Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2017/00344

 

2017 оны 02 сарын 06 өдөр

        Дугаар 183/ШШ2017/00344

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, TG төв, 305 тоотод байрлах “Цоба” ХХК /РД:5571871/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, ТЭЦ-3 баруун талд өөрийн  байранд байрлах  “Самвон дриймвок” ХХК /РД:5149274/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 175 788 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэнсугар нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Цоба” ХХК нь “Самвон дрийнвок” ХХК-тай 175,788,500 төгрөгийн үнэ бүхий бетон нийлүүлсэн энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад бид чанарын талаар маргаагүй. 2016 оны 4 дүгээр сард бетоноор хийсэн зам нь эвдэрч эхэлсэн энэ нь шүүх хуралдааны дараа чанарын  талаар доголдол үүсэж учирсан хохирлоо нэхэмжилсэн. Анхнаасаа бетон чанарын шаардлага хангаагүй. 2015 оны 05 сарын 14-нд барилгад нийлүүлэх бетон зуурмагийн гэрээ байгуулах явцад замд ашиглах бетон нийлүүлэх санал тавьж амаар тохиролцсон бичгээр бол барилгад гэж тохирсон харин амаар Хадат Вилла хотхоны замд нийлүүлэх гэж тохирсон юм. Үүний дагуу бичгээр мэдэгдсэн, гэрээний дагуу тус компани нь замд нийлүүлэх бетон муу байна барилгын бетон нийлүүлсэн байж магадгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар гэрээний үүрэгт 175,788,000 төгрөг нэхэмжилж байна гэв. Замд нийлүүлсэн барилгад нийлүүлсэн тодорхойгүй гэж байна. Тухай бүр өгч байсан. Замд 730 м3 буюу 151 000 төгрөг нийт 112 420 000 төгрөг бетон нийлүүлсэн байгаа. ШУТИС-н барилга сорил дүрс оношлогоонд өгөхөд бетон анхнаасаа чанарын шаардлага хангаагүй байна гэж дүгнэсэн. Энэ хохирол нь бетон зам эвдэрснээс болж засах зардал юм. Өмнөх шийдвэрийн дагуу төлөхгүй гэж байгаа юм биш. Гэрээ худалдах худалдан авах гэрээг амаар ч байгуулж болно. Харилцаа үүссэн гэж үзэж байна.

Барилгын гэрээнээс гадна иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан тиймээс зам, барилга 2-т нийлүүлсэн, замд нийлүүлсэн гэрээний дагуу Иргэний хуулийн 254.2-т зааснаар нэхэмжилж байгаа. Шинжээчийн гаргасан дүгнэлт, төсөвчний гаргасан гаргасан төсвийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “Самвон дриймвок” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэлийг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй байна.“Цоба” ХХК нь “Самвон дриймвок” ХХК-тай бетон зуурмагийн гэрээ байгуулсан. Гэрээнд чанар стандартын шаардлага хангасан бетон нийлүүлсэн. Гэрээний 1.2 дахь хэсэгт Хадат вилла хотхонд бетон зуурмаг нийлүүлнэ, зуурмагийн захиалгын хуудсаар баталгаажуулна гэж баталгаажсан хуудсаар бетон нийлүүлсэн. Мөн үүний дагуу “Цоба” ХХК нь хүлээж авч гарын үсэг зурж тухайн барилгадаа ашигласан. Гэрээний 5.4-т заасны дагуу хүлээгээд авсан. Үүн дээр ямар нэг байдлаар гомдол санал гаргаагүй. Гэрээний 5.14-т нийлүүлэгчтэй холбоотой санал гомдлыг зөвхөн бичгээр гаргаж өгнө гэсэн байгаа. Бичгээр манай талд гаргаж байгаагүй. “Цоба” ХХК нь нийлүүлэгч талаас ачигдсан зуурмагны тоо хэмжээ, машины марк, улсын дугаар, зэрэг зуурмагийн дагалдах бичиг баримтыг хүлээн авсан тэгээд ямар нэг гомдол саналын асуудал яригдсан боловч ямар нэг нотлох баримттай гомдол гаргаж байгаагүй. Доголдолтой бараа бүтээгдэхүүн байсан бол хүлээн авахаас татгалзах эрх нь нээлттэй байсан. Үнэхээр чанаргүй юм бол гомдлын шаардлага гаргахгүй, хугацаа өнгөрсөн байгаа. Хариуцагчийн “Самвон дриймвок” ХХК нь өөрөө лабораторитой, нэхэмжлэгч тал ч гэсэн лабораторитой бөгөөд түүндээ гаргаж байгаа бетон зуурмагийнхаа сорьцуудыг нийлүүлж дүгнэлт гаргадаг. “Самвон дриймвок” ХХК нь “Цоба” ХХК-д чанарын шаардлага хангаагүй зүйл өгөөгүй нь нотлох баримт судлахад харагдана. Лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлсэн баримт байгаа юм. Чанар стандартын шаардлага хангахгүй гэдэг нь үндэслэлгүй. Амаар гэрээ байгуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Энэ гэрээний л дагуу өгч авалцсан байгаа. Амаар нийлүүлнэ гэж тохироогүй.Уг гэрээн дээрх марк, стандартаар л бетон зуурмаг нийлүүлсэн. ШУТИС-ийн гаргасан дүгнэлтийг яриад байдаг. “Самвон дрийнвок” ХХК-ийн бетон зуурмагаас дээж авч шинжилсэн талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Нийлүүлсэн “Цоба” ХХК Хадат Вилла хотхон л гэж байгаа, манайхыг гэсэн нэг үг байхгүй юм. Гэрээний 3.3-т зөвхөн өөрийн компаниас нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээнд чанарын баталгаа өгнө, гэрээний 3.6-д мөн тодорхой заасан байгаа. Бетон зам байна уу асфальтан зам байна уу бүгд технологи байдаг юм. Манай компани бол зөвхөн зуурмаг л нийлүүлсэн байгаа. Арчилгааг “Цоба” ХХК хариуцах ёстой. Өмнөх Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй гэж хугацаа авч шүүхэд хандаж байгаа. Юуг үндэслэж хохирол шаардаад байгаа юм төсөвчний үнэлгээг үндэслээд нэхээд байна гэж байна. Төсөвчин нь эрх бүхий этгээд мөн юм уу үгүй юм уу эргэлзээтэй. Амаар бол гэрээ байгуулаагүй. 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх ганцхан л гэрээ байдаг. Шинжээчийн дүгнэлтэд “Самвон дриймвок” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагаас болсон гэдэг шууд нотлох баримт нотлогдохгүй байна. Шалгаад авах үүрэгтэй байсан.Тухайн үед нь буцаах эрх нь “Цоба” ХХК-д байсан. Гэрээний 3.5.11-гомдол санал байвал мэдэгдэнэ гэсэн, мэдэгдэл өгөөгүй, гэнэт л шинээр илэрсэн нөхцөл байдал гээд хүсэлт гаргасан байсан. Манайд эхлээд хандаагүй, хэлсэн бол очиж харах байсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн фото зургийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн ШУТИС-н дүгнэлтийг тамга тэмдэг байхгүй, байгууллагыг төлөөлөх эрхтэй юм уу үгүй юм уу мэдэгдэхгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Гэрээний хохирол нэхэмжилж байна. Энэхүү гэрээтэй холбоотой асуудал өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Одоо ч энэ хурал дээр өмнөх шүүхийн ярьсан зүйл яригдаж байна.

Нэхэмжлэгч тал 2016 оны 4 сард мэдсэн гэж тайлбарладаг. Давж заалдах гомдол гаргасан тухайн үед бетон нийлүүлсний дараа уг доголдлыг мэдэж байсан. Давах шатанд анхан шатанд нотолж чадаагүй гээд шийдвэрлэж байсан.Улсын дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдал гээд гомдол гаргасан, шүүх татгалзаж байсан. Чанарын асуудал өмнөх шийдвэртэй холбоотой юм. Бетон зуурмаг нийлүүлсэн түүнийг бүгдийг нь замд нийлүүлээгүй иймд нийлүүлээгүй ажил үргэлжилж байх явцад ярилцаж нийлүүлсэн. Барилга архитектурын лобарторийн дүгнэлт гаргуулж нэг хувийг нэхэмжлэгч талд өгдөг. Бид зам барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Замд түүхий эд нийлүүлсэн, замд тусгай шаардлага технологи шаарддаг. Гэрээний 5.13-т тодорхой заасан байгаа. Арчилгаа хийгдээгүйгээс болж гэмтэл учирсан байх тул өөрсдөө хариуцна.

Амаар байгуулсан гэрээ гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Метр куб 154,000 төгрөгөөр тохирсон байдаг. Энэ гэрээний дагуу л нийлүүлсэн, өөр гэрээ байхгүй. Монгол Улсын Шинжлэх Ухааны Их Сургуулийн дүгнэлт гэж байдаг. Үүнд “Самвон дриймвок” ХХК-ийн нийлүүлсэн бетоноос дүгнэлт гарлаа гэсэн зүйл огт байхгүй. “Хатад вилла” самбарын хажуугаас дээж авсан гэдэг энэ нь “Самвон дриймвок” ХХК-ийн бетон мөн эсэх харагдахгүй байгаа.

Нэхэмжлэгч гэрээний дагуу хохирол нэхэмжилж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохирол гэж тодорхой зааж өгсөн байдаг. Одоо хохирол нь ямар баримт үндэслэж хохирол нэхээд байгаа тодорхойгүй байна. Амаар гэрээ байгуулсан гэж байна амаар гэрээ байгуулаагүй, “Самвон дриймвок” ХХК-аас болсон гэсэн шууд нотлох баримт хангалтгүй байна. Өөр бусад ажиллагаанууд хэр хийгдсэн түүнээс алдаа байгаа эсэх нь нотлох баримт байхгүй байна. Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компани авч байгаа зүйлээ шалгаж авах үүрэгтэй. Нэгэнт хүлээгээд авсан бол хариуцлагаа өөрөө хүлээн гээд гэрээнд заасан байдаг. Мөн ямар нэг мэдэгдэл өгөөгүй Иргэний хуулийн 254.1 гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан. 6 сарын хугацаанд гаргана. Шинжээч байгууллагын нэрийн өмнөөс гаргаагүй хувь хүнээр дүгнэлт гаргасан байгаа.Үүнийг үнэн зөв хөдөлбөргүй гэж үзэхгүй. Иргэний хуулийн 227-д гаргасан зардал шаарддаг. Түүнээс гарах зардал шаардаггүй. Энэ төсөв бол нотлохгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд ИХ-255.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй, мөн хариуцагч маркад нийцсэн бетон зуурмаг нийлүүлсэн, ИХ-254.7-д зааснаар баталгаат хугацаанд доголдлыг илрүүлээгүй, гэтэл жилийн дараа доголдол илэрсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийг Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйл, 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Цова” ХХК нь “Самвон дриймвок” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс үүссэн хохиролд 175 788 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

“Цоба” ХХК болон “Самвон Дриймвок” ХХК нь харилцан тохиролцож 2015 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр 15/49 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулжээ.  /хх-10х/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бетон зуурмаг барилгад нийлүүлэх гэрээ байгуулсан, харин уг гэрээгээр замд нийлүүлэх бетон зуурмагийн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоогүй гэх, нэхэмжлэгч бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин замд нийлүүлэх гэрээг “Самвон дриймвок” ХХК-тай амаар тохиролцсон гэх боловч хэрэгт авагдсан дээрх гэрээнд замд бетон зуурмаг нийлүүлэх талаар тусгагдаагүй, харин бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 1.3-т ...захиалагчийн барилгад нийлүүлэх бетон зуурмаг нь нийт 1000м3 хэмжээтэй 250 марк бүхий чанарын шаардлага хангасан бетон зуурмаг байх бөгөөд зуурмагийг захиалгын хуудсаар баталгаажуулан нийлүүлнэ...” гэсэн болох нь хэрэгт авагдсан 15/49 тоот гэрээгээр тогтоогдож байна. /хх-10х/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга болон гэрээний 3.8-д зааснаас үзвэл “Самвон дриймвок” ХХК нь захиалагч тал шаардлага хангаагүй гэж үзсээр байж хүлээн аваад хэрэглэсэн тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлагыг хүлээхгүй бөгөөд бетоны чанарыг хариуцахгүй болно гэсэн, мөн гэрээний ...5.13-т захилагч тал бетон зуурмагийг хүлээн авснаас хойш бетоны арчилгааг өөрсдөө хариуцах ба арчилгаа хийгдээгүйгээс болж бетоны марк, барилгын чанар алдагдвал нийлүүлэгч тал хариуцахгүй болно гэсэн, гэрээний ...5.14-т нийлүүлэгчтэй холбоотой санал, хүсэлтийг зөвхөн бичгээр гаргаж өгнө.. гэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Самвон дриймвок” ХХК-иас  бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу хохирол 175 778 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар шаардах эрхээ алдсан байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй...гэж заажээ.

 

Уг хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч тал 6 сарын дотор бетон зуурмагийн талаар гомдлын шаардлага гаргаагүй шаардах эрхээ алдсан нь тэдний өгсөн нэхэмжлэл, тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байх боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно.Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж зааснаар хариуцагчаас шаардаж байна гэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дээрх бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу хохиролд гарсан зардлыг  баримтаар нотлоогүй, мөн 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-нд барилгад нийлүүлэх бетон зуурмаг, нийт 1000м3 хэмжээтэй 250 марк бүхий чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэхээр гэрээ байгуулсан, “Цова” ХХК-аас “Самвон дриймвок” ХХК-аас замд нийлүүлэх бетон зуурмагийн талаар бичгээр болон амаар тохиролцсон эсэх нь баримтаар болон шүүх хуралдааны явцад тогтоогдохгүй, нийлүүлсэн бетон зуурмаг нь хэдийг нь барилгад ашигласан, хэдийг нь замд ашигласан талаарх нотлох баримт байхгүй, бетон зуурмагийг замд нийлүүлэх талаар гэрээ болон бусад байдлаар тохиролцсон нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх” 15/49 тоот гэрээний дагуу гэрээнээс үүдэлтэй учирсан хохиролд 175 788 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч хохирол шаардаж байгаа нь “Цоба” ХХК болон “Самвон дриймвок” ХХК-ийн хооронд гэрээгээр зөвхөн барилгад нийлүүлэх бетон зуурмаг гэсэн байхад замд  бетон зуурмаг нийлүүлсэн, энэ талаар амаар тохиролцож гэрээ байгуулагдсан гэж нэхэмжилж байгаа, уг “Хадат Вилла” хотхоны замд хир хэмжээний хохирол буюу эвдрэл гэмтлийг тогтоосон нотолсон баримт байхгүй, “Самвон дриймвок” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагаас шалтгаалан замд эвдрэл гэмтэл үүссэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, уг гэрээний дагуу нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн зохигчид  2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх” 15/49 тоот гэрээнээс өөр бичгээр гэрээ байгуулаагүй, энэ тал дээр маргаагүй болно.

 

Мөн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль барилга, архитектурын сургуулийн барилгын сорилт туршилт, судалгааны нэгдсэн лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, МУ-ын мэргэшсэн инженер Б.Буянжаргалын гаргасан дүгнэлтээр “Цоба” ХХК, “Бэлх хадат-1” хотхоны замд хэрэглэсэн бетонаас сорьц авч шинжилсэн дунджаар бетоны шахалтын бат бэх нь-2015,06,07-нд 20.1, 2015.06.11-нд 8.57, 2015.07.04-нд 13.84 /МПа/ гарсан, нэгдүгээр хэсгээс авсан дээж М200, хоёрдугаар хэсгээс авсан дээж М75, гуравдугаар хэсгээс авсан дээж М100 маркын үзүүлэлттэй, гэрээнд заасан 250 маркын бетоны шаардлагад хүрсэнгүй гэх, дүгнэлтийн 4-т гэрээнээс харахад нийлүүлэгч байгууллага замд хэрэглэх бус барилгад ашиглах М250 маркын бетон  нийлүүлсэн байх магадлалтай байна, 5-д шинжилгээнд ирүүлсэн бетон замд хэрэглэх бетоны техникийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн байна.

 

Уг гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийг “Хадат Вилла”  хотхоны замын аль хэсэгт нийлүүлсэн нь тодорхойгүй, талууд тохиролцоогүй байхад “Хадат Вилла” хотхоны рекламны самбарын хажуугаас, уурын зуухны хажуугаас, усны сангийн хойд замын ирмэгээс шинжилгээний сорьц авч шинжилсэн болон уг шинжээчийн дүгнэлтэд “Самвон дриймвок” ХХК-ийн бетон зуурмагаас дээж авсан тухай шинжилгээнд дурдаагүй нь эргэлзээтэй, анхнаасаа гэрээгээр барилгад нийлүүлэх бетон зуурмаг нийлүүлэхээр гэрээ байгуулсан “...гэрээний 5-д шинжилгээнд ирүүлсэн бетон замд хэрэглэх бетоны техникийн шаардлага хангахгүй...” байна гэж дүгнэсэн нь  анхнаасаа барилгад нийлүүлж байсан гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь байгууллагыг төлөөлж дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнээгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч “Цоба” ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн замын эвдрэл гэмтлийг харуулсан фото зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хаана байрлах, юуны фото зураг гэдэг нь тодорхойгүй тул мөн үнэлэх боломжгүй баримт гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч “Цоба” ХХК-ийн нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх” 15/49 тоот гэрээний дагуу гэрээнээс үүдэлтэй учирсан хохиролд 175 788 000 төгрөгийг “Самвон Дриймвок” ХХК-аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 036 890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Самвон дриймвок” ХХК-аас 175,788,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч “Цоба” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 036 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ