Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 01331

 

         2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/01331

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ЭТНО, Пийс тауэр барилга 705 тоотод үйл ажиллагаа явуулах “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Л.Дөлгөөнтамирыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгох нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Мөнхбаяр хөтлөв.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                                                 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Лхагважав овогтой Дөлгөөнтамир нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Улаанбаатар-3 салбараас 10528677 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Л.Дөлгөөнтамир нь үндсэн зээл 309,300 төгрөг, зээлийн хүү 109,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,900 төгрөг нотариатын хөлс 8,500 төгрөг нийт 436,700 төгрөгний төлбөртэй байна. Анх зээл авсан хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 гудамж, 33 тоот хаяганд оршин суудаггүй гэсэн шүүгчийн захирамж гарсан тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь Л.Дөлгөөнтамирыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Дөлгөөнтамир нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 гудамж, 33 тоотод оршин суудаггүй бөгөөд хаана оршин суудаг нь тодорхойгүй байна.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Л.Дөлгөөнтамирыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул Л.Дөлгөөнтамирыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг нэхэмжлэгчийн ирүүлсэн хаягаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Л.Дөлгөөнтамир /РД: АМ89091501/-ыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-зааснаар Л.Дөлгөөнтамирыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогоож хүсэлт гаргагч “Вишнфанд ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Б.САЙХАНЦЭЦЭГ