Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Мижидийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105005470606 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоматик инженер мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо нуурын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мижидийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б- нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Американ Аутлет” нэртэй худалдаа, үйлчилгээний газрын урд талын зам явган хүний гарц дээр иргэн Э.Э-ын жолоодож явсан Lexus Rx 350 загварын ...-...УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг тодорхой шалтгаангүйгээр хагалж, бусдад 880.000 /найман зуун наян мянга/ буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          З.Ундрамын хохирогчоор өгсөн “... 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн Богд-Ар хорооллын арын замаар дүү Э-ын хамт ...-...УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал явган хүний гарцны урд зогссон. Тэгсэн замын эсрэг талаас нэг согтуу хүн чанга чанга хашгираад гараад савчуулаад явж байсан. Э- бид хоёр тэр хүнийг гарцаар гаргах гээд хүлээж байсан чинь тэр согтуу хүн манай машиныг өнгөрөнгүүтээ машины салхины шил рүү баруун гараараа хүчтэй цохиж хагалсан.

          Би юу болов оо Э-аа буугаачээ гэж хэлээд бид хоёр машинаас буусан чинь нөгөө согтуу хүн боржур давж чадалгүй уначихсан байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан.

          ... Салхины шил хагарсан. Өөр гэмтэл байхгүй. Ямар нэгэн багаж зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Э- машин жолоодоод би хажууд нь суугаад явж байсан. Тухайн хүн нь нилээн согтуу байсан. Хохирлын 880,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,

 

          Гэрч Э.Э-ын “... Американ аутлет дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр үл таних залууд зам тавьж өгсөн. З.Ундрам эгч бид хоёр Lexus Rx 350 загварын ...-...УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд тухайн хүн нь гарцаар гарч явж байгаад машины урд талыг налж зогсоод гараараа шууд машины салхины шил рүү цохиод хагалчихсан. Би машинаас буугаад очиход тухайн хүн нь согтуу байсан ба газар хэвтээд өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

          Дамно ХХК-ний Lexus Rx 350 загварын автомашины салхины шилийг 880,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 28-31 дүгээр хуудас/,

 

          М.Б-ын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ганцаараа 18 цагийн үед гэр лүүгээ явж байсан. Би явган хүний замаар гарч байтал нэг машин ирээд сигналдахаар нь би цочоод жолоочтой нь хэрэлдсэн. Тэгээд би уурандаа тухайн машины салхины шилийг хагалсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас тухайн тээврийн хэрэгслийн салхины шилийг юугаар цохиж хагалснаа санахгүй байна. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. ... Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Американ Аутлет” нэртэй худалдаа, үйлчилгээний газрын урд талын нийтийн хэрэгцээний зам дээр явганаар гарцаар гарахдаа Lexus Rx 350 загварын ...-...УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Э.Э-ыг “дуут дохио өглөө” гэх шалтгааны улмаас уг тээврийн хэрэгслийн салхины шилийг цохиж хагалж 880,000 /найман зуун наян мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэргийг шинжийг бүрнээ хангажээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Б- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийн улмаас 880,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч М.Б-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүгдэгч М.Б-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мижидийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-аас 880,000 /найман зуун наян мянга/ төгрөг гаргуулж Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Жамьян гүний гудамж 8 байр 2 тоотод оршин суух Боржигон овогт Зандраагийн Ундрамд /РД:ШБ75080862/ олгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ