Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Хонгорзул,

өсвөр насны шүүгдэгч Б.М- түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэцэгмаа,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Онход овогт Болдын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005028980256 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн .. дугаар сургуулийн ... ангийн сурагч, ам бүл 9, эмэг эх, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Онход овогт Болдын М-.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч Х.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун нүд рүү гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний шар толбоны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Нандин-Эрдэнэ найзтайгаа уулзаад явж байтал Алтаншагайтай таараад Төгөлдөр хүүхдүүдтэй зодолдох гээд явсан хоёулаа хамт явъя гээд 12 дугаар байрны тэнд очсон. Намайн очиход Төгөлдөр, Г- хоёр зууралдаад зогсож байсан. Тэгээд би дундуур нь орж салгах гээд Төгөлдөрийн холдуулах гэхэд холдохгүй байсан. Г- доошоо тонгойсон нэг гараараа газар тулсан байхад нь би босгох гээд татахад Г- миний нүд юм харахгүй байна гэсэн. Тэгээд бид нар тарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “Манайх 6 хүүхэдтэй. Б.М- нь манай 3 дахь хүүхэд. Хоёр ах, гурван дүүтэй. Манай гэр бүл 1999 оноос хойш тасралтгүй гэр бүлээрээ Есүс христийн чуулганд явдаг. Б.М- нь багаасаа сүм чуулганд явсан, гитар, бөмбөр тоглодог, хичээл номдоо сайн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг хүүхэд байгаа юм. Өмнө зодоонд оролцож, холбогдож байгаагүй. Б.М-ий том ах нь их дээд сургууль төгсөж тогооч мэргэжлээр Улаан загалмайн нийгэмлэгт ажилладаг. Дунд ах нь Соёл Урлагийн их сургуулийг кино жүжигчнээр төгссөн. Дүү нь уран нугаралтаар хичээллэдэг. Би аль болохоор хүүхдүүдээ цагийн үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангаж, хичээлээс гадуур хөгжим, спорт дугуйланд явуулдаг. Тухайн хүүхдийг гэмтээсэнд харамсалтай байна. Хохирогч хүүхдээс уучлалт гуйсан. Хэд хэдэн удаа түүний аавтай уулзсан. Тухайн үед зодоон болох  гээд 10, 20 хүүхдүүд цугларсан байсан тул манай хүү очоод Төгөлдөрийг салгах гээд түлхээд гараараа санамсаргүй хүчтэй нүд рүү нь цохисон гэж ойлгож байгаа.Г-ийг үргэлжлүүлж зодсон үйлдэл байхгүй. Нүд сонин болчихлоо гэхээр нь тэнд байсан хүүхдүүд тарсан байгаа юм” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны урд талд байдаг сагсан бөмбөгийн талбайд тоглож байхад үл таних найман хүүхэд ирсэн.

Тэд нарын хоёр нь охин байсан. Тэгээд бөөнөөрөө тоглож байхад Төгөлдөр гэгч нь над руу орилж чи надад сагс заах болоогүй шүү гэсэн. Тэгэхээр нь би яасан ууртай залуу вэ гэсэн чинь намайг толгойгоороо мөргөсөн. Тэгээд би яагаад байгаа юм бэ гэсэн чинь хажуугаас нь найзууд нь ирээд баруун гар луу цохисон чинь Төгөлдөр нь над руу хоёулаа граш руу явж шууд зодолдоод үзье гээд байсан. Би тэгэхээр нь зодолдохгүй больё гэсэн чинь Төгөлдөр над руу чи маргааш манай байрны гадаа хүрээд ир тэнд хоёулаа зодолдьё, байрны гадаа ирж намайг асуугаад ол гэхээр нь би за тэгье гэсэн.

Тухайн өдөр миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадаа найз Э.Эрдэнэбаяртай хамт Төгөлдөртэй уулзахаар очоод байрны гадаа байсан танихгүй хүүхдээс Төгөлдөр гэгчийг таних уу, фэйсбүүкийг нь мэдэх үү гэж асуухад тухайн хүүхэд над руу Төгөлдөрийн фэйсбүүк хаягийг үзүүлсэн. Тэгээд би шууд тухайн хүүхдийн мессенжерийг ашиглан залгаж, би байрны гадаа чинь ирсэн байна, гараад ир гэсэн чинь 10-15 минутын дараа Төгөлдөр хоёр найзтайгаа хамт гараад ирсэн. Тэгээд над руу бүгдээрээ байрны урд байдаг граш руу очьё гэсэн. Тэгээд бөөнөөрөө тийшээ очиж Төгөлдөр бид хоёр зодолдсон. Би Төгөлдөрийн нуруу луу нэг удаа, тэр миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгтэл бид хоёрыг Төгөлдөрийн найз салгаж авсан. Тэгээд бид нар байж байхад өмнө харж байхад өмнө харж байгаагүй үл таних хүүхэд над руу ирж М- гээд асуугаад үзээрэй гээд миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд би доошоо хараад миний нүд юм харахгүй байна гээд дээшээ харахад дахиад баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид нар салж би гэр лүүгээ явж цүнхээ тавиад Болор мэлмий нүдний эмнэлэг рүү очоод нүдээ үзүүлсэн чинь эмч нь аав, ээжээ дагуулаад маргааш ирээрэй гэхээр нь маргааш нь аавыг дагуулаад эмнэлэг орж, тэгээд цагдаад хандсан болно.

... Би гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

“... Төгөлдөр бид хоёр 1 удаа духаа нийлүүлсэн. Хүчтэй мөргөлдөөгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн “... Тэгээд Г- бид хоёр өөд өөдөөсөө харж зогсож байгаад Г- гараараа нүүр лүү хоёр удаа цохих үйлдэл хийхэд нь би оногдоогүй бултаад доошоо суучихаад дээшээ босоход Г- дахиад гараараа миний зүүн талын дээд уруул орчим 1 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд Г-ийг тонгойхоор нь дагз орчимд нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд Г- больё гээд бид хоёр салсан. Тэгээд салаад байж байтал М- ирээд Г- тонгойчихсон байдалтай зогсож байхад нь М- зүүн гараараа санагдаж байна, Г-ийн нүүр лүү нь 1 удаа доороос нь өлгөсөн байдалтай цохиод Г- больё миний нүд сонин болчихлоо гэж орилсон. Тэгээд боль боль гээд Г-тэй гар бариад салсан.

...Тэр өдөр М- Г-тэй чи миний найзтай зодолддог хэн бэ гээд нүүр лүү нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Алтаншагайгийн “...Төгөлдөр, Г- хоёр урд урдаасаа хараад хоёулаа гараа өрсөн байдалтай зогсож байгаад Төгөлдөр Г-ийн толгой орчим руу гараа давуулаад цохих гэж оролдсон ч оноогүй. Г- зөрүүлээд Төгөлдөрийн зүүн шанаа орчимд нь 2 улаа гараа цохиод 1 цохилт нь оноогүй. Нэг нь ам орчимд нь оносон. Тэгээд Төгөлдөр Г-ийг зүүн хөлөөрөө өшиглөх гэж оролдоход Г- хөлийг нь барьж аваад Төгөлдөрийн гэдэс орчим нь гараараа 2 удаа цохисон. Тэр үед М- бид нар дээр ирсэн. Тэгсэн Төгөлдөр Г-ийн дагз орчимд гараараа 2 удаа цохисон. Тэр үед миний таньдаг ах Энхсүлд ирээд хөөе Шагай нааш ир гээд дуудахаар нь би Энхсүлд ахтай уулзаад 30-40 секунд болоод буцаад ирэхэд Г-, Төгөлдөр хоёр салцгаагаад Г- граш налаад зогсчихсон байхад М- дундуур нь ороод Г-ийн дагз орчимд нь гараа тавиад аль гараараа цохисныг нь санахгүй байна, ямарч байсан гарын алга нь дэлгээтэй гарын алганы хойд хэсгээр чад гээд дугараад 1 удаа нүд рүү нь цохисон. Тэгсэн Г- нүдээ дараад миний нүд сонин болчихлоо больё больё гээд салцгаагаад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10740 дугаартай:

“1. Х.Г--н биед баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний шар толбоны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл өсвөр насны шүүгдэгч Б.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч Х.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун нүд рүү гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний шар толбоны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу насанд хүрээгүй хохирогч Х.Г-, насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөр, Б.Алтаншагай нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.М- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хавтас хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүрэл-Эрдэнийн “... М-гөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гаргах хүсэлгүй байна. Мөн шүүх хуралд оролуулахгүй байж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 64 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Б.М-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх хохиролгүй, мөн цаашид засарч хүмүүжих боломжтой зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Онход овогт Болдын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.М-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-г хараа хяналтадаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг Д.Болд, эх Л.Цэцэгмаа нарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ