Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00501

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун 109 байр, 9 тоотод байрлах /улсын бүртгэлийн дугаар 9011156119, регистрийн дугаар 5238242/ “Шинжиан шинфа” ХХК,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар 9019011021, регистрийн дугаар 2677393/ “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол 24 байр 4-9 тоотод байрлах /улсын бүртгэлийн дугаар 9011011033, регистрийн дугаар 5041007/ “Пайрлинк” ХХК-д холбогдох,

“Пайрлинк” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 689 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ихбаяр, хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Базаррагчаа /ШТЭҮД:2136/, гэрч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 6 дугаар сард “Шинжиан шинфа” ХХК нь Яармагийн гүүр, Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендерт оролцож барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч талын шаардлагад нийцүүлэн цахилгаан, дулаан, гэрэлтүүлэг зэрэг бусад ажлуудыг мэргэжлийн компаниар хийж гүйцэтгэх шаардлага тавьсны дагуу захиалагч талын шаардлагад нийцүүлэн тендер шалгаруулах замаар 2012 оны 8 дугаар сард хуучин гэрэлтүүлэг цахилгаан холбооны шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх авто замын гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх гэрээг “Пайрлинк” ХХК-тай байгуулсан.  Пайрлинк ХХК нь авто замын 10.3 км замын хэсэгт нийт 764 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажлыг 3 сарын хугацаанд, зохих чанар, стандартын дагуу 1,350,000,000, төгрөгөөр хийж гүйцэтгэх ёстой байсан. 764 ширхэг гэрэлтүүлэг угсрах тухай ажлын тендерт 6-н компанийн үнийн санал 1,4 тэрбумаас эхэлж байсан Пайрлинк ХХК-ийн үнийн санал нь 1,300,000,000 төгрөг байсан.  Түүнчлэн Пайрлинк ХХК-ийн зүгээс захиалагчийн нэрийн зүгээс гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж амлалт өгч байсан тул гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2013 оны 7 дугаар сард Пайрлинк ХХК нь гэрэлтүүлэг угсралтын ажил эхлүүлсний дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба холбогдох стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгээгүй. Захиалагч буюу нийслэлийн авто замын газраас Пайрлинк ХХК-ийн ажлын явц удаан байх ба гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн албан бичиг нэг биш удаа манай компани дээр ирүүлсэн.  Уг албан тоотуудад цахилгаан кабелын холболт, шонгийн суурьтай холбоотой асуудлаар засах буюу сольж угсрах тухай шаардлага тавьсан боловч шаардлага хүлээн зөвшөөрч байсан боловч шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ аваагүй. Түүнчлэн Пайрлинк ХХК нь гэрэлтүүлгийн шон, цахилгаан кабел, ламп, зэрэг бараа материал худалдан авах зорилгоор гэрээний урьдчилгааг нэмэгдүүлж явцын төлбөрийг урьдчилан төлүүлэх тухай санал бидэнд тавьсан. Бидний зүгээс богино хугацаанд ажлыг дуусгах зорилгоор “Пайрлинк” ХХК-ийн хүсэлтэд нийцүүлэн 1,000,0000,000 төгрөгийг уг компанид шилжүүлсэн ба нийт гэрээний 74%-тай тэнцэнэ. Гэтэл 2014 оны 8 дугаар сар хүртэл 180 ширхэг гэрэлтүүлгийг угсарсан, үүний дотроос 4-н ширхэг нь машины ослоос гэмтсэн. Өөрөөр хэлбэл 2014 оны 08 дугаар сар хүртэл “Пайрлинк” ХХК нь 176 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. “Пайрлинк” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь гэрээт ажлын нийт хэмжээний 23% буюу 176/764=23% гэж ойлгож болно. Гэрээний тохиролцоогоор 4 ширхэг трансформатор угсрах шаардлагатай байсан бөгөөд “Пайрлинк” ХХК нь 1 ширхгийг угсарсан боловч хамгийн сүүлд шатаж гэмтсэн. “Пайрлинк” ХХК-ийн зүгээс 8.1 км кабел суурилуулах болон шонгийн суурь хийж гүйцэтгэсэн.  2014 оны 8-р сараас 10-р сар хүртэл захиалагч буюу НАЗГ-ын зүгээс  чанарын шаардлага хангахгүй цахилгаан кабел болон шонгийн суурь зэргийг солих буюу засан сайжруулах тухай албан шаардлага бидэнд мэдэгдсэн. Харин “Пайрлинк” ХХК-ийн зүгээс дорвитой арга хэмжээ авч ажиллаагүй төдийгүй гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг ч хүлээлгэж өгөөгүй. 2014 оны 9-р сард  Захиалагчийн зүгээс “Пайрлинк” ХХК-тай хийсэн гэрээг цуцлах, тухайн ажлыг мэргэжлийн бусад компаниар хийж гүйцэтгүүлэх тухай албан бичгийг ирүүлсэнтэй холбогдуулан мөн захиалагчийн албан шаардлагын дагуу бид уг гэрээг мэргэжлийн компанитай хийж уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн. 2014 оны 9 дүгээр сард захиалагчийн зүгээс гэрээг цуцлах тухай албан шаардлагыг хүлээн авсны дараа бид “Пайрлинк” ХХК-ний гэрээг хэвээр үлдээх гэж хичээсэн боловч бид дахиж хийхгүй та нар шүүхдээ өг гэсэн саналаа уламжлуулсан. Б.Чулуунбат нь 2013-2014 оны валютын ханшийн зөрүүг оруулж, үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Манай компани болон Нийслэлийн авто замын газар хооронд байгуулсан ажил гүйцэтгэх үндсэн гэрээний үнийн дүн ч өөрчлөгдөх боломжгүй бөгөөд захиалагчийн зүгээс бидэнд ямар нэг зүйлийн нөхөн олголт үзүүлээгүй гэдгийг анхааруулж хэлсэн. Манай компанийн хийж гүйцэтгэсэн Яармагийн гүүр, Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь улсын төсвөөр санхүүжиж байгаа төсөл юм. Пайрлинк” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй ба нийт гэрээт ажлын 23%-тай тэнцэх ажлыг хийж гүйцэтгэсний хариуд гэрээт ажлын нийт үнийн дүнгийн 74%-тай тэнцэх төлбөрийг авсан нь шударга ёсонд нийцэхгүй ба үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Тэрчлэн нийт замын барилгын ажлын хугацааг 4-н сар хойшлуулсны улмаас манай компани болон захиалагч байгууллагад асар их эдийн засгийн хохирол учруулсан билээ. Манай компанийн шаардлагын дагуу “Пайрлинк” ХХК нь уг ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж өгөхдөө нийт 970,000,000 орчим төгрөгийн ажил хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй бөгөөд хүлээн авах боломжгүй юм. 2014 оны 12 дугаар сарын 04-ний Яармагийн гүүр , Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км хатуу хучилттай авто зам дээр замын барилгын байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажилласан. Комиссын гишүүдийн зүгээс “Пайрлинк” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 176 ширхэг гэрэлтүүлэг болон 8.1 км урттай кабел холболтын ажил нь чанарын шаардлага хангахгүй, мөн эдгээртэй холбоотой баримт материал болон холбогдох зөвшөөрөл бүрэн байхгүй гэсэн үндэслэлээр уг замын барилгын ажлыг ашиглалтад хүлээж авахаас татгалзсан. Үүнээс гадна уг компанийн хийж гүйцэтгэсэн 8.1 км урттай кабел холболтын кабелыг солиулах тухай  комиссын шаардлага гарсан болно. Иймд Монгол улсын иргэний хуулийн 206.1, 219.1, 225.1, 227.1, 355.1 дэх хэсгийг үндэслэн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү авсан зардлыг буцаан төлүүлэх 689,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд тайлбар өгөхдөө уг гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэхдээ 180 ширхэг шонг суурилуулж тавихад ийм мөнгө гарсан гэж задаргаа хийж ярьж байна. 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг ярьж байгаа болохоос ажлын гүйцэтгэлийн задаргаа яриагүй. Уг зураг төсөл батлагдсан ажлыг та бүхэн дутуу хийж гүйцэтгэсэн. Одоо 23%-ийн ажлыг л гүйцэтгэсэн, ажил хийсэн талаар бид маргаагүй тэгээд яагаад нийт санхүүжилтийн 74%-ийг аваад байгааг ойлгохгүй байна. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг байдаг. 1,350,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэнэ гэсэн зардлын хэдэн төгрөгөөр нь гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгч компаний эрхийн асуудал. Энэ компани 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хольж тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй байна. Хариу тайлбар дээр ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тэгээд дахин мөнгө шаардсан гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээнд ямар ч өөрчлөлт ороогүй орсон бол талууд бичгээр нэмэлт өөрчлөлт хийнэ гэсэн заалт байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажил нь ажлын үр дүн байдаг. Өөр компани ороод ирэхээр ажлаа хаяад явсан гэж байна. Гэрээний нэг тал захиалагч нөгөө талд нь хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй ажлаа шууд зогсоосон одоо үүргээ биелүүлээгүй байна.  Тайлан тооцоо болох 970,000,000 төгрөгийн тооцоо маш өндөр дүнтэй ярьж байна. Шинжээчийн дүгнэлт мөн уг хэрэгт төдийлөн ач холбогдол байхгүй. 1,350,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн ажлаас 310,000,000 төгрөгийн ажил хийсэн, тиймээс шинжээчийн гаргасан төсвийг бид хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байгаа. Энэ гэрээн дээр валютын ханшын талаар ямар ч ямар ч зөрүү байхгүй.

Иргэний хуулийн 206.1-д үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн үүрэг гүйцэтгэх зарчим байдаг. Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч тал батлагдсан зураг төслийн дагуу 764 ширхэг гэрэлтүүлгийн шонг 3 сарын хугацаанд зохих чанар стандартын шаардлага хангаж уг ажлыг хийж гүйцэтгэх үүргийг гэрээнд гарын үсэг зурж хүлээж аваад биелүүлээгүй нь шинжээчийн хамгийн анхны  дүгнэлтээр нотлогдож байдаг. 764 ширхэг шонгоос 180 ширхэг шон суурилуулсан. Нэг жил ажил зогссон валютын ханш өссөн гэж байна. Доллар өсөхөд захиалагчид ямар нөлөөлөл байгаа юм. Өвөл газар хөлдсөн гэж байхад бас захиалагч талын буруу байхгүй. Захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж ажил удааширч байна гэж огт шаардлага тавьж байгаагүй. Гэрээгээр санхүүжилтийг үе шаттайгаар өгөхөөр байсан. Бид асуудлыг түргэн шуурхай шийдэж өгсөн байдаг.Энэ компанийг ер нь бол дэмжиж ажилласан. Ер нь бол 180 ширхэг гэрэлтүүлгийн шон хүлээлгэн өгсөн, үүн дээр маргахгүй байгаа. Нэг тэрбумыг шилжүүлсэн, 764 ширхэг гэрэлтүүлгийн шонгийн 180 ширхэг шон нь 23 хувийн ажил юм. Нийт ажлаа 100 хувь гэж үзэхийн бол, 310 500 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байгаа. Илүү авсан санхүүжилтийн хүрээнд энэ ажлуудыг гүйцэтгээгүй. Үүн дээр ажил гүйцэтгэх гэрээг ярих ёстой юм хамгийн гол нь. Эдний компани эхний 3 сарыг оруулаад дараа жилийг оруулаад ажлаа дуусгах боломжтой байсан. 2014 оны 8 сард Нийслэлийн авто замын газраас шаардлага тавьж 2014.10 дугаар сараас 3 дугаар сар хүртэл өвлийн улирал зогссон байгаа. Хавар нь 4, 5, 6, 7, 8 сарын хугацаанд энэ компани ажил урагшлаагүй. Мөнгө шилжүүл мөнгө авмаар байна л гэдэг. Наранбаатар шинжээчийн дүгнэлтээр тодорхой дурдаж өгсөн 1-рт ажлаа дутуу хийсэн, хамгийн дээд өртгөөр тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бид зөвхөн хийсэн ажлын чинь мөнгийг өгье, илүү авсан мөнгөө буцааж өг л гэж байна. Иргэний хуулийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ, Иргэний хуулийн 345.1-д гүйцэтгэсэн ажлын төсөв л гэж байна. Үр дүн гэж заасан. Задаргаагаар боломжгүй юм. 2 тал өөрчлөхөөр бол зөвшөөрч, гарын үсэг зурсан байх шаардлагатай.Нэхэмжлэгчийн хууль зүйн шаардлага нь Иргэний хуулийн 206.1 219.1 350.1.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй. Бодит байдалд нийцэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Хариуцагч Б.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Урьдчилгааны дагуу 327 шонгоо захиалаад төлбөрөө төлсөн байсан. Дээр нь нэмээд 50 ширхгийг захиалаад урьдчилгаа 20% болох 50,000,000 төгрөгийг төлсөн байсан.  Тэгээд хүлээгээд байж байтал өөр компаниар ажлаа хийлгүүлсэн. Манай захиалсан шон дээр үлдэгдэл 80%-ийг “Шинжиан шинфа” ХХК төлж оруулж ирсэн байгаа. Ажил хойшилсон тал дээр 3 сарын дотор замын урд талын талбай бэлэн болсон учир хийсэн. Чанарын шаардлага хангаагүй гэж ярьж байна өөрсдөө ус зайлуулах хоолой гэж хийгээгүй гээд дахин ухаж суулгасан. Хэрэв энэ шүүх хуралдаан дээр эвлэрвэл 180,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, эвлэрэх боломжгүй бол 28,113,570 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Базаррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа:

“Пайрлинк” ХХК нь HKB-тай 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр орчмын гэрэлтүүлгийн ажлыг 3 сар 15 хоногийн хугацаанд хийхээр тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний нийт төсөв нь 1,350,000,000 төгрөг байсан бөгөөд гэрээ байгуулан 2013 оны 7-р сарын 25-ны өдрөөс кабелын нүх ухаж эхэлсэн, мөн Нийслэлийн авто замын газраас ямар гэрэл тавих талаар “Пайрлинк” ХХК нь зөвшөөрөл авсан. “Шинжиан шинфа” ХХК болон “HKB” ХХК-ууд нь гэрээний санхүүжилтийг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 650,000,000 төгрөгийн санхүүжилт хийсний дагуу гэрлийн захиалгын төлбөрийг “Новелнэтворк” ХХК болон “Пайрлинк” ХХК-уудын хооронд байгуулсан 2013 оны 06-р сарын 27-ны өдөр НЗГА-1-1 дугаар гэрээний дагуу санхүүжүүлсэн. “Новелнэтворк” ХХК нь гэрээнийхээ дагуу ажлаа хийж байхад 2013 оны 9-р сард ус зайлуулах хоолой, замын боржуур хийгдэх ажил дуусахыг хүлээн 15 хоног зогсоод Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр Нисэх, Нисэхийн товчоо хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийг замын урд талын 180 ширхэг шонг 2013 оны 10-р сарын 05-ны өдөр хийж дуусгасан. Уг бүрэн хийгдсэн 180-н шонг Нийслэлийн авто замын газраас 2013 оны 10-р сарын 10-ны өдрөөс бүрэн асааж хүлээж авсан бөгөөд “Новелнэтворк” ХХК ашиглалт хариуцаж байсан тул хүлээн авсан. 180 шонг бүрэн хийж дуусгахад нийт 574,829,070 төгрөгний зардал гаргасан. “Шинжиан шинфа” ХХК болон “HKB” ХХК-иуд нь гэрээний санхүүжилт болох 2013 оын 08 дугаар сарын 22-ны өдөр 650,000,000 төгрөгийн санхүүжилтийн 450,000,000 төгрөгийг “Новелнэтворк” ХХК-д шилжүүлэн санхүүжүүлэн, үлдсэн 2013 онд гаргасан 180 шонгийн 574,829,070 төгрөгөөс 450,000,000 төгрөгийг хасахаар 124,829,070 төгрөгийг “Пайрлинк” ХХК-ийн гадаадад гэрээ хэлцэл, бараа бүтээгдэхүүн худалдаж авах, орчуулга, томилолт, худалдаж авах шонгийн зургийн зардалд зарцуулсан. Үлдсэн ажлуудыг “Шинжиан шинфа” ХХК-ийн замын ажил бүрэн хийгдээгүй тул 2013 оны 10-р сарын 10-ны өдрөөс ажлаас зогсоож, хийх хугацаа нь хойшлогдсон. 2014 оны 05-р сарын 15-ны өдрөөс ажил зогссон.  Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр, Нисэх, Нисэхийн товчоо хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийг замын хойд хэсгийг шонгийн суурь, кабелын ажил хийж эхэлсэн. Уг ажилд нийт 327 ширхэг шонгийн суурь, кабелын ажил хийсэн бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Аббадо констракшн” ХХК болон “Пайрлинк” ХХК-ууд Яармагийн зам дагуу замын гэрлийн бетон суурь  цутгах ажлын гэрээ байгуулан нийт 500 ширхэг бетон суурь 43,993,000 төгрөгөөр “Аббадон констракшн” ХХК-ийн 071 дугаар кассын орлогыг баримтаар 22,755,000 төгрөг, 093 дугаар кассын орлогын баримтаар 21.238.000 төгрөг нийт 43.993.000 төгрөг төлсөн бөгөөд 35.643.000 төгрөгийн зөрүү 8.350.000 төгрөгийг “Аббадон констракшн” ХХК-аас буцаан авахаар тохирсон байгаа. 327 ширхгийг нь авч суурилуулсан энэ нь 35.643.000 төгрөг болсон. “Шинжан шинфа” ХХК болон “НКВ” ХХК-аас 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 8 дугаар сарын хүртэл 350.000.000 төгрөгийн санхүүжилт хийсэн. 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Жин Кан Жао Мин цахилгаан барааны ХК болон “Пайрлинк” ХХК-ууд гэрээ хийж 300 ширхэг шон захиалсан бөгөөд монголд ирж шон дутахаар нь 50 ширхэг шонг утсаар ярьж 300 ширхэг дээрээ нэмж 350 ширхэг болгон урьдчилгаа 20% болох 79,600 юань буюу 50,417,600 төгрөгийг 2014 оны 8-р сарын 4-ний өдөр Мөнгөн гүүр ББСБ-аар дамжуулан БНХАУ-н Жин Кан Жао Мин цахилгаан барааны ХК-д шилжүүлсэн. “Шинжиан шинфа” ХХК нь 2014 оны 9-р сард үлдэгдэл төлбөрийг нь 100% төлж авч өөр компанид суурилуулсан “Пайрлинк” ХХК нь 327 ширхэг гэрэлтүүлгийн кабелыг “Электрокомплект” ХХК-аас 11,020 м кабелыг 2014 оны 7-р сарын 29-ны өдөр 18,339,600 төгрөг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 12.857.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1.660.400 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 12.270.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 14.992.500 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5.040.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4.725.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.071.000 төгрөг нийт 70.955.500 төгрөг төлж худалдаж авсан. Тээврийн зардал 14.882.000 төгрөг уг кабель нь том овортой, нэг дамар нь 3 тонн жинтэй учир кран хөлсөлж өөрсдийн машинаар тээвэрлэн авч гаргасан зардал. Дээрх ажлуудыг гүйцэтгэж байхад 2014 оны 7 дугаар сард Нисэхээс Буянт-Ухаа 1  хорооллоос цаашаа явах шонгуудыг болиулж Төв аймаг явдаг зам руу шилжүүлж хийх талаар Нийслэлийн авто замын газраас аман үүрэг өгсөн. Энэ тал руу шон өөрчлөгдөх юм бол албан ёсны зураг авахыг мэдэгдсэн. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш “Шинжиан Шинфа” ХХК дээрх ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж эхэлсэн тул “Пайрлинк” ХХК нь ажлаа зогсоосон. “Шинжиан Шинфа” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй. Хуульд заасан үндэслэлээр цуцлаагүй боловч өөр компаниар гүйцэтгүүлсэн тул манай компанийн зүгээс гэрээ цуцалж байна гэж үзэж ажлаа зогсоосон. “Пайрлинк” ХХК-ийн зүгээс 2014 онд ажил эхлэхэд 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний үнэ ханшийн зөрүүнээс болж нэмэгдэх, гэрээнд заасан үнийн дүн өөрчлөгдөх талаар Сун Гуанг Чен захиралд орчуулагчаар нь дамжуулж мэдэгдэж байсан.

 Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна.  Шүүхээс томилж хууль сануулж дүгнэлт гаргасан уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах хугацаа байсан, уг дүгнэлтэд гомдол гаргах 1 сарын хугацаа өнгөрсөн. Гэрээний үүргээ тогтоосон хугацаандаа ажил хийх боломж олгоогүй. Бид одоо ямар зардал гарсан задаргаагаа ярьж байж шүүх шийдвэрээ гаргана. Өөр компаниар хийлгүүлж байгаа нь иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан нь нөгөө тал буруугүй бол энэ хуулийн 227.2-д заасан үндэслэл хамаарахгүй, үүрэг хүлээхгүй юм.Иргэний хуулийн 355.1-д зааснаар гэрээг цуцлаагүй, мэдэгдээгүй, шууд өөр компаниар хийлгүүлсэн учир ажлаа зогсоосон.Иргэний хуулийн 225.1 нэмэлт хугацаа тогтоогоогүй.Иргэний хуулийн 225.4.1-д зааснаар ялимгүй зөрчсөн юмаа.Шуудуу зэрэг ажлыг хийхэд цаг хугацаа их алдсан.Бид нар гэрээний дагуу тайлбараа өгч байна.Бид гэрээнээс тухайн үед татгалзаагүй, учир нь ажлын зураг өөрчлөгдөөд Төв аймгийн замруу орсон зургаа аваад ир гэдэг, ажлын зураггүй хийсэн бол ажлын зураг үгүй хийсэн байна гэж ярих байсан. Манай зүгээс гэрээнээс татгалзаагүй буруугүй учир Иргэний хуулийн 227-д зааснаар эднийх нэхэмжлэх эрхгүй болж байгаа.. Иргэний хуулийн 219.1-т үүргээ зөрчсөн гэж байгаа үүрэг бол зөрчигдөөгүй. Иргэний хуулийн 227.1-д заасныг дагуу бид хариуцлага хүлээх боломжгүй гэв.Нэг жил ажил зогссон учир валютын үөрүү гарийшд.

Иймд “Пайрлинк” ХХК нь Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр, Нисэх, Нисэхийн товчоог хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийн ажилд 2013 онд 574.829.070 төгрөг, 2014 онд 397.057.360 төгрөг нийт 971.886.430 төгрөгийн зардал гарган ажил гүйцэтгэсэн.Нийт 1 тэр бум төгрөгийг санхүүжилтээс 971.886.430 төгрөгийн ажлыг хийсэн тул 28.113.570 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд Шинжиан Шинфа ХХК болон НКВ ХХК-иудын нэхэмжлэл 689.500.000 төгрөгөөс 661.386.430 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээд Авто замын Хөгжлийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/145 дугаар шүүхэд ирүүлсэн тайлбарт: Ерөнхий гүйцэтгэгч Эйч Кей Би ХХК, Шинжиан шинфа ХХК иар дамжуулан Парлинк ХХК-д тус газраас явуулж байсан 2013 оны 09 дүгээр сарын 04-ны 1/1781, 1/2684 дугаартай албан тоотуудаар графикт хугацаагаар зорчих хэсгийн нээгдсэн гэрэлтүүлгийн ажлийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэж дуусгахыг мэдэгдсэн.Гэвч хугацаандаа хийж гүйцэтгээгүй бөгөөд хүйтэрсэн зед ажил хийгдэж, ажлын талбайд ажил гйүцэтгэх хүн хүч дутмаг ажиллах хүн хүч нэмсэгдүүлэх шаардлага тавихаар биелүүлэхгүй байсан бөгөөд кабель шугамын ажлыг гүйцэтгэхлдээ стандартын шаардлага хангахгүй зарим хэсэгт хийгдсэн.Цахилгаан гэрэлтүүлгийн гүйцэтгэлийн акт бичиг баримт огт баталгаажуулаагү, УБЦТС ХК-с авах ёстой тоног төхөөрөмжүүдийн туршилтын протокол огт байхгүй, газар дээр угсрагдсан гэрэлтүүлгийн шонгуудын ажлын суурь тэгш бус дээр, доор нэг түвшинд тавигдаагүй гэх мэт хийсэн ажлууд нь чанарын шаардлага хангаагүй, эрхийн доголдолтой зэрэг байсан.

2014 онд замын зорчих хэсгийн нээгдсэн замуудын гэрлийн ажлууд хийгдэхгүй удаашралтай, албан тоотоор шаардлага өгөхөөр ерөнхий гүйцэтгэгч мөнгөө өгөхгүй байна гэсэн тайлбар тавьдаг.Гэрээнд заасан графикт хугацаа болон дулааны улиралд багтаан ажлаа хийхгүй болон материал захиалгын ажлууд маш хоцрогдолтойудаашралтай явагдаж байсан.Хийгдсэн гэрэлтүүлэг цахилгааны ажлуудыг актжуулах, баримтжуулж баримтжуулаагүй ажил огт хийгдээгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд байсан.Эдгээр байдлыг арилгах үүднээс ерөнхий гүйцэтгэгчид захиалагчийн зүгээс гэрээний дагуу ажлаа хийж үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж албан бичиг шаардлагыг хүргүүлж байсан.Энэхүү гэрэлтүүлэг, цахилгааны ажил хугацаандаа хийж дуусаагүйгээс болж зам тээврийн ослууд хэд хэдэн удаа гарсан.Мөн дээрхи 2 компани нь тухай үед хийсэн ажлуудаа газар дээр нь хүлээлцэж баталгаажуулан гэрээгээ дүгнэж яваагүй зэрэг нь ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын өөрслдийн үйл ажиллагааны хариуцлагагүй байдлын илрэл болно.Тус газраас энэхүү туслан гүйцэтгэгч Пайрлинк ХХК-г гэрэлтүүлгийн ажил хийж гүйцэтгүүлэхээр ерөнхий гүйцэтгэгч Эйч Кей Би ХХК-д зуучлах болон санал болгоогүй.Өөрсдөө сонгон шалгаруулсан.Тиймээс энэ маргаан нь хоёр аж ахуйн нэгжийн хоорондын маргаан болохоос тус газартай ямарваа нэгэн байдлаар холбоогүй болно гэж тайлбартаа ирүүлсэн нь хэн алин нь гэрээний үүрэгтэй хариуцлагагүй хандаж байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                               

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Шинжиан шинфа” ХХК нь хариуцагч  “Пайрлинк” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн төлбөр  689 500 000  төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 231 873 780 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 450 626 220 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”,  4/17 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 27-ний өдөр 52 дугаартай “Нэмэлт гэрээ”, 2014 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 45 дугаартай “Гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд тус тус байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ хариуцагч “Пайрлинк” ХХК-ийг гэрээг цуцлах хүртэл 764 гэрэлүүлгийн шон хийгдэхээс 310 500 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь “180 ширхэг автозамын гэрэлтүүлгийн шон хүлээлгэн өгсөн, энэ нь нийт ажлын 23 хувьтай тэнцэх ажил бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч, харин гэрээнд зааснаар хүлээлгэн өгөөгүй ажлыг хийж гүйцэтгэсэн гэж байгаа нь хууль зүйн болон гэрээний үндэслэлгүй.Иймд илүү шилжүүлсэн 689 500 000 төгрөг гаргуулна” гэх тайлбарыг гаргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд гэрээнийн дагуу гүйцэтгээгүй үүрэг 1.350 000 000 төгрөгний төсөвт өртөгний ажлаас 180 ширхэг шонгын ажил буюу 23 хувийн ажил гүйцэтгэсэн, энэ нь төсөвт өртгийн 310 500 000 төгрөг болж байх тул үлдэгдэл 689 500 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч шүүх хуралдаан дээр гэрээний хугацаанд “Пайрлинк” ХХК нь гэрээгээр тохирсон 764 ширхэг гэрэлтүүлгийн  шонгын 180 ширхэг гэрэлтүүлгийн шонг 2013 онд хийж бүрэн асааж хүлээлгэн өгсөн, үүнд 573 000 000 төгрөгийн зардал гарсан,  гэрээнд ямар ч өөрчлөлт ороогүй, 2014 онд 327 гэрэлтүүлгийн шонгын нүх ухаж, кабел татсан, суурь бэлдсэн үүнд 397 057 036 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, нийтдээ 971 886 100 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, үлдэгдэл 28 113 900 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж марган, харин Шинжиан шинфа ХХК-иас Пайрлинк ХХК-нд шижүүлсэн 1 000 000 000 төгрөг, 2013 онд гүйцэтгэсэн 180 ширхэг гэрэлтүүлгийн шон хүлээн авсан талаар талууд маргаагүй бөгөөд харин гэрээнд заасан үүргийг хариуцагч “Пайрлинк” ХХК нь бүрэн биелүүлээгүйгээс маргасан.

Уг гэрээнүүдээр “Пайрлинк” ХХК нь Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо хүртэлх автозамын гадна гэрэлтүүлгийн ажлыг 2013 оны 07 дугаар сарын 15-наас 2013 оны 10 дугаар саоын 30-ны өдөр бүрэн дуусган, ажлын нийт төсөвт өртөг нь 1 350 000 000 төгрөг, 7 дугаар сард багтааж урьдчилгаа төлбөр, цаашид ажлын хэмжээ үе шатаар санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна./хх-ийн 17х/

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт “Пайрлинк” ХХК-ийн Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо хүртэлх автозамын гадна гэрэлтүүлгийн ажлыг 2013, 2014 онд хийж гүйцэтгэсэн төсөв тооцооны баримт авагдсан байх бөгөөд уг баримтаас үзэхэд талууд хийж гүйцэтгэсэн ажлын талаар өөр өөрсдийн тооцоог хийсэн баримт хэрэгт авагдсан байна.

 “Пайрлинк” ХХК нь Хан-Уул дүүргийн яармагийн гүүр, нисэх, нисэхийн товчоог хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийн ажилд 2013 онд 574.829.070 төгрөг, 2014 онд 397.057.360 төгрөг нийт 971.886.430 төгрөгийн зардал гарган ажил гүйцэтгэсэн. Нийт 1 тэр бум төгрөгийг санхүүжилтээс 971.886.430 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн тухай / хх-105х/ Яармагын автозамын гэрэлтүүлгийн төсөвт өртөг 2013 оных 574.823.07 төгрөг, Яармагын автозамын гэрэлтүүлгийн төсөвт өртөг /хх-109-203х/ 2014 онд 397.057.036 төгрөгийн гүйцэтгэл гаргаж өгсөн байна.

Дээрх маргаан бүхий байдлыг тогтоолгохоор зохигч талуудын хүсэлтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч болон Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авто замын гадна гэрэлтүүлгийн ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, түүний дэлгэрэнгүй үнэлгээг гаргахаар “Эрдэм түм” ХХК  шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нар нь дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна

Уг төсөвт өртгийн тооцоог Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 102/Ш32015/13752 тоот шүүгчийн захирамжаар гэрээний гүйцэтгэлийн талаар зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсынг байцаагч Х.Наранбаатарыг шинжээчээр томилж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Шинжээчийн дүгнэлтэнд.

...Яармаг гүүр-Нисэх-Нисэхийн товчоо хүртэлх авто замын гадна гэрэлтүүлгийн ажлыг Ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус ажлыгбүрэн дуусгаж хүлээгэн өгөх байсан болно.Тус Пайрлинк ХХК ТТ-45/11 шифртэй ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэж байсан боловч гэрээт хугацаанд ажлыг бүрэн хийж дуусгаагүй байна...,

 ...асуулт ажил гүйцэтгэгч Пайрлинк ХХК нь уг гэрээний дагуу нийт хийх 100 хувийн ажлын хэдэн хувийн ажлыг хийсэн эсэх

...хариулт ...Пайрлинк ХХК нь ГС-1, ГС-2 /гэрэлтүүлгийн самбар/, КТПН-1, КТПН-2, КТПН-3 /иж бүрдмэл дэд өртөө/ түүний тэжээлийн кабелийн ажил, Яармагын гүүр Нисэх хүртэлх автозамын урд талын хэсгийн 180 ширхэг ком гэрэлтүүлэг, гэрэлтүүлгийн шон, шонгын суурь, тэжээлийн кабель, газар шорооны ажил, бусад ажил, замын урд, хойд хэсгийн 327 ширхэг шонгийн суурь, кабель, газар шорооны ажил /бусад ажил/ хийсэн болно,

...асуулт ажил гүйцэтгэгч  Пайрлинк ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, түүний дэлгэрэнгүй үнэлгээ

...хариулт Тухайн ажлыг гүйцэтгэсэн дэлгэрэнгүй үнэлгээг мэргэжлийн мэргэшсэн төсөвчинд хандаж гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлт гарсан байна.

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 14446 тоот шүүгчийн захирамжаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авто замын гадна гэрэлтүүлгийн ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, түүний дэлгэрэнгүй үнэлгээг гаргахаар “Эрдэм түм’ ХХК шинжээчээр томилж, 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн тэргүүлэх төсөвчин, зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэлийн гаргасан дүгнэлтэнд:

 ...хариулт Ажил гүйцэтгэгч Пайрлинк ХХК нь тус ажлыг 1/3502 тоот магадлан шалгалт хийгдсэн, ТТ-45/11 шифр бүхий ажлын зургаар хийсэн байна.Ажлын гүйцэтгэл гаргасан өртгийн тооцоог барилгын ажлын гүйцэтгэл тооцох үнэ бүрдэлтийн норм дүрмийн дагуу хийгээгүй байна.Ажлын гүйцэтгэл гаргасан бүртгэлийн тооцоондоо зах зээлийн өртгөөс давсан өртөгтэй материал оруулсан байна.Үүнд

1.КТПН-ийн бэлтгэн нийлүүлсэн үнэ 21 381 400 төгрөг гэж тооцоонд авсан нь тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар 7 000 000 төгрөг байсан байна.

2.Гүйцэтгэлийн өртгийн тооцоонд ажлын хөлсийг бусад зардал суусан зах зээлийн үнээр хийсэн байгаа бөгөөд дахин төсвийн нормт цалингийн зардлаас авдаг ажиллах хүчний нэмэгдэл зардлуудыг тооцон авсан байна.

3.Мөн туслан гүйцэтгэгчид хамаарахгүй зардал болох захиалагчийн гүйцэтгэгч хамтран шийдвэрлэж протоколоор шийдвэрлэдэг магадлашгүй ажлын зардал болох 18 195 994 төгрөгийг оруулж тооцсон байна.

Эдгээр гүйцэтгэгчийн өөрийн нь гаргасан гүйцэтгэлийн өртгийн дүнгээс хасаж тооцвол нийт гүйцэтгэлийн дүн нь 768 126 220 төгрөг болж байна гэх дүгнэлт гарсан байна.

Мөн 102/2015/02818/и тоот дугаар бүхий иргэний хрэгт шинжээчийн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-18х/ 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр

Хариуцагч талаас “Пайрлинк” ХХК захирал Б.Чулуунбат

Нэхэмжлэгч талаа “Шинжиан шинфа” ХХК-ны итгмэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр

Шинжээч талаас Барилгын хяналт зөвлөх үйлчилгээний “Эрдэм Түм” ХХК захирал Л.Түмэндэмбэрэл, инженер Н.Жалбуучамба нар оролцов.

Үзлэгийг яармагийн гүүрний өмнөх эхлэлийн цэгээс, нисэхийн арын төгсөлийн КТПН хүртэл явж нэг бүрчилэн тоо хэмжээтэй тулгав.Хийсэн ажлын гүйцэтгэлээс 57-р шон тодорхой бус шалтгаанаар алга болсон байна.ХУ 1003 дугаартай удирдлагын самбарыг Пайрлинк хийгээгүй байна.бусад ажлууд гүйцэтгэлд орсон тоо хэмжээгээрээ тохирч байна гэх үзлэгийн тэмдэглэл хийгдсэн байна.

Шинжээч нар нь талуудын маргаан бүхий байдлуудыг тодруулан тогтоож, түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудад болон зохигч талуудаас гаргаж ирүүлсэн баримтад үндэслэж, улмаар зохигч талуудын хамт иргэний хэрэгт шинжээчийн үзлэг хийж, үзлэгээр яармагийн гүүрний өмнөх эхлэлийн цэгээс, нисэхийн арын төгсгөлийн КТПН хүртэл явж нэг бүрчилэн тоо хэмжээтэй тулгаж ажлын талбайд очиж  ажлыг хийснээр дүгнэлтээ гаргасныг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоосон дүгнэлтийг гаргасан байна гэж шүүх дүгнэв. 

Мөн шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдсан байна.

Иймд “Пайрлинк” ХХК-ийн  Хан-Уул дүүргийн яармагийн гүүр, нисэх, нисэхийн товчоог хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийн ажилд 2013 онд 574.829.070 төгрөг, 2014 онд 397.057.360 төгрөг нийт 971.886.430 төгрөгийн зардал гарган ажил гүйцэтгэсэн. Нийт 1 000 000 000 төгрөгийн санхүүжилтээс 971.886.430 төгрөгийн ажлын гүйцэтгэл 2013, 2014 онд гаргаж өгснийг, шинжээчийн дүгнэлт гарсан хэмжээгээр буюу 768 126 220 төгрөгийг ажил хийж гүйцэтгэсэн тухай ажлын гүйцэтгэлд нэмж тооцох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дээрх ийн  Хан-Уул дүүргийн яармагийн гүүр, нисэх, нисэхийн товчоог хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гарсан зардлыг  баримтаар нотлоогүй, мөн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээн”-ны дагуу  Хан-Уул дүүргийн яармагийн гүүр, нисэх, нисэхийн товчоог хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийн ажил хийлгүүлэхээр Пайрлинк ХХК гэрээ байгуулсан, “Шинжиан Шинфа” ХХК-иас “Пайрлинк” ХХК-нд уг гэрээг цуцлах  талаар бичгээр болон амаар тохиролцсон эсэх нь баримтаар болон шүүх хуралдааны явцад тогтоогдохгүй, ажлын гүйцэтгэл гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч энэ талаараа гомдол гаргах, дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах эрх нь нээлттэй байсан, гэрээний дагуу 1 000 000 000 төгрөг шилжүүлсэн боловч илүү шилжүүлсэн гэх  689 500 000 төгрөг хэрхэн яаж тооцсон нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч “Шинжиан Шинфа” ХХК нь гэрээгээр 764 ширхэг гэрэлтүүлгийн шон хийхээс, “Пайрлинк” ХХК нь 180 ширхэг гэрэлтүүлгийн шон хийж гүйцэтгэсэн энэ нь нийт ажлын 23 хувь буюу 310 500 000 төгрөг гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй,  шаардсан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрхээс дүгнэхэд Хан-Уул дүүргийн яармагийн гүүр, нисэх, нисэхийн товчоог хүртэл авто замын гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэлд  шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн “Эрдэм Түм” ХХК-ны ирүүлсэн дүгнэлтэнд дурдагдсан ажил, үйлчилгээг хасч тооцоход  хариуцагч “Пайрлинк” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг  768 126 220 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүх шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлуудыг тооцож, үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хийгдсэн ажлуудын зардлыг хасч тооцоход 231 873 780 төгрөгийг “Пайрлинк” ХХК гаргуулан нэхэмжчлэгч “Шинжиан Шинфа” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үдлэх 450 626 220 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Пайрлинк” ХХК-иас 231 873 780 /хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун далан гурав долоон зуун наян/ төгрөг гаргуулж “Шинжиан Шинфа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 450 626 220 /дөрвөн зуун тавин сая зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 605 405 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Пайрлинк” ХХК-аас 1 317 319  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ