Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/334

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Ч.Ү- түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

хохирогч Н.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Харчу овогт Чойрогийн Ү-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000549 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг ... сум ... дүгээр баг ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... хотхон ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчу овогт Чойрогийн Ү-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Ү- нь 2021 оны 03 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-ы ... дугаар байрны ... тоот дуудлагын дагуу очсон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер Н.Т-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хохирогчийг хавсарч унаган биед баруун шаант ясны үе дайрсан шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ү- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т- мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Ч.Ү- миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсны улмаас хагалгаанд орж баруун хөлийн өвдгөндөө шрүф тавиулсан. Хагалгаа хийсэн эмч 90 хоногийн хугацаанд гам барих ёстой гэж хэлсэн. Одоогийн байдлаар хагалгаа хийлгээд 2 сар болсон ч баруун хөл маань гүйцэт нурахгүй, таягтай явдаг. Шүүгдэгч Ү-гийн учруулсан гэмтлийн улмаас 2 сар асаргаанд хэвтэж, ажилдаа явж чадаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинг нэхэмжилж байна” гэв.

 

          Шүүгдэгч Ч.Ү- нь 2021 оны 03 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-ы ... дугаар байрны ... тоот дуудлагын дагуу очсон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер Н.Т-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хохирогчийг хавсарч унаган биед баруун шаант ясны үе дайрсан шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Камерын бичлэг үзлэг хийсэн “... Бичлэг цааш үргэлжлэхэд энгэрийн камерын бичлэг хийж байгаа алба хаагч Т- газарт шаланд унаж байгаа дүрс бичлэг үргэлжилнэ. ... Цагдаагийн алба хаагч Т- нь ... тоот хаягийн үүдний коридор хэсгээс мөлхөж гарч байгаа дүрс бичлэг харагдана. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-16 дугаар хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Мөрдөн байцаах тасаг 2105000000549 дугаартай гэж хаягжуулан хамгаалж эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 17 дугаар хуудас/,

 

          Хохирогч Н.Т-ийн “Би 2021 оны 03 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн Бугат 112 дугаар авто эргүүлийн чиглэлд цагдаа жолооч Баяртогтохын хамт үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 02 цаг 50 минутын орчимд 88051967 дугаараас Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...- ...-1 дүгээр байрны ... тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу уг хаягийг очиж хаягийг шалгасан. Дуудлага мэдээлэл шалгаж ... тоот хаягийн хаалга тогшиход 40-45 орчим настай эрэгтэй хаалга нээсэн. Юу болсон талаар тодруулахад юу ч болоогүй гэж хэлээд цаашаа явсан. Тэгэхээр гэрт нь орж шалгасан. Тухайн хаягийг шалгахад орон дээр нэг эмэгтэй хүн айсан байдалтай баруун нүд нь хөхөрсөн байдалтай сууж байсан. Хаалга нээж өгсөн эрэгтэй хүнээс юу болсон талаар асуухад юу ч болоогүй гээд тодорхой мэдээлэл өгөхгүй дайрч давшилж байсан. Орон дээр сууж байсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад мөн л тодорхой хариулт хэлэхгүй бид хоёр хоорондоо жоохон маргалдсан гэж хэлж байсан. Гэрт байсан согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүнд хандаж тантай тусгаарлаж уулзах хэрэгтэй байна, энэ хаягт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар тайлбарласан. Тэгэхэд тухайн иргэн хараалын үгээр доромжилж дайрч байсан. Хувцсаа өмс гэсэн шаардлага тавьсан мөн л эсэргүүцэж байсан. Ахлагч Баяртогтох тусгай хэрэгсэл гав хэрэглэх гэтэл гар нь нойтон болохоор баригдахгүй мултраад байсан. Тэгээд би энгийн камераа унагахгүй байхын тулд энгэрийн камераа бэхэлсэн. Тэгсэн энэ хооронд тухайн гэрийн үүдний коридор хэсэгт баруун талд хөлөөрөө нэг удаа хавсарч унагасан. Тэгээд өөрөө миний баруун хөлний өвдөг дээрээс дарж унасан. Тэгсэн миний хөл маш их өвдөж хөдөлж чадахгүй болсон. Би өөрийнхөө баруун хөлийг арай гэж татаж аваад согтуу иргэний 2 гарыг барьсан. Тэгээд гэрээс нь авч гарсан.

          ... Гомдолтой байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэндээ гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

          “... Харин учирсан хохирлыг талаар тайлбар хэлэхэд эм тариа, ор хоногийн нийлээд 400,000 орчим төгрөг болсон. Уг хохирлын төлбөрийг Ү- төлж барагдуулсан. Би 2 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй байна. Би гомдолтой байна. Би 2 сарын байрны төлбөрөө гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/,

 

          Гэрч Ц.Дэлгэрмаагийн “... шөнийн 01 цагийн орчим Ч.Ү- босч ирээд намайг үүрээр өдөөд хэрүүл хийж байгаад шууд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би уурлатал Ч.Ү- уучлаарай гээд бид хоёр унтаад байж байтал гэрийн хаалга тогшихоор нь би Ч.Ү-г хаалгаа онгойлго гээд босгосон. Тэгтэл гаднаас хоёр цагдаа орж ирэхэд Ч.Ү- дуудлага өгөөгүй гээд маргалдаад байсан. Тэгээд цагдаа нар Ч.Ү-г авч явна гэтэл маргалдаад тэр хоёр цагдаа Ч.Ү-г авч гараад явсан. Би түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

          Гэрч Н.Баяртогтохын “... Уг согтууруулах ундаа хэрэглэсэн залууг гэрээс нь гаргаж байгаад тусад нь уулзах гэтэл хэл амаар доромжилж биеийн үйлдлээрээ эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Мөн энэ үед офицер дэслэгч Н.Т-ийг хавирч гэрийн үүдний коридорт унагасан. Тэгээд ноцолдоод эхэлсэн. Тэгээд Т-тэй ноцолдсон гэх залуутай ноцолдож байгаад гэрээс нь гаргаж орцод нь гаргасан. Энэ хооронд Бугат 113 чиглэл дэслэгч Бямбабаяр, ахлагч Хонгор нарыг нэмэгдлээр дуудаж тухайн иргэнийг саатуулах байранд хүргэсэн.

          ... Ү- гэгч нь та нартай явахгүй гэж хэлээд Н.Т-ийг 1 удаа хавирч унагасан. Тухайн үед Ү- Т-ийг хавирч унагасан. Өөрөөр бие биенийхээ биед халдаж зодсон асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-39 дүгээр хуудас/

 

          Гэрч Д.Амардөшийн “... шөнө 03 цагийн орчимд манай хөрш хажуу айлд эрэгтэй хүн чанга чанга хашгираад эхнэрээ зодоод байх шиг байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг үйлдэл намжих болов уу гэтэл намжихгүй байдал улам хүндэрч байгаа шинжтэй болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2625 дугаартай:

          “1. Н.Т-ийн биед баруун шаант ясны үе дайрсан шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 47-48 дугаар хуудас/

         

          Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2410 дугаартай өвчний түүхийн хуулбар. /хэргийн 92-100 дугаар хуудас/,

 

          Яллагдагч Ч.Ү-гийн “... Төрийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байхдаа намайг баривчлах гэж байх үедээ бэртэж гэмтсэн. Энэ нь миний буруу. Та бүхнээсээ бүгдээс нь уучлалт гуйж байна. Үнэхээр харамсалтай юм болсон. Би согтууруулах ундаа хэрэглээд эхнэр, хүүхдээ зодоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн бишээ. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт найз Баатар манай гэрт ирж надтай юм ярьж пиво ууж байгаад явсан. Ингэж л энэ өдөр пиво уулаа. Би цаашдаа дахиж архи уухгүй. Би хохирогч Н.Т-өд нийт 795,000 төгрөг төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл 2021 оны 03 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...-ы ... дугаар байрны ... тоотод дуудлага мэдээллийн дагуу дагуу хуулиар хүлээсэн үүргээ буюу нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч Н.Т-, Н.Баяртогтох нарын эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй шүүгдэгч Ч.Ү- нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа хавсарч унаган биед баруун шаант ясны үе дайрсан шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргүүдийн шинжийг бүрнээ хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.Т- нь өөрт учирсан хохирол, хор уршигт “4, 5 дугаар сарын цалин нийт 2,400,000 төгрөг” нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Т- нь 4 дүгээр сарын цалингаа авсан байх ба харин эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлсөн тухай баримт байхгүй тул 5 дугаар сарын цалинг хохиролд тооцох боломжгүй байна.

Иймд хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ү- нь хохирогч Н.Т-өд эмчилгээнд зориулж 795,000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн, уг төлбөрийг хохирогч нь хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

         

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Ү- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг нэмж нэгтгэн 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ү- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчу овогт Чойрогийн Ү-г Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ч.Ү-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ү-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ү-г торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ү- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ч.Ү- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Н.Т- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ