| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 113/2019/0011/З |
| Дугаар | 113/ШШ2019/0024 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 113/ШШ2019/0024
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох “Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0165031 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хяналт шалгалт хийж “Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9**2 ДГА улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн уурхайгаас Улаанбаатар хот, Багахангай дүүрэг рүү нүүрс тээвэрлэн явахдаа улсын чанартай авто замаар ачаа тээвэрлэлт хийх стандарт норм зөрчиж ачааны жин тонныг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачаа тээвэрлэсэн” гэх зөрчлийг илрүүлсэн байна.
Холбогдогч Б.А нь улсын чанартай авто замаар ачаа тээвэрлэлт хийхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачаа тээвэрлэсэн болох нь материалд авагдсан холбогдогч Б.А-ны мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, “Говийн шилмэл зам” ХХК-ийн авто пүүний баримт, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б нь холбогдогч Б.А-ны дээрх гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийг илрүүлсэн тэмдэглэл үйлдсэн атлаа шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр бичсэн, мөн холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл, заалтаар буюу Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0165031 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б миний бие нь Б-ийн А /ЗЖ/ нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9**2 ДГА улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн уурхайгаас Улаанбаатар хот, Багахангай дүүрэг рүү нүүрс тээвэрлэн явахдаа улсын чанартай авто стандарт норм зөрчиж, ачааны жин тонныг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачаа тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн 0165031 дугаартай шийтгэлийн хуудсаар 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд уг шийтгэлийн хуудасны сар, өдрийг андуурч зөрчил үйлдсэн өдрөөс өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр бичсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт гэж бичихийг 15.4 дүгээр зүйлийн 20 дахь хэсэгт гэж сольж бичсэн байна.
Иймд аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШЗ2019/0112 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б-ийн “Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0165031 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б хүлээн зөвшөөрснөө 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж, илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б-ийн “Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0165031 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б-ий үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0165031 дугаартай шийтгэлийн хуудсыг прокурорын дүгнэлтэд дурдсан шаардлагын дагуу өөрчлөхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН