Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0989/З |
Дугаар | 221/МА2023/0307 |
Огноо | 2023-05-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2023/0307
А.М гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.М
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч А.М
Хариуцагч Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.А
Гомдлын шаардлага: Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.А 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0001388 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1.020.000 төгрөг төлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 293 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч А.М
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.М
Хариуцагч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 123/2022/0989/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч А.М нь Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.А холбогдуулан “Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.А 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0001388 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1.020.000 төгрөг төлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан А.М Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.А холбогдуулан гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0001388 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1.020.000 төгрөг төлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.М нь 3 ширхэг тарвагыг агнасан байдалтай тээвэрлэж явсан нь тогтоогдсон, дайвар ачаа тээвэрлэж явсан, хохирол төлүүлэх үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “...амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол” гэж заасан байдаг. А.М миний бие хүний дайвар ачааг очих эзэнд нь хүргэж өгөхөөр авсан үйлдэл байгаа.
Гэтэл шүүх барьсан, агнасан, тээвэрлэсэн гэж үзсэн, мөн эх сурвалжаа өөрөө заагаагүй гэж үзсэн. А.М миний бие уг ачааг өгсөн хүнийг, мөн авах хүний утасны дугааруудыг хэлж өгсөн.
Үүний дагуу шалган тогтоох байтал нотлогдохгүй байна гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон. Би хүний ачааг тээвэрлэж хүргэж өгөх үүрэгтэй тул нээж үзээгүй мөн эзэн нь хонины мах гэсэн тул тэр хүнд итгэсэн. Намайг гүтгэсэн хүний өмнөөс торгуулаад явах нь шударга ёсонд нийцэхгүй тул миний бие гомдол гаргаад яваад байгаа.
Эх сурвалжаа би зөв заасан буюу өгсөн хүнийг олж өгсөн. Гэтэл тэр хүн худлаа хонины мах гэж худлаа мэлзэж байхад бүрэн гүйцэд нотлогдож байна гэж үзэж намайг буруутгаж байгаа нь жинхэнэ эзнийг хариуцлагаас мулталж байна.
Амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн гэж намайг буруутгаж байгаа бол тэр тарвагыг хэн агнасан, хаана зарсан, хэнээс тэр Б нь худалдаж авсан юм гээд жинхэнэ эзнийг олох ёстой байсан.
Гэтэл хот хооронд тээвэр хийдэг намайг хийдэг ажлаар минь буруутан болгож байгаа нь үндэслэлгүй, хууль бус болсон.
Миний хувьд агнасан, барьсан үйлдэл байхгүй, үүнийг олж тогтоогоогүй байж, хохирол төлүүлэхээр хариуцлага оногдуулж байгаа нь хууль бус байхад шүүх шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай болсон.
Яг ямар баримтаар намайг агнасан, барьсан, тээвэрлэсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгаа.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд хориглосон байхад Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Городок дахь хяналтын постын шалгалтаар иргэн А.Мөнх-Эрдэнэ 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Тоёото королла фелдер маркын 91-35 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3 ширхэг тарваганы нойтон мах /тулам/ тээвэрлэсэн нь тогтоогджээ.
Гомдол гаргагчаас “…миний хувьд агнасан, барьсан үйлдэл байхгүй, үүнийг олж тогтоогоогүй байж хохирол төлүүлэхээр хариуцлага оногдуулж байгаа нь хууль бус, түүнчлэн жинхэнэ эзнийг хариуцлагаас мулталж байна…” гэх зэргээр давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа ч дээрх хуульд агнасан төдийгүй “тээвэрлэсэн”-ийг ч зөрчилд тооцохоор хуульчилсан, өөрөөр хэлбэл хүний дайвар ачаа тээвэрлэж явсан тохиолдолд уг ачаа нь хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүн байх тохиолдолд тээвэрлэсэн “үйлдэл”-д хариуцлага хүлээлгэхээр байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт анх агнасан, барьсан зөрчилд хариуцлага хүлээлгэхээр баталсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлтээр тээвэрлэснийг мөн адил зөрчилд тооцохоор зохицуулсан, иймд тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг хориглосон байх хугацаанд өөрөө агнаагүй ч тээвэрлэж явсан нь тогтоогдсон энэ тохиолдолд тухайн тээвэрлэсэн үйлдэлд хуульд заасны дагуу торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “...амьтныг агнахыг хориглосон хугацаанд …тээвэрлэсэн бол …учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр …торгоно” гэсэнтэй нийцжээ.
А.М тарваганы 3 ширхэг тулам тээвэрлэсэн зөрчил гаргасан нь баримтаар хангалттай тогтоогдсон, иймд зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад дайвар ачаа өгсөн гэх хүнийг болоод тарвагыг агнасан этгээдийг олж тогтоогоогүй нь тээвэрлэсэн зөрчлийг үгүйсгэх, хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон хуульд “…амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол…” гэж зөрчил үйлдэгдэх арга хэлбэрийг тус тусад нь тодорхойлж өгсөн, гомдол гаргагчийн хувьд эдгээрээс тээвэрлэсэн зөрчлийг гаргасан байх тул “…тарвагыг агнасан, барьсан этгээдийг олж тогтоогоогүйгээр жинхэнэ хариуцах ёстой этгээдийг нь чөлөөлж, тээвэрлэсэн хүнд хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсонд нийцэхгүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 9 дүгээр сарын 5, 13-ны өдрийн тэмдэглэлд тарвага тээвэрлэж болохгүйг, хориотой ан амьтан тээвэрлэх нь өөрөө хууль бус үйлдэл гэдгийг мэдэх үү гэхэд А.М “мэднэ” гэж хариулсан нь тусгагдсан, өөрөөр хэлбэл дайвар ачаа нь чухам юу болох, хориглосон бараа, бүтээгдэхүүн байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, А.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Мөнх-Эрдэнээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН