой байна. Миний хацрыг сорвигүй болгож өгөхийг хүсэж байна. Сорви арилгахад 2,000,000-3,000,000 төгрөгөөр эмчилнэ гэж хэлсэн. Би одоо 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. А- нь олон удаа ална гэж сүрдүүлж байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А- хохирогчоор мэдүүлэхдээ: “Маш их гомдолтой байна. Хөмсөгнөөс уруул хүртэл маажсан сорвитой болсон. Нүд рүү хумсаа хийгээд нүд бүрэлзэж аргаж өвддөг болсон. Нүдээ эрүүл болгомоор байна. Нүүрний сорвио арилгуулах хүсэлтэй байна. Нүд эмчлүүлэхэд 2,000,000 төгрөг, сорвио арилгуулахад 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг П-гаас нэхэмжилж байгаа. Мөн сэтгэл санааны гүн дарамттай байгаа” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Т.П-, Н.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.А-ийн өгсөн “2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Т.П- нь манай аавын гэр буюу Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард аюушийн ... дугаар гудамжны 70 тоотод хүү Мөнх-Эрдэнийг харуулахаар үлдээсэн байсан юм. Манайх аавынхтай нэг хашаанд байдаг юм. Тус өдөр Мөнх-Эрдэнэ нь манай гэрт орж ирээд манай охинтой тоглосон. Тоглож байхдаа гал руу ойртоод байхаар нь зүгээр бай хоёуланг чинь зодно шүү, зүгээр суу гэж хэлсэн. Орой нь П- ирээд хүүхдээ аваад явсны дараа удалгүй над руу залгаад чи миний хүүхдийг загнасан байна гэсэн ба би учир явдлыг хэлсэн. Гэтэл намайг хэлэх хэлэхгүй үгээр баахан доромжилсон ба би тэгэхээр нь хүүхдийн үгээр үг хийгээд яах вэ гэхэд миний үгийг тоолгүй хэрүүл хийгээд байсан ба чи чаддаг юм бол манайд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би гэрт нь очоод учир байдлыг тайлбарлаад хэлэх гэтэл үгийн зөрүүгүй өөдөөс цохих гэж дайрсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад цааш нь түлхэхэд орон дээр унасан ба эргэж босож ирээд намайг үснээс зулгаагаад гэдэс рүү өшиглөсөн ба тухайн үед П-гийн нөхөр Лхагважав нь гарын урд сууж байсан бөгөөд босож ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салгачхаад сууж байсан чинь дахин хэрүүл хийгээд миний үснээс үстээд зулгаасан ба би ч гэсэн үснээс нь зулгаасан. Тэгсэн чинь нөхөр нь бас дахин салгасан ба намайг П- өшиглөсөн. Тэгээд байж байтал гаднаас Лхагвадорж орж ирэх үед миний үснээс зулгааж нүүрийг минь самардсан. Тэгээд дахиад салаад гарах гэж байтал над руу шанага шидээд манай ах Лхагвадоржийг оносон. Би чамайг яг одоо ална гээд над руу индүү шидсэн ба Лхагвадорж ах гараараа индүүг хааж хамгаалсан. Ингээд ахиад сууж байтал миний үсийг гарандаа ороогоод ахиад гэдэс рүү өшиглөсөн ба би өөрөөсөө салгах гээд хацраас нь базсан ба хоёр ах бид хоёрыг дахин салгасан.

... Т.П- гар хөлөөрөө цохиж маажиж тус гэмтлийг надад учруулсан. Өөр хүн миний биед халдаж хүрээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би Т.П-гийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-9 дүгээр хуудас/,

 

Хохирогчоор Т.П-гийн өгсөн “...Тэгээд замдаа явж байхад хүү маань ээжээ А- аниа намайг ээжийг чинь алах уу, чамайг алах уу эсхүл гарыг чинь хайрах уу гээд төмөр улайсгаж байгаад айлгасан гэж надад хэлсэн.Тэгэхээр нь би хүүгээсээ яагаад тэгсэн юм гэж асуусан чинь А-ийн 4 настай охиныг манай хүү тоглож байгаад түлхээд уйлуулсан байсан. Тэгээд охиноо өмөөрөөд манай хүүхдийг айлгасан байсан. Ингээд би А-ийн 88649354 дугаарын утас руу өөрийн 99460250 дугаарын утаснаас залгаад “чи яагаад манай хүүхдийг айлгасан юм бэ” гэж асуусан чинь би тэгээгүй, чи хүүхдийн үгээр үг хийлээ, наад хоёр чинь үймүүлээд байхаар нь би айлгаад хоёуланг нь цохисон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи яах гэж хүүхэд айлгаж цохисон юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр утсаар маргалдсан.

... Тэгээд гэртээ ороод хувцсаа сольчхоод байж байтал удалгүй гаднаас манай гэрт А- дайрч орж ирээд шууд миний үснээс зулгаагаад дараад авсан. Араас нь А-ийн төрсөн ах Улаанаа орж ирээд миний хоёр гараас бариад дараад суусан. Тэр хооронд А- миний нүүр амыг маажаад хөл гуя руу өшиглөсөн. Мөн гуяны дотор тал руу өшиглөсөн. Тэгээд байж байтал манай нөхөр Лхагважав гаднаас орж ирээд бид нарыг салгасан ба над руу индүү барьж дайрсан. Тэгээд эгчийг чинь ирэхээс өмнө чамайг алаад хаячихъя л даа гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Лхагвадоржийн “... Намайг орох үед манай хоёр дүү А-, П- нар нь хоорондоо үсдэлцээд зодолдож байсан ба би тэр хоёрыг салгасан. Гэвч П- нь ерөөсөө тайвширахгүй А-ийг барьж аваад зодоод байсан. Би салгах гэсэн боловч П- нь А-ийг үстчихээд гараа тавихгүй, нүүр бие рүү нь өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ над руу дайраад шанага болон элдэв янзын юм авч шидээд над руу дайраад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Хулганаагийн “... манай төрсөн дүү П- 18 цагийн орчимд над руу “аниа манай хүүхдийг А- ална гэсэн байна, тэгэхээр нь би утсаар залгаад хэлсэн чинь гэртээ байж байгаарай чамайг очиж ална гэж байна” гэж надад ярьсан. Та хүрээд ирэх үү гэж надад хэлэхээр нь арай ч тийм зүйл болохгүй байх гэж бодоод утсаа тасалсан. Удалгүй ахиад дүү залгаад А- манай гэрт ирчихсэн байна, намайг зодоод үс, толгой, нүүр, ам юу ч үгүй маажаад хаячихлаа гэхээр нь би гэрээс гараад машинтайгаа гэрт нь очсон ба явж байх замдаа цагдаа дуудаад очсон. Тэгээд намайг очиход А-ийн төрсөн эгч Ариунаа, төрсөн ах Улаанаа А- болон П-гийн нөхөр Лхагважав нар байсан ба би ороод чи яахаараа миний дүүг зоддог юм гээд хэрэлдэхэд цагдаа нар ирээд манай дүү болон А-ийг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59-61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1049 дугаартай:

“1. Н.А-ийн биед хамар, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, баруун хөх, зүүн гарын бугалга, сарвуунд зулгаралт, хэвлийд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.7 Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1038 дугаартай:

“1.Т.П-гийн бид хоёр хацар, хамарт зулгаралт, зүүн чамархай, нуруу, цээж, хоёр гуянд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ту гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.П- нь “хүүхэд айлгалаа” гэсэн шалтгаанаар шүүгдэгч Н.А-тэй маргалдах явцдаа “чаддаг юм бол, гэрт хүрээд ир” гэж санаатай өдөөн хатгасны улмаас шүүгдэгч Н.А- нь Баянгол дүүргийн ...  дугаар хороо Зүүн ард аюуш ... дугаар гудамж ... тоотод очин шүүгдэгч Т.П-, Н.А- нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулжээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу шүүгдэгч Т.П-, Н.А- нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Н.Лхагвадорж, Т.Хулганаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.П-, Н.А- нарын үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч нарын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт эмчилгээ хийлгэх 3,000,000 төгрөгийг, мөн  хохирогч Н.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт нүдээ эмчлүүлэх 2,000,000 төгрөг, сорви эмчлэх 3,000,000 нийт 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар ямар ч нотлох баримт авагдаагүй тул хохирлыг тооцож шийдвэрлэх боломжгүй байна.

Гэхдээ хохирогч нар нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.П-, Н.А- нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.П-, Н.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайчууд овогт Тогтохын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Нэргүйн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Н.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.П-, Н.А- нар нь торгох ялыг 4 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.П-, Н.А- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.П-, Н.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.П-, Н.А- нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.П-, Н.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ