Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/298

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Н-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105007450648 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймаг Баян-Адарга суманд төрсөн төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо ...... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн дунд замд хохирогч Г.О-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, хүзүүний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М- мэдүүлэхдээ: “Болсон явдал бүгд үнэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн дунд замд хохирогч Г.О-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, хүзүүний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Г.О-ийн “... 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед найз залуу М-тэй 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны гадна Марк 2 маркийн автомашин дотор уулзаад юм ярьж байгаад би М-г өдөр хэнтэй хамт байсан юм бэ гэтэл хариулахгүй байсан юм. Тэгээд найз залуугаа хардаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаад Гэмтлийн эмнэлгийн дунд замаар явж байгаад замын хажууд зогсоод манай найз залуу миний нүүр, нүд рүү гараараа олон дахин цохиж намайг хэл амаар доромжлоод янхан, гичий гэх зэргээр хараагаад байхаар нь би машинаас нь буугаад цагдаагийн хэлтэс рүү явсан. М- архи уучихсан нилээн согтолттой байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Зөвшөөрч байна. Дүгнэлтэд заасан миний биед учирсан гэмтлүүдийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М- миний нүүр лүү гараараа олон дахин цохиж зодон учруулсан гэмтлүүд байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлын баримтууд байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

          “... Тухайн өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр надад анх удаа хардалтын улмаас М- бид хоёр хоорондоо маргалдаж М- найзынхаа машин дотор миний нүүр нүд рүү цохиж гэмтэл учруулсан. Тэгээд тэрнээс хойш М- бид хоёр ямарч холбоогүй байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Шуурайгийн “... Тэгээд М- найз охинтойгоо хамт хойд талын суудал суучихсан. Би машин бариад гэмтлийн дунд замаар явж байтал М-гийн найз охин нь чи хаагуур хэнтэй явсан гээд М- рүү орилоод тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгж байтал М- найз охиныхоо нүүр, гар хэсэг рүү нь 1, 2 удаа цохиод байсан. Тэгээд найз охин нь орилж хашгираад Гэмтлийн дунд замд машинаа зогсоо гээд машинаас нүүрээ дараад буугаад үлдсэн. Тэр эмэгтэй М- рүү орилоод хэл үгээр доромжлоод байсан. Өөр зүйл болоогүй. Би урд суучихсан машин барьж явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3123 дугаартай:

          “1. Г.О-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, хүзүүний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

          Н.М-гийн “... 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед би хуучин найз охин О-тай 1 дүгээр хорооллын ард талын байрны зам дээр уулзсан юмаа. Тэгээд уулзаж байтал О- намайг өнөөдөр хэнтэй хаагуур явсан, юу хийж явсан юм гээд хардаад намайг хэл үгээр хараагаад доромжлоод байсан. Тэгээд тухайн үед манай ээж над руу залгасан чинь О- миний утсыг аваад би найз охин нь байна гээд яриахаар нь би утсаа буцааж булааж аваад уур хүрээд чи яаж байгаа юм бэ гээд уурласан чинь О- миний нүүрийг маажих гээд миний өөдөөс сарвайгаад байхаар нь би О-ийн нүүр, нүд рүү нь 1, 2 удаа гараараа цохисон. Тэгтэл О- уйлаад ээж, ах руугаа яриад машинаас буугаад явсан. Тухайн үед хажууд Марк 2 машины эзэн Шуурай гэх залуу харж байсан.

          ... Дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд заасан О-ийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Хохирогч Г.О-ийн “... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ