Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/356

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Г-,

хохирогч Ц.Н-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Бямбасүрэнгийн Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000513 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Вьетнам засварын газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбасүрэнгийн Г-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь хө” ресторанд зөөгч Ц.Н-ийг хоолны тооцоо хий гэж шаардлага тавилаа гэх шалтгаанаар гараараа мөр лүү нь түлхэж биед нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н-э мэдүүлэхдээ: “Би “сүүлийн захиалгаа өгөөрэй” гэж хэлээд орсон юм. Тэгсэн “архи авъя” гэсэн. Тэгэхээр нь би “ахаа манайх 22 цагаас хаах тул ууж амжихгүй байх, хөл хорионы журмаас хамаараад яг 22 цаг гэхэд хаасан байх ёстой” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь “ах нь 2 пиво авчихъя” гэсэн.

Тэгээд би 2 пивыг нь өгөөд “тооцооны хуудсаа дуусгая” гэсэн чинь “байж бай” гэсэн. Тэгээд би буцаж ороод” тооцоогоо, манай ажилчид гарч байна, таныг хүлээгээд буугаагүй байгаа шүү” гэж хэлсэн чинь уурлаад гарсан чинь буцаж түлхэж намайг өрөө рүү оруулсан. Тэгээд би айгаад “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “хундаганы үг сонс” гээд байсан. Тэгээд би гарч явах гэсэн чинь над руу үүдэнд байсан хүүхдийн сандал шидэх гээд байсан. Тэгтэл хажууд нь байсан махлагдуу ах “боль” гээд болиулсан. Тэгээд миний мөрнөөс барьчхаад “чи миний эхнэр юм уу, найз охин юм уу” гэж хэлээд цохиод байсан. Тэгээд яг үүдэнд нь манай зөөгч орж ирээд зогсож байсан. Би уйлаад гарыг нь түлхээд гараад явсан. Миний тархи хөдөлсөн байсан. Эмнэлэгт хэвтээд хохирлоо барагдуулсан байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.Н-ийн “... Манай ресторан өглөө 09 цагаас 21 цаг хүртэл ажилладаг бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би өглөө ажилдаа ирчхээд ажлаа хийж байх явцад Г- гэх намайг түлхдэг залуу 16 цаг өнгөрч байхад гурвуулаа орж ирээд №5 өрөөнд орцгоосон.

... Буцаад 21 цаг 20 минутад тус өрөө рүү ороод манайх хаах гэж байна, захиалга өгөх үү гэсэн чинь Г- гэх залуу 1 шил архи авъя гэхээр нь та нар ууж амжихгүй байхаа, манайх одоо хаалаа гэсэн чинь тэгвэл 2 ширхэг Харбин пиво авъя гэхээр нь тухайн захиалгыг нь оруулж өгөөд тооцооны хуудсаа өгтөл 5 минутын дараа хүрээд ир, бид нар тооцоогоо нийлүүлж хийнэ гэхээр нь 21 цаг 30 минутад тус өрөө рүү ороод тооцоогоо авъя бүх ажилчид нь тарах гээд та нар үлдчихлээ гэсэн чинь байж бай, манай ах хундаганы үг хэлж байна, чи гар, зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь ажлын цаг дуусчихлаа, та нараас болж ажилчид бид нар гэр лүүгээ харьж чадахгүй байна шүү дээ гэж хэлээд гарсан чинь Г- намайг араас гарч ирж дуудаад нуруунаас татаж өрөө рүүгээ оруулаад наанаа зогсож бай, хундаганы үг сонс гэхээр нь та яагаад байгаа юм гээд /би маш их айсан/ уйлсан чинь чи миний эхнэр юмуу, надад заадаг хэн бэ гээд хүүхдийн сандал аваад над руу шидэх гээд далайсан. Тэгсэн чинь хажууд нь байсан махлаг дуу эрэгтэй хүн боль гэж хэлсэн чинь сандлаа газар шидчихсэн. Би хаалганы хажуу талд байрлах хананы урд зогсож байсан чинь Г- ирээд би тухайн үед цагаан өнгийн срочкин цамц өмссөн байсан бөгөөд зүүн талын мөрнөөс зуураад хана руу 2-3 удаа мөргүүлээд чи яах гээд байгаа юм, хундаганы үг хэлж байна гээд байгаа юм бишүү гэснээ хаалга руу түлхээд гар зайл,тэр цагдаагаа дуудаад аваад ир, би наад тооцоог чинь хийхгүй гэж хэлсэн.

... Миний зүүн талын мөрнөөс гараараа зуурч базаад чи яах гээд байгаа юм бэ, бид нар хундаганы үг хэлж байна гэж хэлээд байгаа юм бишүү гээд мөр хэсгээс барьж хана руу маш хүчтэй 2-3 удаа түлхсэн. Энэ үед миний бие эгч чигээрээ харсан байсан учраас түлхэхэд нь ар талын дээд хэсэг болон миний толгой хананд маш хүчтэй цохигдсон.

Энэ гэмтлийг Г- гэх залуу хана руу 2-3 удаа маш хүчтэй түлхсэнээр учруулсан. Би өмнө нь тархиндаа гэмтэл авч байгаагүй. Нийт 894,815 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-53 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Нямдоржийн “Би өчигдөр Г-, Анхбаяр нарын хамт тус дүүрэгт байдаг Шинь хө хятад хоолны газарт хамгийн захын өрөөнд 17 цаг болж байхад орцгоосон. Бид 3 ороод хоол идчихээд хүн тус бүрийн Харбин пиво ууцгаагаад 21 цаг өнгөрч байхад бид нар гарах гээд юм яриад сууж байтал шар царайтай зөөгч эмэгтэй орж ирээд одоо та нар гараа гэхээр нь одоохон бид нар найзуудтайгаа уулзсан юм чинь 1 хундага уучхаад гарлаа гэсэн чинь эхэндээ гарсан. Тэгээд дараа нь дахин орж ирээд бид нар амармаар байна гэхээр нь за ойлголоо сүүлийн хундаганы үгээ хэлээд тэгээд гарлаа түр байж бай ахын дүү гэж бид нар хэлтэл үгүй та тооцоогоо төлөөрэй гэхээр нь түр байж бай гэсэн чинь гараад явсан. Тэгээд нээх удалгүй дахин орж ирээд бид нар амармаар байна гэхээр нь соёлгүй юм бэ, бид нар удахгүй гарлаа тооцоон дээр асуудалгүй гэсэн чинь хурдан тооцоогоо хий гэхээр нь чи түр гарч бай, би хундаганы үг хэлж байнаа, энэ үгийг дууссаны дараа тооцоогоо хийчихнэ гэж хэлсэн. Г- ч уг эмэгтэйг гаргасан чинь хаалга өшиглөж орж ирээд бүр дайраад байхаар нь Г- гараараа түлхээд чи гар гэж хэлээд гаргасан. Тэгсэн чинь бичлэг хийнэ, та нарыг сошиалаар дүүрэн од болгоно гэх мэтээр орилоод байсан. Их галзуу хүүхэн байна лээ. Тэгээд нээх удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Ахмаралын “... 21 цаг өнгөрч байхад Н-э гэх зөөгч уг үйлчлүүлэгчдийг манайх хаах боллоо тооцоогоо өг гэсэн чинь байж бай гээд байсан гэсэн. Тэгээд тэдгээр хүмүүс Н-этэй маргалдаад байгаа бололтой чанга хашхираад байсан. Хамгийн сүүлд Н-э уурлаад хаалгыг нь өшиглөж орсон бөгөөд гарч ирэхдээ намайг түлхээд гаргачихлаа гээд уйлаад гарч ирсэн. Тэгээд зүрх өвдөөд байна гэж хэлж байсан ба бид нар шууд түргэн тусламж дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2201 дугаартай:

“1. Ц.Н-ийн биед гэмтэл учирсан байна.

2. Тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.5 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Шинжээч Ч.Эрдэмболорын “Тухайн цаг үед уг гэмтэл нь үүсэх боломжтой. Толгойгоороо хатуу зүйл мөргөсөн үед уг гэмтэл үүснэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Мөнгөнбаганы “... Тэгэхээр нь Б.Г- чи гар л даа гээд гараараа түлхэж байх шиг байсан. Гэхдээ яг ямар байдлаар түлхсэн эсэхийг анзаараагүй. Тэгсэн чинь нээх удалгүй цагдаа дуудлаа гэж байсан. Бид нар тооцоогоо хийх гээд гарахад 103 түргэн тусламж дуудчихсан бие өвдчихлөө гэчихсэн сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54-55 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 21:32:43 секундэд Ц.Н-э зүрхээ гараараа дарсан байдалтай үүдний хэсэгт байрлах текний урд газар сууж байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 56-57 дугаар хуудас/

 

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд нээх удалгүй дахин орж ирээд бид нар амармаар байна гэхээр нь чи чинь одоо соёлгүй юм бэ бид нар удахгүй гарлаа, тооцоон дээр асуудалгүй гэсэн чинь хурдан тооцоогоо хий гэхээр нь чи түр гарч бай, манай найз хундаганы үг хэлж байна, энэ үгийг дууссаны дараа тооцоогоо хийчихнэ гээд гарнаас бариад гаргасан чинь буцаж хаалга өшиглөж орж ирсэн. Тэгэхээр нь би уурлаад үйлчилгээний байгууллага биз дээ болиоч гээд би босож ирээд ахын дүү гараад байж бай гээд цээж хэсэг рүү нь 2-3 удаа өөрийнхөө гараараа түлхээд гаргасан. Уг эмэгтэй хаалганы наана зогсчхоод гар гээд байхаар нь би эхний 2 удаа үүдний хэсэгт сууж байсан бөгөөд гараараа цээж хэсэг рүү нь хаалга хэсэг рүү түлхсэн. Дараа нь дахиж орж ирэхээр нь босож ирээд чи гар л даа гэж чанга орилоод цээж хэсэг рүү нь түлхсэн. Намайг түлхэхэд хаалганы ирмэг хэсэгт толгой нь цохигдсон байж магадгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Г- нь Э.Мөнгөнбагана, Г.Нямдорж нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь хө” рестораны №5 дугаартай өрөөнд үйлчлүүлж байхдаа тус рестораны зөөгч болох хохирогч Ц.Н-этэй “ хоолны тооцоогоо хий гэсэн шаардлага тавилаа” гэсэн шалтгааны улмаас маргалдан улмаар №5 өрөөнөөс түлхэж гаргах явцдаа Ц.Н-ийг хана мөргүүлж тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-ийн эрүүл мэндэд тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба эмчилгээний зардалд нийт 894,815 төгрөгийг /хэргийн 64 дүгээр хуудас/ нэхэмжилжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Н-э нийт 895,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-өөс хүлээн авсан талаараа мэдүүлж байх тул шүүгчдээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал болон шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбасүрэнгийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ