Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/290

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Б.А- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Б- А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905042161480 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт, ... дүүргийн ... дүгээр хороо .. дугаар байр, .. тоотод оршин суух хаягтай,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Т овогт Б- А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрт шинээр ашиглалтад орсон 76.5 мкв бүрэн тавилгатай 3 өрөө байр түрээсэлнэ гэж итгүүлэн иргэн Д.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 700,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 19-ний орой би Хүрэлбаатар руу залгаад зардлын мөнгө байна уу гэж асуусан. Тэгсэн чинь байхгүй гэхээр нь би маргааш гэрт хүрээд ирээрэй гэж хэлсэн. Маргааш өдөр нь Хүрэлбаатар манай гэрт ирсэн. Би Хүрэлбаатарын утсыг нь аваад өөрийнхөө сим картыг хийсэн. Тэгээд Хүрэлбаатар утсаа үлдээчхээд яваад өгсөн. Тэр хооронд би Хүрэлбаатарын утсаар Үнэгүй.мн сайтад зар байршуулаад хүнээс мөнгө залилж авсан. Удаагүй Хүрэлбаатар утсаа авъя гэж гэрт ирсэн. Тэгээд би Хүрэлбаатарыг утсыг өгөөд АТМ ороод Хүрэлбаатарт мөнгө өгөөд салаад явсан. Тэрнээс хойш Хүрэлбаатартай огт уулзаагүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Д.А-гийн “2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад 3 өрөө тавилгатай байр сарын 700,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу байр түрээслэн суухаар ........... дугаарын утсаар холбогдон ярилцах үед өөрийгөө Засгийн газрын ажилтан гэх залуу “хуралтай байна, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн үүдэнд уулзъя, хэрвээ та баттай түрээсэлнэ гэвэл би зараа хаалаа, над руу олон хүн залгаад байна, ингэхийн тулд та урьдчилгаа болгож 700,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би итгээд өөрийнхөө 5749002433 тоот Хаан банкны данснаас ........... тоот данс руу өөрийн мобайл банкаараа шилжүүлсэн. Тэгээд зараа хаасан байна уу гээд хартал үнэхээр зараа хаачихсан байсан. Тэгэхээр нь би утас руу нь залгатал гар утсаа авахгүй байхаар нь би олон удаа залгасан боловч гар утсаа салгасан. Тэгтэл хэд хоногийн дараа Цагдаагаас залгаад та ........... тоот данс руу мөнгө шилжүүлсэн үү, тэгвэл та мөнгө өгсөн Цагдаагийн газраа очоод өргөдөл өгөөрэй гээд залгасан. Тэгэхээр нь би цагдаад өргөдлөө өгсөн.

          ... Би өгсөн мөнгөө буцаан аваагүй. Би өгсөн 700,000 төгрөгөө авмаар байна. Энэ хүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэн өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

          Гэрч Ч.Цэндсүрэнгийн “... 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрч байхад А-ийн найз гэх танихгүй залуу манай гэрт ирээд 11 цагийн үед А-ийг дагуулаад гарсан. Ингэхдээ Б.А- надаа “миний Хаан банкны виза картыг, дансны дугаартай аваад хот руу явлаа, манай найз над руу зардал явуулах юм” гэж хэлээд авч гараад удалгүй буцаж өөрөө миний картыг оруулж ирж өгөөд гараад явсан. Түүнээс хойш дахиж гэртээ ирээгүй. Цагдаад баригдаад хоригдож байгаад ял авсан гэж сонссон. Тэгэхэд л А- миний дансаар хүнээс мөнгө авсан байх. Надад бол тийм их мөнгө авсан гүйлгээ байхгүй. Хааяа хүүхэд, дүү нараас 50,000-100,000 төгрөгийн гүйлгээ л хийдэг юм. 11 цаг 46 минутад 700,000 төгрөг 12 цаг 54 минутад 2,100,000 төгрөгийн гүйлгээг ямар учиртай юун мөнгө орсныг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/

 

          Гэрч Х.Хүрэлбаатарын “Би Налайх дүүргийн Соёлын төв ордонд хөгжимчнөөр ажилладаг байсан ба 2019 оны 9 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад гэртээ байж байтал А- над руу фэйсбүүк чатаар юм бичээд “намайг өглөө ажилдаа явах замаараа манай гэрээр ороод ирээч” гэсэн. Тэгээд би гэрийг нь заалгаж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө би ажилдаа явах замаараа 08 цаг өнгөрч байхад Б.А-ийн гэрт очиход эмээ нь, охин дүү нь болон А- гурав байсан. Б.А-ийн гэр манай ажлын хажуугийн байранд байдаг. Ингээд намайг гэрт нь ороход Б.А- миний утсыг аваад цаашаа өрөө рүү орсон. Би гал тогооны өрөөнд нь сууж байсан. Б.А- хэдэн удаа орц руугаа гарч утсаар ярьсан ба 11 цагийн үед байхаа эмээгээсээ Хаан банкны виза картыг нь аваад цаасан дээр дансны дугаар, пин кодыг нь бичиж аваад бид хоёр хамт гарсан. Тэгээд гарч Цог түвшин хүнсний дэлгүүрийн үүдэнд байдаг Төрийн банкны АТМ-ээс Б.А- мөнгө аваад гарч ирсэн бөгөөд би хэдэн төгрөг авсныг нь мэдээгүй. Б.А- миний утсыг 350,000 төгрөгтэй өгсөн. Тэгээд буцаж гэртээ ороод эмээдээ картыг нь өгчхөөд цүнхтэй хувцсаа аваад би буцаж ирэхгүй гээд гарч би ажил руугаа явж Б.А- “хот руу явлаа” гээд такси бариад үлдсэн. Түүнээс хойш дахиж уулзалдаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-32 дугаар хуудас/,

          “... Тухайн үед надад “манийгаа их мөнгө төгрөгтэй явж байна гэж хүнд битгий хэлээрэй” гэж хэлээд гэрээсээ очиж цүнхтэй хувцсаа аваад салцгаасан. Би энэ хэргийг А-тай хийгээгүй. А- ганцаараа хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 180-181 дүгээр хуудас/

 

          Хаан банкны харилцагч Чойнхорын Цэндсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар хохирогч Д.А- нь шүүгдэгч Б.А-ийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад байршуулсан “Модны хоёрт шинээр ашиглалтад орсон 76.5 мкв бүрэн тавилгатай 3 өрөө байр урт хугацаагаар түрээсэлнэ” гэсэн зарын дагуу шүүгдэгч Б.А-тай ........... дугаарын утсаар холбогдон “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн үүдэнд уулзъя, хэрвээ та баттай түрээсэлнэ гэвэл би зараа хаалаа, над руу олон хүн залгаад байна, ингэхийн тулд та урьдчилгаа болгож 700,000 төгрөг шилжүүлчих” гэсэн түүний үгэнд үнэмшиж Хаан банкны харилцагч Ч.Цэндсүрэнгийн 5749002433 дугаарын данс руу 700,000 төгрөгийг шилжүүлж, улмаар шүүгдэгч нь дээрх мөнгийг хүлээн авч, шилжүүлсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрнээ хангасан байна.

Учир нь тэрээр нь анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй буюу өөрийн өмчлөлийн орон сууцгүй атлаа бусдад орон сууц түрээслүүлнэ гэсэн зарыг нийгмийн сүлжээнд байршуулж, хохирогчид итгэл үнэмшил төрүүлэн түүний мөнгийг хууль бусаар авчээ.

Иймд шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.А- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзсан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.А- нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг хорих ялаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 8 жил 11 сар 21 хоногийн хугацаа эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулж шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгчийн урьд 5 удаа ял шийтгүүлж дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэх тул хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 187 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцвол зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б- А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 11 сар 21 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 66 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоогсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан 9 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас 700,000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж Д.А-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А-ийн энэ хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 187 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ