Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1515

 

Стар кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01159 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК, хариуцагч О.Нарангэрэл, С.Болдбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 920 654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч О.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Нарангэрэл, С.Болдбаатар нар нь 2013 оны 12 сарын 09-ний өдөр 965 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Хамтран зээлдэгч С.Болдбаатар нь зээлийн үүрэг биелүүлэхэд эхний 2 сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж үүргээ биелүүлээгүй. Бид үүргээ зөрчиж байгааг удаа дараа сануулж хэлж байсан бөгөөд 2015 оны 06 сарын 15-ны өдөр иргэн С.Болдбаатар нь 265 000 төгрөг төлж, үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч О.Нарангэрэл, С.Болдбаатар нараас нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцооллоор зээл 5 432 080 төгрөг, зээлийн хүү 2 907 145 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581 429 төгрөг нийт 8 920 654 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч: О.Нарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Стар кредит ББСБ-аас 6 000 000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийг эхлэн төлж байгаад миний хувийн амьдралд гачигдал зовлон тохиолдож зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөх төлбөрийн эх үүсвэргүй болж, чадлынхаа хирээр, цувуулан төлсөөр нийтдээ 5,6 саяыг төлсөн. Одоо үндсэн зээл, хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл 3,8 сая төгрөг байгаа. “Стар кредит” ББСБ-аас шүүхэд гаргасан тооцоолол буруу гэж үзэж байна. Иргэний хуулийн 216.4-т "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл төлөх хугацаа болсон зээлийн өрийг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан. Мөн хуулийн 216.2-т гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд төлөх, төлүүлэх журамтай. Үндсэн зээлээ хугацаа хэтрүүлсэн бол уг үүргээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох учраас илүү хүнд нөхцөлтэй гэж хууль үзээд байна. Үндсэн зээл бол илүү хүнд үүрэг юм. Тийм учраас 2015 оны 12 сарын 09-ний өдрөөс хойш төлөгдсөн 1 560 000 төгрөгийг эхлээд үндсэн үүрэгт тооцох учиртай байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхсэнийг зөвшөөрөхгүй. Тийм учраас миний төлсөн дээрх төлбөрийг үүрэг гүйцэтгэх дараалал ёсоор үндсэн зээлээс хасч тооцож бодох ёстой. Ингэж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 3,872,080 төгрөг болно. Үүнээс хэтэрсэн хугацааны хүүг 3,5 хувиар тооцоход 2015.12.09-өөс 2017.02.13-ыг хүртэл 14 сарын хүү 1 897 308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 379 461 төгрөг, нийт 6 148 849 төгрөгийг төлөхөөр байна. Хэрвээ гэрээг 2016.02.24-нд цуцлагдсан гэж үзвэл үүнээс ч бага төлбөр төлөгдөнө гэж үзэж байна. Гэвч миний амьдралд тохиолдсон аргагүй байдлыг харгалзан үзэж, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандаж, төлбөрийн чадваргүй болсон өвгөн намайг өршөөж, үндсэн зээлийн үлдэгдэл 3 872 080 төгрөгийг тодорхой хугацаа зааж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар О.Нарангэрэл, С.Болдбаатар нараас 6 203 072 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 717 582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Нарангэрэл, С.Болдбаатар нараас 114 199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсэг болох 6 203 072 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх 2 717 582 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэртээ яг хэдэн төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож байгааг ойлгомжгүй заасан. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн атлаа холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч талаас шаардсан. Гэтэл шүүх гэрээнээс үүссэн харилцаанд үүргийн гүйцэтгэлийн ерөнхий харилцааг хэрэглэсэн нь буруу болсон. Иргэний хуулийн 453.1-д " Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж хуульчилсан байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-ийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан.

Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.8-д зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү авах талаар болон эхлээд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг барагдуулах талаар харилцан тохиролцсон. Иймд нарийвчилсан зохицуулалттай, хүчин төгөлдөр гэрээтэй байх атал анхан шатны шүүх гэрээний үүргийн дагуу хэргийг шийдвэрлэлгүй, Иргэний хуулийн Үүрэг гүйцэтгэх ерөнхий заалтыг баримталж хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул хэрэгсэхгүй болгосон хэсгээр давж заалдах гомдол гаргаж байгаа билээ.

Гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015.12.15 хүртэлх хуримтлагдсан хүү 1 505 577 төгрөгийн авлагатай байтал үүнийг шууд хасч тооцсон нь буруу болсон. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөх хуваариар 2015.12.15-ны өдөр хариуцагч нар нь төлбөр төлөх хуваарьтай байсан. Энэ хуваарийнхаа дагуу 2015.12.15-нд 1 300 000 төгрөгийг төлсөн ба үүнийг гэрээ ёсоор эхлээд зээлийн хүүнд тооцох ёстой ба нэхэмжлэгч тал хүүд тооцож нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл хүчин төгөлдөр гэрээг шүүх хэрэглэхгүй уг төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцсон нь мөн өөрөө хууль бус болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэгдэх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Стар кредит” ББСБ ХХК нь хариуцагч О.Нарангэрэл, С.Болдбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 920 654 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс төлөх ёстой байтал хүү, нэмэгдүүлсэн хүүгээс  хасч тооцсон, нийт 6 148 849 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 965 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь 6 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027848 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын D гудамж, 0-26 тоот, 95 м.кв талбайтай, гараж, хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2205000975 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалжээ. Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 5-6/

 

Талууд хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 260 000 төгрөгийн төлөлт хийгдсэнээс хойш дахин төлбөр төлөөгүй тул хариуцагч нарыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.  

 

Гэвч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үлдэгдэл зээлээс бус хүүгийн төлбөрөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5 432 080 төгрөгийн үлдэгдэлтэй болсонд талууд маргаагүй. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 1 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 4 132 080 төгрөг байна. Үүнээс 260 000 төгрөгийн төлөлт хийсэн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 6 сар 22 хоногт 973 772 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 3 872 080 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 2  дугаар сарын 13-ны өдөр хүртэл 8 сар 6 хоногт 1 111 278 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байна. Үүнээс нэмэгдүүлсэн хүү, гэрээний хугацаанд төлбөл зохих хүү зэргийг нэмж тооцсон нь зөв болжээ.

 

Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцох ёстой гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нээмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 431 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

                                                                                   Ш.ОЮУНХАНД