Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 21

 

2018 оны 7 сарын 24 өдөр                  8   2 ДШМ/21                                               Хэрлэн сум                                   Хэрлэн сум

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2018/0018

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: М.Сайнболд,

Прокурор: П.Э /онлайн/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Г /онлайн/ нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ичинхоролын эсэргүүцлээр Г.М-д холбогдох эрүүгийн 1740000390010 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Дорнод аймагт 1981 онд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Ц д овогт Г-н М /РД:ЕД81041278/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын хяналтын прокурор Г.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар: Шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3-т заасныг зөрчиж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадваргүй байдал нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон асуудлыг багтаасан ойлголт юм. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан эсэхийг нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд дээрх хоёр ойлголтын алинд хамаарагдаж байгааг тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хууль ёсны төлөөлөгч Д.Ч-т хэргийн материал танилцуулах. хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч Б.Б, Ч.Б, Б.Э, Г.М, Б.Э нарыг тус тусд нь өмгөөлөгчөөр хангах шаардлагатай гэж үзээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор  Б.И эсэргүүцэлдээ: Яллах дүгнэлтийн 6 дахь хуудсанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлийг тодорхой зааж бичсэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурорын шийдвэр хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Мөнхсаруул нь хэрэг үйлдэхээс өмнө 2012 онд бусдад зодуулж толгойдоо гэмтэл авсны улмаас толгойдоо гэмтэл авч, уналт, таталт өвчнөөр өвчилж эмчийн хяналтанд байнга эмчлэгддэг байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөн прокуророос дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс шинжээчийг хуралд оролцуулсан боловч шинжээчээс дүгнэлттэй нь холбогдуулан энэ талаар тодруулж асуугаагүй, эргэлзээтэй бол шүүх дахин шинжээч томилохоор хуульд заасныг хэрэгжүүлээгүй атлаа хэрэг хариуцах чадваргүй байсан эсэхийг тогтоо гэсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул шүүх хуралдаанд энэ эрхээ эдэлсэн байхад мэдүүлэг өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн сэтгэцийн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шүүх хуралдаан дээр дүгнэлт гаргасан эмч нь тодорхой мэдүүлсэн байхад шүүх түүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулах эсэхийг харгалзан албадлагын арга хэмжээний төрлийг тогтоон шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь  түүний эрх ашгийг хамгаалж хэргийн материалтай танилцан гомдол, хүсэлтээ гарган ажилласан бөгөөд хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунцэцэгт хэргийн материалыг шүүх танилцуулах боломжтой бөгөөд шүүх хуралдаанд  оролцсон хууль ёсны төлөөлөгч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Яллагдагч Б.Батбаяр, Ч.Батбилэг нарт холбогдох хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн шүүхээс тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн, Б.Энхбат, Б.Энхтүвшин нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Г.М-д холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 86 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.М нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гэсэн дүгнэлт гарсан.   Хуулиар олгосон эрх буюу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч-т хэргийн материал танилцуулаагүй гэсэн хэдий ч Чулуунцэцэг нь хавтаст хэрэгтэй танилцахгүй гэсэн. Энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй. Мөн эсрэг сонирхолтой шүүгдэгч нарт нэг өмгөөлөгч оролцсон нь хууль зөрчсөн гэж шүүхээс үзсэн. Шүүгдэгч нар хоорондоо эсрэг сонирхолтой, эсрэг мэдүүлэг өгсөн байдал тогтоогдоогүй.  Нэр бүхий шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийг тусгаарлан шалгасан бөгөөд хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай болсон тул хүчингүй болгож, шүүгдэгч Г.Мөнхсаруулд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Мөнхсаруулд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.М-н сэтгэцийн байдал хэрэг үйлдэхээс өмнөх цаг хугацаанд болон хэрэг үйлдэх үед ямар байсан, одоо ямар байдалтай байгаа талаарх нөхцөл байдлыг харьцуулан үзэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг сэтгэцийн эмгэг судлалын ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой Г.М, Б.Б, Ч.Б, Б.Э, Б.Э нар нь нэг өмгөөлөгчөөр хууль ёсны эрхээ хамгаалуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1.2-ын заалтыг зөрчжээ.

Шүүгдэгч Г.М нь бусадтай хамтарч  мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байдлыг шалган тодруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.СҮХГОМБО

                             ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                                 Б.ДЭНСМАА