Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Ц.Э-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тй овогт - Эд холбогдох 2033001170062 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар гудамжны 471 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, й овогт Ц-н Эрдэнэбат /РД:РЭ00000000/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Э-т нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын тохой” гэх газарт *******тай маргалдан, улмаар зүүн бугалга, цээжний ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Э-т нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт *******тай маргалдан, улмаар зүүн бугалга, цээжний ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь: Мөрдөн байцаалтанд: 1. Хохирогч *******ы өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Эрдэс” ХХК-д уурхайн ажилчнаар ажилд орсон юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны 11 цагийн орчим уурхайн ажилчдын гэрийн гадаа зүс таних Эрка гэх залуутай муудалцаад зогсож байтал Эрка ажилчдын гэр лүү орж 2 хутга гаргаж ирээд намайг хутгалсан. Тэгээд тухайн үед бид хоёрын хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд тэнд байсан хүмүүс миний цусыг тогтоож өгөөд бид хоёрыг эвлэрүүлээд би Эркад гомдол, саналгүй гээд явуулаад Дарханд очиж эмнэлэгт үзүүлэхээр болоод Малига, Чингүүн, Ганаа нарын хамтаар ирсэн. Тэгтэл нэг мэдсэн намайг хүргэсэн эмнэлэгт цагдаа нар ирсэн байсан. Эрка миний зүүн гарын булчин нуруу хэсэгт 3-4 удаа хутгалсан. Тухайн өдөр бид хоёр ажлаас болж маргалдсан асуудал гарсан. Ямар учиртай вэ гэвэл бид хоёр өдөр шөнийн ээлжээс болж маргасан. Намайг хутгалсны дараа би харахад шар өнгийн бариултай хутга байсан. Цус болчихсон байсан. Манай ажилчдын байранд байдаг хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 37-38 хуудас/ 2. Гэрч *******ын өгсөн “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай уурхайн /Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум Хадтын тохой гэх газар үйл ажиллагаа явуулдаг "*****" ХХК-д/ ажилчид уурхай зогсоод хийх ажилгүй байсан болохоор хамт гаргаад хамт архи ууцгаасан юм. Ингээд 10 цагийн орчим 00-д сууж байхад гадаа хүн орилсон. Тэгэхээр нь би 00-оос гарч ирээд харахад Жаал /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй / ах Эрка /би нэрийг нь мэдэхгүй байна/-ийн дээр нь гараад “чи хүн алах гэж байна уу” гээд хутгыг нь булааж авч байсан. ******* ах хажууд нь “Эрка ахыг нь шаачихлаа /хутгалчихлаа/ шүү дээ” гэж надад хэлсэн бөгөөд Эрка, ******* ах хоёр хоорондоо ярилцаад эвлэрсэн юм. Ингээд бид тэндээ байж байгаад өдөр цагийн орчим ******* ах, Ганаа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ Малига /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ бид хэд Дархан руу ирсэн бөгөөд Дархан руу ирж явахад ******* ахын бие нь эвгүйрхээд байхаар нь би эмнэлэгт хүргэж өгсөн юм. Хэрэг Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум Хадтын тохой гэх газар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/ 3. Гэрч *******ын өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хадатын ам гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш “Эрин, Эрдэнэс” ХХК-д буучнаар ажилд орж ажиллаж байгаа юм. Миний ажиллаж байсан уурхай ажиллахгүй, цагдаа нар ирээд лацдаад явсан. Ингээд уурхай ажиллахгүй болохоор уурхайн ажилчид архи уусан, би урд шөнө ажилтай байсан болохоор гэрт унтаж байсан. Тэгээд манай уурхай захирал Даржаа намайг сэргээгээд *******ыг эмнэлэгт хүргэж өг гэж надад хэлсэн. Тэгээд би босоод машинаа асаагаад *******, Ганаа, Цэнгүүнбаяр нарыг машиндаа суулгаад Дарханд ирсэн юм. Дархан руу ирж байхад ******* зүгээр л юм яриад явж байсан бөгөөд Эрка намайг хутгалсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ххийн 8 хуудас/ 4. Гэрч *******ийн өгсөн “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн үед би Портер машин засварлаад зогсож байхад Эрка, ******* ахтай маргалдаад байсан. Би юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Ингээд би машинаа засаад зогсож байхад Эрка гэр лүү гүйж ороод хоёр гартаа нэг нэг хутга бариад ******* ах руу дайрч байсан бөгөөд би бас яг машин засаад зогсож байсан болохоор яг юу болсныг хараагүй ээ. Тэгсэн чинь Жаал ах намайг дуудахаар нь гүйгээд очсон. Очиход Эркаг доороо хийгээд дээр нь суусан байдалтай энэ хутгыг нь ав гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Эркагийн хажууд байсан хоёр хутгыг аваад гэрийн хажуу руу шидсэн бөгөөд Жаал ах, Эрка хоёрын хажууд ******* ах портер машины тэвш түшээд зогсож байсан бөгөөд нуруунаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/ 5. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31 хуудас/ 6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 816 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1.*******ы биед зүүн бугалга, цээжний ар хэсгийн шархнууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.*******ы биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******ы биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 33-34 хуудас/ 7. Гэрч *******ийн өгсөн “...Тухайн өдөр би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг “Хул азрагын тохой” гэх газарт байрлах “*******” ХХК-ний талбайд портер маркийн тээврийн хэрэгслээ засаад зогсож байтал ******* болон Эрдэнэбат хоёр юм ярьж байсан. Тухайн үед тэр хоёр поошигний хажууд зогсож байсан. Тухайн үед *******, Эрдэнэбат хоёр нь муудалцаж эхлэхээр нь очсон чинь хоорондоо барьцалдаад зогсож байсан бөгөөд тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Эрка буюу Эрдэнэбат гэр лүү орсон. Энэ үед би буцаад портер машин дээр очсон. Тэгтэл Эрка гартаа хутга барьсан байсан. Намайг яваад очиход Эрка буюу Эрдэнэбат нь *******ыг хутгалчихсан байсан. Тэгтэл ******* нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг унагаагаад хутгыг нь аваад шидсэн. Тэгээд би Чингүүнийг дуудаад энэ хутгыг цаашаа ав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/ 8. Яллагдагч *******ын өгсөн “...2020 оны 10 дугаар сарын эхээр манай хуурай ах ******* ах надтай ярьж “ажил ирж хийх үү” гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлаж байгаа “Э****” ХХК-д уурхайн даргын ажил хийх гэж очсон юм. Тэгээд очсон өдрөө би хуурай ах *******тай 1 шил “*****” нэртэй 0.75 архи хувааж уусан. Ингээд маргааш өглөө нь би уурхайн ажилчдын гэрт мах мөлжөөд сууж байсан чинь ******* ах гаднаас “ажлаа хий” гээд орж ирсэн. Тэгээд би Цогтоо ахтай өдөр шөнийн ээлжээс болж маргалдсан. Тухайн үед Цогтоо ахтай гэрийн гадна гараад маргалдсан. Үүний дараагаар би ажилчдын байр луу орж хутга авч гарж ирээд Цогтоо ахыг хутгалсан. Би ******* гэх хүний нуруу хэсэгт 2 удаа хутгалсан. “*****” ХХК-ийн ажилчдын байранд байсан хутгаар хутгалсан. Тухайн үед би хоёр гартаа хутгатай байсан бөгөөд баруун гартаа байсан хутгаараа хутгалсан...” гэх мэдүүлэг /ххийн 40-42, 52-53 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараар алдсан нотлох баримт байхгүй болно. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Иймд *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* “...Шүүгдэгч Ц.Э-д гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-38/, Эрүүгийн хариуцлагын талаар : Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр батласан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “ Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Ц.Э-т нь гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн ба дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаас бусад гэмт хэрэгт тооцогдож байна. Шүүгдэгч Ц.Э-т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн ба, Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болно. Тус эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүхийн шийдвэрээр Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Өршөөлийн хуульд хамаарах үндэслэлтэй гэж үзэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан Ц.Э-д холбогдох 2033001170062 тоот эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23,5 сантиметр урттай, 12,5 сантиметр ажлын хэсэгтэй, 11 сантиметр модон бариултай бор шаргал өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т-й овогт Ц-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг баримтлан Ц.Э-д холбогдох 2033001170062 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч Ц.Э-т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 23,5 сантиметр урттай, 12,5 сантиметр ажлын хэсэгтэй, 11 сантиметр модон бариултай бор шаргал өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА