Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/311

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Хонгорзул,

хохирогч Г.Н-а,

шүүгдэгч Г.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Дөчин овогт Ганболдын Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000490302 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нарийн боовны хоолны технологич мэргэжилтэй, хувиараа хяналтын камер суурилуулдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .... аймгийн .... сум ... дүгээр баг ... оршин суух бүртгэлтэй, .... дүүргийн ...  дүгээр хороо ... дүгээр байрны ... тоотод түр оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн, Дөчин овогт Ганболдын Ш-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ш- нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын .... сууц өмчлөгчдийн холбооны захирал Г.Н-агаас тус хорооллын 24а байрны лифтний засварын тоног төхөөрөмж болох лифтний кабин дотор байрлах иж бүрэн удирдлага бүхий тоног төхөөрөмжийг шинээр захиалж өгнө гэж итгүүлэн Хаан банкны өөрийн 5450312421 дугаарын дансаар 1,600,000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 9 дүгээр сард мөн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Богд Ар хорооллын 21 дүгээр байрны грашийн хаалгыг засаж янзалж өгнө гэж итгүүлэн бэлнээр 300,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н-а мэдүүлэхдээ: “Г.Ш- гэж залуутай 2 жилийн өмнө танилцсан. Камерийн асуудлаар л танилцаж байсан. Манай сууц өмчлөгчдийн холбоонд хяналтын камер суулгах гэж ирсэн. Манай дээд удирдлагаас хяналтын камер байрлуул гэж үүрэг өгдөг. Түүний дагуу Г.Ш-тай тааралдаад 1 жил гаран хяналтын камер тавиулж хамт ажилласан. Хяналтын камер тавиулсны дараа манай лифт эвдэрсэн. Хяналтын камер тавиулах гэж үндсэн зардаг газар луу нь залгаж асуухад нилээн үнэтэй болчихоод байсан. Гэтэл сууц өмчлөгчдийн холбоонд тийм мөнгө байхгүй. Тэгээд Г.Ш-т хяналтын камер судлаад өг гэхэд 4,000,000 төгрөгт хяналтын камер авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 1,600,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл хяналтын камер ч байхгүй. Шүүх дээрээ тулчихаад байж байна. Хамгийн гол нь энэ хүнийг эр хүний жудаг гаргаад яллуулчихгүй юмсан гэж бодоод мөнгөө төлчих, шилжүүлчих гэж хэлээд байгаа. Жилийн эцсийн тайлан, тооцоо, нягтлан мөнгөө нэхээд асуудалтай байгаа гэдгээ хэлж байсан. Би цалингаа яаж өгөх юм бэ гэж хүртэл хэлж байсан. Энэ хүн хүний үгийг хүлээж авахгүй, тоохгүй байсан. Сүүлдээ ээжтэй нь хүртэл ярьж байсан. Удирдах зөвлөлөөс гомдол гарга гэж шаардаад, шахаад байсан. Тэгээд хуулийн дагуу явсан. Хамгийн гол нь энэ хүн залуу хүн, ирээдүй байна. Мөнгөө төлчихөөсэй гэж хүсч байна” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Г.Ш- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Г.Н-агийн “2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би Ганболдын Ш- гэх хүнээс өөрийн хариуцдаг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 24а дугаар байрны лифтны засварын тоног төхөөрөмж болох кабин дотор байрлах иж бүрэн удирдлага бүхий тоног төхөөрөмжийг шинээр захиалж авчруулахаар 1,600,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг Богд-Ар хорооллын .... сууц өмчлөгчдийн холбооны данснаас Г.Ш-ын дансанд шилжүүлж өгсөн байдаг.

          Тэрнээс хойш 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Богд-Ар хорооллын 21 дүгээр грашийн хүн орж гарах зориулалттай хаалгыг засаж янзлан шинээр дофон соронзтой цоож тавиулахаар 300,000 төгрөгийг .... сууц өмчлөгчдийн холбооны касснаас бэлнээр гаргуулан авсан юм.

          Тэгтэл одоо Г.Ш- нь нэг ч тоног төхөөрөмж өгөөгүй, мөнгө өгөхгүй тэр чигтээ алга болчихоод байгаа юм. Г.Ш- нь манай .... сууц өмчлөгчдийн холбоонд 2020 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд жижүүр хариуцаж, аж ахуйн эвдрэл гэмтлийг хариуцан ажилладаг байсан юм. Г.Ш- урьд нь хэд хэдэн удаа сууц өмчлөгчдийн холбооны камер тавьж өгч байсан. Мөн манайд ажилладаг байсан учраас түүнд итгэсэн юм. Урьд нь Ш-аар дамжуулан эд зүйл захиалж авч байгаагүй. Г.Ш- хэлэхдээ Хятад улсаас захиална гэж хэлсэн. Хаалганы эд ангийг хаалга хийдэг мэргэжлийн компаниар дамжуулан хийлгэнэ гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

          “... Манай байгууллагад 1,900,000 төгрөгийн хохирол учирсан. 1,600,000 төгрөгийг лифтний сэлбэгийн урьдчилгаа төлбөрөөр шилжүүлсэн. Харин 300,000 төгрөгийг грашийн хаалганы засварын мөнгө гэж бэлнээр өгсөн байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн төлбөр барагдаагүй байгаа. Г.Ш- гэх хүн нэг ч төлбөр буцаан хийгээгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,

 

          Мөнгө шилжүүлсэн тухай “Хаан” банкны харилцагч Ганболдын Ш-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 40 дүгээр хуудас/,

 

          Г.Ш-ын яллагдагчаар өгсөн “... Би анх 2020 оны 2 дугаар сараас эхлэн Н-а гэх хүнтэй Богд-Ар хорооллын 24а байрны лифтний сэлбэг захиалах гэсэн юм, чи БНХАУ-аас камер захиалдаг юм чинь лифтний сэлбэг хэдэн төгрөг болох, хэдийн хугацаанд орж ирэх талаар судлаад захиалаад өг, ах нь сууц өмчлөгчдийн холбооны мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би сайн асууж лавлаж байгаад больё гээд судлаад үзэхэд We chat /Ви чат/-р лифтний сэлбэг зардаг хятад хүнтэй холбогдоод асууж судалсаар байгаад 7 дугаар сард л лифтний урьдчилгаа мөнгө 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 300,000 төгрөгийг грашний хаалга солиулах мөнгө гэж бэлнээр өгсөн юм.

          ... Би хохирлоо бүрэн төлж дуусгах саналтай байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Ш- нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны цахилгаан шатны сэлбэг хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө .... сууц өмчлөгчдийн холбооны захирал ажилтай Г.Н-агаас цахилгаан шатны тоног төхөөрөмжийг захиалж өгнө гэж 1,600,000 төгрөгийг өөрийн 5450312421 тоот дансаар, мөн 2020 оны 9 дүгээр сард Богд Ар хорооллын 21 дүгээр байрны грашийн хаалгыг засаж янзалж өгнө гэж бэлнээр 300,000 төгрөгийг худал хэлэн итгүүлэн үнэмшүүлж, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуусны улмаас түүнийг төөрөгдүүлэн 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн авсан нь “Залилах гэмт хэргийг шинжийг бүрнээ хангасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Ш-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Ш- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 1,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

.... сууц өмчлөгчдийн холбоонд 1,900,000 төгрөгийн хохиролд учирсан ба шүүгдэгчээс хохирол төлөх талаар хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулсан.

Уг хугацаанд шүүгдэгч Г.Ш- нь 900,000 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн тул үлдэгдэл хохирол болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх шүүгдэгч Г.Ш-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ш- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дөчин овогт Ганболдын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ш-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ш- нь торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ш- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ш- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Ш-аас 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж .... сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ