Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч А.Б- түүний өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч Б.О-, С.Ц- тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Хиад овогт Амардэлгэрийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031750450 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ...  дүгээр гудамжны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиад овогт Амардэлгэрийн Б-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хэрүүл маргааны улмаас иргэн Б.О- болон С.Ц- нарыг зодож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө миний бие Баянгол дүүрэгт гэртээ харих гэж явж байхдаа хохирогч Ц-тэй маргалдсан. Ц-тэй маргалдаж хоёр хүнд гэмтэл учруулсанд харамсаж байна. Энэ хүмүүсээс уучлалт гуйж байна” гэв.

 

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О- мэдүүлэхдээ: “Тухайн үед такси барих гээд явж байгаад Б-тай таарсан юм. Тэр үед хоёр согтуу залуу байсан. Тэгээд хоорондоо маргалдаад хөнгөн гэмтэл надад учруулсан. Тухайн үед гомдол саналтай байсан. Хохирол төлбөр төлсөн учраас одоо гомдол, саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц- мэдүүлэхдээ: “Би Б-г салгах гэж байгаад цохиулсан.Тухайн үед хохиролтой гээд бариачаар явсан. Хохирол төлбөр бариачийн төлбөр гэж 300,000 төгрөг өгсөн. Одоо гомдол саналгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч А.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-13 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “... Б.О- гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 23 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Цайвар өнгийн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл цаашаа харан зогсох ба түүний урдуур бараан өнгийн тээврийн хэрэгсэл хөндлөн орж ирж зогсон дотроос нь бараан өнгийн урт куртик, цайвар өмдтэй гэрч А.Б- гарч ирэхэд түүний өөдөөс бараан хувцастай гэрч Б.О- очиж зууралдана. Цаашаа харан зогсох цайван өнгийн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн урд хамран дээр гарч А.Б-, гэрч Б.О-ыг өргөн тавихад уг тээврийн хэрэгсэл арагшаа ухрах ба хойноос нь гэрч Баярсайхан, Чулуунхүү, Ц- нар очин зууралдаж харагдана. Гэрч А.Б-, Б.О- нарыг салгаж зогсох ба дахин хоорондоо зууралдах үед тэдний дундуур орж салгаж харагдана. Энэ үед гэрч О- доошоо тонгойн газраас юм авч харагдан гэрч Б- руу дайрч харагдана. Энэ үед гэрч О-, гэрч Б-тай зогсоолд байрлах цагаан өнгийн Prius 20 маркийн машины хажууд зууралдах ба Б-ы хөл рүү доошоо тонгойход Б- хөлөө арагш татаж харагдана.

... Баруун гараараа Б- руу савж харагдана. Энэ үед гэрч Баярсайхан, Чулуунхүү, Ц- нар дундуур нь орох үед Ц- цохиулан газар унана.

... Энэ үед Б- гэрч О-ыг өргөн газар унагаах ба хажуунаас нь гэрч Баярсайхан, Чулуунхүү нар очин зууралдах ба газар хэвтэх гэрч Ц-гийн дээрээс О-, Б- нар зууралдан унаж харагдана. Тэгээд Б- босоод машиндаа суун, машинаа асаагаад хөдлөөд явна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-30 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.О-ы “... Би 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө өөрийн төрсөн ах Чулуунхүү, хуурай ах Баярсайхан, Ц-, эхнэр Ариунзул, Оюунаа бас танихгүй 2 эмэгтэй гээд наймуулаа Бичилийн ард караокед орчхоод 00 цаг өнгөрөөд зам дээр гараад такси бариад эхлээд 4 эмэгтэйгээ түрүүлж суулгаад явсан. Тэгээд такси барих гээд зам дагаад алхаж байхад хажууд 79-45 улсын дугаартай хөх өнгөтэй Toyota Preimo маркийн машин ирээд зогссон. Тэгээд хаалгыг нь татаад суух гэтэл явахгүй гэхээр нь явахгүй бол яах гэж зогссон юм гээд хойд хаалгыг нь савахад цаашаа очиж машинаа хол тавиад бууж ирээд намайг пизда минь, гөлөг минь, нааш ир гээд дуудаад байсан. Тэгээд би яваад очиход уг залуу үгийн зөрүүгүй тонгороод газар шидээд унагасан. Тэгээд газар унасан байхад хажуу талаас нь нуруу руу 1,2 удаа өшиглөхөд Баярсайхан ах хажуунаас ирээд нөгөө залууг тэврээд салгасан.

Тэгээд манай ах Чулуунхүү намайг тэврээд замын хажуу тал руу холдуулсан. Тэгээд нөгөө залууг Баярсайхан ах машинд нь суулгахад нөгөө залуу бууж ирээд дахиж над руу дайраад өргөж аваад намайг газар шидсэн. Тэгээд Ц- ах хажууд ирээд тэр залууг болиочээ гэхэд тэр залуу Ц- ахыг цохиход татаад газар унасан. Тэгээд тэр залуу машин руугаа гүйгээд машиндаа суугаад хөдлөөд зугтаасан. Тэгээд бид нар Ц- ах дээр очоод сэрээгээд сууж байхад нөгөө залуу замын урд талд машинтайгаа ирж зогсоод хөлөө чирч бууж ирээд та нар намайг хутгалчихлаа, хэн нь хутгатай байсан гээд орилоод байсан. Тэгээд тэр залуу 102 дугаарт дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн.

... Тухайн үед уг залуу намайг 3 удаа өргөж газар шидээд, тэнд зогсож байсан машин дээр 1 удаа өргөж шидсэн. Ц- ахыг бууж ирээд нүүр лүү нь 1 удаа цохисон. Бид нар уг залууд огт гар хүрээгүй.

... Тухайн үед уг залуугийн биед ямар нэгэн шархгүй зугтаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд 10 орчим минутын дараа уг залуу буцаж ирэхэд баруун хөл нь цус болсон, доголоод машинаасаа бууж ирсэн.

... Би болон бид нар уг жолоочид гар хүрээгүй. Уг жолооч өөрөө Ц- ахыг цохиж унагаачхаад зугтаагаад явсан. Тэгээд дараа нь буцаж ирэхдээ хөлөө гэмтээсэн ирсэн. Уг гэмтлийг өөрөө өөртөө учруулсан гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

“... Бичлэгт би биеийн тамирын саарал цамц, хар өмд, цэнхэр пүүзтэй, Ц- ах саарал өнгийн гэрэлтдэг канттай цэнхэр өнгийн өмдтэй, саарал цамцтай, Чулуунхүү ах саарал өнгийн гэрэлтдэг канттай хар өнгийн куртиктэй, Баярсайхан ах хар савхин куртик, хөх жинсэн өмдтэй харагдаж байна. Мөн таксины жолооч залуу хар хөх өнгийн машинаас цайвар өнгийн өмд, цамцтай бууж ирээд намайг дуудаж зам дагуу зогсож байгаа, цагаан өнгийн Toyota Prius 20 маркийн машины урд хамар дээр өргөн шидэж байна. Дээрхи бичлэг дээр газраас юм авч байгаа хүн би байна.Тухайн үед би газраас тоосгоны хэлтэрхий олоод аваад цаашаа очиж уг таксины жолооч залууг цохих гэж дайрсан. Тэгэхэд манай ах Чулуунхүү, Ц- нар уг залууг булааж аваад газар хаясан байгаа.

... Тухайн үед би газраас юм авах гэсэн боловч юм олдоогүй. Тэгээд гараа урдаа барихад манай ах Чулуунхүү миний гарыг бариад хориглоод байсан болохоор уг залууг ирэхээр нь баруун гараа ардаа барьж байгаад савч цохьё гэж бодсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Ц-гийн “... Тэгээд суух гээд хаалгыг нь онгойлготол уг жолооч залуу согтуу хүмүүст үйлчлэхгүй гэхэд О- үйлчлэхгүй юм бол яах гэж зогссон юм гэхэд нөгөө залуу хөдлөөд цаашаа 10 орчим метр хөдлөөд зогсоод уг залуу бууж ирээд нааш ир, муу лалруудаа гээд дуудахад О- яваад очиход уг залуу О-ыг аваад тонгорч газар шидэж унагасан. Тэгээд бид нар очиход О- босоод ирэхэд дахиад өргөөд шидсэн. Тэгээд Баярсайхан очоод уг залууг салгаад машин руу нь суулгахад уг залуу буцаж бууж ирээд О- руу дайраад байсан. Тэгэхээр нь би очоод болиоч гээд уг залууг түлхэхэд намайг нүүр лүү 1 удаа цохиод би хэсэг ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь манай хэд намайг түргэн дуудна гээд сандралдаад байж байхад нөгөө залуу замын цаана машинаа тавиад бууж ирэхэд баруун хөл нь доголоод цус гарсан байдалтай ирээд та нар намайг хутгалчихлаа гээд байсан. Тэгээд тэр залуу буцаж машиндаа ороод сууж байхад удалгүй цагдаа нар ирсэн.

... Тухайн үед уг залуугийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Сүүлд намайг ухаан алдаад сэргэхэд уг залуу машинаасаа бууж ирэхдээ баруун хөл нь цус болсон доглоод ирсэн. Миний биед учирсан уг гэмтлийг таксины жолооч залуу намайг цохиж учруулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/,

“... Тухайн үед О-ыг гартаа юм барьсан эсэхийг анзаараагүй. Таксины жолооч О-тай зууралдахад Чулуунхүү, Баярсайхан бид гурав салгаж зууралдсан. Тухайн үед уг таксины жолооч залуугийн биед хэн ч халдаагүй. О- зууралдаад байхаар нь салгасан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Чулуунхүүгийн “... тэр залуу бууж ирээд О-тай барьцалдаж аваад О-ыг тэр залуу тонгорч газар унагасан. Тэгээд Баярсайхан очиж салгаад Баярсайхан уг залууг машинд нь суулгасан. Би О-ыг бариад зогсож байхад нөгөө залуу дахиад машинаасаа бууж ирээд О- руу алаад хаячихъя гээд дайраад байсан. Тэгэхэд Баярсайхан уг залууг дахиад машинд нь суулгасан. Тэгээд дахиад уг залуу бууж ирээд О- руу дайраад байхаар нь Ц- уг залууг хажуунаас нь мангасдахад уг залуу Ц-г 1 удаа нүүр лүү нь цохиод ухаан алдаад унасан. Тэгээд Баярсайхан уг залууг дахиад машинд нь суулгасан. Тэгэхэд уг залуу машиндаа суугаад хөдлөөд 5-10 минут болоод буцаж эргэж ирээд машинаа эсрэг талд тавиад бууж ирээд та нар намайг хутгалсан байна гээд баруун хөлөө чирээд доглоод бууж ирсэн. Тэгэхэд уг залуугийн өмд нь цус болсон харагдсан. Тэгээд би такси бариад Ариунзулыг дуудах гээд явсан.

... Тухайн үед О- уг таксины жолоочтой барьцалдаад зууралдсан. Тэгэхэд уг залуу О-ыг 2,3 удаа газар авч шидэж унагаасан. Уг залууд гар хүрсэн хүн огт байгаагүй. Тухайн үед уг залуу зүгээр машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд 5-10 минутын дараа буцаж ирэхэд баруун хөлнөөс нь цус гараад доглоод ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Баярсайханы “... О- очоод тэр хоёр барьцалдаж авахаар нь Чулуунхүү бид хоёр араас нь очиход О-ыг газар унагаагаад нуруу руу нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би уг жолооч залууг тэвэрч аваад машинд нь суулгахад буцаж бууж ирээд дахиад гарч ирээд О-тай зууралдаад тэвэрч аваад газар унагахад нь би дахиад салгасан. Тэгээд буцаж бууж ирээд дахиад О-тай зууралдаад өргөж аваад шидсэн. Тэгэхэд Ц- дээр очоод босгоод такси барих гэхэд уг залуу Ц-г цохиод унагаасан байсан. Тэгээд уг залуу өөрөө машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд бид нар Ц- дээр очоод босгоод такси барих гээд зогсож байхад нөгөө залуу машинтайгаа замын эсрэг талд зогсоод нөгөө залуу бууж ирээд та нарын хэн нь хутгатай байсан, намайг хутгалчихлаа гээд баруун хөл нь цус болсон, өмд нь урагдсан ирсэн.

... Тухайн зодоонд О- уг залуу хоёрын хооронд болсон. Ц- очоод уг залууд цохиулаад газар унасан. Уг залуу О-ыг 1,2 удаа авч газар шидэж унагааж өшиглөөд байсан. Уг жолооч залууд гар хүрсэн хүн байхгүй. Машиндаа суугаад явахад хөл нь зүгээр байсан. Тэгээд 5-10 минутын дараа буцаж ирэхэд баруун хөлөө зүссэн доглоод бууж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/,

“... Уг бичлэгт О- газраас цементний хагархай аваад таксины жолооч залуу руу гүйж очиж байна. Тэгэхэд О-ы ах Чука уг чулууг нь гараас нь аваад хол шидсэн.

... Тухайн үед О- газраас юм огт аваагүй. Авах гээд тонгойгоод юм олдоогүй. Тухайн бичлэгт О- гартаа ямар нэгэн юм огт бариагүй. Хоосон гараараа уг залууг цохих гэж саваад байсан. Тухайн үед би О-ыг, нөгөө залууг Чука хориглож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12195 дугаартай:

“1. С.Ц-гийн биед хөмсөг, цээжинд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/,

 

Med trauma hospital эмнэлгийн Б.О-ы цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, хүзүүний компьютерт томографийн шинжилгээ. /хэргийн 82-83 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Материалар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №1269 дугаартай:

“1. Б.О-ы биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. 7. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.6. Б.О-ы биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 86-87 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1344 дугаартай:

“1. Шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 1269 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

... 3. Med trauma hospital эмнэлгийн хүзүүний КТГ, цээжний КТГ зэрэг эмнэлгийн бичиг баримтад тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Б.О-ы биед дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүү, нурууны булчин чангарах шинж, баруун тохойд зулгаралт үүсчээ.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 105-106 дугаар хуудас/,

 

А.Б-гийн яллагдагчаар өгсөн “... Бичилийн хойд зам дээр явж байхад 4 залуу зам дагуу гараа өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь хурдаа багасгаад гарахад нэг залуу нь таксинд явах уу гэхэд нь явахгүй гээд хэлээд зогссон. Тэгэхэд нэг залуу нь гөлөг минь гэж хэлээд машины ард тал дээр цохиод гөлөг минь гээд байхаар нь машинаа хөдлөөд зайтай явахад нэг залуу араас гүйж ирээд наанаа зогсож бай гэхээр нь би түр зогссон. Тэгэхэд нэг залуу гүй иэрхээр нь би машинаасаа буухад намайг заамдаад авсан. Тэгээд би тэр залууг зөрүүлж заамдаж аваад би тэр залууг өргөөд тэнд зогсоол дээр байсан машины хамар дээр уг залууг нуруугаар нь тавьсан. Тэгээд машиндаа суугаад явах гэхэд уг залуу буцаж ирээд цонхон дээрээс хэрүүл хийгээд цонхоор гараа оруулж ирээд нүүр лүү 1 удаа цохисон. Тэгээд би бууж ирээд маргалдаж уг залуутай зууралдаж байгаад харилцан бие биенийгээ цохисон.

Тэгэхэд уг залуу газраас чулуу аваад над руу дайрахад би уг залуугаас тойрч зугтаж байгаад уг залуугийн урдаас нь тэвэрч аваад өргөөд газар шидсэн. Тэгэхэд хажуунаас ба нэг согтуу залуу ирээд барьж аваад ална шүү гээд байхаар нь би гарыг нь тавиулаад машиндаа суусан. Тэгэхэд сүүлд ирсэн залуу нь машины цонхоор намайг цохихоор нь би бууж ирээд уг залуутай барьцалдаж авахад намайг уг залуу 1 удаа нүүр лүү цохихоор нь би уг залууг нүүр лүү нь 1 удаа цохиход газар өнхрөөд унаад өгсөн. Тэгэхэд эхэнд зууралдсан залуу ирээд дахиж барьцалдаж аваад салцгаасан.

Тэгээд машиндаа суугаад хөдлөөд жоохон явж байхад баруун өвдөгний доод хэсгээр халуун оргихоор нь хартал цус урссан байсан. Тэгээд буцаж бууж ирээд та нар энийг хараач гэхэд надтай зодолдсон залуу бас нэг залуугийн хамт зугтаасан. Тэгээд би үлдсэн 1 залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 207-208 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Б.О-, С.Ц-, гэрч Б.Чулуунхүү, Ж.Баярсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Б- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч нарын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүх хуралдаандхохирогч Б.О-д 650,000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 300,000 төгрөгийг хүлээн авсан, А.Б-д гомдол санал нэхэмжлэх зүйл болно” гэсэн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч А.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар мэдүүлэхдээ өөрт оногдуулсан торгуулийн ялыг нэг сарын хугацаанд төлнө, хэсэгчлэн төлөх хугацаа шаардлагагүй гэсэн тул шүүхээс хугацаа тогтоогоогүй болно.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч А.Б- нь дээрхи хугацаанд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хиад овогт Амардэлгэрийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр ... хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ